Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015002840223 дугаартай, 163/2021/0059/Э индекстэй хэргийг 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* овогт Булганы ******* /РД: *******/, 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ........................... ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн цагдаагийн байранд оршин сууж байсан, одоо Булган аймгийн .... сумын .... дугаар багийн .... дугаар байрны .... тоотод өтьдарч байгаа, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******ыг хууль сахиулагчаар ажиллаж байхдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өгсөн мэдүүлэгтээ: Би 18 настайгаасаа эхлэн цагдаагийн байгууллагад хоёргүй сэтгэлээр зүтгэж нийт 23 жил ажилласан. Дэд ахлагчаас эхлэн хошууч цолтой болтлоо бие, сэтгэл оюунаа зориулан ажилласан. Ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед “илрүүлэлт шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байсан. Прокурорын байгууллага, цагдаагийн байгууллага хамтарч уг арга хэмжээний хүрээнд нийт 12 хэргийг шийдвэрлэсэн. Уг шийдсэн хэргүүдийн нэг нь миний холбогдсон нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн хэрэг юм. Иймд би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Үүнд хэн нэгнийг буруутгах санаа сэдэл байхгүй. Мөн би 0-6 насны 2 хүүхэдтэй, уг асуудлаас болж би өөрийн хүсэлтээр 2021 оны 6 сард ажлаасаа чөлөөлөгдсөн. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байна. Иймд бага насны 2 хүүхэдтэй болон зээлээс зээлийн хооронд амьдардаг байдлыг минь харгалзан үзэж хэргийг хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан яллах талын нотлох баримтыг шинжлэн судалж, шүүгдэгч *******ыг Булган аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн ******* сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа 201500019 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр *******г хохирогчоор тогтоож, мөн өдөр хохирогчоор мэдүүлэг авахдаа мэдүүлгийг зохиож гарын үсгийг дуурайлган зурсан буюу хэрэг шалган шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх ялын санал, дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсын яллагчийн санал болгосон 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг дэмжиж байна гэжээ.

Эрүүгийн 2015002840223 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь Булган аймаг дахь цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн ******* сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа иргэн *******ийн “Булган аймгийн ******* сумын Халиун багийн нутаг “*******” гэх газраас 4 тооны үхэр сураггүй алга боллоо” гэх гомдол мэдээлэлийг хүлээн авч 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 201500019 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр *******г энэ хэрэгт хохирогчоор тогтоож, мөн өдөр хохирогчоор мэдүүлэг авахдаа мэдүүлгийг зохиож гарын үсгийг дуурайлган зурсан буюу хэрэг шалган шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий баримтыг хуурамчаар үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Иргэн *******гийн гэрчээр өгсөн: “Булган аймгийн ******* сумын Мааньт багийн “Хэц” гэх газарт байдаг манай малыг маань малчин Нямдорж гэж хүн гэр бүлээрээ малладаг. 2019 оны 12 дугаар сарын 05-ны шөнө 4 тооны үхэр алдагдсан. Үүнийг манай малчин Нямдорж маргааш нь билүү нөгөөдөр нь билүү над руу утсаар яриад “4 тооны үхэр алга болчихлоо” гэж мэдэгдэхээр нь Булган аймгийн цагдаагийн газрын 7034102 дугаарын утас руу залгаад “үхэр алдсан” талаараа мэдэгдсэн чинь “та өргөдлөө өгөөрэй, хэсгийн төлөөлөгч нь ******* гэж хүн байгаа, энэ хүн хариуцна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ******* гэж хүний ******* дугаарын утас руу залгасан чинь холбогдох боломжгүй байхаар нь дахин 7034102 дугаарын утас руу залгаж яриад “энэ хүний утас холбогдох боломжгүй байна, миний алдсан үхрийн зүсийг бичиж аваарай” гэж хэлээд тэмдэглүүлсэн. Тэгээд ******* сумын цагдаагийн утас өгөхөөр нь залгасан чинь “******* аймагт байна” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “машинтай очиж авъя, үхэр ачсан газарт нь мөрийг нь харуулъя” гэж хэлсэн чинь “ажилтай, амжихгүй байна” гэхээр нь дахин, дахин утсаар ярьсаар байгаад авч явахаар болоод ******* аймагт ирээд хоёр цагдаа дагуулаад “Даваат өргөө” гэх газарт үхэр ачигдсан газарт мөрийг нь харуулсан. Ингээд 2019 оны 12 дугаар сарын 20-ны үед өдрийг нь сайн санахгүй байна. Булган аймгийн цагдаагийн газраас ******* гэж хүн манай ажил дээр ирээд надаас гэрчийн мэдүүлэг авчихаад явсан. 2020 оны 5 дугаар сард ямар ч байсан хавар болчихсон байсан өдрийг нь сайн санахгүй байна. Миний дугаарын утас руу Булган аймгийн цагдаагийн газрын ажилтан ******* ******* дугаарын утсаар ярьснаа “би ажил ихтэй амжихгүй байна, танаас утсаар мэдүүлэг авъя” гэхээр нь “миний үхрүүд олдох уу, сураг байна уу” гэж асуусан чинь энэ хэргийн хугацаа дуусчихаад байна, одоо хэргийг хаах хэрэгтэй байна. Дараа нь үхэр чинь олдчихвол өгнө” гэж хэлэхээр нь миний хэргийг хаачихаад дараа нь хувиараа олоод өгөх юм байхдаа гэж ойлгосон. Гэтэл 2020 оны 6 дугаар сарын сүүлээр билүү 7 дугаар сарын эхээр билүү өдрийг нь сайн санахгүй байна. Булган аймгийн прокурорын газраас манай ажлын жижүүрт дугтуйтай бичиг ирсэн байхаар нь задлаад уншсан чинь манай үхрүүдийг өөрсдөө уруудаад алга болчихдог, ухааны юм бичсэн байхаар нь шууд *******ын гар утас руу яриад “надад Булган аймгийн прокурорын газраас бичиг ирсэн байна, гомдолтой бол өргөдлөө дахин бичиж өг гэсэн байна, би өргөдлөө дахиад өглөө шүү” гэсэн чинь “над дээр л ирэх байхдаа, тэгэхгүй юу даа” гэж хэлж байсан. Мөн би *******т хандаж “би чамд хэлээгүй зүйлийг чи өөрөө бичсэн байна” гэсэн чинь “хаахын тулд ингэж бичнэ” гэж хэлж байсан. 2020 оны 7 дугаар сард өдрийг нь санахгүй байна, Булган аймагт явж байхад “Булган аймгийн цагдаагийн газраас ярьж байна, та ирж уулз” гэхээр нь очиж уулзсан чинь Г.Ганбаяр гэж хүн байсан. Тэрээр надаас мэдүүлэг авсан. Мөн миний хохирогчийн мэдүүлгийн гарын үсгийг харуулаад “энэ таны гарын үсэг мөн үү” гэж асуухаар нь “биш байна, ******* надаас гар утсаар яриад мэдүүлэг авсан” гэж хэлсэн. Миний хувьд *******ыг ажилтай амжихгүй байна, утсаар мэдүүлэг авъя гэхээр нь зөвшөөрсөн. Гэхдээ түүнийг миний яриагүй зүйлийг мэдүүлэгт бичнэ гэж бодоогүй юм” гэх мэдүүлэг /хх-14-16 тал/,

201500019 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт үзлэг хийсэн: “...хэргийг нээж үзэхэд 28 хуудастай гэж хэргийг товъёоглон дугаарласан байх ба хэрэгт үзлэг хийж 1-28 гэж дугаарласан байв. Хэрэгт ач холбогдол бүхий 1-ээс 33 хуудас болон хохирогч *******гийн Булган аймгийн прокурорын газарт гэж хаягласан өргөдөл, мөн Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Мөнхнарангийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолыг хүчингүй болгосон тогтоол болон хохирогч *******д хариу өгсөн мэдэгдэх хуудас зэргийг хуулбарлан авлаа” гэх тэмдэглэл, хэргийн нотлох баримтууд /хх-18-58 тал/,

******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №196 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолд зурагдсан гарын үсгүүд *******гийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна. Шинжлэгдэж буй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн гарын үсгийн загваруудтай гарын үсгийн бүтэц, хөдөлгөөний маяг, хурд, даралт, элементүүдийн доод хэсгийн хэлбэр зэрэг ерөнхий, хөдөлгөөний дараалал, хэмжээ, хэлбэр зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, гарын үсгийн болон бичгийн хэвийн хэв загвар /хх-60-67, 68-86 тал/,

Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/431 дугаартай тушаалаар цагдаагийн хошууч Булганы *******ыг 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс Булган аймгийн ******* сум дахь хэсгийн төлөөлөгчөөр томилсон тухай мэдэгдэл /хх-94 тал/,

Ажилтан, албан хаагчийн дэлгэрэнгүй анкет /хх-95 тал/,

Алтан тушаалын тодорхойлолт болон ажил байдлын тодорхойлолт /хх-103-110 тал/, шүүгдэгч  *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхий хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Аливаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилтын хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд сахиж ажиллах үүрэгтэй байтал хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт буюу хохирогчийн мэдүүлгийг зохиож гарын үсгийг дуурайлган зурж хуурамчаар үйлдсэн үйлдэл нь хууль бус бөгөөд өөрийн үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн ”санаатай” хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна гэж дүгнэлээ.

Хуульд тайлбарласнаар хууль сахиулагч гэдэгт цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгох бөгөөд Булган аймгийн ******* сум дахь хэсгийн төлөөлөгчөөр томилсон тухай Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/431 дугаартай тушаалыг мэдэгдсэн албан мэдэгдэл /хх-94 тал/, төрийн албан хаагчийн анкет /хх-95 тал/, шүүгдэгч *******ын ажлын байрны тодорхойлолт /хх-103 тал/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь цагдаагийн алба хаагч ба хуулиар тусгайлан эрх олгогдсон эрх бүхий этгээд юм.

 Иймд шүүгдэгч *******ын үйлдэл нь тусгай субъекттэй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ыг Булган аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн ******* сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа 201500019 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хохирогчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдэн гарын үсгийг дуурайлган зурсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд түүний гэм буруутай үйлдлийн улмаас материаллаг хохирол учраагүй хэдий ч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байдал, түүнийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа хуулийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагаанд хамаарах харилцааг зөрчиж байгаагаар энэ гэмт хэргийн хохирол, хор уршиг илэрдэг онцлогтойг дурдах нь зүйтэй гэж үзэв

 

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******ыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хавтаст хэргийн 88-110 талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, ажилтны дэлгэрэнгүй анкет, албан тушаалын тодорхойлолт, ажил байдлын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар шүүгдэгч ******* нь ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн цагдаагийн байранд оршин сууж байсан, одоо Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 26 дугаар байрны 8 тоотод амьдарч байгаа, ял шийтгүүлж байгаагүй бөгөөд цагдаагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон эзэнгүй гэмт хэргийг илрүүлэх талаар идэвх санаачлагатай ажиллаж байсан, 2021 онд “цагдаагийн газрын шилдэг офицер, 2013 онд Булган аймгийн Засаг даргын “Хүндэт жуух”, 2014 онд Монголын залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар медаль”, 2015 онд Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу алтан медаль”, 2016 онд эрүүгийн цагдаагийн газрын даргын “Баярын бичиг” зэрэг шагналуудаар тус тус шагнагдаж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч *******ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, төлөх төлбөргүй зэрэг түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч *******ыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор  2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д заасан хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байгаа хэдий ч мөн хуулийн 9 дүгээр зүйлийн “өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөл”-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан “хууль сахиулагч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэг нь хамаарч байгааг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Булганы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч *******ыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг баримтлан шүүгдэгч *******т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******т сануулсугай.

 

5. Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНХАНД