Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/219

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Шүүгдэгч П.О******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.О*******т холбогдох, эрүүгийн 1915004620228 дугаартай 163/2019/220/Э индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 2, Булган аймгийн Бугат сумын ,,,,дүгээр багийн “Баянтөгөл” гэх газар оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б******* овогт П******* О*******

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.О******* нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт иргэн Л.Л******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.О******* өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй.

Эрүүгийн 1915004620228 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Л.Л******* өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 20 цагийн үед Булган аймгийн Булган сумын 6-р багийн нутагт өөрийн найз Д*******гийн хамт Дарханхангай дэлгүүр орж нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи, нэг сав ундаа аваад гарч ирсэн. Тэгэхэд дэлгүүрийн үүдэнд танихгүй 2 залуу зогсож байсан ба бид хоёроос “утсаа өгөөч утсаар чинь яриадхая” гэхээр нь Д******* өөрийнхөө утсыг нэгжгүй гэхэд “зээл авчихья” гэхээр нь Д******* өгсөн. Зээл авчихья гээд үзтэн зээл авчихсан байсан, тэгээд утсыг нь өгөхгүй байсан ба арай гэж нэг юм утсаа аваад бид хоёр зүүн талаар нь тойроод дэлгүүр өөд өгссөн. Аминдаа тэр 2 залуугаас зугатаасан ба эргээд харсан тэр 2 залуу хоёулаа бид хоёрын араас гүйж ирээд арай өндөр залуу нь намайг барьж аваад /Д******* зугатаачихсан/ ноцолдсон. Тэгээд би ноцолдож байгаад зугатаагаад Дэлгэрэх дэлгүүр орсон чинь араас тэр 2 залуу дахиж орж ирээд намайг хүчээр чирж авч гарсан. Тэгээд дэлгүүрээс баруун тийш явган хүний зам тавьж байсан хүмүүс байрлаж байсан газрын ойролцоо гудамжинд намайг зодсон. Хамт явсан намхан нь миний зүүн талын хавирга орчим руу 1 удаа, баруун талын нүд рүү 1 удаа өшиглөсөн. Өндөр залуу нь намайг өргөж авч газар шидээд газар унасан дээр гарч сууж байгаад зодсон ба ухаан алдаад сэргэсэн чинь толгойн орой хэсэгт хуйх нь хагарсан байсан. ...Тэгээд эмнэлэг орж анхны тусламж авсан. Миний биед одоо тархи хагарсан байсан тул 8 оёдол тавьсан. …Тэр 2 залуугын өндөр нь гээд байгаа бор залуу түүнээс хойш өдөр бүр ирж уулзаж бие хааг маань асууж сураглаж эргэж тойрч явна. Нөгөө хамт явсан залуу нь бол огт ирээгүй. Тэр залуу надад шөлний хонь, эм тарианы 50.000 төгрөг өгсөн. Тэгээд толгой тархийг чинь мөнгөтэй болохоороо явж харуулна гэсэн. Тийм болохоор гомдолгүй" гэх мэдүүлэг /хх-13 тал/,

Гэрч Л.Д*******гийн өгсөн: “Тэр өдөр Л.Л******* бид 2 ажлаасаа тараад явж байгаад Гончигын дэлгүүр орж 1 шил 0.75 литрийн Хараа нэгртэй архи, ундаа аваад гараад иртэл үүдэнд 2 танихгүй залуу сууж байсан. Тэгээд надаас сахалтай арай өндөр залуу нь утсаа өгөөч утсаар ярих гэсэн юм гэхээр нь утсаа гаргаад өгсөн. Тэгсэн утсыг маань аваад алхчихаар нь би араас нь гүйж очиж ноцолдож байгаад утсаа салгаж авсан. Тэр залуу шидчихье, эвдэлчих үү гээд шидэх гэж далайж бариад байсан. Тэгээд ноцолдож байж утсаа авсан. Тэгээд бид 2 Гончигийн дэлгүүрийн гудамжны зүүн булангаар тойроод өгссөн ба ингэж тойрч явахдаа би Л.Л*******ид явсан архийг авчихсан ба дээшээ өгсөж явахад араас нөгөө 2 залуу гүйгээд ирэхээр нь би зугатаагаад гудамж руу ороод хашааны сүүдэрт нуугдчихсан, ...манай компанийн ажилчдын байр байсаны урд талд Л.Л*******ийг цус нөжтэй нь холиод хаячихсан байсан. Тэгээд “Дэлгэр” дэлгүүрийн худалдагч дээр очиж цагдаад мэдэгдэж эмнэлэг явж үзүүлсэн. Тэгээд цагдаа нартай хамт явж тэр зодсон миний утсыг авчихаад өгөхгүй байсан залууг гэрээс нь орж авч цагдаа аваад явсан. ...Л.Л******* биед толгойн хуйх том хагараад 8-9 оёдол тавиулсан. Нүд рүү нь өшиглөчихсөн гээд нүд нь хөхөрчихсөн байсан. Баруун нүд нь байсан санагдаж байна" гэх мэдүүлэг /хх 17 тал/,

Гэрч Д.Э өгсөн: “Орхон аймагт манай төрсөн дүүд хадаг ирээд тэгээд тэнд байж байгаад очсон ах дүү нар маань Булганд ирсэн. О******* бид 2 уулзаагүй удсан байсан учраас ганц юм хуваагаад уучихья гээд Гончигийн “Дарханхангай” гэдэг дэлгүүрээс 0.5 литрийн хараа архи авч хажууханд нь байдаг сагсны талбай дээр сууж уусан. Тэгээд дуусчихаад дахиж архи авч уух санаатай нөгөө дэлгүүрлүүгээ явж байгаад дэлгүүрийн үүдэнд 3 ахтай таарсан ба тэр хүмүүс дэлгүүрээс архи аваад гарч явсан. Тэгээд бид хоёр тамхи асуусан чинь нэг ах нь тамхилсан. Тэгээд би утсаа өгөөч ганц нэг хүн рүү яриадхая гэсэн “тамхиа бэлдүүллээ, одоо тэгээд утсыг чинь бэлдэх ёстой юу” гээд бас согтуу байсан учраас бид хоёрын өөдөөс согтуурхаад байсан. ...Дэнж дээр байдаг дэлгүүрлүү Л.Л******* гээд хохирогч ах ганцаараа орчихсоны араас О******* бид 2 дагаад орсон. Тэгээд тэр ахыг О******* бид хоёр гаргаж ирэхэд О******* тэр хоёр ноцолдоод байсан. Тэгээд би О*******ыг татаж салгаад, ахыг та болиоч ээ гээд түлхсэн чинь баруун хацраараа хашаа мөргөчих шиг болсон. Тэнд тэр хоёр нэлээд удаан ноцолдсон ба би салгаж аваад эмээгийнд хариад байж байсан цагдаа нар нэг хүн дагуулж орж ирээд О*******ыг аваад явсан. Тухайн үед миний баруун гарын алганы ар талд хэсэг газар хавдчихсан байж байгаад зүгээр болсон. Өөр дээрээс унахад хавирган дээр дарж унасан байх жаахан хөндүүр байж байгаад зүгээр болсон" гэх мэдүүлэг /хх 19 тал/,

Шүүгдэгч П.О*******ын яллагдагчаар өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгаас хадам талын хамаатны залу болох Д.Э хамт 14 цагийн багцаанд Булган аймагт ирсэн. Тэгээд хадам ээжийн гудамжны баруун талын үзүүрт байх тоглоомын талбай дээр 0.5 литрийн хараа архийг хоёулаа хувааж уусан. Тэгээд ууж дуусаад тамхи авахаар товгорын буюу "Дэлгэрэх" дэлгүүр явсан. Тэгээд дэлгүүрийн гудамжны баруун талын үзүүрт очиж яваад 50 орчим насны 2 танихгүй ахтай таарсан. Тэгээд би тэр ах нараас тамхилаач гэхэд байхгүй гэх шиг болсон. Тэгээд яагаад тэр хүмүүстэй хэрүүл маргаан хийснээ санахгүй байна. Би их осгтуу байсан. Тэгээд нэг мэдсэн нэг ахтай нь би дээр, доороо ороод ноцолдоод байсан. Тэгээд босоод пүүз сугарчихсан байхаар нь пүүзээ олж аваад хадам ээжийнх рүүгээ явж очсон. Тэгээд удалгүй араас цагдаа ирж, би эрүүлжүүлэгдсэн. Э миний араас хадмынд орж ирсэн ба би цустай хувцсаа тайлаад, цусаа угаагаад цагдаагийн машинд суусан. Би тэр ахтай дээр, доороо ороод ноцолдоод байснаа мэдэж байгаа. Би тэр ахыг чулуу, бусад ямар нэгэн зүйлээр цохиж зодсон зүйл байхгүй. Их хадархаг чулуутай газар л ноцолдоод байсан. Э бид хоёрыг зүгээр салгасан. Миний дух хавдчихсан, мөн хамар жаахан хөндүүр байна, гэхдээ тэр хүн намайг цохиж зодоогүй байхаа. Энэ асуудалд ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-36 тал/,

Булган аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 272 дугаартай: 1. Магадлуулагч Л.Л******* биед дух, зулайн хуйханд язарсан шарх, баруун хацарт цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. 3. Дээрхи гэмтэл нь цаг хугацааны хувьд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлнө гэх дүгнэлт /хх-24 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1-2 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 9 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 39/, яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 37-38/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч П.О******* нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт иргэн Л.Л******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч Л.Л******* өгсөн мэдүүлгийн эх сурвалж мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Л.Д*******, Д.Э нарын хэргийн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгааны талаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 272 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугааа хүлээн зөвшөөрсөн байна. Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрөөгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн шинжлэх ухааны үндэслэл бүхий байх учир шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч П.Отгонбяарын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг агуулж байна. Иймд шүүгдэгч П.О*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч П.О******* нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид учирсан гэм хорын хохирлыг төлснөөр хохирогч Л.Л******* нь санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна. Шүүгдэгч П.О*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирогчийн хохирол төлбөр, эмчилгээний зардлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүний хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч П.О******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогт П******* О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.О*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О******* нь торгуулын ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт гаргаагүй болохыг дурьдаж, торгуулын ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч П.О*******т сануулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч П.О******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдан ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.О*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.О*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД