Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Э.Болорчулуун

Шүүгдэгч Б.Амгаланбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдсэнийг баталж ирүүлсэн Боржигон овогт Болдбаатарын Амгаланбаатарт холбогдох эрүүгийн 201610010186 тоот хэргийг 2016 оны 09 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 13-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 27 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Дорноговь аймаг Замын-Үүд сум 5-р баг, Борхойн Ханшонхор гудамж 1-18 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, 2014 оны 11 сарын 06-ны өдөр 82 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Болдбаатарын Амгаланбаатар /РД: ЕЮ89021316/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллагдагчаар татах тогтоолд авагдснаар/

Шүүгдэгч Б.Амгаланбаатар нь согтуугаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт байрлах Булган плаза баарны гадна 2016 оны 09 сарын 04-ний өдрийн 22 цаг 30 минутын үед иргэн Д.Баянжаргалтай маргалдан цээжин тус газарт нь гараараа цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.Амгаланбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 09 сарын 04-ний өдөр гэрээсээ гарч төв рүү явж байгаад шилэн кафены хажууд найзуудтайгаа тааралдан тэндээ сууж байгаад хоёр лаазтай пиво уусан. Тэгээд ганцаараа явж Булган плаза баар орсон. Намайг орж явахад бааранд эхний ширээн дээр Баянжаргал сууж байгаад намайг хүрээд ир гээд дуудсан. Би ширээнд нь очиход Баянаа надад ахархаад томроод байсан. Тэгж байснаа Баянаа намайг хоёулаа гадаа гаръя гээд намайг дагуулан гадаа баарны урд талд очоод надад хандан Амка ахын дүү ингэж архи их ууж болохгүй, битгий архи уугаад бай гээд миний шанаа руу гараараа цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд гараараа түүний зүүн талын суган доогуур нь цохьсон. Тэгээд би Баянаа ахаас уучлалт гуйгаад та ингэж болохгүй ш дээ гээд бид хоёр салцгаасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

-Хохирогч Д.Баянжаргалын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2016 оны 09 сарын 04-ний өдөр 22 цагийн үед ганцаараа Булган плаза бааранд ороод ширээнд суугаад хоёр лааз сэнгүүр пиво авч уугаад сууж байсан. Гаднаас Амгаланбаатар орж ирээд над дээр ирээд архи аваад өгчих гэсэн. Би чамд архи авч өгч чадахгүй гээд хоёулаа маргалдсан. Тэгээд Амгаланбаатар намайг хоёулаа гарч уулзая гээд хамт гарч Булган плазагийн урд талд нь гараад маргалдаж байгаад Амгаланбаатар миний цээж хавирга руу гараараа хүчтэй цохьсон. Тэгээд Амгаланбаатар цагдаа дуудах хооронд зугтаасан. Би цагдаа нартай цагдаа дээр ирээд гомдлоо гаргасан. Миний нэг хавирга хугарсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 13/           

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

-Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 7/

-Хялбаршуулсан журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 9/

-Шинжээчийн 360 дугаартай дүгнэлт. 1.Д.Баянжаргалын биед цээжний зүүн талын 12-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг болно. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 15/

-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 22/

-Замын-Үүд сумын Борхойн багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 23/

-Захиргааны зөрчил авагдсан бүртгэл /хх-ийн 24-27/

-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/

-Сум дундын 9-р шүүхийн шийтгэх тогтоол /хх-ийн 30-35/

-Хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 36-37/

-Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 40/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Шүүгдэгч Б.Амгаланбаатар нь согтуугаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт байрлах Булган плаза баарны гадна 2016 оны 09 сарын 04-ний өдрийн 22 цаг 30 минутын үед иргэн Д.Баянжаргалтай маргалдан цээжин тус газарт нь гараараа цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Амгаланбаатарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Баянжаргалын “...Би чамд архи авч өгч чадахгүй гээд хоёулаа маргалдсан. Тэгээд Амгаланбаатар намайг хоёулаа гарч уулзая гээд хамт гарч Булган плазагийн урд талд нь гараад маргалдаж байгаад Амгаланбаатар миний цээж хавирга руу гараараа хүчтэй цохьсон. Тэгээд Амгаланбаатар цагдаа дуудах хооронд зугтаасан.” гэх мэдүүлэг, шинжээчийн 360 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Амгаланбаатар нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байх тул шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Хохирогч Д.Баянжаргал нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлгийг өгсөн боловч шүүгдэгч Б.Амгаланбаатар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 7/ зэргээр батлагдаж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгч нь 2014 оны 11 сарын 06-ны өдөр 82 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэн мөн хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан хугацаа өнгөрсөн байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Амгаланбаатарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан ялыг оногдуулсан болно.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Боржигон овогт Болдбаатарын Амгаланбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Болдбаатарын Амгаланбаатарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Амгаланбаатар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Амгаланбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт хураагдаж ирээгүй тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Амгаланбаатарт урьд авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрий өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   Э.БОЛОРМАА