Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 291

 

М.Д-д холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мягмаржав, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Оюунжаргал,

шүүгдэгч М.Д-, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Д.Нэргүйгийн гаргасан давж заалдах гомдлоор М.Д-д холбогдох эрүүгийн 1803008920455 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Дархан овгийн М.Д-, 1953 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 66 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, дархан мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 1, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            М.Д- нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн үед, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, товчооны зүүн талын замд, иргэн Г.Цэдэвсономын эзэмшлийн 10-27 УБК улсын дугаартай, “Toyota Prius-20” загварын автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Нэргүйг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт,

             мөн дээрх гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: М.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Д-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ буюу Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан торгох ял дээр автотээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан М.Д-гээс 436.880 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Нэргүйд олгож, хохирогч Д.Нэргүй нь энэ хэргийн улмаас цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, М.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн В ангиллын №163844 дугаартай жолоочийн үнэмлэх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлж, М.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Нэргүй гаргасан давж заалдах гомдолдоо: “...М.Д- нь надад учирсан материаллаг болон сэтгэл санааны хохирлыг төлж барагдуулаагүй, нэг ч удаа уучлалт гуйгаагүй байхад шүүхээс хамгийн доод хэмжээний ял оногдуулсанд гомдолтой байна. Шүүх шийтгэх тогтоолдоо ял хөнгөрүүлэх үндэслэл байхгүй гэж дүгнэсэн боловч хамгийн хөнгөн ялыг оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Би гэмтлийн эмнэлэгт 20 хоног хэвтэн эмчлүүлж, 18 хадаас тавиулсан хадаасыг хэзээ авах нь тодорхойгүй, биеийн байдал бүрэн эдгэрээгүй байхад хохирол төлбөрийг барагдуулсан гэж дүгнэлт хийсэн нь огт үндэслэлгүй болно. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч М.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөрийн эрүүл мэндийн байдлаа үл хайхран хохирол төлбөрийг төлөх гэж их хичээсэн. Шийтгэх тогтоолд заасан хохирол төлбөрийг бүрэн төлсөн. Одоо миний биеийн байдал маш муу байгаа...” гэв.

Шүүгдэгч М.Д-гийн өмгөөлөгч П.Учралгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч М.Д- нь орон гэргүй, ганцаараа амьдардаг. Анхан шатны шүүх түүний хувийн байдлыг харгалзан үйлдсэн гэмт хэрэгт тус бүрд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч М.Д- нь төлбөрийн чадваргүй боловч үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, өөрт байгаа бүх хөрөнгөө худалдан борлуулж хохирлыг төлж барагдуулахыг хичээсэн. Хохирогчид нийтдээ 1.825.000 төгрөгийг төлсөн. Анхан шатны шүүх цаашид гарах хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг шийдвэртээ дурьдсан байдаг. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгөхийг хүсье...” гэв.

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх шүүгдэгч М.Д-гийн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсгүүдэд заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулсан. Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.  

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:                            

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

            М.Д- нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн үед, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, товчооны зүүн талын замд, иргэн Г.Цэдэвсономын эзэмшлийн 10-27 УБК улсын дугаартай, “Toyota Prius-20” загварын автомашиныг жолоодон явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчих хэсгийн гадна явж байсан явган зорчигч Д.Нэргүйг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, улмаар жолоодон явсан тээврийн хэрэгслээ зогсоож, осолд нэрвэгдсэн хүнд зохих тусламжийг үзүүлэлгүйгээр ослын газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

            Хохирогч Д.Нэргүй нь “...2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 18 цаг 30 минутын үед ажлаа тараад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, “Хөх Тэнгэр” автобусны буудал дээр буусан... 2 тийшээгээ харахад хөдөлгөөн байхгүй байхаар нь урагшаа зам хөндлөн гараад шороон хэсэг дээр ирэхэд баруун талаас их хурц гэрэлтэй автомашин ороод ирсэн. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Уг зам дээр явган хүний гарц, гэрэл дохио, замын хашлага байхгүй. Намайг шороон дээр уначихсан байхад нэг эмэгтэй хүн ирж байсан...” /хх-ийн 14/ гэж зам тээврийн осол гарсан нөхцөл байдлын талаар мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

            гэрч Б.Нямсүрэнгийн “...Гантүлхүүр ах гаднаас орж ирээд “Хойд зам дээр хүн автомашинд мөргүүлчихлээ” гэхээр нь 102, 103 дугаарын утсанд дуудлага өгсөн. Би мөргүүлсэн хүн дээр очиход нэг эгч байсан ба хүүхэдтэй нь холбогдож ослын талаар хэлсэн. Мөргөсөн автомашин зугтаасан байсан...” /хх-ийн 37-38/,

            гэрч Л.Гантүлхүүрийн “...гадаа харанхуй, гэрэлтүүлэг байхгүй, замаар автомашины хөдөлгөөн бага байсан. Хойд талын зам дээр түс хийх чимээ гарахаар нь хартал замын урд талын шороон хэсэгт нэг хүн уначихсан байсан. Ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш саарал өнгийн “Prius 20” загварын автомашин зогсохгүй шууд яваад өгсөн...” /хх-ийн 39-40/ гэсэн мэдүүлгүүд,

            шүүгдэгч М.Д-гийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 98, 173/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11/, хохирогч Д.Нэргүйгийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүх эмнэлгийн шинжээчийн 12627 дугаартай дүгнэлт /хх-ийн 47/, осол гаргасан тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын шинжилгээ хийсэн шинжээчийн 56604 дугаартай дүгнэлт /хх-ийн 80-86/, зам тээврийн осол гарахад жолоочийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн болохыг тогтоосон Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 740 дугаартай дүгнэлт /хх-ийн 88-89/ зэргээр нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч М.Д-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн дээрх авто тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжилсэн хохирогч Д.Нэргүйгийн гаргасан шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцон үүнээс шүүгдэгч М.Д-гийн төлсөн хэсгийг хасаж, үлдэх төлбөрийг гаргуулахаар, цаашид гарах эмчилгээний зардал буюу урьдчилан тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалттай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Д-гийн хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос тодорхой хэсгийг нөхөн төлсөн, цаашид үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсгүүдэд заасан торгох ялын доод хэмжээгээр буюу дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хориглосон байх ба түүний эдэлбэл зохих үндсэн болон нэмэгдэл ялын төрөл, хэмжээ нь гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээнд тохирсон байна.

Иймээс “...ял хөнгөдсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгохыг...” хүссэн хохирогч Д.Нэргүйгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч М.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг хэзээнээс эхлэн тоолох талаар шийтгэх тогтоолд тусгалгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх нөхөн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.” гэсэн нэмэлт заалтыг оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогч Д.Нэргүйгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                М.ПҮРЭВСҮРЭН

            ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ

            ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН