Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/162

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0149/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б-,

Шүүгдэгч Ц.Ц.О- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Бор овогт Цэнд-Аюушийн Ц.О-т холбогдох эрүүгийн 2112000180152 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд:

-Завхан аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1, 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар,

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Ц.О-,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц.О-ыг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бусдад өөрийгөө үзмэрч гэж танилцуулж, алдагдсан 15 тооны адууг олж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, сүсэг бишрэлийг далимдуулан, иргэн Н.Н.Б-гээс урьдчилгаа төлбөр гэж 500.000 төгрөгийг Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн *******88****** тоот дансаар шилжүүлэн авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохиомол байдлыг зориудаар бий болгож, сүсэг сүсэг бишрэлийг далимдуулан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.

 

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Могод сумын нутаг дэвсгэрээс алдсан 15 тооны нэг азарга адуугаа эрэл сурал тавьж телевизээр зар өгсөн хохирогч Н.Н.Б-д “өөрийгөө үзмэрч хэмээн итгүүлж, 3 хоногийн дотор олж өгөх болно, намайг О гэдэг” гэж танилцуулж урьдчилгаа төлбөр гэж 500000 төгрөг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогджээ.

 

Шүүгдэгч Ц.Ц.О-ын бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож сүсэг бишрэлийг далимдуулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан ”Залилах” гэмт хэргийн шинжид хамаарч байна.

 

Залилах гэмт хэрэг гэдэг нь бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх, зохиомол байдал бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах аргаар авахын зэрэгцээ  уг эд хөрөнгийг буцаан өгөхгүй гэдгийг анхнаасаа тооцож өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлсэн байдгаараа иргэд хоорондын харилцаанаас ялгаатай байдаг.

 

Шүүгдэгчийн үйлдлийг хэрэгт цугларсан дараах нотлох баримтаар хангалттай тогтоожээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц.О-ын өгсөн: “Би юм үзэж хардаг юм, хохирогчийн малыг олж өгч тусалдаг юм уу гэж бодож байсан. Би уг нь үзэж өгсөн юм, гэсэн ч нөгөө мал нь гарч ирээгүй, тийм л харамсалтай зүйл болсон байна.” гэх мэдүүлэг,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...Н.Н.Б-гээс ирүүлсэн “2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үл таних хүн телевизорын зарын дагуу ярьж байна. Алдсан адууг чинь 3 хоногийн дотор олж өгөх болно найдвартай гээд 889****** дугаарын утсаар холбогдон 500000 төгрөг 5053861970 дугаарын дансанд хийлгэж намайг залилсан гэх гомдол мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10:30 цагт хүлээн авсан.” /хх 10/,

 

Шүүгдэгч Ц.Ц.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...зурагт үзээд байж байхад малаа хулгайд алдсан хүний зар яваад дугаар нь байсан. Тэгээд би үзэж хараад малыг нь хаана байгаа газрыг нь олоод өгье гэж бодоод өөрөө эхлээд тэр зар дээр байсан дугаар руу яриад үзэж хараад өгье гэсэн. Гэтэл тэр хүмүүс өөрсдөө эхлээд 1000000 төгрөг өгье гэсэн болохоор би зөвшөөрөөд эхлээд 500000 төгрөг өгөөд малаа олсны дараа 500000 төгрөг өгөөрэй гэсэн юм.” гэх мэдүүлэг /хх 52/,

 

Хохирогч Н.Н.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өөрийн 15 тооны нэг азарга адуугаа Булган аймгийн Могод сумын Үнэгт гэх газраас хулгайд алдаад телевизорт зар өгч адуугаа сураглаж байтал 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр үл таних хүн миний 882****** дугаарын утас руу 885****** дугаарын утаснаас үл таних хүн залгаж танайх удаагаа алдсан уу? алдсан адуу мал олж өгдөг төлөгч хүн байна, тэр хүний утсыг аваад яриад адуугаа олуул гэж хэлж 889****** гэсэн дугаарыг надад өгсөн. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 07-нд би өөрийнхөө 8918***** дугаараас 889****** дугаар руу нь залгаж та алдсан мал олж өгдөг хүн юм уу? би 15 тооны адуугаа алдсан юм, та тэрийг олж өгч туслаач гэхэд “тэр асуудалгүй, 3 хоногийн дотор олж өгөх болно, намайг О-гэдэг” гэж өөрийгөө танилцуулсан. Ингээд би нөгөө хүнд хандаж та хэдэн төгрөгөөр олж өгөх вэ? гэж асуухад 1.000.000 төгрөгөөр олж өгдөг юм, урьдчилгаа 50 хувийг нь одоо аваад олж өгснийхөө дараа 50 хувийг нь авдаг юм гэж хэлээд *******8****** гэсэн данс өгөөд уг данс руу 500.000 төгрөг хийчих гэж хэлсэн. Мөнгөө хийх үедээ Ц.О- гэж хүний данс байна гэж хэлэхэд зүгээрээ манай хүүхдийн данс байгаа юм гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 15-18/,

 

Гэрч Ж.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манайх 15 тооны адуугаа алдаад олохгүй байсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 06-нд манай нөхөр рүү үл таних хүн утсаар ярьж алдуул мал олж өгдөг мэргэлдэг сайн хүн байгаа, тэр хүнтэй холбоо барьж адуугаа олж ав гэж хэлсэн гээд өгсөн дугаар руу нь манай нөхөр ярьж 3 хоног дотор адуу олж өгнө гэж байна урьдчилгаа 50 хувийг одоо хий гэж байна гээд миний данснаас 500.000 төгрөг тухайн хүний данс руу хийлгэсэн юм.” гэх мэдүүлэг /хх 30/,

 

Гэрч Б.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...889****** дугаарыг манай нөхөр Ц.О-ын нэр дээр авч өгч байсан. 885****** дугаарыг дүүгийн хүү Ж.Д- нэр дээр аваад Д- огт бариулаагүй Ц.О-ын утасны гэрэнд байдаг байсан юм. *******8****** дугаартай данс нь манай нөхрийн данс. 2020 онд бид хоёр хаан банкин дээр очиж нээлгэж байсан. Би картыг нь авч ойр зуурын юмандаа ашигладаг юм. Манай нөхөр Ц.О- бие муу учир дэлгүүр хоршоо, эмийн сан зэрэг газруудаар үйлчлүүлэхээр авч явдаг. Би тухайн үед дансанд нь 500.000 төгрөг шилжиж орсон талаар мэдээгүй. Миний картад мөнгө байгаа, эм тариа авахад хэрэглээрэй гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх 33/,

 

“Юнител” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05-01/213 дугаартай албан бичиг:

“885******, /2020-09-29-өөс бүртгэлтэй/, 889****** Ц.О-, нэр дээр 2020.09.29-2021.01.13-ны хугацаанд бүртгэлтэй байсан.” /хх 75/,

 

Ж.О- эзэмшлийн 514008***** дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх 11/,

 

Шүүгдэгч Ц.Ц.О-ын *******8****** дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх 80/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.Ц.О- нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үзмэрч гэж өөрийгөө танилцуулж, хохирогчийн 15 тооны адууг олж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б- дүгнэлтдээ: Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн нэхэмжилсэн хэмжээгээр хохирол төлбөр төлсөн, олон тооны голомттой элэгний хавдартай тул эмчлэгдэж байгаад гарч ирсэн, одоогоор Улаанбаатар хотод эмчлүүлэх шаардлагатай байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар чөлөөлөх боломжтой гэж үзэж байна гэж яллах болон өмгөөлөх талууд мэтгэлцлээ.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримт, хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлэг, улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь бодитойгоор дүгнээд шүүгдэгч Ц.Ц.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “зохиомол байдлыг зориудаар бий болгож, сүсэг сүсэг бишрэлийг далимдуулан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ. 

 

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.  

Шүүгдэгч Ц.Ц.О-ын үйлдлийн улмаас хохирогч Н.Н.Б-д 500000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 105 дугаар хуудсанд авагдсан дансны хуулгаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.

 

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Ц.Ц.О-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасан ба шүүгдэгч Ц.Ц.О-ын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөлийн хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Ц.О- нь ******** оршин суудаг болох нь Засаг даргын тодорхойлолт /хх-55 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-61 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байна.

 Иймд шүүгдэгч Ц.Ц.О-ын 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа газар болох Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гадагш гарч явахгүй байхаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Ц.О- нь олон тооны голомттой элэгний хавдартай, үүний улмаас Улаанбаатар хотод эмчлүүлэх шаардлагатай гэх ба эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд тус тус заасан үндэслэлээр ял эдлэх бүсээ өөрчлүүлэх талаарх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохиомол байдлыг зориудаар бий болгож, сүсэг сүсэг бишрэлийг далимдуулан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.О-ыг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.О-т оногдуулсан 6 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.О-т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.О-т оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа газар болох Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гадагш гарч явахгүй байхаар тогтоож, түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

 

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.О- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            7.Шүүгдэгч Ц.Ц.О- нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд тус тус заасан үндэслэлээр ял эдлэх бүсээ өөрчлүүлэх талаарх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

   8.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

   9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Ц.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               З.ТӨМӨРХҮҮ