Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/190

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, Улсын яллагч В.Дэлгэрмаа, Шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******од холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Н.******* нь согтуурсан, мансуурсан үедээ шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 3 дугаар гудамжны 12 тоот хашаанд байх ******* эзэмшлийн эзэнгүй байшинд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 680.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч Н.******* нь бусдын эд хөрөнгийг орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан: Хохирогч ******* мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр би 14 цагийн орчимд би хашаанд очиж байшингаас юм авахаар очтол манай байььингийн урд талын хоёр цонхны баруун цонх онгорхой байсан. Тэгээд дотогш ороход гадна хаалганы цоож ямар нэгэн эвдрэлгүй байсан ба ороод эд зүйлүүдээ шалгаж үзтэл хойд талын угаалгын өрөөнд байсан шкабнаас эрэгтэй хүний хос монгол гутал, кродорт байсан эрээн өнгийн модон авдранаас эрэгтэй хүний дээл нэг ширхэг. дээлний дурдан бүс, эрэгтэй хүний дээлэнд байсан сэлгээ 6 ширхэг мөнгөн товчыг авсан, эмэгтэй хүний нэхий дээл нэг ширхэг гэсэн эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/, Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн: эрэгтэй хүний хос монгол гутал 240.000 төгрөг, эрэгтэй дээл 1 ширхэг нь 115.000 төгрөг, эрэгтэй дээл 1 ширхэг нь 115.000 төгрөг, эрэгтэй дурдан бүс 25.000 төгрөг, эмэгтэй хүний нэхий дээл 170.000 төгрөг, дээлний мөнгөн товч 6 ширхэг нь 15.000 төгрөг, нийт 680.000 төгрөгийн үнэтэй гэх дүгнэлт /хх-ийн 31-32/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 025 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөрний төв болон уулзварын гурвалжин /дельта/ дүрслэгдсэн, папиляр шугамууд нь тод сайн бэхжигдсэн байх тул адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 2, 3, 4 дугаартай 3 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэх 1 дугаартай 1 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд MN003810001740 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Надмид овогтой *******ын зүүн гарын эрхий хурууны хээтэй тохирно. Шинжилгээнд тэнцэх 1 ширхэг гарын мөр нь папилон системийн нэгдсэн санд бүртгэлтэй эзэнгүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй гэх дүгнэлт /хх-ийн 36-41 хуудас/, -хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зураг /хх-ийн 5-14/ -урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54, 109-110/ -Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 00455 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-ийн 92-94/ -Оюуны өмч, улсын бүртгэлийн улсын байцаагчийн дүгнэлтийн хуулбар /хх-ийн 97-98/ -Баянхонгор сумын 2-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 107/ -Н.*******ын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 108/ Шүүгдэгч Н.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн: “.... Би хашаа руу хойд талаас нь давж ороход урд зүг рүү харсан хоёр ширхэг том цонхтой цонхны голд нь хаалга байсан. Би баруун талын цонхны салхивчыг гараараа түлхтэл онгойсон ба уг цонхоор дотогш орсон. Байшинд ороод би хойд талын жижиг өрөөнд орж модон шкабыг онгойлгоод дотроос нь нэг хос эрэгтэй хүний монгол гутал, эрэгтэй хүний дээл хоёр, эмэгтэй хүний нэхий дээл, дурдан бүс, мөнгөн товчнуудыг дээлнээс нь салгаж авсан. Тэгээд би авсан эд зүйлүүдээ байшинд байсан цагаан өнгийн шуудайнд хийгээд авч гарсан ба гараад явж байгаад нөгөө авч явсан тал шил архийг уугаад тасарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51- 53 хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны болон Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно. Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.*******ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.******* нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шийдвэрлэлээ. Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, эрүүгийн хариуцалга хүлээлгэв. Шүүгдэгч Н.*******ын ялтай байдал Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөгдсөн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Н.*******од ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүх шүүгдэгч Н.*******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. Шүүхээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан тул санал гомдолгүй гэсэн зэргийг харгалзан шүүгдэгч Н.*******од оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх учир гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******од оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******од оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 8 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулахгүй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Н.*******од хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

8. Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.*******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******од хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                       

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ