Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/191

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, Улсын яллагч Д.Эрдэнэсоёл, Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Алтан овогт ******* / ******* регистрийн дугаартай/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь2017 оны 09 дүгээр сарын 29-с 30-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” зочид буудалд иргэн *******ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд: 1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Надад хэрэгтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй. Миний хувьд 2017 оны 09 дүгээр сарын 29-с 30-нд шилжих шөнө “Жаргалант” зочид буудалд байхдаа *******тай маргалдаж үүнээс болж тэнд байсан архины шилээр цохиж *******ы биед хөнгөн гэмтэл учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна....Өнөөдрийн байдлаар би 200000 төгрөг эмчилгээ төлбөрт өгсөн байгаа. гэх мэдүүлэг. /хх-ийн 41-42 /, 2. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй. 3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр дунд зах дээр явж байгаад ******* гэж найзтайгаа тааралдаж уулзаад зоогийн газарт орж пиво авч уугаад дараа нь 2-уулаа буудалд орж амрая гэж яриад замаараа дэлгүүрээс 1 шил архи аваад “Жаргалант” нэртэй буудалд өрөө авч ороод амрах санаатай байтал *******гийн утсанд дуудлага ирээд нэг найз нь хүрээд ирэе гэж байгаа бололтой байсан. Ингээд хэсэг хугацааны дараа *******гийн найз *******, , гэх хүмүүс 2 шил архитай орж ирсэн. Тэгээд би гэх залуутай юм яриад байж байтал нь жаахан чанга яриад байхаар нь би ыг “хөөе чи жаахан чимээгүй байж бай хүнтэй юм ярьж байна. Одоо амрах гэж байна өрөөнөөс гар” гэж хэлчихээд цааш хараад сууж байтал араас нэг юмаар толгойн ар дагз хэсэгт цохих шиг болоод би ухаан алдаад унасан. Тэгээд юу болсоныг мэдэхгүй ухаан ороход толгойноос цус гарсан байхаар нь би “цус алдаад үхэх гэж байна, түргэн дууд” гэхэд тэд нар хөдлөхгүй ... Тэгээд ухаан алдаж 103 дээр ухаан орж сэрсэн … гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20/,

....Би тай эвлэрч надад учирсан хохиролыг ******* нь бүрэн барагдуулсан. Миний хувьд *******аас одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Надад одоо гомдол санал байхгүй … гэх мэдүүлэг / хх-ийн 23-24 /, 4. Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 сарын 03-ний өдрийн 483 дугаартай: “1. *******ы биедхуйханд шарх, цээж нуруунд цус хуралт, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-34 /, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч *******ад холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар торгох ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж өөрийгөө өмгөөлсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “өөрийгөө өмгөөлж байна, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйл байхгүй улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа” илэрхийлсэн зэргийг дурдав.

Шүүгдэгч *******ын эзэмшлийн 27-54 БНА улсын дугаартай УАЗ 31512 маркийн авто машиныг битүүмжилсэн 2017 оны 10 сарын 16-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг авто машиныг эзэмшигч *******ад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон     

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Алтан овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Алтан овогт *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгийг шүүгдэгч *******ыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1. 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн 27-54 БНА авто машиныг битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи авто машиныг эзэмшигч *******ад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ