| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2020/0269/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/290 |
| Огноо | 2020-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/290
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0269/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,
Шүүгдэгч З.А- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт З.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2018003180301 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, З.А, 1986 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, “Хөөсгөл” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч З.А- нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дархан- Уул аймгийн Дархан сумын тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ү.У-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхи, хацар, шанаа, доод эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хацар, доод эрүү, хүзүү, баруун, зүүн бугалга, зүүн шуу, хэвлий хэсэгт цус хуралт, бүсэлхийн баруун хажуу хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Шүүгдэгч З.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр манай эхнэрийн хуурай эгч манайд ирсэн юм. Тэгээд архи уухаар нь би хундагалж өгсөн. Архи нь талдаа орж эхлэхэд эхнэр маань над руу агсраад, нүүр ам маажаад байсан. Тэгээд дийлдэхгүй болохоор зүүн хацар руу нь хоёр удаа алгадсан. Ийм л зүйл болсон.
...Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
-Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2/,
-Хохирогч Ү.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр манай гэр бүлийнхэн голын эрэг дээр очиж эх үрсийн баяр тэмдэглэсэн бөгөөд би гол дээр А ажлын О эгч бид хоёр 0.25 литрийн пиво уусан юм. Ингээд гол дээрээс гэртээ 19 цагийн орчим ирээд гэрт байсан 0.75 гр Хараа архийг Одноо эгч бид хоёр уугаад А бид хоёрт архи аягалж өгөөд сууж байсан тэгээд архиндаа согтоод юу болсныг мэдэхгүй, нөхөртэйгөө маргалдсанаа санахгүй байгаа юм. Нэг ухаан ороход манай нөхөр намайг хоёр давхар зузаан хөнжлөөр бүтээгээд дарсан байдалтай би амьсгаа авч чадахгүй амь тэмцээд тийчлээд байх байхад гаднаас миний төрсөн дүү О орж ирэхэд манай нөхөр А намайг босгосон юм. Тэгэхэд манай дүү О, А хандаж чи яагаад энэ хүний нүд, нүүрийг нь ийм болтол зодсон юм бэ? гэж хэлсэн юм. Би босоод шууд гараад гүйсэн бөгөөд дүү О гэрт очоод цагдаад дуудлага өгсөн юм.
...З.А- намайг урьд өмнө нэг биш удаа цохиж байсан. Тухайн үед нь би цагдаа, эмнэлгээр явж байгаагүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4-5/,
-Гэрч Ү.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 01-ний орой 21 цаг 40 минутын орчим миний төрсөн эгч Ү.У-ийн нөхөр З.А- миний утас руу залгаад “эгчийгээ ирээд ав, согтуу агсам тавиад байна” гэж хэлсэн юм. Ингээд би 22 цаг өнгөрөөгөөд гэрт нь ороход З.А- манай эгчийг хөнжилд боогоод дээр нь гараад суусан байсан. Тэгэхээр нь би “яаж байгаа юм бэ?” гэж хэлэхэд З.А- “эгч чинь орилж чарлаад байсан юм” гэж хэлсэн. Тэгээд З.А- эгчийн дээрээс босоод “эгчийгээ аваад яв” гэж хэлсэн. Тэгэхэд Ү.У- эгч хөнжлөөс сугараад гараад ирсэн бөгөөд зүүн нүд нь, нүүр нь хөхөрч хавдсан байхаар нь би З.А-аас “яаж байгаа юм бэ?” гэж асуухад “эгч чинь агсам тавиад байхаар нь цохисон” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10/,
-“Ү.У-ийн биед 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр үүссэн байх боломжтой зүүн нүдний зовхи, хацар, шанаа, доод эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хацар, доод эрүү, хүзүү, баруун, зүүн бугалга, зүүн шуу, хэвлий хэсэгт цус хуралт, бүсэлхийн баруун хажуу хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 462 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 12-13/,
-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 39-40/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч З.А- нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дархан- Уул аймгийн Дархан сумын байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ү.У-ийг эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхи, хацар, шанаа, доод эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хацар, доод эрүү, хүзүү, баруун, зүүн бугалга, зүүн шуу, хэвлий хэсэгт цус хуралт, бүсэлхийн баруун хажуу хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 462 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 12-13/ нотлогдож байна.
Шүүгдэгч З.А-, хохирогч Ү.У- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь хэргийн 30 дугаар хуудсанд авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба шүүгдэгч З.А- нь хувийн таарамжгүй харьцааны улмаас болж хохирогч Ү.У-ийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч З.А-ыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч Ү.У- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хавтаст хэргийн 4-5/ гэж байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч З.А-ыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч З.А- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч З.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 600000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сар бүр 120000 тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч З.Амархүүд анхааруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч З.А- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч З.А-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч З.А-г гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.А-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т зааснаар шүүгдэгч З.А-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 120000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч З.А-ад үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.А-ад анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.А-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ