Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 11

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч Сү.Уранчимэг, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                               

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                              Ц.Гэрэлбаатар

         Шүүгдэгчийн өмгөөлөгч                         К.Манлай

         Хохирогч                                               Г.Ц

         Нарийн бичгийн дарга                         С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 204 дүгээр шийтгэх тогтоолтой  Д.Ж-д холбогдох 1815003700202 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Г.Ц-гийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, .... Б овгийн Д. Ж.

   Шүүгдэгч Д.Ж нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн . . . газраас хохирогч Г.Ц-гийн 5 тооны үхрийг хулгайлж 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 204 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Д.Ж-г бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Ж-д зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авч түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Шүүгдэгч Д.Ж-д шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ялаар солихыг сануулж,

Шүүгдэгч Д.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэг тус бүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Kia Frontier  маркийн хөх ягаан өнгийн тээврийн хэрэгслийг эзэмшигч П.Н-д буцаан олгохоор тус тус дурдаж шийдвэрлэн,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ж.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Ц давж заалдах гомдолдоо: “... Манайх үхрээ 2018 оны 10 сарын 31-нд цуглуулж бүртгээд 11 сарын 1-нд хөдөө гэр нүүлгэх ажлаар яваад харж хандаж чадаагүй. 11 сарын 2-нд яваад олоогүй 11 сарын 3-нд олсон. 5 үхэр байхгүй байсан.

Энэ байдлаа Батхүү төлөөлөгчид яриад үхэр малаа зах зээлийн үнэнээс арай дээгүүр үнэлсэн. Учир нь байгалийн гамшгаас бидний хөдөлмөр зүтгэл их зардал мөнгөөр амьд үлдсэн үхэр байсан тул ингээд тэндэхийн мах авдаг хүнд 5 үхрийн мах, 5 арьс, 1 гэдэсний хамт 3 сая 130 мянгаар өгөөд явсан. Мах доогуураа ногоорсон байсан тул үнэ буулгаж авсан ... Ж , М , Р  гэсэн 3 хүний мэдүүлэг уншсан. Эдгээр мэдүүлгүүд зохиомол санагдаж байсан. Таньд санал гомдол байна уу бичээрэй гэхээр дунд хавийн зайнд танилцлаа гэж бичье. Гомдолгүй гэж бичихгүй. Мэдүүлгүүдэд итгэхгүй байна гэж хэлээд ажил тарах дөхсөн учир яаран гарсан. Тэр өдөр бас өмгөөлөгч нь байна 870.000 төгрөг таны данс руу шилжүүллээ. Хаанаас ярьж байна гэхэд Улаанбаатараас гэсэн, хэн бэ гэхэд У  гэсэн. Шилжүүлсэн мөнгөний квитанцыг Алтантогтох байцаагчид өгсөн юм байна. Сумын үнэлгээгээр тогтоосон 4 сая төгрөг ингээд болсон. Дараа нь хэд хоногийн дараа прокуророос ярьж байна. Санал, гомдол байна уу  гэсэн. Бас л мэдүүлгүүдэд итгэхгүй байна. Та надтай санал нэг байна уу гэсхийгээд утас тасарсан.

2018.12.14-ний шүүх хурлын тов зарласан боловч би очиж чадаагүй. Энэ хэргийг түргэн хугацаанд шийдэж санал гомдол байсан боловч цаг хугацаа шийдэлд хүргэх боломжийг олгоогүй. Энэ хэрэг жалга довны хулгай биш сумаас сум дамжиж ирж авсан. Амьд явсан малыг амьгүй болгочихоод махыг зарж төлбөрийн ихэнхийг төлж барагдуулаад хохиролгүй болголоо гэдэг шударга биш. Үүний цаана өсгөж үржүүлдэг, үр төлийг нь авдаг, өсөж том болдог мал байна. Эд бараа биш шүү дээ. Үүнийг би өмгөөлөгч гэх У т утсыг нь авснаас хойш нэг биш удаа хэлсэн. Саяар биш ч гэлээ тав, арван өртөг зардал өгөх хэрэгтэй. Хуулиар ийм байж болно. Гэвч хуулийн цаана хүний сэтгэл байдаг, бодит амьдрал байдаг. Би эхнээсээ л эдгээр хүмүүсийн мэдүүлэгт эргэлзэж байсан, итгэхгүй байсан гэдгийг өмнө дурьдсан. Гэтэл 2018.12.27-нд Монгол улсын нэрийн өмнөөс гэсэн шийтгэх тогтоолыг хүлээн авснаар ммний харамсал ихээр төрснийг өгүүлэх юун.

Би 2018 оны 11.03-ны өдөр 12 цагийн үед үхрээ бүртгэж үзтэл 5 тооны үхэр байхгүй болсон ... гэх мэтээр цааш нь одоо миний зүгээс гомдол гээд байх зүйл байхгүй... би ийм мэдүүлэг хэзээ ч хэнд ч өгөөгүй. /хх-ийн 26-31/

Гэрч М, Р яллагдагч Ж эдгээр мэдүүлгүүд миний байцаагч Алтантогтох дээр уншсан мэдүүлгүүд хоорондоо зөрөөтэй. Ялангуяа гэрч Р.ийн Алтантогтох байцаагч дээр уншсан мэдүүлэг нь би өглөө малдаа яваад орой иртэл цус сэвс болчихсон. Эхнэр, хүүхэд төв явсан. Би юу ч мэдээгүй гэсэн утгатай зүйл уншсан санагдаж байна.

Яллагдагч Ж-ны /хх-ийн 58/ Манайх 2018.10.31-нд үхрээ цуглуулж 10.31-нд Мандалын гарамны баруун урд талаас хэвтэж байсан 20-иод үхрээс авсан гэх

Энэ үед манай үхэр тэнд байгаагүй. Мөн Мандалын гарамны баруун урд 1-2 км орчим зайтай Б гэдэг хоньтой айл яг мандлын гарамны баруун талд 500 м-ээс арай хол болов уу Г гэдэг хоньтой айл, Г-гын баруун хойх нь О гэдэг хоньтой, 1 км ч хүрэхгүй зайд байсан. Эдгээр айлын гаднаас шахам 18-19 цагийн үед морьтой үхэр хөөдөг хүн байх уу. Мөн Мандалын гарам нь сумын баруун урд бараг л 1 км-ын зайтай бүх урагшаа явдаг хүн хөлхсөн их замын газар.

Халтар морио унаад модны ажлаар Манал гэдэг хүнтэй уулзахаар 70 км-ын газраас ирж явтал ... гээд 20-30 жилийн өмнө ингэж яривал өөр хэрэг. Тэгээд яах нь вэ?  Мориндоо мод ачих нь уу.

Энэ үеэр үүнээс өмнө ч хойно ч манай үхэр сумын төвийн зүүн урд зүгт Хужирт гэдэг газар тэндээс ус ууж, тэндээс авчирдаг байсан.

... Миний өгсөн 2 удаагийн мэдүүлгийг мөрдөн шалгах явцад өөрчилж шүүх хуралд оруулсан...

Миний 5 үхрийг 2018.10.31-нд биш 2018.11.1-нд Хужиртын голоос авсан гэж бодож байна. Үхрээ олоогүй 11.2-нд Хужиртын голоос бага зэрэг урагш Д  гэдэг хүнтэй тааралдаж тоолсон байдаг... 11.3-нд олоход үхэр Хужиртын голдоо л байсан. Мөн үхрүүдийг 70 км газар 1 шөнийн турш хөөж туух боломж байхгүй.

Шийтгэх тогтоолд дурьдагдсан гэрч М, Р яллагдагч Ж нарын мэдүүлгүүд Алтантогтох байцаагчид өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрөөтэй.

Kia frontier маркийн машиныг эзэмшигч П.Н.д буцаан өгсөн байна. Энэ машин улсын номергүй байсан юм уу.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэсэн заалтанд нийцүүлэн энэ хэргийн мэдүүлгүүд зохиогдсон гэж үзэж байна.

Иймээс Монгол улсын үндсэн хуульд “Шударга үнэнийг эрхэмлэнэ” гэж заасан үнэнийг эрхэмлэж энэ хэргийг дахин шалгаж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ: “...энэ хэрэгт холбогдолтой бүх зүйлүүд бүрэн шалгагдсан...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Б   овогт Д.Ж  нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн . . . гэх газраас иргэн Г.Ц-гийн 5 тооны үхрийг хулгайлж түүнд 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Г.Ц, гэрч П.М, Б.Р нарын мэдүүлэг, малын үнэлгээ болон Д.Ж-ны яллагдагчаар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Д.Ж-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Д.Ж ы гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан бөгөөд энэ гэмт хэргийг үйлдсэн хүнд хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд Д.Ж-ны үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.

Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлагдсан .

Д.Ж-ны гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 4.000.000 төгрөгийн хохирол учирсан байх ба анхан шатны шүүх хохирогч Г.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн баримт /хх 18/, мөн 870.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх 33/ зэргийг үндэслэн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж дүгнэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-д зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн хохирогч Г.Ц нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нь “...малын үнэлгээ бага байна ... гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй...” гэх тайлбарыг гаргасан боловч гэрч П.М, Б.Р нарт хууль сануулж авсан мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан малын үнэлгээ болон мөрдөн шалгах ажиллагааг дуусгасан талаар түүнд мэдэгдэж хавтаст хэргийн материалтай танилцуулсан баримт хэрэгт авагдсан байх бөгөөд хохирогч Г.Ц  нь ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй байна.

Иймд хохирогч Г.Ц-гийн давж заалдах гомдолд дурьдсан дээрх хэсгийг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин түүний давж заалдах гомдлын “...өөр зардал их гарсан ... замын зардлаа гаргуулж аваагүй ... шүүхийн шийдвэрт машины дугаар бичигдээгүй...” гэх хэсэг үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5,  39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 204 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг “хохирогч нь энэ хэрэгтэй холбоотой өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Kia Frontier маркийн” гэсний дараа “**-** УНЭ улсын дугаартай” гэж нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогч Г.Ц-гийн гаргасан давж заалдах гомдлын “...өөр зардал их гарсан ... замын зардлаа гаргуулж аваагүй ... шүүхийн шийдвэрт машины дугаар бичигдээгүй...” гэх хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.ХҮРЭЛБААТАР

            ШҮҮГЧ                                             Сү.УРАНЧИМЭГ

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ё.БЯМБАЦЭРЭН