| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2017/02403/И |
| Дугаар | 184/ШШ2017/02230 |
| Огноо | 2017-09-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 184/ШШ2017/02230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймгийн *******-******* сум, 5 дугаар баг, ******* хаягт оршин суух, эрэгтэй, Б.Н /рд: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, хд 45 дугаар байрны 43 тоот хаягт оршин суух, эрэгтэй, Т.Г /рд: *******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Одончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Н нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 25.000.000 төгрөгийг Т.Г амаар харилцан тохиролцож зээлдүүлсэн ба 1.000.000 төгрөгийг хүүнд урьдчилан авч нийт 24.000.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Т.Г дансанд шилжүүлсэн юм. Улмаар уг гэрээгээ баталгаажуулж, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр бичгээр гэрээ хийж, 9 сарын хугацаатай, сарын 4%-ийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон болно. Т.Г нь бичгээр гэрээ байгуулах хүртэл хугацаанд 6.000.000 төгрөгийг, мөн 11.000.000 төгрөгийн үнэлгээтэй Тоёота приус-20 /Toyota Prius-20/ маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн. Бичгээр гэрээ байгуулагдсанаас хойш гэрээний хугацаа дуусах хүртэл 7.000.000 төгрөгийг төлсөн юм. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх төлсөн мөнгөний зарим хэсгийг хүүгийн төлбөрт төлсөн гэж үзэж байгаа тул үндсэн зээлд 11.000.000 төгрөг, мөн 1 сая төгрөгийн хүүгийн төлбөр, 5.500.000 төгрөгийн алданги, нийт 17.500.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээний дагуу 24.000.000 төгрөг шилжүүлэн авсан тул үндсэн зээлийг 25.000.000 төгрөг биш, 24.000.000 төгрөгөөр тооцох ёстой. Түүнчлэн бичгээр хүү алданги тохиролцох хүртэл хугацаанд 6.000.000 төгрөг болон 11.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг төлсөн. Иймд хүү болон алдангийг 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр бичгээр байгуулсан тохиролцооноос хойш тооцох ёстой ба бичгээр гэрээ байгуулах хүртэл хугацаанд төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасаж тооцох ёстой. Бичгээр байгуулсан гэрээнээс хойш уг гэрээний хугацаа дуусах хүртэл 7.000.000 төгрөг төлсөн. Хэдийгээр хуульд зааснаар бага мөнгө төлөх ёстой боловч нэгэнт хүнээс мөнгө авч, тодорхой хугацаанд хэрэглэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаас 8.640.000 төгрөгийн хүү төлөхийг зөвшөөрч байна. Бусад шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
- Зохигчид 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мөнгө зээлэхээр амаар харилцан тохиролцож, тохиролцооны дагуу 24.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан талаар маргаагүй.
- Бичгээр гэрээ байгуулахаас өмнө 17.000.000 төгрөг /6.000.000-ийг төгрөгөөр, 11.000.000-ийг тээврийн хэрэгслээр/-ийг, түүнчлэн бичгээр гэрээ байгуулснаас хойш уг гэрээний хугацаа дуусах хүртэл 7.000.000 төгрөгийг төлсөн талаар тус тус маргаагүй.
- Зохигчид нь хангалттай нотлох баримт бүрдсэн гэж үзэж, мэтгэлцэх шаардлагагүй болохоо илэрхийлж, улмаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүж эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нь шүүхэд хандаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22.000.000 төгрөг нэхэмжилсэн ба хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд шаардлагаа багасгаж, үндсэн зээлийн төлбөрт 11.000.000 төгрөг, хүүгийн төлбөрт 1.000.000 төгрөг, алдангийн төлбөрт 5.500.000 төгрөг, нийт 17.500.000 төгрөгийг хариуцагч Т.Гс шаарджээ. Хариуцагч Т.Г нь нэхэмжлэлийн шаардлагаас 8.640.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан байна.
Нэхэмжлэгч Г.Н нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, хариуцагч Т.Г 25.000.000 төгрөгийг, сарын 4%-ийн хүүтэй зээлдүүлэхээр амаар харилцан тохиролцож, улмаар 1 сарын хүү болох 1.000.000 төгрөгийг урьдчилан авч, 24.000.000 төгрөгийг Т.Г шилжүүлэн өгсөн талаар талууд маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар уг үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.
Гэвч талууд нь анх 25.000.000 төгрөгийг зээлдүүлсэн гэж үзэх үү, эсхүл 24.000.000 төгрөгийг зээлдүүлсэн гэж үзэх үү, түүнчлэн хүү болон алдангийг 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс тооцох уу, эсвэл бичгээр гэрээ байгуулснаас хойш буюу 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс хойш тооцох уу гэдэг талаар маргажээ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог тул зээлдүүлэгч Г.Н шилжүүлэн өгсөн мөнгө болох 24.000.000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Нөгөө талаас, зээлийн хүү нь мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгч өмчлөлдөө шилжүүлэн авч, ашигласны хариу төлбөр байдаг тул ашиглуулаагүй мөнгө буюу эд хөрөнгөөс хүү авах ойлголт байх боломжгүй юм. Иймд урьдчилж хүү суутган авсан гэх нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар, хүүгийн талаар бичгээр тохиролцоогүй бол зээлдүүлэгч нь хүү авах эрхээ алддаг. Иймд зээлдүүлэгч Г.Н нь бичгээр хүү тохиролцох хүртлээ буюу 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хүү авах эрхгүй юм.
Талууд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үүссэн зээлийн харилцааг цааш үргэлжлүүлж, улмаар 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүү, болон алданги төлөхөөр харилцан тохиролцсон талаар маргаагүй, хэн алин нь хүлээн зөвшөөрч байх тул уг тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д: Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж заасантай нийцэж байна. Иймд 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн бичгээр тохиролцсон хүү, алдангийн тохиролцоог хүчин төгөлдөр гэж үзэж, уг хугацаанаас хойш хүү алдангийг тооцно.
Шүүхийн зүгээс мэтгэлцээний явц дахь талуудын тайлбарт дүгнэлт хийх замаар, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6-д заасан журмын дагуу 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн бичгийн гэрээний агуулгыг тодорхойлж үзэхэд, талууд 25.000.000 төгрөгийг тухайн цаг үед зээлдүүлж байгаа биш, харин 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн үлдэх төлбөрт үргэлжлүүлж хүү болон алданги төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна. Иймд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн 7.000.000 төгрөгт, 9 сарын хугацаанд, 4 хувийн хүү тооцож, улмаар хэтрүүлсэн хугацааны алдангийг нэмэж бодох нь зүйтэй. Энэ нь нийт 9.250.000 төгрөг /зээл 7.000.000 төгрөг, 9 сарын зээлийн хүү 2.520.000 төгрөг/ болох ба үүнээс 7.000.000 төгрөгийг зээлдүүлэгчид төлсөн талаар талууд маргаагүй тул Т.Г нь 2.520.000 төгрөгийг хуульд заасан алданги болох 1.260.000 төгрөг /Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн 50%-иас хэтэрч болдоггүй/-ийн хамт, нийт 3.780.000 төгрөгийн зээл болон зээлийн хүү, алдангийг төлөх үүргийг хуулиар хүлээсэн байжээ.
Гэвч хариуцагч тал нэхэмжлэгчид 8.640.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд маргааныг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан талуудын зарчимд нийцэх юм.
Иймд хариуцагчаас 8.640.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасныг тус тус баримтлан Т.Г 8.640.000 төгрөгийг гаргуулан Г.Н олгож, нэхэмжлэлээс 8.860.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Г 153.190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Н олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар, хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн доторНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР