Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/00584

 

П.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/01175 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1634 дүгээр магадлалтай,

П.Т-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төлбөр төлөгч П.Т-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13а байрны 133 тоот орон сууцыг хураах акт үйлдсэн. П.Т- нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тус орон сууцыг анхны дуудлага худалдаанд үнийн 70 хувийг нь 270,000,000 төгрөг, 2 дахь дуудлага худалдаанд 135,000,000 төгрөгөөр оруулах үнийн санал өгсөн. Харин төлбөр авагч Ж.Буянтогтох нь санал болгосон үнэ хэт өндөр байгаа тул шинжээч томилж үнэлгээг тогтоолгож, дуудлага худалдаанд оруулах хүсэлт гаргасан. 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр орон сууцны үнийг шинжээч 94,000,000 төгрөгөөр тогтоосон. Иймд 70 хувиар нь тооцож анхны албадан дуудлага худалдаанд 68,080,000 төгрөгөөр оруулахаар тогтоосон талаар мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба бидний орон сууцыг үнэгүйдүүлэн 66,080,000 төгрөгөөр үнэлгээ тогтоогоод худалдан борлуулахаар болоод байна. Зах зээлийн ханш үнэлгээгээр энэ орон сууцыг 270,000,000 төгрөгөөр үнэлэх боломжтой. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 66,080,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээгээр хөрөнгийг зарж борлуулах гэж байгаа нь үндэсгүй. Иймд П.Т-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13а байрны 133 тоот орон сууцыг үнэгүйдүүлэн 94,000,000 төгрөгөөр үнэлж, 66,080,000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулахаар үнэлснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа:   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00675 дугаар захирамжаар П.Т-аас 60,228,975 төгрөгийг гаргуулж Ж.Буянтогтоход олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч П.Т-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13а байрны 133 тоот орон сууцыг битүүмжлэн, хураах тогтоол үйлдэж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилон 94,400,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор хангаж өгнө үү гэжээ.                      

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/01175 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 13А байр 133 тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн Ү-2205007610 дугаартай, 3 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 94,400,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай П.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Туулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1634 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/01175 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1634 тоот магадлалыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

ИХШХШ тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн зохицуулалтаас үзвэл төлбөр төлөгч эд хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхийг олгосон байна. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн хэлбэрийн талаас буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Хөрөнгийн үнэлгээний хуулиар тогтоосон журмыг биелүүлсэн эсэх асуудалд дүгнэлт өгч, тухайлбал, тогтоол гаргасан эсэх, шинжээч томилсон эсэхийг хянаж үзэн явцууруулан дүгнэлт хийсэнд гомдолтой. Эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлын үндэслэл, агуулгын талаар дүгнээгүй, хуулиар олгосон эрхийг нь эдлүүлээгүй атлаа нэхэмжлэгч П.Т-ыг нотлох баримтаа гаргаагүй гэж үзсэнд гомдолтой. Манай хэргийн тохиолдолд нэхэмжлэгчийн эд хөрөнгийг хэт доогуур үнэлж 2 хоногийн дараа бэлэн тайлангаа ирүүлсэн. Тайланд туссан аргачлал, харьцуулсан гэх мэдээллийн талаар өөрсдийн нотлох баримтаа гарган өгөх эрхийг эдлүүлэлгүйгээр “шүүгч амарна гэсэн” шалтаг зааж хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой. ИХШХШ тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2. 168.1.3-т зааснаар шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, ноцтой зөрчсөн байх тул хянуулахыг хүсч байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай итгэмжлэлээр олгогдсон эрхийн хүрээнд өмгөөлөгч З.Хүрэлсүхээс татгалзаж, өмгөөлөгч О.Даваажаргалыг оролцуулахаар хүсэлт гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байх тул нэхэмжлэгч П.Т-ын хүсэлтийг хангахаас татгалзах үндэстэй бөгөөд нэхэмжлэгч П.Т- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох эрхтэй гэж үзнэ...” гэжээ. Мөн магадлалын хянавал хэсэгт “...Шүүх нэхэмжлэгч талын өмгөөлөгчөө сонгох эрхийг нь хязгаарласан байдал тогтоогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т зааснаар хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзээгүй...” гэжээ.       Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2,  63.3 зааснаас үзэхэд төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд нийцүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог ба төлөөлөгчийн гаргасан хүсэлт, гомдол, шийдвэрээс төлөөлүүлж байгаа этгээдийн хувьд хэзээд татгалзах эрхтэй юм. Гэтэл 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай нь нэхэмжлэгч П.Т-ын авсан өмгөөлөгчөөс татгалзсан байгаа ба илт хууль бус алдаатай захирамж гарган Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хязгаарлаж байгаад нь гомдолтой байна. Дээрх хууль зөрчсөн ажиллагаатай нь холбогдуулан итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагайгаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгчээс татгалзсан боловч мөн хуулийн 92.6 дахь хэсэгт заасныг дур мэдэн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтойгоор зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/01175 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар 1634 тоот магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:           

Нэхэмжлэгч П.Т- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж тайлбарлан  нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн..., ...нэхэмжлэгчийн өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хязгаарласан..., ...хуулийн  91.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгчээс татгалзсан боловч мөн хуулийн 92.6 дахь хэсэгт заасныг дур мэдэн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтойгоор зөрчсөн...”  гэх гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00675 дугаар шүүгчийн захирамжид зааснаар П.Т- 60.000.000 төгрөгийг  Ж.Буянтогтоход төлөх үүрэгтэй байна. Төлбөрийг  сайн дураар төлж барагдуулаагүй тул албадан биелүүлэх ажиллагааг явуулж улмаар барьцааны зүйл болох орон сууцыг битүүмжлэн, хурааж үнийн талаар тохиролцоогүй тул барьцааны хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгосон ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2- дэх  хэсгийг зөрчөөгүй байна.

Шинжээчээр томилогдсон “Мөнх-Оргил трейд” ХХК нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг өртгийн, орлогын, зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар тус тус үнэлж, орон сууцны зах зээлийн үнийг 94.400.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээг нэхэмжлэгч  үгүйсгэсэн, тухайн үл хөдлөх хөрөнгө нь ямар онцлог шинжээрээ шинжээчийн тогтоосон үнэлгээнээс их байх боломжтойг нотолсон баримт гаргаагүй тул хоёр шатны шүүх үнэлгээний талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн баримтыг үнэлэх хуульд заасан журам зөрчөөгүй, иймээс “... эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн...” гэх гомдол хангагдахгүй.

Түүнчлэн өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хязгаарласан..., ...хуулийн  91.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгчээс татгалзсан боловч мөн хуулийн 92.6 дахь хэсэгт заасныг дур мэдэн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан нь гэх гомдлын тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчөөсөө татгалзаж шинээр өмгөөлөгч сонгон авсан энэхүү үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж эрхийг хангаж байсан талаар давж заалдах шатны шүүх дүгнэжээ.

Мөн нэхэмжлэгч хуулийн 91.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгчээс татгалзсан  үндэслэлийг тайлбарлахдаа” шүүх хуралдаан дээр гаргасан өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаж   шүүх хуралдааныг хойшлуулаагүйгээс  хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарласан” гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.т заасан үндэслэлийг бий болгохгүй байна.  

Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүгчийг хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэхэд үндэслэл бүхий эргэлзээтэй гэх нөхцөл биш тул гомдол  хангахгүй хуулийн үндэслэл тогтоогдохгүй  байна.

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/01175 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1634 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагайн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны  10 дугаар сарын  01-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА           

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР