| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2017/03187/И |
| Дугаар | 184/ШШ2017/02907 |
| Огноо | 2017-12-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 184/ШШ2017/02907
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун турууны 1 дүгээр гудамж, 1а тоот хаягт оршин суух, эмэгтэй, С овогт Б Ц /рд: УБ60022407/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран 45 дугаар гудамжны 4-19 тоот хаягт оршин суух, эрэгтэй, Б овогт С Ц /рд: ШЖ75101718/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран 45 дугаар гудамжны 4-19 тоот хаягт оршин суух, эмэгтэй, Б овогт Ч Д /рд: УБ75050609/ нарт холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн буцаалт, хохирол, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.769.268 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч С.Ц, Ч.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 6 дугаар сард С.Ц харилцан тохиролцож, түүний өмчлөлийн ТҮЦ-ийг 14.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болж 3.140.000 төгрөгийг төлсөн. ТҮЦ-ийг хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлээд байтал Ц, Д нар нь ТҮЦ-ний цоожийг удаа дараа сольж эвдэн орж голыг нь сольж цоожлон явснаас дотор нь байсан хүнсний түүхий эд муудан 339.400 төгрөгийн хохирол учирсан. Мөн Д нь миний машиныг ломбардад тавиулж 4.000.000 төгрөг авхуулснаас 1.500.000 төгрөгийг зээлж аваад өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд хариуцагч нараас 4.979.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТҮЦ-ийн үнэд тооцон 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1.440.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 10-нд 90.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 1.300.000 төгрөг, нийт 2.830.000 төгрөгийг С.Цтөлсөн тул уг мөнгөө буцааж авна. 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр С.Ц нь ТҮЦ-ийн цоожийг сольсоноор дотор нь байсан нийт 310.000 төгрөгийн хүсний ногоо муудаж хохирол учирсан. С.Ц нь цоожоо сольж, гэрээгээ цуцалсан тул 2017 оны 4 дүгээр сараас 2017 оны 8 дугаар сарыг хүртэлх хугацааны цахилгааны төлбөрт төлсөн 61.268 төгрөгийг, сууц өмчлөгчдийн холбооны 3 сарын төлбөрт төлсөн 108.000 төгрөг, үйлчилгээ эрхэлсний татварт төлсөн 30.000 төгрөг, 2 удаа эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийн үйлчилгээнд төлсөн 30.000 төгрөг, нийт 3.369.268 төгрөгийг С.Ц гаргуулна. Хариуцагч Ч.Д 640.000 төгрөг зээлдүүлснээс төлөөгүй үлдсэн 400.000 төгрөгийг гаргуулна гэв.
Хариуцагч С.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.Ц миний бие Б.Ц харилцан тохиролцсоны үндсэн дээр, миний өмчлөлийн ТҮЦ-ийг худалдан авахаар болж, нийт 2.830.000 төгрөг авсан талаар маргахгүй. Гэрээний төлбөрийг удаа дараа шаардсан боловч төлбөрөө төлж дуусгаагүй тул 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нэг удаа цоожийг сольсон, мөн 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр цоожийг сольж, гэрээг цуцлахаар болсон юм. Б.Ц нь миний ТҮЦ-ийг 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл 3 сар ажиллуулж ашиг орлого олсон тул 2.830.000 төгрөгийг нь буцааж өгөхгүй. Миний ТҮЦ байрлал сайтай тул сард 1.000.000 төгрөгөөр түрээслэнэ гэж хүмүүст болон Ц хэлдэг байсан. Ямар орлого олдгийг Б.Ц мэдэж байгаа. Түүнчлэн ТҮЦ-ийг дээрх хугацаанд Б.Ц ашиглаж байсан тул СӨХ-ийн мөнгө, цахилгааны төлбөр, үйлчилгээ эрхэлсний татвар зэргийг Б.Ц өөрөө хариуцах ёстой. Б.Ц нь 2 шуудай төмс, 10 орчим кг сонгино, шар, хүрэн манжингууд 10 орчим кг байсныг өөрөө аваад явсан. 10 литр сүүгээ дэлгүүрт өөрөө зогсож байгаад зараад явсан. Өөр ямар ч бараа байгаагүй учир хохирол гэх 310.000 төгрөгийг хариуцахгүй гэв.
Хариуцагч Ч.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Б.Цдараах тохиролцоог хийсэн. Өөрийн төрсөн хүүдээ бөөгийн хувцас, хэрэгсэл авахад шаардлагатай мөнгийг зээлж авъя, улмаар зээлж авсан /хувцас авсан/ хэмжээний мөнгө болон хүүг төлье гэж тохирсон. Ингээд өөрийн дүү Хишигбаярыг Б.Ц хамт БНХАУ руу явуулсан. Миний хүүд авсан хувцас, хэрэгслийн үнэ болон хүү нь 360.000 төгрөг болсон. Би 2 удаа 120.000 төгрөгөөр, нийт 240.000 төгрөгийг төлсөн. Үлдэх 120.000 төгрөгийг төлөхгүй. Учир нь Б.Ц нь миний нөхрөөс ТҮЦ авна гэж хэлээд мөнгөө өгөлгүй 3 сарын хугацаанд уг ТҮЦ-ийг ашигласан тул хохиролд нь суутгана гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч С.Ц, худалдах-худалдан авах гэрээний дагуу төлсөн 2.830.000 төгрөг, гэрээний үүрэг /тохиролцооны дагуу худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг/-ээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс муудаж гэмтсэн эд зүйлийн үнэ гэх 310.000 төгрөг, мөн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс гарсан нэмэлт зардал буюу сууц өмчлөгчдийн холбоонд төлсөн 108.000 төгрөг, татварын албанд төлсөн 30.000 төгрөг, эрүүл ахуй, халдваргүйжүүлэлт хийлгэсэн үйлчилгээний хөлс 30.000 төгрөг /18.500+11.500/, 2017 оны 4 дүгээр сараас 2017 оны 8 дугаар сарыг хүртэлх хугацааны цахилгааны төлбөрт төлсөн гэх 61.268 төгрөгийг, хариуцагч Ч.Д зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 400.000 төгрөгийг, нийт 3.769.268 төгрөгийг нэхэмжилжээ.
Хариуцагч С.Ц нь, үүргийн зөрчилд нэхэмжлэгч өөрөө буруутай, түүнчлэн учирсан гэх хохирол нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр өөрт холбогдох шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн, хариуцагч Ч.Ду нь 360.000 төгрөг авсан, үүнээс 240.000 төгрөгийг төлсөн, үлдэх 120.000 төгрөгийг С.Ц учирсан хохирлын тооцоонд суутган тооцно гэх үндэслэлээр өөрт холбогдох шаардлагыг мөн бүхэлд нь эс зөвшөөрснөөр талуудын хооронд маргаан үүссэн байна.
Б.Ц 2017 оны 6 дугаар сард, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах С.Ц өмчлөлийн гэх ТҮЦ-ийг 14.000.000 төгрөгөөр худалдаж авахаар С.Ц харилцан тохиролцсон талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч С.Ц нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх ба гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.
Гэрээний талууд худалдах-худалдан авах гэрээний төлбөр төлөх хугацаа, болзлын талаар тохиролцоонд хүрээгүй байх тул худалдан авагч нь, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т зааснаар, худалдагчийг шаардсан тухай бүрд төлбөрийг төлөх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Ийнхүү худалдан авагч Б.Ц нь гэрээний дагуу төлбөрийг хуульд заасан журмын дагуу бүрэн төлж барагдуулаагүй, худалдагч нь төлбөр төлөх нэмэлт хугацаа өгсөн боловч худалдан авагч нь тогтоосон нэмэлт хугацаанд үүргийг гүйцэтгээгүй байх тул худалдагч С.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах саналаа бодит үйлдлээр илэрхийлжээ. Уг саналыг худалдан авагч Б.Ц нь хүлээн авч, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т заасан хугацааг тогтоож шүүхэд хандсанаар талууд гэрээнээс татгалзсан байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар, гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй тул худалдан авагч Б.Ц нь худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдагч С.Ц төлсөн 2.830.000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй ба гэрээний дагуу 2.830.000 төгрөгийг өгсөн, авсан талаар талууд маргаагүй.
Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний дагуу төлсөн 2.830.000 төгрөгийг худалдагч С.Ц буцаан гаргуулж, худалдан авагч Б.Ц олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Ц нь муудаж гэмтсэн эд зүйлийн үнэ гэх 310.000 төгрөг, мөн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс гарсан нэмэлт зардал буюу сууц өмчлөгчдийн холбоонд төлсөн 108.000 төгрөг, татварын албанд төлсөн 30.000 төгрөг, эрүүл ахуй, халдваргүйжүүлэлт хийлгэсэн үйлчилгээний хөлс 30.000 төгрөг /18.500+11.500/, 2017 оны 4 дүгээр сараас 2017 оны 8 дугаар сарыг хүртэлх хугацааны цахилгааны төлбөрт төлсөн гэх 61.268 төгрөгийг тус тус худалдагч С.Ц нэхэмжилсэн боловч нэхэмжлэгч Б.Ц эдгээр зардал гарсан болох нь баримтаар тогтоогдоогүйгээс гадна худалдан авагч Б.Ц нь үүргийн зөрчилд өөрөө буруутай байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар дээрх зардлыг хариуцагч С.Ц шаардах эрхгүй юм.
Ийнхүү Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан шаардах эрх үүсээгүй, учирсан гэх хохирлын хэмжээ нь тогтоогдоогүй байх тул хохиролд шаардсан нийт 539.268 төгрөгийг хариуцагч С.Ц гаргуулах боломжгүй юм.
Нэхэмжлэгч Б.Цэ нь Нэт капитал ББСБ ХХК-иас 4.000.000 төгрөгийн зээл авч, уг зээлээс 640.000 төгрөгийг хариуцагч Ч.Д зээлдүүлсэн гэх боловч тэрээр 640.000 төгрөгийг Ч.Д хүлээлгэн өгсөн гэх зөрүүтэй тайлбараа нотлож чадаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй юм. Харин хариуцагч Ч.Д нь бусдаар дамжуулан 360.000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан /360.000 төгрөгийг авч эд зүйл худалдан авсан/, хэмээн тайлбарлаж байх тул төлсөн гэх 240.000 төгрөгийг хасаж, үлдэх 120.000 төгрөгийг хариуцагч Ч.Д гаргуулж, нэхэмжлэгч Б.Ц олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т зааснаар, зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд маргааныг шийдвэрлэх эрх шүүхэд олгогдсон байдаг ба талуудын нэхэмжлээгүй зүйлийн талаар шүүх шийдвэр гаргах боломжгүй юм. Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч С.Ц холбогдуулан, зөвхөн худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсанаас үүссэн үр дагаварыг шаардсан ба хариуцагч С.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул зөвхөн үндсэн нэхэмжлэлийн хэмжээнд маргааныг шийдсэн болно. Иймд худалдагч С.Ц нь худалдах-худалдан авах гэрээний улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл учирсан хохирлоо жич нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан С.Ц 2.830.000 төгрөгийг, Ч.Д 120.000 төгрөгийг тус тус гаргуулан Б.Ц олгож, нэхэмжлэлээс 819.268 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ц 60.230 төгрөгийг, хариуцагч Ч.Д 4.550 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Ц олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн доторНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.