Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2017/01762

 

 

 

 

 

    2017 оны 08 сарын 03 өдөр

    Дугаар 184/ШШ2017/01762

            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, одонтын 21 гудамж, 234 тоотод оршин суух О.Түвшин/РД:НФ91073107/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороо, толгойт 108-12 тоотод оршин суух Э.Эрдэнэсүрэн /РД:ТЕ90061476/-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, 2,100,000 төгрөг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Түвшин, өмгөөлөгч Д.Жаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, гэрч Л.Оросоо, Б.Тогоохүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба тэмдэглэл хөтлөв.

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Түвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие Э.Эрдэнэсүрэнтэй 2012 онд анх танилцаад, 2013 онд дотно харьцаатай болоод үерхэж эхэлсэн. 2013 оны 11 сараас нэг гэрт амьдарсан. 2014 оны 10 сарын 02-ны өдөр охин Э.Эгшиглэн төрсөн. Эхний жилүүдэд амьдрал хэвийн бусдад тохиолддог асуудал бидний дунд байдаг байсан. Бид залуу гэр бүл учир амьдралынхаа төлөө хичээж зүтгэж байна гэж боддог байсан. Э.Эрдэнэсүрэнг хөдөө ажил хийдэг байсан учир би охиноо хараад гэртээ сууж байсан. Э.Эрдэнэсүрэн үе үе намайг хардаж хэрүүл хийдэг байсан боловч энэ байдал удаан үргэлжлэхгүй байх гэж боддог байсан. Э.Эрдэнэсүрэн бид 2 хамтран амьдарч байх үедээ 700 м.кв газар, 5 ханатай гэр, 4742УБХ улсын дугаартай приус 20 маркын машин  зэргийг авсан. Э.Эрдэнэсүрэн нь миний аав н.Оросоогийн тэтгэврийн зээлийг 2015 оны 4 сард авахуулж 400,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Мөн ээж н.Тогоохүүгийн тэтгэврийн зээлийг авахуулж 1,000,000 төгрөгийг үлдэгдэлтэй байгаа. Миний бие өөрөө 1,400,000 төгрөгийн зээлийг төлөх болоод байгаа. Э.Эрдэнэсүрэнд манай аав, ээж 2 хүргэн минь гээд зээл авч өгсөн. Гэтэл зээлийг нь төлөөгүй 1,400,000 төгрөг үлдсэн. Мөн 1125УНД “Хонда сивик” маркын автомашиныг хамт амьдрах хугацаандаа зээлийн барьцаанд тавьж одоо зээлийн үлдэгдэл 700,000 төгрөг үлдсэн. Уг зээлийн гэрээнд би гарын үсэг зурж авсан боловч Э.Эрдэнэсүрэн авч ашигласан. Нийтдээ бусдад төлөх ёстой төлбөр 2,100,000 төгрөг байгаа. Энэ мөнгийг Э.Эрдэнэсүрэн төлнө гэдэг боловч төлөхгүй байгаа. 2016 оны 11 дүгээр сараас бид тусдаа амьдрах болсон. Э.Эрдэнэсүрэн өөрөө хамт амьдрахгүй гээд охин бид 2 дээр ирэхгүй, өөр хүнтэй дотно харьцаатай болсон гэж хэлсэн. Бидний хамтын амьдралын үр дүнд бий болсон хөрөнгө болох 5 ханатай гэр, Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Одонтын 25-234 тоот 700 м.кв газар, 4742 УБХ улсын дугаартай тоёото приус 20 маркын автомашин зэргийг бий болгоход миний хөдөлмөр, оролцоо байсан гэж үзэж байна. Иймд 2015 оны 10 сарын 02-ны өдөр төрсөн охин Э.Эгшиглэнд эцэг Э.Эрдэнэсүрэнгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хамт амьдрах хугацаанд бий болсон приус 20 маркын автомашинаас Э.Эгшиглэн, О.Түвшин нарт ногдох хэсгийг гаргуулж, мөн Сонгинохайрхан дүүргийн Одонтын 21-234 тоот, 700 м.кв газар, 5 ханатай гэрийг хүүхэддээ орон байраар хангуулах үүднээс охин Э.Эгшиглэн, О.Түвшин нарт гаргуулж, бусдад төлөх ёстой өр төлбөр 2,100,000 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Э.Эрдэнэсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

            “Нэхэмжлэгч О.Түвшингийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие охин Э.Эгшиглэнд хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу төлнө. Гэхдээ бэлэн мөнгөөр өгвөл О.Түвшин нь өөртөө болон аав ээждээ зориулж үрээд дуусах тул хүүхэддээ зориулж хоол хүнс, хувцас авч өгөх хэлбэрээр тэтгэлэг төлнө. Мөн ирээдүйд их дээд сургуулийн төлбөрт зориулсан хадгаламж нээх хэлбэрээр төлөх боломжтой. Миний бие 2013 оны 11 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сарыг хүртэл О.Түвшинтэй хамтран амьдарч байсан. Нэгэнт О.Түвшин нь хамтран амьдрах хугацаанд буй болгосон бүх хөрөнгөөс хуваалцана гэх үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан учир дараах тайлбарыг гаргаж байна. Би улирлын чанартай уул уурхайн ажил эрхэлж, өнгөрсөн хугацаанд гэрээсээ хол ажиллаж амьдарч байх үед О.Түвшин нь гэр бүлийн хувьд тогтворгүй байдал гаргаж, хэд хэдэн удаа хүнтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн байсан. Үүнийг надад миний дотны хүмүүс гэж хэлсэн ба үүнээс болж хэрүүл маргаан гарч байсан. Бид хамтран амьдрах хугацаанд хэдийгээр О.Түвшин 3 сар л ажил хийсэн боловч би улирлын чанартай уул, уурхайн ажил эрхэлж, олсон орлогоороо буюу 1,500,000 төгрөгөөр 5 ханатай гэр худалдан авч, орон гэрээ тохижуулахын тулд 800,000 төгрөгөөр зурагт, 480,000 төгрөгөөр угаалгын машин, гэрийн хивсэн хөшиг, шалны хивс авахад нийт 900,000 төгрөг зарцуулсан. Ер нь орон гэртээ авсан хөргөгч, ор гэх мэт бусад эд хөрөнгө хогшлыг би ажлын хөлсөөрөө авсан. Энэ бүх гэр орон эд хогшлыг О.Түвшин нь аваад нүүсэн тул би өнөөдөр орон гэргүй, солих хувцсаа авч чадаагүй айлаар явж байна. Мөн дээрх нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэлийн 2,100,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь түүний аав, ээж нь манайд өвөлжиж, хамт амьдрах хугацаандаа цагаан сар тэмдэглэх гэж тэтгэврийн зээл авсан. Тэтгэврийн зээл авах үед нь банкнаас “Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг батлан даагч шаардлагатай” гэсэн тул би очиж хамтран зээлдэгч гэж гарын үсэг зурсан. Энэ мөнгөнөөс би аваагүй болно. Харин охин болон зээ охиндоо зарцуулаарай гэж өгсөн 500,000 төгрөгийг О.Түвшин. охин хоёртоо ойр зуурын эд зүйл, хоол хүнс авахад зарцуулсан. Бид хамтран амьдрах хугацаандаа “Севик” маркийн автомашиныг 7,000,000 төгрөгийн зээлээр авч О.Түвшингийн нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээг авсан. Энэ машиныг тэрээр өөрийн дураар захиран зарцуулж, унаж хэрэглэж байгаа атал миний унаж байгаа банкны зээлээр авсан, зээл нь дуусаагүй “Приус-20” маркийн автомашинаас өөр ногдох хэсгийг нэхэмжилсэн байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Бид гэрлэлтээ албан  ёсоор батлуулаагүй ч гэсэн миний хувьд энэ хүнийг насан туршийн минь хань гэж бодон олсон цалин хөлсөө зарцуулж, мөнгө хүрэхгүй үедээ банкнаас цалингийн зээл авч байсан. Миний бие Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонт 21 дүгээр гудамжны 234 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай, хашаа бариагүй газрыг 2015 оны 8 дугаар сард 2,000,000 төгрөгөөр худалдан авсан. Энэ мөнгөөр худалдан авсан гэдгийг олон хүн гэрчилнэ. Гэтэл энэ газрыг бүхэлд нь авахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба нэхэмжлэлийн шаардлагыг ихэд гайхаж байна. Энэ хүн өөрөө хөдөлмөрлөж бүтээж, цалин мөнгө авч, банкны зээл төлж бэрхшээл үзээгүй учир маш их зүйл нэхэмжилж байна. Би энэ хашааны газрыг охинтойгоо хамтран эзэмших эрхээ бүртгүүлэхийг зөвшөөрч байна. Охинд маань том болсон хойноо энэ газарт амьдрах хэрэгцээ шаардлага гарна гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Түвшин нь хариуцагч Э.Эрдэнэсүрэнд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, 2,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Зохигчид 2012 онд танилцаж, 2013 оноос хамтран амьдарч, 2014 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Эрдэнэсүрэнгийн Эгшиглэн төрсөн болох нь хүүхдийн төрсний 1116003793 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байх ба түүнд эцэг Э.Эрдэнэсүрэн, эх О.Түвшин гэж овоглосон бөгөөд Эгшиглэнгийн эцэг нь мөн гэдгээ Э.Эрдэнэсүрэн хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан журмын дагуу төлөхөө илэрхийлсэн болно. 

Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас 2016 оны 11 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа болох нь тэдгээрийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн талаар хариуцагч маргаагүй бөгөөд охин Э.Эгшиглэнг эх О.Түвшин асрамжид өгөхийг нэхэмжлэгч хүсч, хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн, хүүхдийн өссөн болон дассан орчин, бусад нөхцөл байдал зэргийг харгалзан нэхэмжлэгч О.Түвшингийн асрамжид үлдээх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгө болох Э.Эрдэнэсүрэнгийн нэр дээр бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Одонтын 21-234 тоотод байх 700м.кв газрыг эзэмших эрхийн бүртгэлд Э.Эгшиглэнгийн нэрийг нэмж бүртгүүлэх, Э.Эгшиглэнг 18 нас хүртэл бусдад шилжүүлэхгүй байхыг Э.Эрдэнэсүрэнд даалгах, мөн охин Э.Эгшиглэнг 18 нас хүртэл тухайн газрыг бусдад түрээслэхээс өөр хөдөлгөөн хийхгүй байхыг Сонгинохайрхан дүүргийн газрын албанд даалгах, 4742УБХ улсын дугаартай Приус 20 загварын автомашинд үнэлгээ тогтоолгох шинжээч томилуулсан хүсэлтээсээ татгалзаж, 4742УБХ улсын дугаартай Приус 20 загварын автомашины үнийг 5,000,000 төгрөгөөр үнэлэхээр тус тус харилцан тохиролцож, 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “Эд хөрөнгийн талаар тохиролцсон гэрээ” гэх баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасныг баталгаажуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгө болох 4742УБХ улсын дугаартай Приус 20 загварын автомашинаас ногдох хэсгийг тодорхойлохдоо 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “Эд хөрөнгийн талаар тохиролцсон гэрээ”-гээр талуудын тохиролцсон автомашины үнэлгээ болох 5,000,000 төгрөгийг үндэслэн О.Түвшин, Э.Эгшиглэн нарт ногдох 3,333,333 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, автомашиныг Э.Эрдэнэсүрэнгийн эзэмшилд үлдээх нь зүйтэй байна.

 Нэхэмжлэгч О.Түвшин нь аав Л.Оросоогийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл 400,000 төгрөг, ээж Б.Тогоохүүгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл 1,400,000 төгрөг, “Прогресскапитал ББСБ” ХХК-д төлбөл зохих 700,000 төгрөг, нийт 2,100,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Шүүхэд ирүүлсэн Л.Оросоогийн гэх “Капитал банк” ХХК-тай 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Тэтгэврийн зээлийн гэрээ”-нд зээлдэгч Л.Оросоо, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Э.Эрдэнэсүрэн нар гарын үсэг зурсан, Б.Тогоохүүгийн гэх “Капитал банк” ХХК-тай 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Тэтгэврийн зээлийн гэрээ”-нд зээлдэгч Б.Тогоохүү гарын үсэг зурж,  хамтран үүрэг гүйцэтгэгчийн нэр дээр Э.Энхсүрэн гэж бичиж, Э.Эрдэнэсүрэн гэсэн гарын үсгийн хэсэгт гарын үсэг зураагүй байна. Иймд нэхэмжлэгч О.Түвшин, хариуцагч Э.Эрдэнэсүрэн нарын хооронд тэтгэврийн зээлийн гэрээтэй холбоотой харилцаа үүсээгүй, зээлийг төлөхийг шаардах эрх нэхэмжлэгч О.Түвшинд үүсээгүй байна гэж дүгнэв.

1125УНД улсын бүртгэлийн дугаартай Хонда Сивик маркийн автомашиныг хамт амьдрах хугацаандаа зээлийн барьцаанд тавьж авсан боловч зээлийг Э.Эрдэнэсүрэн ашигласан учраас үлдэгдэл төлбөр 722,461.24 төгрөгийг шаардаж байна гэжээ. 1125УНД улсын бүртгэлийн дугаартай сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийг барьцаалж зээл авснаа төлөөгүй гэж тус шүүхэд нэхэмжлэгч “Прогресскапитал ББСБ” ХХК-аас О.Түвшинд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 722,461.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч О.Түвшин өөрөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 408 тоот захирамжаар шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг шүүх дахин шийдвэрлэхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 2,100,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.2, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 2,100,000 төгрөг гаргуулах шаардлагад төлсөн 48,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.Эрдэнэсүрэнгээс 3,333,333 төгрөгт ногдох 68,284 төгрөг, хүүхдийн тэтгэлэгт ногдох 31,247 төгрөг, нийт 99,530 төгрөгийг улсын орлогод нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Э.Эгшиглэнг эх О.Түвшингийн асрамжид үлдээсүгэй.

          2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 10 дугаар сарын 2-ны өдөр төрсөн охин Э.Эгшиглэнг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, түүнийг 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Э.Эрдэнэсүрэнгээр тэжээн тэтгүүлсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар Э.Эрдэнэсүрэнгийн нэр дээр бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Одонтын 21-234 тоотод байх 700м.кв газрыг эзэмших эрхийн бүртгэлд Э.Эгшиглэнгийн нэрийг нэмж бүртгүүлэх, Э.Эгшиглэнг 18 нас хүртэл бусдад шилжүүлэхгүй байхыг Э.Эрдэнэсүрэнд, мөн Э.Эгшиглэнг 18 нас хүртэл Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Одонтын 21-234 тоотод байх 700м.кв газрыг бусдад түрээслүүлэхээс өөр хөдөлгөөн хийхгүй байхыг Сонгинохайрхан дүүргийн газрын албанд тус тус даалгасугай.

            4.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Эрдэнэсүрэнгээс 3,333,333 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Түвшинд олгосугай.

            5.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг баримтлан  нэхэмжлэлийн шаардлагын 2,100,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар нэхэмжлэгч О.Түвшингийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эрдэнэсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 99,530 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

            7.Шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Амарзаяад даалгасугай.

            8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5-д зааснаар хариуцагчийн хөрөнгийн талаарх лавлагааг холбогдох байгууллагаас ирүүлээгүй болно.

            9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

 

 

                           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.МӨНХБҮРЭН