Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/65

 

 

                                                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 171/2017/0083/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баясгалан,

Хохирогч П.Б,

Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт Ц.М-д холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201709000048 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 2 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ц.М, ... суманд төрсөн, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3,.....тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч Ц.М нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хадам эх П.Бтэй маргалдан эрх чөлөөнд нь халдан зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

-Шүүгдэгч Ц.Мийн шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би эхнэр Ө-тэй гэр бүл болоод 4-5 жил болж байна. Эхнэр Ө Дарханд хүүгийн хамт байдаг, би өөрөө Төв аймаг Дархан хоёрын хооронд ирэн очин байдаг юм. Тэгсэн саяхан манай эхнэр жирэмсэн болсон байсан бөгөөд бараг сар ч болоогүй байсан байх гэсэн. 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр би эхнэрийгээ хүүхдээ авхуулсан гэдгийг нь мэдээд сэтгэл санаа сонин болоод би найз нар дээрээ очсон чинь манай найз нар хуучин Дарханд нэг караокед байсан юм. Тэгэхээр нь би дуулах ч хүсэл төрөөгүй нэг пиво уучихаад гэртээ ирэхэд гэрт хадам ээж, эхнэр, хүүхэд 3

 

D:\2017 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Monh 99.1.docx

 

байсан. Би гэрт ороод хүүгийнхээ хажуугаар ороод зурагт хараад хэвттэл эхнэр намайг “хаачаад ирж байгаа юм бэ?” гээд уурлаж, бид 2 маргалдсан. Тэгээд миний дургүй хүрээд би хадам ээж эхнэр хоёрыг “муусайн алуурчид” гэж хэлтэл хадам ээж уурлаад хүрч ирээд намайг элдвээр харааж зүхээд алгадаад хацарнаас базаад байсан.

...тэгсэн хадам ээж дахиад миний хацарнаас алгадаад базаад миний зүүн талын чих рүү алгадахаар нь би зөрүүлээд хадам ээжийг цохьсон. Тэгээд түлхчихээд гараад явах гэтэл үүдэнд эхнэр байхаар нь эхнэрийг түлхэж унагаад гутлаа өмсөж байтал хадам ээж ахиад ирээд намайг цохиод байсан. Тэгээд би гараад явсан.

…эмчилгээний зардалд 1400000 төгрөг өгсөн. Миний буруу, уучлалт олон удаа гуйсан.” гэх мэдүүлэг, 

                                                                                              

-Хохирогч П.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хотоос ирэхэд охин маань тосч авахдаа “Мөнх сая нэг залуугийн хамт архи ууж байгаад гэрээс гараад явчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “надаас санаа зовсон юм байхдаа” гэж охиндоо хэлж байсан. 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр охин “эмнэлэг явлаа, та хүүхэд харж бай” гэж хэлсэн. Урьд нь энэ хоёр хүүхэдтэй болсон талаар ярилцахад нь Ц.М охиныг минь хэл амаар доромжилж хүлээж аваагүй учраас охин маань эмнэлэг орж үр хөндүүлсэн юм. Эмнэлэг орохоосоо өмнө утсаар Ц.Мийг ирэхийг дуудсан боловч “би архи ууж байна, өнөөдөр очиж чадахгүй” гэж хэлсэн байсан. Охин үр хөндүүлж ирчихээд орон дээрээ хэвтээд, би хажуугийн өрөөнд зурагт үзээд сууж байхад гаднаас Ц.М согтуу өөрөө түлхүүрээр хаалга онгойлгож орж ирсэн. Тэгээд муусайн алуурчингууд гээд охиныг орон дээрээс үсдэж татаж унагаагаад зодсон. Би Ц.Мийг 2 удаа алгадсан нь үнэн. Гэхдээ энэ явдал болсноос хойш алгадсан. Тухайн үед охиныг зодоод байхаар нь хүүе гэхийн зуургүй миний дух, хөмсөгний ойролцоо цохиж хойшоо савж байхад шүд рүү цохисон. Тэгээд би нүүрээ дараад доошоо тонгойход миний зүүн чих рүү цохиж, мөн толгой руу 2 удаа цохисон. Тэгээд Ц.М гал зуух руу орсны дараа би араас нь очиж чи яаж байгаа юм бэ? гээд би Ц.Мийг 2 удаа алгадсан.

…насанд хүрсэн хүмүүс учир би энэ хоёрын хэрэгт оролцоогүй. Тэгэхдээ би охиндоо “үр хүүхэд чинь та нарт эрхэмдээ” гэж хэлэхэд охин маань надад “25,26-ны өдрүүдэд ажлын газрын нийллэгэнд орчихоод гэр рүүгээ ирж явахад Ц.М утсаар янхан минь чамайг ирэх л юм бол ална шүү, битгий ирээрэй” гэж хэлсэн гэсэн. Тэгээд охиныг  гэртээ ороход урдаас нь ус буцалгагчны залгуур барьчихсан, уг залгуураараа охиныг ороолгоход нь охин маань чи одоо яагаад байгаа юм бэ? гээд цаад өрөө рүү нь ороход Ц.М хойноос нь ирээд хоолойг нь боож ухаан алдуулж унагаасан, мөн нүүр рүү нь цохиж хөхрүүлэх зэргээр гар хүрсэн гэж хэлсэн. Энэ хүн гэр бүлийн хүчирхийллийг удаа дараа үйлдсэн. Эмчилгээний зардлаа авсан учир нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой байна.” гэх мэдүүлэг, 

 

-Гэрч Г.Ө-н хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…Би М-тэй 2014 онд гэр бүлээ батлуулан хамт амьдрах болсон. Би ажилд ороод хүүхэд харах хүнгүй болоод 2016 оны 12 дугаар сард Мөнх ирээд хүүхдээ хардаг байсан юм. Саяхан би жирэмсэн болж энэ тухай нөхөрт хэлсэн чинь “миний хүүхэд биш, чи янхандаж хүүхэд олчихоод миний хүүхэд гэж хэллээ” гээд бидний хооронд маргаан эхэлсэн юм. Энэ асуудлаар намайг болон хүүхдээ хүлээн зөвшөөрөхгүй 2-3 хоног болсон. Би 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр би нөхөр рүү залгаад “хүрээд ир” гээд дуудахад ирэхгүй байсан. Тэгэхээр нь би эмнэлэгт очоод хүүхдээ авахуулчихаад гэртээ ирээд хэвтэж байсан чинь Мөнх хажууд ирчихсэн сууж байсан. Би сэрээд Мөнх рүү харангуут миний толгой руу цохиод үснээс зулгаасан. Тэгээд би салгах гэтэл салахгүй байсан чинь ээж цаанаас ирээд боль гэсэн чинь ээжийг ганц биш 2-3 удаа цохьсон. Дараа нь намайг цохиж түлхсэн. Тэгээд ээжтэй гал тогооны өрөөнд ороод хэрүүл хийгээд байсан. Тэгж байгаад гараад явсан. Зодож цохихынхоо өмнө муусайн алуурчид гэж хэлж байсан.

…урд нь миний эрх чөлөөнд халдаж зодож байсан, ээжийн эрх чөлөөнд халдаж байгаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 10/,

 

-“…П.Бгийн биед 1 шүдний хугарал, дух, 2 нүд, цээжний цус хуралт, зүүн чихний зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг бага хэмжээгээр буюу 5%-р тогтонги алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 120 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 12/,

 

-“…Г.Өнөрийн биед эрүүл мэндийг сарниулах гэмтэл тогтоогдохгүй байна.” гэх 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 130 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 16/,

 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 27/

-Хохирлын талаарх нотлох баримтууд /хэргийн 29-30/

-Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 31-33/

-Эмчилгээний зардал хүлээн авсан тухай тодорхойлолт /хэргийн 34/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч   Ц.М нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хадам эх П.Бтэй маргалдан эрх чөлөөнд нь халдаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…Тэгсэн хадам ээж ахиад миний хацарнаас алгадаад базаад байсан ба миний зүүн талын чих рүү алгадсан. Тэгэхээр нь би зөрүүлээд хадам ээжийг цохьсон. …Би эхлээд хадам ээжтэй маргалдаад түлхчихээд гарах гэтэл Өнөр үүдэнд байхаар нь уурандаа нэг цохьчихоод түлхээд гарсан.” гэх мэдүүлэг, гэрч Г.Өнөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тэгээд би салгах гэтэл салахгүй байсан тэгсэн ээж цаанаас ирээд боль гэсэн чинь ээжийг 2-3 удаа цохьсон. Дараа нь намайг цохиж түлхсэн тэгээд ээжтэй гал тогооны өрөөнд ороод хэрүүл хийгээд байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 10/, “…П.Бгийн биед 1 шүдний хугарал, дух, 2 нүд, цээжний цус хуралт, зүүн чихний зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг бага хэмжээгээр буюу 5%-р тогтонги алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 120 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 12/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Мийг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Шинжээч эмч үзлэг хийхдээ шүд өвдөөд байхаар нь авахуулсан гэж бичсэн боловч дүгнэлт гаргахдаа шүд хугарсан гэж дүгнэсэн байгаа. Авахуулаад байхгүй болсон шүдийг хугарсан гэж дүгнэлт гаргасан учир шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй” гэж мэтгэлцэж байна.

Хохирогч П.Б нь 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр амбулаториор үйлчлүүлсэн бөгөөд түүний амбулаторийн картанд “рентгэн зурагт зүүн талын төвийн үүдэн шүдэнд сурвалжийн орой талаас ½ хэсэгт хөндлөн хугаралтай. Онош: гэмтлийн гаралтай дээд уруулын няцралт, зүүн талын төвийн үүдэн дээд шүдний хугарал” гэж тэмдэглэгдсэн талаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Хавтаст хэргийн 34 дэх талд хохирогч П.Бгийн хэрэг бүртгэлтийн шатанд “…Ц.Мөөс эмчилгээний зардалд нийт 1113000 төгрөг авсан.” гэх тодорхойлолт  байх тул шүүгдэгч Ц.Мийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар бүрэн төлж барагдуулсан байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Ц.Мийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 27 дах талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ц.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан матераллаг хохирлыг сайн дураар нөхөн төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,  299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц.М- бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч Ц.М-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2400000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч Ц.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг Ц.Мөд анхааруулсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Мөд батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Я.ТУУЛ