Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
Хэргийн индекс | 166/2022/0145/Э |
Дугаар | 2022/ШЦТ/158 |
Огноо | 2022-04-25 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0145/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,
Улсын яллагч Г.Уянга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.З-,
Шүүгдэгч С.С.Н- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар С.Н-ад холбогдох эрүүгийн 2218000000124 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 48 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух, урьд:
-Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-д зааснаар 2 жил хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар хувьд ногдох эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 5 хоног баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, С.Н-
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.С.Н-ыг согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн орчим иргэн Т.Т.У-ийг зодож, эрүүл мэндэд нь баруун хацар, зовхи, шанаа, хүзүүний зүүн хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:
1.1 Шүүгдэгч С.С.Н- нь “дүүг минь архичин, янхан гэж доромжиллоо” хэмээн Т.Т.У-этэй маргалдан түүний эрүүл мэндэд нь баруун хацар, зовхи, шанаа, хүзүүний зүүн хэсгийн зүсэгдсэн хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С.Н-ын өгсөн: “Хохирогч өөрөө зүгээр байхад миний нүүрийг хатгаад байхаар нь би аяга аваад шидсэн.” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...Б- холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан “манай гэрт маргаан болоод байна.” гэх гомдлыг 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 цаг 44 минутад хүлээн авсан.” /хх 01/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...орны урд шалан дээр 10х140 см хэмжээтэй цус мэт зүйлээр бохирлогдсон байв. Мөн орноос урагш 32 см зайд дөрвөлжин хээтэй даавуун дээр улаан өнгийн хагарсан аяга байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав.” /хх 3-4/,
Шүүгдэгч С.С.Н-ын өгсөн: “...гэрт сууж байхад надтай хамт ирсэн Т.У-э манай охин дүүг архичин, янхан гээд доромжлоод байхаар нь миний уур хүрээд би тэнд байсан хүмүүсийг манай гэрээс зайл гэж хөөхөд Т.У-э надтай хэрэлдэж маргалдаад зодолдсон. Тэгэхээр нь би ширээн дээр байсан аяга аваад толгой руу нь цохисон.” гэх мэдүүлэг /хх 51/,
Хохирогч Т.Т.У-ийн өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Л-тай Арбатын гудамжинд Титаник баарны урд таараад 1 шил архи хувааж уугаад тэндээсээ оршин суух Ж- гэх айлд очиход Б- хочтой Г-, Т-, Н- нар байсан. Тэдний гэрт байж байгаад архи уугаад тасарсан байсан. Юу болсон талаараа санахгүй байна. ...Тэр үед ямар ч байсан Л- буюу С.Н- гэр буулгаж авна гэхээр нь би “цагаан сарын үеэр ингэж болохгүй” гэж удаа дараа хэлээд бага зэрэг маргалдаж байсан. Яг юу болсон талаар мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх 15/,
Гэрч Г.Н- өгсөн: “...Намайг гэртээ байж байхад 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 18 цаг өнгөрч байхад гаднаас Л- хочтой С.Н-, У нар хамтдаа нэлээн согтуу орж ирсэн. Ингээд гэрийн баруун талын орны гол хэсэгт С.Н-, Т.У-э нар суугаад бид нар хоорондоо юм яриад байж байхад С.Н-, Т.У-э нар архинаас болоод маргалдаад байсан. Ингэж байтал С.Н- ах гэнэт та нар манай гэрээс яв, энэ миний гэр орон шүү гээд байсан. Гэтэл Т.У-э, С.Н- ах 2 дахин маргалдаад С.Н- ах уурандаа ширээний дээр байсан аяга аваад Т.У-э ахын толгой руу цохиод аяга нь хагарчихсан” гэх мэдүүлэг /хх 18-19/,
Гэрч Д.Г- өгсөн: “...эгчийндээ очоод буцаад ирэхэд гэрийн баруун талын орны хөлийн хэсэгт орон дээр Т.У-э суугаад тонгойчихсон, толгойноос нь цус шалан дээр дусаад байсан. Харин С.Н- гэрийн зүүн талын орны доор урд хэсэгт хэвтэж байсан. Тэгэхээр нь би Нарантунгалагаас юу болсон талаар асуухад “Т.У-э, С.Н- 2 хоорондоо зодолдоод С.Н- Т.У-ийг аягаар цохичихлоо” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 24/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 245 дугаартай шинжээчийн дүгнэлт:
-Т.Т.У-ийн биед баруун хацар, зовхи, шанаа, хүзүүний зүүн хэсгийн зүсэгдсэн шархны гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь хурц, ир, үзүүртэй зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
-Т.Т.У-ийн биед илэрсэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.
-Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх 29-30/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч С.С.Н- нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 22:00 цагийн орчим хохирогч Т.Т.У-ийг зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн үйлдэлд хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, шүүгдэгч нь сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч гомдол саналгүй байгаа зэргийг харгалзан шүүгдэгч С.С.Н-ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, торгох ялыг 5 сарын хугацаанд сар 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн аяганы хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх санал гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.З- дүгнэлтдээ: Шүүгдэгч С.С.Н- нь өөрт холбогдох гэмт хэрэгт үнэн зөвөөр мэдүүлэг өгч, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргахгүй. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах саналтай байна. Гэмт хэрэг гарахад архидалт, ядуурал зэрэг нөлөөлсөн гэж үзэж байна. Шүүгдэгч нь одоогоор Хушаатад айлын мал маллаж, ямаа самнаж байгаа юм байна. Шүүгдэгч С.С.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгож, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргаж байна гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.С.Н- нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Т.Т.У-ийг зодож, эрүүл мэндэд нь баруун хацар, зовхи, шанаа, хүзүүний зүүн хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч С.С.Н- өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2218000000124 дугаартай хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч С.С.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.
Хохирогч Т.Т.У-э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт гаргаж ирүүлээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч С.С.Н- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба ам бүл 1, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй болох нь ял шалгах хуудас /хх 56/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 58-63/ нотлох баримтаар хувийн байдал тогтоогджээ.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгож, торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Шүүхээс шүүгдэгч С.С.Н-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн аяганы хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.Н-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.Н-ад оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.Н- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн аяганы хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С.Н-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.С.Н-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ