Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1071

 

 

 

    2021       10         19                                   2021/ШЦТ/1071                                     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

улсын яллагч А.Ариунаа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

хохирогч Ч.О,

шүүгдэгч Р.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Р.Дг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103 00173 0227 дугаар хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Д нь 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Петровис шатахуун түгээх станцын баруун урд гарц замд Тоёота Приус маркийн 25-30 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Ог мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б Р.Д нь 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Петровис шатахуун түгээх станцын баруун урд гарц замд Тоёота Приус маркийн 25-30 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Ог мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Ч.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр гэрээсээ гараад зүүн дөрвөн замын тэнд байх Гялс төв ороод шинжилгээний хариугаа аваад буцаад харих гээд зүүн дөрвөн замаасаа ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явган хүний замаар  явж байх үед Петровис шатахуун түгээх станцын ордог гарц дээр тэр Приус маркийн автомашин ертөнцийн зүгээр урдаас зүүн эргэх гэж байгаад намайг явган хүний гарц дээр автомашины баруун урд хэсгээр миний баруун хөл рүү мөргөж зам дээр тогтсон тогтоол усанд намайг унагаасан. Жолооч эмэгтэй хүн бууж ирээд “таныг харсангүй мөргөчихлөө” гэж хэлээд жолооч өөрөө утасдаж түргэн дуудсан. Удалгүй түргэний машин ирээд эмч үзээд намайг Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн

“Уг осол хэргийн газарт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Петровис шатахуун түгээх станцын баруун урд замд явган зорчигч автомашинд мөргөгдөх хэлбэрээр зам тээврийн осол үйлдэгдсэн байх ба уг зам нь асфальтан, шулуун, тэгш, хуурай, зохицуулагддаггүй уулзвар дээр үзэгдэх ба зам чөлөөтэй эсрэг хөдөлгөөнтэй тусгаарлах зурвасгүй 4 эгнээтэй явган хүний замтай хашлагатай байв. Үзлэгийн баг дуудлагаар очиход Тоёота Приус маркийн 2530 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруунаас зүүн чигт харсан байдалтай зорчих хэсэг дээр зогссон байв. Явган зорчигчийг 103-аар түргэний эмч гэмтлийн эмнэлэг рүү авч явсан байхгүй байв.Үзлэгийг жолооч Р.Дгаар А цэгийг заалган хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан хийв. А үсгээр Тоёота Приус маркийн автомашин анх явган хүнийг мөргөсөн гэх цэгийг, Б үсгээр явган хүн автомашинд мөргүүлээд унасан гэх цэгийг В үсгээр үл хөдлөх цэг Петровис ШТС-н мэдээлэх самбараар тус тус тэмдэглэв. А цэгээс В цэг хүртэл тэгш өнцөг хэмжилтээр хэмжихэд 10,20метр х 1,0метр, Б цэгээс хойд зүгт замын хашлага хүртэл 6,90метр автомашины зүүн урд дугуйнаас хойд зүгт замын хашлага хүртэл 7.10метр, зорчих хэсгийн өргөн 8.10метр, урдаасаа хойшоо чигт явах зорчих хэсгийн өргөн 7,90метр байв. Явган зорчигч хойноосоо урагшаа чигт явган хүний зам гарцаар зам хөндлөн гарсан байв. Тоёота Приус автомашин ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чигт явж байгаад клонкийн гарцаар зүүн эргэсэн байв. Тээврийн хэрэгслийг үзэн шалгахад ослын улмаас эвдрэл гэмтэлгүй байв. Кримналистикийн шинжээч цагдаагийн ахмад О.Гүнбилэгт осол хэргийн газарт 9 кадр зураг авч бэхжүүлсэн болно. (Ерөнхий болон хэсэгчилсэн байдлаар) Осол,хэргийн газраас эд мөрийн баримт хураан авсан зүйлгүй” гэх тэмдэглэл /хх-ийн 05-06/,

 

Иргэний хариуцагч Г.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“25-30 УНС улсын дугаартай Приус маркийн автомашин миний эзэмшлийнх юм. Манай эхнэр надад гадуур ажил хөөцөлдөнө гэж хэлээд автомашин аваад явсан. Манай эхнэр Д жолоодох эрхтэй. Миний машинд эвдрэл хохирол учраагүй тул үнэлгээ хийлгүүлэхгүй. Би иргэний хариуцагч болж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй. Би бусдад учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулахгүй манай эхнэр өөрөө хариуцна” гэх мэдүүлэг /хх-ийн 77/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 6304 дугаартай:

“Ч.Огийн биед сээрний 12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун шаант ясны гадна булуу үений гадаргуу дайрсан бяцарсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 38-39/,

 

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ техникийн хяналтын үзлэгийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн

“Toyota  маркийн Prius 20 загварын 2530УНС улсын дугаартай автомашины техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байгаа эсэх? Toyota  маркийн Prius 20 загварын 2530УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд  болон хөдөлгөөний аюулгүй байдлын үзүүлэлтүүд нь стандартын шаардлага хангахгүй байна. Хэрэв бүрэн бус ямар ямар эд ангиуд нь эвдрэлтэй байгаа эсэх? Уг тээврийн хэрэгсэл нь урд салхины шил хагарсан, урд буфер  баруун булан будаг нь халцарсан зэрэг гэмтэл зөрчилтэй стандартын шаардлага хангахгүй байна. Тоормосны ямар системтэй вэ? Тоормос бүрэн ажиллаж байсан эсэх? Энэхүү тээврийн хэрэгсэл нь цахилгаан буюу шингэн дамжуулгатай, ABS тоормосны системтэй, тоормос бүрэн ажиллаж байна. Тоормосны систем нь хийн, хий шингэн дамжуулгатай, ABS бол дээрх системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд тоормосны мөр зам дээр үүсэх эсэх? Уг тээврийн хэрэгслийн тоормосны систем нь цахилгаан, шингэн дамжуулгатай, ABS системтэй ба тоормос гишгэх үед тоормосны мөр замын нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн хурд, тоормосны дөрөөн дээр гишгэх байдлаас хамаарч тасалдсан мөр зам дээр үүснэ” гэх шинжээчийн дүгнэлт, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 44-48/,

 

- хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, гэмт хэргийн талаарх гомдлыг шалгах хугацааг сунгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01-02/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, ТЦА, ТЦА, мөрдөн шалгах газар, ТЦА, МШГ, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 03-04/,

- тээврийн цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-10/,

- жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11/,

- эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, техникийн тодорхойлолтын хуулбар /хх-ийн 12-13/,

- түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 57/,

- өвчний түүх, Гэмтэл согог судлалын үндэсний төв /хх-ийн 59-62, 63-65/,

- эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, хохирлын тооцоо, хохирлын баримт /хх-ийн 80-90/,

- тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 91/,

  

Шүүгдэгч Р.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 50 минутын орчим өөрийн нөхрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 25-30 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод Зүүн 4 замын доор байдал Петровис шатахуун түгээх станц руу ордог гарцын замаар ертөнцийн зүгээр урдаасаа зүүн эргэх үйлдэл хийгээд явж байх үед замаар гарч байсан эмэгтэй хүнийг автомашиныхаа баруун урд хэсгээр мөргөсөн. Ийм л зүйл болсон. Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 71/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Р.Дгийн гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 29/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 30/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 31/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 33/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 34/, тээврийн хэрэгслийн мэдээлэл /хх-ийн 35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 74/ зэргийг шинжлэн судлав.

 

 Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Р.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Р.Д нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Дг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гарахад жолооч нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж үүнээс үүдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөлд гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг. Өөрөөр хэлбэл жолоочийн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн буруу үйлдэл болон хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

 

Харин жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатайгаар хандсан байдаг бөгөөд уг үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан байдаг онцлогтой.

Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа осол гаргахгүй гэж өөрийн үйлдэлдээ хөнгөмсгөөр найдаж, бусдад хохирол учруулахгүй байна гэж итгэн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ.

 

Хохирогч С.Од гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 1.006.378 төгрөг нотлох баримтаар тогтоогдсон гэж шүүх үзлээ.

Хохирогч С.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 908.844 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт тусгуулан хохирол нэхэмжилжээ. Шүүгдэгч Р.Д нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө хохирогчид 908.844 төгрөгийг шилжүүлсэн болох нь тэдний шүүх хурал дээр гаргасан тайлбараар тогтоогдлоо.

Мөн хохирогч нь шүүх хуралдаанд хохирлын талаарх 2 багц баримт гаргаж өгснийг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад хэрэгт ач холбогдол бүхий 13 ширхэг 152.533 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргаж бусад хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авсан баримтуудыг буцааж олгосон.

Хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гарган өгч хавтаст хэрэгт тусгуулсан баримтуудаас хавтаст хэргийн 83 дугаар тал дахь 4 дугаартай 14.500 төгрөгийн баримт нь зардал тодорхойгүй, 84 дүгээр тал дахь 9 дугаартай 37.499 төгрөгийн баримтын огноо нь хэрэг учрал болохоос өмнө буюу 2021 оны 06 дугаар сарын огноотой, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул 51.999 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй.

 

Ух хохирлын нэхэмжлэлээс хасаж тооцсон 51.999 төгрөгийг хохирогчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 152.533 төгрөгийн хохирлоос хасаж тооцон шүүгдэгч Р.Дгаас 100.534 төгрөг гаргуулахаар шүүх хуралдаанаас шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Р.Д нь дээрх гаргуулж шийдвэрлэсэн 100.534 төгрөгөөс 90.000 төгрөгийг шүүх хуралдааны явцад хохирогчид шилжүүлсэн бөгөөд үлдэх 10.534 төгрөгийг шүүх хуралдааны дараа төлөхөө илэрхийлсэн болно. Иймд шүүгдэгчээс 10.534 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.  

 

Хохирогч С.Огийн уг гэмт хэргийн улмаас учирсан болон учирч гарах бусад хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч, иргэний хариуцагч нараас хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид туслалцаа үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоогдож байгааг харгалзан үзлээ. 

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, шүүх хуралдааны оролцогчдын дүгнэлт, шүүгдэгчийн гэмт хэргийн талаарх дүгнэлт, гэм буруугаа ойлгож гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, тодорхой хугацаа тогтоож эдлүүлэхээр шийдвэрлэх нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас хураагдаж ирсэн бичиг баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Рийн Дг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Дг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Дд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаа тогтоож эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Р.Д нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Дгаас 10.534 /арван мянга таван зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогч С.О /ШЮ64063009/-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх бусад хууль ёсны нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч болон иргэний хариуцагчаас хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд улсын шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ