Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/419

 

Sh-419                                  27.10-1                  2020.12.08

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:166/2020/0409/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-,

Шүүгдэгч Б.Б- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2018000000465 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Б- 1988 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Б.Б.Б- нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны  өдөр Дархан-Уул аймгийн  Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр хорооллын  4 дүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн талын хатуу хучилттай зам дээр,,,,,,,,,,улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 дэх хэсэгт “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь хэсэгт “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтуудыг зөрчсөний улмаас 10 настай явган зорчигч О.О.М-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Б.Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б.Бу-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн орчимд хүү маань боксын дугуйландаа явна гээд гэртээ цайгаа уучхаад найзындаа очоод тэндээсээ явна гээд гарсан. Гарч яваад 30 минутын дараа миний утас дуугараад ийм явдал болчихлоо гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1/,

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг /хавтаст хэргийн 3-10/,

-Жолооч Б.Б.Б-ын согтуурлын зэргийг шалгахад 0.0% гарсан тухай согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 11/,

-,,,,, улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 12-13/, -Насанд хүрээгүй хохирогч О.О.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хичээлээ тараад гэртээ орж хувцсаа солиод цайгаа уугаад 13 цагийн орчим гэрээсээ боксын дугуйландаа явах гэж гараад гэрийнхээ хажуугийн ногоон дэлгүүрийн хажуугаас таксинд суусан. Би уг таксины зүүн хойд талын суудалд суугаад явсан юм. Хээтэй хорооллын 4дүгээр байранд найз Билгүүний гэрт орох гээд 4дүгээр байрны харалдаа зам дээр таксины зүүн хойд талаар буугаад зам хөндлөн гарах гээд өөрийнхөө буусан машиныг түшээд зогсож байхад миний сууж ирсэн машин хөдлөөд явахад нь би цочоод зам хөндлөн урагшаа гүйсэн. Тэгэхэд нэг машин хүрч ирээд намайг мөргөсөн бөгөөд би тухайн үед яг юу болсныг мэдэхгүй байгаа юм. Нэг мэдсэн чинь танихгүй ах намайг тэврээд машинд суусан. Тухайн үед миний зүүн гар их хүчтэй өвдөж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19/, -“...Б.Б.Б-ын жолоодож явсан ,,,,,, улсын дугаартай  тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн хаалт баруун гар талдаа бага зэргийн хонхойсон байгаа нь ослын дараах гэмтэл байна. Осол үйлдэгдэх үед тухайн тээврийн хэрэгслийн тормосны эд анги бүрэн бүтэн ажиллагаатай байсан байна. Осол үйлдэгдэх үед дээрх автомашины эд анги эвдрэлгүй бүрэн бүтэн ажиллагаатай байсан тул осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна.” гэх тээврийн хэрэгслийн техникийн байдалд үзлэг хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 24-26/,-“...О.О.М-ын биед зүүн гарын атгаал ясны хоёрлосон битүү хугарал, тархи доргилт, дух, хуйхны шархнууд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. О.О.М-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Уг гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд буюу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. О.О.М-д учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ,,,,,, дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34/,

-“...Б.Б.Б- нь замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 дэх хэсэгт “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь хэсэгт “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтуудыг зөрчсөн байна гэж дүгнэж байна. Явган зорчигч насанд хүрээгүй хохирогч О.О.М- нь замын хөдөлгөөнд оролцож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар бүлгийн 5.6 дахь хэсэгт “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна., 5.7 дахь хэсэгт “хөдөлгөөний зохицуулгатай хэсгээр явган зорчигч зам хөндлөн гарахдаа явган хүнд зориулсан гэрлэн дохио буюу зохицуулагчийн зөвшөөрсөн дохиогоор зорчих хэсэг рүү орох бөгөөд зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй байхад дохио өөрчлөгдвөл энэ дүрмийн 8.21-д заасныг баримтална. Явган зорчигчид зориулсан гэрлэн дохио байхгүй (эсхүл ажиллахгүй) бол явах чигийн өөдөөс хандан байрласан, зэрэгцээ хөдөлгөөний тээврийн хэрэгсэлд зориулсан гэрлэн дохиог удирдлага болгоно.” гэсэн заалтуудыг  тус тус зөрчсөн байна гэж дүгнэж байна.” гэх 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ,,,, дугаартай мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 37-38/, -Шүүгдэгч Б.Б.Б-ын хохирол төлсөн баримтууд /хавтаст хэргийн 85/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирол нэхэмжилсэн баримтууд /хавтаст хэргийн 86/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв. Шүүгдэгч Б.Б.Б- нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны  өдөр Дархан-Уул аймгийн  Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр хорооллын  4 дүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн талын хатуу хучилттай зам дээр ,,,, улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 дэх хэсэгт “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь хэсэгт “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтуудыг зөрчсөний улмаас 10 настай явган зорчигч О.О.М-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол  учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Б.Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Б.Б.Б-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч О.О.М-ын эрүүл мэндэд “зүүн гарын атгаал ясны хоёрлосон битүү хугарал, тархи доргилт, дух, хуйхны шархнууд”  бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Б.Б- нь насанд хүрээгүй хохирогчид учирсан хохирлыг нотлох баримын хэмжээнд нөхөн төлжээ. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс “...Улаанбаатар явж хүүхдийнхээ толгойны зургийг авхуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул насанд хүрээгүй хохирогчийн цаашид эмчилгээ хийлгэхтэй холбоотой зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.Шүүгдэгч Б.Б.Б- нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа, гэмт хэрэг гарахад насанд хүрээгүй хохирогчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн нөхцөл байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 9 сарын хугацаанд сард 50000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Б.Б-од анхааруулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Б.Б.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ,,,,,,,,,,дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ,,,,,,,,,дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б.Б-од буцаан олгож, хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Б-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-од 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Б-од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд сар бүр 50000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Б.Б-од үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 02766269 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 790174 дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б.Б-од буцаан олгож, насанд хүрээгүй хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Я.ТУУЛ