Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 292

 

Н.Ө-д холбогдох эрүүгийн

                                                                           хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мягмаржав, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ганзориг,

шүүгдэгч Н.Ө-ын өмгөөлөгч Б.Болортуяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Н.Ө-ын өмгөөлөгч Б.Болортуяагийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Ө-д холбогдох эрүүгийн 1808028421576 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Сурмаажав овгийн Н.Ө-, 1989 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Н.Ө- нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан хорооллын 54А дугаар байрны В1 давхрын Д тоотод М.Ундармааг “халуун ус өгсөнгүй, хохироолоо” гэх шалтгаанаар цохих, үснээс нь зулгаах, нүүр цээжийг нь маажих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар уг ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан хугацаанд буюу 90 хоногт биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, Н.Ө- нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, Н.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Ө-ын өмгөөлөгч Б.Болортуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэг гарсан өдрөө Н.Ө- цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Уг гомдолдоо хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг тодорхой тусгаж, өөрийн гоо сайхан, сэтгэл санаанд хохирол учирсан болохоо илэрхийлсэн. Гэтэл зөвхөн М.Ундармаагийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн шинж байдлыг тогтоож, түүнийг хохирогчоор тооцсон байдаг. М.Ундармаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдээс үзвэл тэрээр Н.Ө-д мөн адил хүч хэрэглэсэн болох нь тодорхой харагддаг. Гэвч үүнд ач холбогдол өгөлгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Н.Ө-, М.Ундармаа нарын хэн нь хэндээ хүч хэрэглэсэн, эсхүл харилцан нэгнийхээ эсрэг хүч хэрэглэсэн эсэх асуудлыг зааглаж ялгаагүй. Иймд Эрүүгийн хуульд заасан гэм буруу, шударга ёсны зарчмыг үндэслэн хэргийг шийдвэрлэж, Н.Ө-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 02-05 насны 2 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү...” гэв.

Прокурор А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шинжээчийн дүгнэлтээр М.Ундармаад учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн болохыг тогтоосон. Шүүгдэгч Н.Ө- нь бусдын ажлын өрөөнд орж маргаан зодооныг үргэлжлүүлсэн. Өөрөө хохирогчийн араас нэхэж яваад хэрүүл хийсэн байдаг. Үүнд хохирогчийн буруутай үйлдэл харагдаггүй. Шүүгдэгч Н.Ө-ын шинжилгээ хийлгүүлэх эрхийг нь хязгаарласан зүйл байхгүй. Өөрөө шинжээчийн дүгнэлт гаргуулах боломжтой байсан. Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэсэн хүсэлтээ бичгээр өгсөн байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Н.Ө- нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан хорооллын 54А дугаар байрны гадна талбайд тус хорооны Сууц Өмчлөгчдийн Холбооны гүйцэтгэх захирал М.Ундармаатай “халуун ус тавьсангүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэсэн, улмаар 54А дугаар байрны В1 давхрын Д тоотод үйл ажиллагаа явуулдаг “ЭйЭсЭс Инженеринг” ХХК-ийн албан өрөөнд буюу М.Ундармаагийн ажлын байранд дээрх маргаанаа үргэлжлүүлж, харилцан хүч хэрэглэх явцдаа эрүүл мэндэд нь “баруун хацар, хамрын нуруу, дээд уруул, эрүү, цээж, зүүн шуунд зулгаралт, цээжинд цус хуралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч М.Ундармаа нь “...гадаа тоглоомын талбай дээр байхад Ө- ирээд “гөлөг минь чи ус тавь” гэж хэлээд миний баруун гар луу гараараа 1 удаа цохиод авахаар нь “чи яаж байгаа юм бэ, хүний биед гар хүрээд” гэж хэлээд зүүн хацар луу нь 1 удаа алгадсан... тэгээд би ажлынхаа өрөө рүү ортол араас Ө- орж ирээд “миний монетон ээмгийг өг, алга болчихсон байна” гэхээр нь “би яаж мэдэх юм, битгий ажлын өрөөнд орж ирээд орилоод бай, гар” гэж хэлэхэд миний үснээс зулгааж, нүүр, цээж самардсан... би дээр нь гарч суугаад тайвширхаар нь боссон...” гэж /хх-ийн 25-28/ тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, Н.Ө-тай маргалдах болсон шалтгаан, өөрийн биед учирсан гэмтлийн талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

гэрч Г.Баясгалангийн “...хүүхдийн талбай дээр СӨХ-ны дарга Ундармаа, оршин суугч Ө-тай маргалдаж байсан. Ундармаа, Ө-ын хацар луу нь алгадаж харагдсан... маргалдаж дууссаны дараа Ө- “Монетон ээмэг алга болгочихлоо” гэж хэлж байсан... Ундармаагийн өрөөнд ороход Ө-тай зодоон хийсэн бололтой хүзүү, нүүр нь улайчихсан харагдсан...” /хх-ийн 35-36/,

гэрч Б.Даваа-Ундараагийн “...ажлын байрандаа ороход СӨХ-ны дарга Ундармаа үс толгой нь арзайчихсан, бусдад зодуулчихсан байдалтай харагдсан... Ундармаа Ө-тай СӨХ-той холбогдолтой ташаа мэдээлэл наасан асуудлаас болж маргалдсан гэж надад хэлсэн...” /хх-ийн 37-38/,

гэрч М.Энхмэндийн “...өрөөнд ороход төмөр шкаф газар уначихсан, шилэн эдлэл хагарчихсан байсан. Ундармаагаас юу болсон талаар асуухад “Өглөө өрөөнд орж ирсэн оршин суугч Ө-д зодуулчихлаа” гэж хэлж байсан. Ундармаагийн хүзүү, цээж, нүүрний зарим хэсгээр улайчихсан харагдсан...” /хх-ийн 39-40/,

шүүгдэгч Н.Ө-ын “...Ундармаа тоглоомын талбай дээр явж байхаар нь очоод “манай халуун, хүйтэн усыг тавьж өгөөч” гэж хэлэхэд “миний ажлын цаг болоогүй байна” гээд явах гэхээр нь гарнаас нь татсан чинь “миний биед гар хүрлээ” гээд намайг алгадсан. Гэртээ ороод толинд харсан чинь миний өрөөсөн монетон ээмэг байхгүй байхаар нь ... өрөө рүү нь орсон ... намайг эхлээд үсдэж, маажиж, өшиглөхөөр нь зөрүүлээд үсдсэн, маажсан, өшиглөсөн. Бид хоёр үсдэлцээд зогсож байхад намайг түлхэхэд шкаф унаж, ширээн дээр байсан чихрийн таваг хагарсан. Ундармаа миний дээрээс мордоод суусан...” /хх-ийн 123/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч М.Ундармаагийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын тогтоосон Шүүх эмнэлгийн шинжээчийн 7010 дугаартай дүгнэлт /хх-ийн 44/, түүний биед учирсан гэмтлийн гадна байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-20/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцсэн байна.

Шүүгдэгч Н.Ө-ын өмгөөлөгч Б.Болортуяа давж заалдсан гомдолдоо “...Ө-, Ундармаа нар харилцан бие биедээ хүч хэрэглэсэн байхад Ө-ын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоолгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэт нэг талыг барьж явуулсан...” хэмээн маргажээ.

Шүүх, прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэн хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэх шийдвэр гаргахаас гадна, хувь хүн өөрийн хүсэлтээр тухайн байгууллагад нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээг хийлгүүлэх бүрэн боломжтой.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Н.Ө-аас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 34/-ээс үзэхэд, мөрдөгчөөс “Та шүүх эмнэлэгт үзүүлэх эсэх талаараа ярина уу?” гэсэн асуултад тэрээр “Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, миний биед учирсан гэмтлүүд бүгд эдгэрсэн” гэж хариулсан байх ба өөрийн биед учирсан гэмтлийн байдлыг тодорхойлсон баримт нотолгоог гаргаж өгөөгүй байна.

Хэрэв М.Ундармаагийн үйлдлийн улмаас Н.Ө-ын эрүүл мэндэд хохирол учирсан нь гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл эрх бүхий байгууллагад гомдлоо гарган тусад нь шийдвэрлүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл уг асуудлыг энэ хэрэгт заавал хамт шийдвэрлэх шаардлагагүй ба шүүгдэгч Н.Ө-ын гэм бурууг хянан хэлэлцэхэд саад болох шалтгаан үндэслэл болохгүй юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Н.Ө-ын ам бүл, хөрөнгө орлогын байдлыг тодорхойлсон оршин суугаа газрын Засаг дарга, “Жинст-Өргөө” ХХК-ийн захирлын тодорхойлолтууд болон хохирогчийн зүгээс харилцан маргалдаж, түүнд хүч хэрэглэсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Н.Ө-ын өмгөөлөгч Б.Болортуяагийн гаргасан давж заалдах гомдлоос “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг...” хүссэн хэсгийг хүлээн авч, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, давж заалдах гомдлоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Шүүгдэгч Н.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ө-ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Н.Ө-ын өмгөөлөгч Б.Болортуяагийн давж заалдах гомдлоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                М.ПҮРЭВСҮРЭН

             ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ

            ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН