Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/192

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, Улсын яллагч В.Дэлгэрмаа, Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, *******овогт******* ******* /******* регистрийн дугаартай/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 09 сарын 10-ны өдөр иргэн *******ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 09 сарын 09-ны өдрөөс 10-нд шилжих шөнө манай гэрт манай эхнэр болон түүний хамаатан хоёр хүнтэй бид нар архи уусан. Тэгээд шөнө нөгөө хоёр хүн яваад өгсөн ба өглөө үүрээр эхнэр бид хоёр үл ойлголцох асуудлаас болоод маргалдсан. Би уурандаа эхнэрийнхээ толгой, нүд, гар хэсэг рүү гараараа хэд хэд цохьсон. Гэтэл эхнэр уурлаад аавынхаа гэр рүү яваад өгсөн. Би тухайн үед согтуу, шөнө уусан архи гараагүй байсан юм ... Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Эхнэр хоёр хүүхэдтэй ба одоо учир зүйгээ олсон, хоорондоо эвлэрсэн. Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Надад гаргах санал хүсэлт байхгүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 43-44 /,

2. Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй. 3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн үед ажил дээрээ байж байхад манай нөхөр ******* архи уусан байдалтай ирээд хувцсаа солиод сууж байгаад надаас хэрүүл гуйгаад хэл амаар доромжлоод “чи надаас уучлалт гуйхгүй байна” гээд хэрүүл хийгээд байсан. Учир нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний орой би хамаатныхаа хүний найранд явж байгаад ах дүү нартайгаа хамт 01 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд бид нар хамт 2 шил архи уугаад урд нь найран дээр архи уусан байсан болохоор би нэлээд согтоод тасраад унтаад өгсөн байсан. Тэгээд сэрэхэд хөнжил дотроо ямар ч хувцасгүй нүцгэн хэвтэж байсан, тэгсэн чинь над руу чи дотуур хувцасгүй байна хаана хаяад ирсэн бэ гээд зодоод унасан. ... Манай нөхөр үүнээс болоод намайг зодож хэл амаар доромжлон чи энэ хийсэн хэргийнхээ төлөө надаас уучлалт гуйхгүй байна гээд намайг зодоод алчих гээд байсан. Манай ах Ганхуягийг дуудаж танай дүү гэртээ дотуур хувцасгүй ирсэн гэж хэлсэн байсан ... Бид хоёр гэр бүл болоод 10 жил болсон дундаасаа 2 хүүхэдтэй ... Манай нөхөр намайг байнга хардаж сэрдэж байдаг найз нөхөдтэй уулзаж учрах гэхээр байнга хардаж сэрдэж байдаг үүнээс болоод зодож цохиж байдаг … гэх мэдүүлэг. /хх-ийн 13-14/, 4.

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Б.******* бид хоёр садан төрлийн холбоотой .... ******* нь зан аашийн хувьд гайгүй, архи дарс нэг их уугаад байдаггүй, хааяа уух үедээ л уудаг, төлөв томоотой хүн байгаа юм. Эхнэртэйгээ хоорондоо их эвтэй харилцаатай байдаг …гэх мэдүүлэг / хх-ийн 30-31 /

5. Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 сарын 15-ний өдрийн 442 дугаартай: “1. *******ийн биед тархи доргилт, баруун доод зовхи, зүүн бугалга, зүүн гарын алганы ар хэсэгт цус хуралт, баруун даланд зулгаралт, зүүн гарын алганы ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 /,

2017 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн эвлэрэлийн гэрээ / хх-ийн 61 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.*******т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж өөрийгөө өмгөөлсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “өөрийгөө өмгөөлж байна, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйл байхгүй улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа” илэрхийлсэн зэргийг дурдав. Шүүгдэгч Б.*******ийн эзэмшлийн “songpu” маркийн 40 инчийн ЛСД өнгөт зурагтийг битүүмжилсэн 2017 оны 10 сарын 17-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, өнгөт зурагтыг эзэмшигч Б.*******т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч Б.*******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч Б.******* нь урьд Баянхонгор аймгийн Сум дундын 3 дугаар шүүхийн 2015 оны 01 дугаар сарын 16-ний өдрийн 11 дугаар шийтгэх тогтоолоор 02 жил хорих ялыг 02 жилийн хугацаагаар тэнссэн байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул ялгүйд тооцно гэж заасан тул шүүгдэгч Б.*******ийг ялгүй гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч *******овогт******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******овогт******* *******ийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгийг шүүгдэгч Б.*******ийг 2017 оны 10 дугаар сарын 26-ний өдөр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1. 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.*******ийн эзэмшлийн “songpu” маркийн 40 инчийн ЛСД өнгөт зурагтийг битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи өнгөт зурагтыг эзэмшигч Б.*******т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ