Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/161

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                   Хэргийн индекс: 166/2022/0148/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгч У.У.У- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар У.У-т холбогдох эрүүгийн 2218000000140 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бусдунд боловсролтой, Барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух , урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 180 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3-д зааснаар 5 жил 6 сарын хугацаатай хорих ялаар,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ялаар,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, У.У-

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.У.У-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчим Б.Б.Н-ыг цохихоор төмөр тармуур далайхад хажуудаа байсан С.С.Г-ийг цохиж, түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүгдэгч У.У.У- нь согтуурсан үедээ Б.Б.Н-тай маргалдаж, түүнийг төмөр тармуураар цохих гэж далайхдаа хажууд нь зогсож байсан С.С.Г-ийн толгой хэсэгт цохиж хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.У.У-ын өгсөн: “И-, Б.Н- 2 муудалцсан. Тэгээд би айлын гэрт битгий муудалц гэсэн чинь чамд ямар хамаатай юм гээд гараад явсан. Б-, С.Г- бид 3 тамхи татах гээд араас нь гарсан. Б.Н- над руу сүх аваад дайрахаар нь хажууд байсан тармуур авах гэж байгаад С.Г-ийг санаандгүй цохичихсон.” гэх мэдүүлэг,

 

Хохирогч С.С.Г-ийн өгсөн: “2022 оны 03 дугаар сарын сарын 22-ны өдөр ажлаасаа буугаад ороод ирсэн эхнэр, У.У-, И-, Б.Н- гээд гурав дөрвөн хүн байсан. Тэгээд архи  уугаад сууж байсан. И- Б.Н- 2 муудалцаад байсан. У.У- Б.Н- 2 гараад явахаар нь араас нь Б- бид хоёр гарсан. Тэгээд гадаа гараад зогсож байсан чинь хажуу талаас толгой руу хүчтэй зүйл ороод ирсэн. Тэгээд эхнэр гарч ирээд намайг авч ороод У.У- толгой боож өгөөд эмнэлэг оръё гэсэн. Би тухайн үед хагарсан байх гэж бодоод очоогүй. Маргааш нь ажилтай байсан очиж чадаагүй. Тэгээд эмнэлэгт үзүүлсэн толгойны гавал цуурсан гээд хагалгаанд орсон” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтын шатанд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн эмч Н- “бусдад зодуулсан байж болзошгүй толгойн тус газраа гэмтэлтэй хүн эмнэлэгт хүргэгдэн ирсэн” гэх гомдлыг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 18:17 цагт хүлээн авсан.” /хх 01/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...өрөөний үүд хэсгийн хулдаасан шал, хаалганы босго хэсэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон... баруун буланд 30см өргөн, 113см урттай модон иштэй төмөр малтуур багаж байв.”

 

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “байшингийн баруун урд хэсэгт модон иштэй газар малтах тармуур багаж байх ба ишний урт 113 см, ажлын хэсэг буюу газар малтах булан ирмэг төмөр нь 30 см байх бөгөөд уг багажийг үзлэгээр хурааж авахаар тогтов. /хх 3-15/,

 

Шүүгдэгч У.У.У-ын өгсөн: “...С.Г-ийн байшингийн хаалганы хажуу талд байсан модон иштэй төмөр тармуурыг аваад Б.Н- руу шидчихсэн. Б.Н- байшингийн цонхны харалдаа ойрхон зогсож байсан. Би Б.Н-тай хашаан дотор маргалдаж ийш тийшээ нэлээн хөөцөлдсөн. Тэгээд гэр рүү буцаад орох гэхэд С.Г-ийн толгойны баруун хажуу талаас нэлээд цус гарч байсан. Би тармуур шидэх гэж савж байгаад л хажуудаа байсан С.Г-ийг цохичихсон. Тэрнээс С.Г-ийг цохиж гэмтээх ямар нэгэн бодол байгаагүй. Бид хоёр маргалдаа ч үгүй.” гэх мэдүүлэг /хх 116-117/,

 

Хохирогч С.С.Г-ийн өгсөн: “...Б.Н- И- нар хоорондоо маргалдсан. Ингээд У.У- И-ийг өмөөрөөд Б.Н-тай маргалдаад гэрээс гарсан. Намайг гарахад Б.Н- байшингийн үүдэнд У.У- үүдний харалдаа урд талд зогсож байсан. Би Б.Н-гийн хажууд ойрхон зогсож байсан. Гэтэл намайг У.У- 1 хатуу юмаар толгой руу цохисон. Б.Н-г цохих гэж байгаад цохичихсон юм. Намайг хашааны цас цэвэрлэдэг төмөр тармуураар цохисон байсан..” гэх мэдүүлэг /хх 28/,

 

Гэрч А.О- өгсөн: “...У.У-, Б.Н- нар чанга яриад маргалдаад байсан. Тэгээд хэсэг байж байхад Б- орж ирээд нөхөр чинь гадаа уначихлаа гэж хэлсэн. Энэ үед нь би гараад харахад манай нөхөр гадаа гэрийн үүдэнд толгойгоо дараад дээшээ хараад хэвтэж байсан. Яасан гэж асуухад тухайн үед өөрөө уначихлаа гэж би босгож гэрт оруулж цусыг нь цэвэрлэж байхдаа юу болсон талаар асуухад Б- надад У.У-, Б.Н- руу тармуур багаж шидэх гэж байгаад С.Г-ийн толгойг цохичихлоо гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 66/,

 

Гэрч Д.Б-ийн өгсөн: “...Б.Н- гэх залуу У.У-тай маргалдаж гэрээс гарсан. С.Г- бид 2 хамт гарсан. Гэтэл Б.Н- гэх залуу У.У- руу хашаан дотор байсан сүхийг аваад далайж цохих гээд байсан. У.У- зугтаад цохиулаагүй, би байшингийн үүдэнд С.Г-тэй хамт зогсож байсан. Тэгтэл У.У- бид хоёрын хажуу талаас гэрийн үүд хэсгээс модон урт иштэй тармуур багаж аваад Б.Н- руу шидсэн. Энэ үед нь Б.Н- байшингийн цонхны хажууд зогсож байсан. У.У- бид хоёрын хажууд зогсож байгаад уг тармуур багажийг Б.Н-гийн зогсож байсан зүгт шидсэн. Б.Н-г оноогүй. У.У- багаж шидэхдээ С.Г-ийн толгойг цохиод шидсэн. С.Г- миний хажууд зогсож байгаад У.У-ыг тармуур багаж шидэхэд нь цохигдоод ёолоод унасан.” гэх мэдүүлэг /хх 68/,

 

Гэрч Б.Г- өгсөн: “...И-, Б.Н- нар нь нар маргалдаад эхэлсэн яг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Маргалдаад байхаар нь У.У- бид 2 “боль нялх хүүхэдтэй айлд маргалдлаа” гэж хэлсэн. Ингээд Б.Н-, У.У- хоёр маргалдаад гэрээс гарсан. Гадаа юу болсон талаар нь би мэдэхгүй байна. Маргалдаад л байсан, би гэрээс нь гараагүй. О- бид 2 гэрт байсан. Гэтэл гаднаас Б- орж ирээд О- “нөхөр чинь цохиулаад газар уначихлаа” гэж хэлсэн. Тэгээд О- гараад С.Г-ийг гэрт оруулсан. Тухайн үед С.Г-ийн толгойноос нэлээн цус гарсан байдалтай орж ирсэн.” гэх мэдүүлэг /хх 71/,

 

Гэрч Ц.И-гийн өгсөн: “...Би архи ууж байгаад Б.Н-тай маргалдсан. Тухайн үед би согтуу байсан учир юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Намайг өмөөрч Б.Н-тай У.У- маргалдаад гэрээс гарсан. Б.Н- тухайн үед гартаа сүх бариад У.У- руу далайгаад байсан, У.У- сүхийг нь булааж аваад газар хаясан. Тэгээд байшингийн хаалганы урд У.У- Н- руу байшингийн хаалганы хажуугийн хана налуулаад тавьсан байсан төмөр тармуурыг аваад шидсэн. Энэ үедээ ардаа зогсож байсан С.Г-ийн толгойг цохичихсон. Тухайн үед би 2-3 алхмын зайтай хол зогсож байсан.” гэх мэдүүлэг /хх 73/,

 

Гэрч Б.Н- өгсөн: “...У.У-, Б.Н- нар хоорондоо маргалдсан бололтой хоорондоо хэрэлдээд байх шиг байсан. Би гараад С.Г- болон И- нарыг анзаарч хараагүй. Хаана байсан талаар нь мэдээгүй. Би гэрээс гараад Б.Н-г аваад явсан. Намайг унтахаас өмнө гэр байсан хүмүүс маргалдсан зүйл болоогүй.” /хх 75/,

 

Гэрч Т.Б.Н-ын өгсөн: “...У.У- байшингийн хажуу талд байсан төмөр тармуур багаж аваад намайг уг төмөр тармуур багажаар далайгаад цохисон. Тухайн үед нь би тонгойгоод бултчихсан. Тэгтэл миний хажууд байшингийн үүд хэсэгт зогсож байсан С.Г- уг тармуурт цохигдоод газарт унасан. /хх 79/,

“...Тухайн үед У.У- гартаа тармуур аваад далайж байгаа харагдсан. Энэ үед нь би доошоо тонгойгоод бултсан, уг багажийг гартаа барьж цохисон эсхүл шидсэнийг нь хараагүй. Би тонгойчихоод буцаад босоход байшингийн үүдэнд хэсэгт зогсож байсан С.Г- газар унасан байсан. С.Г- надтай ойрхон зогсож байсан мөн У.У- ч С.Г-тэй ойрхон зогсож байсан.” гэх мэдүүлэг /хх 81/,

Шүүгдэгч У.У.У-ын гэмт үйлдлийн улмаас хохирогч С.С.Г-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 259 дугаартай шинжээчийн дүгнэлт-

“-С.С.Г-ийн биед гавал тархины гэмтэл, баруун талын зулай ясны цөмөрсөн хугарал, тархины няцрал, баруун зулайн хатуу хальсан дээрх цусан хуралт, тархины хаван, баруун зулайн хуйханд шарх тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-С.С.Г-ийн биед илэрсэн гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

-Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

-С.С.Г-ийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална.” /хх 95-96/-ээр тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: У.У.У- согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 21-ий өдөр Б.Б.Н-ыг цохихоор төмөр тармуур далайж улмаар хойноо байж байсан С.С.Г-ийг цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэж,

Шүүгдэгч У.У.У- өөрийгөө өмгөөлж хэлсэн үгэндээ: Надад нэг удаа боломж олгож өгнө үү. Би сайхан амьдармаар байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй гэж яллах болон өмгөөлөх талууд мэтгэлцлээ.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримт, хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлэг, улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь бодитойгоор дүгнээд шүүгдэгч У.У.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний  эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч У.У.У- өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй гэмт хэрэг үйлдсэн нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  2218000000140 дугаартай хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч У.У.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.  

Хохирогч С.С.Г- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин нийт 5010000 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс шүүгдэгч нь 1000000 төгрөгийг нөхөн төлж үлдэх 401000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 2000000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2010000 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүгдэгч нь үлдэгдэл хохирол төлбөрөө нөхөн төлж барагдуулахаа илэрхийлсэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд хууль бусаар ...болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн дутуу авсан цалин хөлс түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой эм, эмчилгээний зардлыг төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгчээс 4010000 төгрөгийг гаргуулж хохирогч С.С.Г-т олгуулахаар тогтов.

 

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч У.У.У- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба ам бүл 4, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй болох нь ял шалгах хуудас /хх 120/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 123-156/ болон бусад нотлох баримтаар тогтоогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч У.У.У-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг харгалзан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан барилгын өрлөгчин мэргэжлээр ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”,  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тус тус хүлээлгэж, биелэлтэд нь хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг төмөр тармуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч У.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч У.У.У-ыг барилгын өрлөгчин мэргэжлээр ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.У.У-т оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ  авсан үеэс эхлэн тоолсугай.

 

   4.Шүүгдэгч У.У.У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”,  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тус тус хүлээлгэж биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

   5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.У.У- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

   6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.У.У- нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

 

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.У.У- нь хохирогч С.С.Г-ийн нэхэмжилсэн 5010000 төгрөгийн хохирол төлбөрөөс 1000000 төгрөг төлж, үлдэх 4010000 төгрөгийг 2022 оны 05 сарын 10-ны өдөр 2000000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2010000 төгрөг тус тус төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.

 

   8.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

   9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг модон иштэй тармуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

   10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.У.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            12.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.У.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               З.ТӨМӨРХҮҮ