Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2015/0459

 

Н ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 437 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийнитгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Н ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б*******ын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компанийн 2009-2011 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Эрүүгийн цагдаагийн газар болон Татварын ерөнхий газрын албан тоотыг үндэслэн Б*******ын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б*******, С.Маамхүү нар хяналт шалгалт хийж 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 0240029 дүгнэлт гаргасан.

Татварын хэлтсийн дүгнэлтийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс хянаж үзээд "Нью Жуулчин Турс" ХХК нь татвар нуун дарагдуулсан болон төлөөгүй татвар байхгүй болохыг тогтоож эрүүгийн хэрэг үүсгээгүй бөгөөд харин уг орлого нь тус компанитай хамтран ажиллах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байсан иргэн Г.Ш*******, Л.Д******* нарт хамаарахаар байна гэж үзэн тэдэнд хэрэг үүсгэн шалгасан.

Уг хэргийг Нийслэлийн Прокурорын газар хянаж үзээд Нийслэлийн Прокурорын газрын 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07 тоот тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлтээр "Н ХХК нь татвар ногдох орлого нуун дарагдуулсан зүйл байхгүй харин иргэн Г.Ш******* 3.072,269 мянган төгрөг, Л.Д******* 2.400,557 мянган төгрөгийг төлж, хохирлыг барагдуулах дүгнэлт гаргасан. Ингээд иргэн Г.Ш*******, Л.Дащцэрэн нар нь тус тусын дүүрэгт холбогдох татвар, төлбөрөө барагдуулсан байдаг.

Гэтэл Б*******ын хэлтсийн татварын улсын байцаагч С.Т*******, Б.Н******* нар дээрх үндэслэлээр дахин 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 24/0002851 тоот актаар 50,107,233.9 төгрөгийн төлбөрийг манай компаниар төлүүлэхээр зөрчилд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Татварын улсын байцаагч С.Т*******. Б.Н******* нарын 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 24/0002851 тоот актын үндэслэл нь дараахь байдлаар татвар төлөгчийг илтэд хохироосон дарамт учруулсан, хууль бус акт болсон. Үүнд:

Тус компани нь улс хоорондын зорчигчийн тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг эрхэлж, гадаад орноос жуулчин хүлээн авах тур операторын ангиллын гэрчилгээний дагуу аялал жуулчлал, жуулчны бааз, улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг. Үйл ажиллагааны нэг болох Улаанбаатар-Улаан-Үүд хот хооронд зорчигч тээвэрлэх үйлчилгээг манай компанийн Автобаазын захирал Л.Д******* хариуцаж, иргэн Г.Ш******* нар хамтран ажиллах гэрээ байгуулан тээвэр хийдэг.

Уг үйлчилгээний билет бичих, орлого хүлээн авах, гаргах ажил нь Тээврийн хэрэгслийн оношлогоо хяналт зохицуулалтын албаар дамжин хэрэгждэг тул манай компани орлогыг хүлээн авах, бүртгэх, тооцоолол хийх боломжгүй байдаг.

Өөрөөр хэлбэл манай компанийн орлогыг хүлээн авах, бүртгэх ажилтан Тээврийн хэрэгслийн оношлогоо хяналт зохицуулалтын албанд давхар ажиллах боломжгүй тул орлогыг тухайн тээвэрлэгч жолоочид шууд олгодог. Харин "Хамтран ажиллах гэрээ"-ний дагуу жолоочдоос рейс /1 эргэлт/ тутмаас шимтгэл байдлаар хувь авч тооцоо хийдэг.

Ингэж олсон бүхий л орлогын холбогдох татварыг тайланд тусгаж татвараа бүрэн төлсөн болох нь 2009-2011 оны тайлангаас тодорхой харагдана.

Харин жолоочоор ажиллахаар тохиролцсон иргэд нь өөрт холбогдох татварыг харьяа дүүргийнхээ татварын албанд төлсөн байдаг. Тухайлбал Л.Д******* /нас барсан/ нь татвараа төлсөн болох нь орлогын албан татварын дэвтрээр нотлогдоно. Энэ хугацаанд эрүүгийн журмаар хэргийг шалгах явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээчид томилогдон Тээврийн хэрэгслийн оношлогоо хяналт зохицуулалтын албаны билетийн орлого болон жолооч Г.Ш******* нарын орлого, зарлага /шатахуун, сэлбэг хэрэгсэл/-ыг нарийвчлан тооцсон байдаг.

Гэтэл татварын алба нэгэнт төлөгдсөн татвар, тайлагнасан орлогод дахин татвар

ногдуулсан төдийгүй манай компанид огт хамааралгүй 284,875.4 сая төгрөгийн орлогод

ногдох 50,107.2 сая төгрөгийн нөхөн татвар, алданги, торгууль төлүүлэхээр акт тогтоосон нь хууль бус байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Энэ хуулийн 5.3-д заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй ... олсон орлогод албан татвар ногдоно", Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-т зааснаар аж ахуйн нэгж олсон орлогоосоо татвар төлөхөөр зохицуулсан байхад огт хамааралгүй, олоогүй орлогыг нуун дарагдуулсан гэж гүтгэсэн нь өөрөө дээрх хуульд нийцээгүй.

Түүнчлэн Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар гомдлыг хянахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасныг үндэслэл болгосон нь ойлгомжгүй буюу манай компанийн зөрчилд тооцсон үндэслэлд огт хамааралгүй байна.

Тус компани аливаа тусгай зөвшөөрлийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болно. Иймээс татварын улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 3-ны өдрийн 24/0002851 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б*******ын хэлтсийн татварын улсын байцаагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б*******ын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б*******, С.М******* нар "Н" ХХК-ийн 2010- 2011 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд Эрүүгийн цагдаагийн газрын 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 9ж/3061 тоот, Татварын ерөнхий газрын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 7/1601 тоотыг үндэслэн Татварын хэлтсийн хяналт шалгалт хийх тухай тасгийн даргын олгосон 24/12/0226 тоот томилолтын дагуу хяналт шалгалт хийж, 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 0240029 тоот дүгнэлт бичсэн. Хяналт шалгалтаар нийт 284,875.4 мянган төгрөгийн зөрчил илэрсэн Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх" гэж заасан заалт болон бусад хуулийн холбогдох заалтыг дараахь байдлаар зөрчсөн байна.

"Н" ХХК нь Улаанбаатараас Улаан-Үүд, Улаан-Үүдээс Улаанбаатарын чиглэлд 2009 - 2011 оны байдлаар зорчигч тээврийн үйлчилгээнд 79-67 УБГ, 81-24 УБЗ, 86-47 УБЧ, 88-25 УБИ, 91-25 УБТ, 14-21 УНН дугаартай Дэвүү 45 суудалтай маркын автобус үйлчилгээнд явуулж байсан судалгааг "Тээврийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба"-наас 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр албан бичгээр авсан хариунаас харахад улс хоорондын зорчигч тээврийн орлого 316,196.8 мянган төгрөгийн мэдээллээс 2009-2011 онд 284,875.4 мянган төгрөгийн улс хоорондын зорчигч тээврийн орлогыг тайланд тусгаагүй зөрчилд дүгнэлт бичигдсэн.

"Н" ХХК нь улс хоорондын тусгай зөвшөөрлөө тус компанийн ажилтан болох Л.Д*******, иргэн Г.Ш******* нарт шугамаа түрээслэсэн байна. Татварын хяналт шалгалтаар Н ХХК нь тусгай зөвшөөрлөө бусдад ашиглуулсан, иргэн Л.Д*******, Г.Ш******* нар улс хоорондын тээврийн үйл ажиллагаанаас олсон орлогоо тухай бүр тайлагнаж Татварын байгууллагатай тооцоо хийж байгаагүй нь шалгалтаар нотлогдсон.

Дүгнэлтийг акт болгон 2014 оны 03 дугаар сарын 03 -ны өдөр 24/0002851 тоот Татварын улсын байцаагчийн Хяналт шалгалтын акт бичигдсэний дагуу татвар төлөгч Нийслэлийн Татварын газрын маргаан таслах зөвлөлд хандсаны дагуу 2014 оны 10 сарын 21-ний өдрийн хуралдааны шийдвэрээр актыг хэвээр баталсан. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.3 дахь Тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно гэсэн заалтыг зөрчсөн гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 437 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Татварын улсын байцаагч С.Т*******, Б.Н******* нарын 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 24/0002851 тоот актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С******* давж заалдах гомдолдооАнхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт "Маргаан бүхий актаар Н ХХК-ийг 284,875,400.00 төгрөгийн орлого олсон гэж үзэж зөрчилд тооцон нийт 50,107,233.95 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон "Ньюжуулчин турс" ХХК-д авто тээврийн газраас 043/1001 дугаартай Улс хоорондын зорчигчийн тогтмол үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон" гэж Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-д заасан тодорхойлолтуудыг иш татаж тусгай зөвшөөрлийг Л.Д*******, Г.Ш******* нарт олгогдоогүй, "Н" ХХК-нд олгосон гэж дүгнэсэн.

Уг нь шүүх "Н" ХХК нь Улс хоорондын зорчигч тээвэрлэлтийн орлогыг бодит байдал дээр Г.Ш*******, Л.Д******* нартай 3 хувааж авдаг байсан тухайд хууль зүйн талаас нь үнэлэлт дүгнэлт өгөх ёстой байсан юм.

Өөрөөр хэлбэл билетийн орлого нь зорчигч тээврийн билет бичдэг төрийн байгууллагын дансанд ордог бөгөөд тэндээс Г.Ш*******, Л.Д******* нар өөрсдөө шууд бэлнээр аваад "Н" ХХК-нд ногдох орлогыг тушаадаг байсан. Тус орлого нь "Н" ХХК-ийн хувьд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-д зааснаар эрх борлуулсны орлого ба энэ талаар мөн хуулийн 8.2-д "Эрх борлуулсны орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, ... хуульд заасан хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлснээс олсон орлогыг хамааруулна" гэж тодорхой заасан байна.

Тодруулбал "Ньюжуулчин турс" ХХК нь Авто тээврийн газраас олгосон 043/1001 дугаартай "Улс хоорондын зорчигчийн тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх" тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж орлого олох эрхийг Г.Ш*******, Л.Д******* нарт шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, хамтран ажиллах гэрээгээр нотлогддог бөгөөд энэ нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид харшлаагүй иргэн, аж ахуй нэгжийн хооронд Гэрээний чөлөөт байдлын зарчим"-ын дагуу хийгдсэн хэлцэл юм. Тус хэлцлийн дагуу олсон орлогодоо аж ахуйн нэгж болон иргэд аль аль нь холбогдох татварыг төлсөн байдаг.

Түүнчлэн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Энэ хуулийн 5.3-д заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй... олсон орлогод албан татвар ногдоно", Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-т зааснаар аж ахуйн нэгж олсон орлогоосоо татвар төлөхөөр зохицуулсан байхад шүүхээс тусгай зөвшөөрлийг иргэнд биш аж ахуй нэгж байгууллагад олгосон гэж тайлбарлан "аж ахуй нэгж байгууллагад хамааралгүй, олоогүй орлогыг аж ахуй нэгжийн орлогод хамааруулсан нь дээрх хуулийн заалтыг зөрчиж, буруу тайлбарласан явдал юм.

Татварын хяналт шалгалт нь тодорхой үндэслэл бүхий баримтуудад тулгуурлан хүчин төгөлдөр мөрдөгдөж буй татварын хууль тогтоомжийг зөрчөөгүй байх шаардлагыг бүрэн хангасан байх ёстой байтал шаардлагатай баримтыг гаргаж өгөөгүй, хэн нэгний утас холбогдоогүй, хугацаа бага байсан гэдгээр бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр, өнгөц дүгнэлт хийж дутуу баримт мэдээлэлд үндэслэн 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 24/00002851 дугаартай гаргасан "Татварын улсын байцаагчийн акт"-ыг зөв болжээ гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

Түүнчлэн энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 6 дугаар талд авагдсан хариуцагчийн тайлбарт "хяналт шалгалт явагдаж байхад тухайн үед шаардсан баримтыг гаргаж өгсөн бол хасч тооцох боломжтой байсан.Та хэд гаргаж өгөөгүй байхгүй юу? Бидэнд олгосон хугацаа хяналт шалгалтын удирдамж чинь тодорхой хугацаатай байдаг. Тэр хугацаандаа бид хяналт шалгалтаа дуусгах ёстой. Шаардсан хугацаандаа холбогдох баримтаа гаргаж өгөөгүй тохиолдолд бид ийм ийм хасагдах зардалтай гэдгийг мэдэх боломжгүй мөн "тухайн үед дуудахад утас нь холбогдохгүй байсан. Танайхаас энэ хүмүүсийг олж ирж уулзуулаач ээ гэж хэлсэн боловч олж ирж уулзуулаагүй..." гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч өөрөө маргаан бүхий акт хууль ёсны гэдэгт эргэлздэг бөгөөд татварын хяналт шалгалтаар хэд хэдэн тодруулах зүйл байсан, түүнчлэн хувь хүний орлогод бүртгэгдсэн татварыг хасагдах зардалд тооцох боломжтой байсан тухай хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрсөн байдгийг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзнэ үү.

Дээрх зүйлээс үндэслэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 437 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Б*******ын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 21/0002851 дүгээр актаар Н ХХК нь улс хоорондын зорчигч тээврийн орлого 316,196,800.00 төгрөгөөс 2009 онд 89,466,800.00 төгрөгийн орлогоос 14,688,900.00 төгрөгийг орлогын тайланд тусгасан, зөрүү 74,778,000.00 төгрөг, 2010 онд 121,770,000.00 төгрөг, 2011 онд 104,960,000.00 төгрөгийн орлогоос 16,632,600.00 төгрөгийн орлогыг тайланд тусгаагүй, зөрүү 88,327,400.00 төгрөг, нийт284,875,400.00 төгрөгийн улс хоорондын зорчигч тээврийн орлогыг тайланд тусгаагүйгээр татвар ногдуулах орлогыг бууруулан тооцсон зөрчил гаргасан гэж 28,487,540.00 төгрөгийн нөхөн татвар, 8,545,262.00 төгрөгийн торгууль, 13,073,431.95 төгрөгийн алдагдал нийт 50,107,233.00 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Нэхэмжлэгч нь 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 3 жилийн хугацаатай хот хоорондын зорчигчийн тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэхээр тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Улаанбаатар Улаан-Үүдийн чиглэлд тээврийн үйлчилгээ эрхэлж 2009-2011 оны хооронд уг үйлчилгээгээр нийт 316,196,000 төгрөгийн орлого олсон болох нь Оношлогоо, хяналт зохицуулалтын албаны 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/612 дугаар албан бичгээр тогтоогджээ.

Харин нэхэмжлэгч нь дээрх орлогыг 2009-2011 оны санхүүгийн тайланд тусгаагүй байх бөгөөд тусгаагүй үндэслэлээ тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нь нэхэмжлэгч компанийн нэр дээр боловч уг орлого нь Г.Ш*******, Л.Д******* нарын орлого бөгөөд тэд татвараа төлсөн гэж маргажээ.

Хэдийгээр хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч дээрх хот хоорондын тусгай зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр иргэн Г.Ш*******, Л.Д******* нарт ашиглуулсан боловч уг тусгай зөвшөөрлөөр олсон орлого нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого-д гэж заасан орлогод хамаарч байх тул нэхэмжлэгч нь татвар төлөхөөр байна.

Нэхэмжлэгчийн тухайд уг орлогыг өөрийн санхүүгийн тайландаа бүртгэхдээ зохих журмын дагуу бүртгэж,анхан шатны баримтыг бүрдүүлэн Г.Ш*******, Л.Д******* нарт ногдох орлогыг санхүүгийн тайландаа бичилт хийн татварыг суутган авах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч нь санхүүгийн тайландаа тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулсан дээрх орлогоо бүртгээгүй, Г.Ш*******, Л.Д******* нар хариуцагч нарыг шалгалт хийх үед зохих татвараа төлөөгүй, холбогдох анхан шатны баримтыг бүрдүүлж өгөөгүй болох нь хэрэгт авагдсан 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн татварын улсын байцаагчийн нэхэмжлэгч компанийн захирал болон Л.Д*******тэй хийсэн ярилцлагын тэмдэглэл, хэргийн оролцогчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 437 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Б. ТУНГАЛАГСАЙХАН