Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 2020/ШЦТ/08

 

 

 

 

 

 

 

 

2020       12         31                                       

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Б.Төрболд

Шүүгдэгч Г.Н гийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч Ч.А, Г.Н  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Ч.А , Буурлууд овогт Г.Н  нарт холбогдох эрүүгийн 2021000000471 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, хорооллын 5 дугаар гудамж 08 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, овогт Ч.А . /РД: ЖЭ /

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, хорооллын 3 дугаар гудамж 03 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Буурлууд овогт Г.Н  /РД: ЖГ/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.А  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 20 цагийн орчимд Хэрлэн сумын 3 дугаар баг, “*******” шар байрны гадна талд иргэн Г.Н тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар барьцалдаж түүний нүүрэн тус газар толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.Н  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 20 цагийн орчимд Хэрлэн сумын 3 дугаар баг, “*******” шар байрны гадна талд иргэн Ч.А тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар барьцалдаж түүний нүүрэн тус гараараа цохих, газарт унагаах, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.А, Г.Н  нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Ч.А  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

            Шүүгдэгч Г.Н  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

Хохирогч, шүүгдэгч Г.Н  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, хорооллын 3 дугаар гудамж 03 тоотод эхнэр, 3 хүүхдийн хамтаар амьдардаг. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 16 цагийн орчимд хорооныхоо Шар болон ******* гэх хоёр өвөөтэй гудамжинд “Хараа” архинаас 2 шилийг юм ярьж суунгаа уусан. Ингээд тэр хоёроос орой 19 цаг өнгөрч байхад салаад ганцаараа Хэрлэн сумын 3 дугаар баг, 41 дүгээр байранд байх ******* гэр рүү ороход *******, түүний эхнэр *******, өөр нэг танихгүй эмэгтэй, мөн хорооны найз Ч.А  нар пиво уугаад сууж байсан. Миний хувьд гэрийн эзэн *******тай хэсэг чанга дуугаар ярихад Ч.А  надад “чи чимээгүй бай, яасан их ярьдаг юм” гээд маргаад байсан. Би тэгэхээр нь “айлд маргалдаад яахав гарья” гэсэн. Ингээд ******* гэрээс гараад бид хоёр бие биенийхээ өмсөж явсан хувцасны ханцуйнаас татаж байхад Ч.А  миний нүүр рүү толгойгоороо мөргөсөн. Тухайн үед мөргүүлсэндээ шаралхаж Ч.А ыг 2 гараараа барьж байгаад шууд нүүрэн тус газар нь ээлжлэн хэд хэд цохиж мөн газарт унагааж нүүр рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 11-13 тал/

 

Хохирогч, шүүгдэгч Ч.А  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, хорооллын 5 дугаар гудамж 08 тоотод эхнэр, 5 хүүхдийн хамтаар амьдардаг. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 15 цагийн орчим би дэлээс “Сэрүүн” пиво, “Хараа” архи аваад Хэрлэн сумын 3 дугаар баг, 41 дүгээр байранд байх *******гийн гэрт ороход *******, найз эмэгтэйтэйгээ байсан. ...Архи, пиво ууж байхад 17 цагийн орчим найз гэрийн эзэн ******* ажлаа тараад ирж мөн дэлээс Сэрүүн пиво аваад уугаад сууж байхад 20 цагийн орчим гаднаас Г.Н  нилээд согтуу орж ирээд гэрийн эзэн *******тай чанга чанга дуугараад юм яриад байхаар нь би түүнд хандаж “чи чимээгүй бай, яасан их ярьдаг юм” гэж хэлэхэд миний өөдөөс маргалдаад байсан. Би айлд маргалдаад яах юм хоёулаа гаръя гээд гэрээс хамт гарч түүнийг нэг удаа мөргөхөд намайг цохиж газарт унагааж толгой руу хөлөөрөө өшиглөж зодсон. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 14-16 тал/

 

Гэрч Б.Б  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, 41-12 тоотыг нөхөр ******* болон 2 хүүхдийн хамтаар түрээслэн амьдардаг. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр найз болон бага насны 2 хүүхдийн хамт гэртээ байхад 16 цагийн орчимд найз Ч.А  надтай холбогдоод манай гэрт ганцаараа ирсэн. Орж ирэхдээ “Сэрүүн” 2.5 литрийн пиво, “Хараа” 0.75 литрийн архитай орж ирээд хамт юм ярьж суунгаа уусан. ...Төд удалгүй манай гэрт нөхрийн найз Г.Н  гаднаас согтуу орж ирээд нөхөр юм ярьж байхдаа орон дээр хэвтэж байсан Ч.А ыг бос пиздаа гээд орыг нь өшиглөхөд унтах гээд хэвтэж байсан Ч.А  босож ирээд хоорондоо маргалдахаар нь би тэр хоёрыг хөөгөөд гаргасан. Ингээд удалгүй нөхрийнхөө хамтаар гэрээс гараад юу болсныг харах гээд гарахад Ч.А, Г.Н  нар байшингийн гадаа зодолдож байгаа бололтой зууралдсан байсан...” гэжээ. /хх-ийн 22-23 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 865 тоот дүгнэлтэд:

1. Г.Н н биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын цус хуралт, дээд талд зүүн 1-р шүдний сулрал шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрхи зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 25-26 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 864 тоот дүгнэлтэд:

1. Ч.А ы биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний салстын цус харвалт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүүний зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрхи зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний салстын цус харвалт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 28-29 тал/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/

- Ч.А, Г.Н  нарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-21, 36-42 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Ч.А  нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч  овогт Ч.А  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 20 цагийн орчимд Хэрлэн сумын 3 дугаар баг, “*******” шар байрны гадна талд хохирогч Г.Н тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар барьцалдаж түүний нүүрэн тус газар толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын цус хуралт, дээд талд зүүн 1-р шүдний сулрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Буурлууд овогт Г.Н  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 20 цагийн орчимд Хэрлэн сумын 3 дугаар баг, “*******” шар байрны гадна талд хохирогч Ч.А тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар барьцалдаж түүний нүүрэн тус гараараа цохих, газарт унагаах, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний салстын цус харвалт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүүний зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 865, 864 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ч.А, Г.Н  нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.А, Г.Н  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ч.А, Г.Н  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч, шүүгдэгч Ч.А, Г.Н  нар нь хэн хэндээ гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.А, Г.Н  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ч.А, Г.Н  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гарганагэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Ч.А, Г.Н  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ч.А ы ЖЭ  тоот, шүүгдэгч Г.Н н ЖГ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй гэж үзлээ.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт Ч.А , Буурлууд овогт Г.Н  нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А , Г.Н  нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А, Г.Н  нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ч.А ы ЖЭ  тоот, Г.Н гийн ЖГ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхүүдийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.А, Г.Н  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА