Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/340

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2017/0318

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч Б.Цэрэнбат,

Шүүгдэгч М.С-ын өмгөөлөгч И.Атарбямба,

Шүүгдэгч Б.Н, М.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Б.Н, М.С нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 17180002550112 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол улсын иргэн, ...... оны ..дугаар сарын ...-ны өдөр .... аймгийн ... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, .... ХХК-д ... ажилтай, .. аймаг, .. сум, ..... дүгээр баг, .. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Б.Н, регистрийн дугаар ........

 

2. Монгол улсын иргэн, ...оны ... дүгээр сарын....-ны өдөр ..... аймгийн ....суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,... аймаг,..... сум ..дугаар баг, .... тоотод оршин суух хаягтай, Ш овгийн М.С /РД:................................/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Н, М.С нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ..... аймаг, ..... сум, .... дүгээр баг, ...... байрлах ..... пабд 2017 оны 10 дугаар сарын 2-ноос 2017 оны 10 дугаар сарын 3-нд шилжих шөнө “архи авч өгсөн, өгөөгүй” хэмээн маргалдаж харилцан нэг нэгнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.С, Б.Н нар нь согтуурсан үедээ  ............. аймаг, .... сум, ... дүгээр баг, .....төвд байрлах......паб гэх газар 2017 оны 10 дугаар сарын 2-ноос 2017 оны 10 дугаар сарын 3-нд шилжих шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж М.С нь Б.Н-гийн эрүүн тус газар цохиж 1 шүдний бүрэн хугарал гэмтэл учруулсан, улмаар Б.Н, М.С нар харилцан зодолдож М.С-ын биед тархи доргилт гэмтэл учирч харилцан нэг нэгнийхээ биед хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Б.Н-гийн “... Бид нар архиа хувааж ууж дуусаад гарах гэсэн нэг найз нь тасарсан байхаар нь өргөөд хаалгаар гарж байсан С  гэдэг залуу өөдөөс ирээд цохиж авсан. С миний нүүр рүү шууд ирээд цохиж миний үүдэн шүд унаж уруул зулгарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...шүд хийлгэхэд гарах зардал 800,000 төгрөг нэхэмжилнэ, би М.С-ыг зодоогүй.” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч М.С-ын “...Гадаа гараад Н хоёулаа эр хүн шиг зодолдчих уу гэж хэлсэн тэгээд бид хоёр зодолдсон. Н бид хоёр дээр доороо ороод зодолдож байгаад газар унаад Н миний цээж рүү, толгой уруу өшиглөөд нэг хэсэг ухаан алдсан. М , Б  2 намайг салгаж аваад намайг гэрт хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...эмчилгээний зардал нэхэмжилнэ, би Н-г цохиогүй, ноцолдож байх үед л шүд нь гэмтсэн байх” гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Э-ийн “... доор хүлээж байсан чинь дээр түжигнэлдээд байхаар нь буцаж очоод гарсан чинь Н амаа бариад зогсож байсан, Наад амаа үзүүл дээ гэхэд шүд нь ойчсон байсан, ...С, Н хоёр хоорондоо маргалдаад Н, С миний шүдийг унагаачихлаа гэж хэлээд байж байсан. С, Н хоёр пабны гадаа хэрэлдэж байгаад “эр хүн шиг зодолдъё” гээд дээгүүрх хувцсаа тайлж байгаад барилцаж аваад газар унаад өнхрөөд байсан. Н бид 2 эмнэлэг явж шүдийг үзүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31/,

 

Гэрч Х.Б-ны “...Намайг Э  муудалцаж байхад С, Н нар зодолдоод байж байсан. Тэгээд газар унасан байхаар нь босгож салгаад хоёр тийшээ салсан.”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37/,

 

Гэрч Э.М-ын “...Н, С хоёр гадаа гараад хоёулаа гар барьж байгаад эр хүн шиг зодолдъё сүүлд нь ямар нэгэн асуудал байхгүй шүү гээд зодолдсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36/,

 

Гэрч Б.Б-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 00 орчихоод гараад ирсэн чинь Н-гийн амнаас цус гарсан байсан,... би хэн цохисныг хараагүй, Бид нар бүгдээрээ гадагш гарсан, Гадаа гараад Н нэг залуутай барьцалдаж аваад зодолдсон” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг 00 өрөөнөөс гарч ирэхэд Б.Н-гийн амнаас нь цус гарчихсан шүд нь уначихсан байсан. Бид нараас тусдаа явж байсан 2-3 хүн шүдээ аваач ээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 1-ны өдрийн 990 дугаартай “...Б.Н-гийн биед 1 шүдний бүрэн хугарал, уруулын гадна, дотор хэсгийг хамарсан зулгаралт, баруун нүдний зовхины цус хуралт, баруун өвдөгний зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1017 дугаартай “...М.С-ын биед тархи доргилттой гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 45/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н нь “...би С-ыг ерөөсөө цохиогүй, түүний биед учирсан гэмтлийг учруулаагүй, харилцан зодолдоогүй” гэж мэдүүлж байх боловч дээрхи мэдүүлэг нь тухайн үед хамт байсан гэрч Д.Эрдэнэдалай, Х.Б, Б.М, Б.Б нарын мэдүүлэг, мөн шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.

 

Шүүгдэгч нар харилцан барьцалдаж аван ноцолдож газар унах үед М.С-ын биед “тархи доргилт” гэмтэл учрах боломжтой ба заавал гараар цохих, хөлөөр өшиглөх зэргээр цохиж зодсоноос гэмтэл учирсан байхыг шаардахгүй.

 

Тухайн үед хамт байсан гэрчүүд шүүгдэгч нарыг “эр хүн шиг зодолдоё” гэж хэлээд харилцан гар бариад зодолдсон, газар унасан байхад нь салгаж босгосон” гэж мэдүүлж байх тул М.С-ын биед учирсан гэмтэл тухайн цаг үед учирсан байх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч М.С “Б.Н-г цохиогүй, ноцолдож байх үед шүд нь хугарсан байх гэж мэдүүлж байх боловч үүдэн шүдэн тус газар нь цохисны улмаас 1 шүд бүрэн хугарсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч “дахин шинжээч томилуулах, хэргийн газрын үзлэг хийлгэх, гадна камер шалгах, гэрчүүдийг нүүрэлдүүлэн байцаалгах үндэслэлээр хэргийг буцаалгах” хүсэлт гаргасан боловч хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Б.Н, М.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нар тодорхой ажил эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял шийтгэж, торгох ялын хэмжээг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

М.С нь хохирол төлбөртэй холбогдолтой 486,388 төгрөгийн баримт гаргаж өгсөн боловч эм тариа авсан гэх баримт нь ямар нэгэн тамга тэмдэггүй, мөнгө төлсөн гэх боловч төлсөн дүн хэсэгт бичвэргүй, гарын үсэггүй байх ба шаардлага хангах баримтаа гэртээ орхисон, энэ баримт байхад болно гэж үзээд авчирсан гэжээ.

Б.Н нь “үүдэн нэг шүд бүрэн хугарсан тул хиймэл шүд хийлгэхэд 800,000 төгрөг шаардлагатай уг төлбөрийг нэхэмжлэнэ” гэх боловч энэ талаар баримт гаргаж өгөөгүй байна.

Иймд М.С, Б.Н нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй байна.

М.С, Б.Н нар нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч М.С, Б.Н нарын эзэмшлийн гар утас битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Б.Н, Ш овгийн М.С нарыг хүний биед хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Б.Н 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох, Ш овгийн М.С 600 /зургаан зуу/ нэгжтэй буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160-р зүйлийн 160.1-д зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг дээрх хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг М.С, Б.Н нарт сануулсугай.

 

4. Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.С, Б.Н нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлээ холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч нар хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Б.Н-гийн эзэмшлийн Samsung J1, М.С-ын эзэмшлийн Iphone 4 маркийн гар утас битүүмжилсэн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГЭРЭЛТ-ОД