Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх,

Улсын яллагч С.Болорчулуун,

Шүүгдэгч Э.Тайванжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татсан тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэхүүгийн Тайванжаргалд холбогдох эрүүгийн 201610010188 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  Сүлд баг Хөгжлийн 210-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 1995 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйлд зааснаар 4 жилийн хорих ялаар, 2007 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 3 жилийн хорих ялаар, 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдсэн, ухаан мэдрэл бүрэн, Боржигон овогт Эрдэнэхүүгийн Тайванжаргал /ЕП79032313/

Холбогдсон хэргийн талаар:  

Яллагдагч Э.Тайванжаргал нь 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Замын-үүд сумын Сүлд баг Хөгжлийн 210-2 тоотод оршин суух өөрийн хамтран амьдрагч Т.Оюунгэрэлийн гэрт бусадтай архидан согтуурч, иргэн Ч.Үүрцайхтай хувийн тааламжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татсан тогтоолд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Э.Тайванжаргал хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би босоод Ч.Үүрцайхыг гаргачихаад орж амрах гэтэл Ч.Үүрцайх намайг цамцны захаар боосон. Тэгэхээр нь би зөрүүлж цамцаар нь боож ташиж унагаад нүүрэн тус газарт нь цохисон. Ч.Үүрцайх дахиад босож ирэх гээд байхаар нь би дараад хэвтэж байтал Т.Оюунгэрэл бид хоёрыг салгах гэж ирэхдээ миний барьж байсан жижиг хутганд өөрийнхөө хөлийг хатгасан. Тухайн үед би Үүрцайхыг айлгах зорилгоор ширээн дээр байсан халбага, сэрээний цуглуулгатай жижиг тонгорог хутгыг авч гарсан байсан юм. Би Ч.Үүрцайхын биед хөнгөн зэргийн гэмтэл санаатй учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/,

- Хохирогч Ч.Үүрцайх хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:  “... Тэгээд уг байрны урт коридороор алхаад гадаа гартал Э.Тайванжаргал араас ирээд миний баруун талын чамархай руу хүчтэй цохиж, газарт унагасан. Тэгээд миний дээр гарч суугаад нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон. Дараа нь нэг гараараа миний хоолойг боогоод, нөгөө гартаа хутга барьчихсан “би чиний нүдийг чинь ухна, хоолойг чинь хэрчинэ” гэсэн. Энэ үед Т.Оюунгэрэл ирж салгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/,

- Гэрч Т.Оюунгэрэлийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Тэгтэл Э.Тайванжаргал босож ирээд Ч.Үүрцайхтай маргалдаж байгаад хоёулаа гаръя гээд гадаа гарсан. Хэсэг хугацааны дараа намайг гарч ирэхэд Э.Тайванжаргал, Ч.Үүрцайх нар ноцолдоод байсан. Тэгээд Э.Тайванжаргал, Ч.Үүрцайхын дээр гараад суучихсан, гартаа нэг хутга барьчихсан байхаар нь очиж салгах гэж байгаад уг хутганд өөрийнхөө хөлийг зүссэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын           09-ний өдрийн 361 дугаар шинжээчийн 

1. Ч.Үүрцайхын биед дээд уруулын баруун дотор талд шарх, уруулын гадна талд зулгаралт, хүзүүний баруун талд зулгаралт, хүзүүний урд талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Учирсан гэмтлийн дээд уруулын баруун дотор талд шарх нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, уруулын гадна талд зулгаралт, хүзүүний баруун талд зулгаралт, хүзүүний урд талд цус хуралт гэмтлүүд нь дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн  хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 23/,

- Э.Тайванжаргалын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38/,

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-41/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокуророос Э.Тайванжаргалын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг гэж яллагдагчаар татсан тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй ба түүний үйлдэл нь дээрхи гэмт хэргийн Эрүүгийн хуульд заасан бүрэлдэхүүний бүх шинжийг хангасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой баримтууд байх тул шүүх үнэн зөв гэж үзэж тогтоолдоо үндэслэв. Эдгээр нотлох баримтуудыг шүүх, шүүгдэгч Э.Тайванжаргалын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Иргэн Ч.Үүрцайхын биедээ авсан гэмтэл нь тэдний таарамжгүй харьцаанаас үүссэн ба шүүгдэгч Э.Тайванжаргалын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь дээр дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн нөхцөл байдлаар хангалттай бүрэн тогтоогдож байх тул Э.Тайванжаргалыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Э.Тайванжаргалыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. Учир нь:  Дорноговь аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялтай байдлын хугацаа дуусаагүй боловч  ялтай байдал нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосон.

 Шүүгдэгч Э.Тайванжаргалд ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар үйлдснийг хүндрүүлэх нөхцөлд, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэхээс гадна шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг мөн харгалзан үзэв.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар “...шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан ба шүүгдэгч Э.Тайванжаргал нь хохирогчтой эвлэрсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг гэм буруутайд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүд, 418 дугаар зүйлийн 418.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэхүүгийн Тайванжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэхүүгийн Тайванжаргалыг 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч Э.Тайванжаргалд оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй. 

4. Шүүгдэгч Э.Тайванжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Тайванжаргалд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.НАРМАНДАХ