Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2018/0099

 

 

 

 

2018 оны 01 сарын 08 өдөр

     Дугаар 184/ШШ2018/00099

                    Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х.Х ХХК  нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: М.К ХХК т холбогдох,

 

Төлбөрийн 16,578,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Л, шүүх хуралдааны нарийн  бичгийн дарга Д.Түвшинжаргал нар оролцов.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.ХХХК-ийн төлөөлөн Д.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 5 дугаар сард М.К ХХК манай Х.Х ХХК-д таньдаг хүнээр зуучлуулан цемент худалдаж авах санал тавьж улмаар 2016 оны 5 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар хүртэл, нийтдээ 400 гаруй тн цемент бэлэн мөнгөөр болон зээлээр худалдан авч, өгч байсан.  Гэтэл зээлээр худалдан авсан цементний төлбөр болох 16,578,000 төгрөгийг одоог хүртэл төлөхгүй байгаа бөгөөд манай компанийн зүгээс удаа дараа үлдэгдэл мөнгөө төлөхийг шаардсан боловч зээл бүтэхээр удахгүй өгнө гэдэг хариу өгч, хугацаа хожсоор байсан.

2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр тус компанийн зүгээс 2017 оны 8 дугаар сард багтаан үлдэгдэл 16,578,000 төгрөгөө өгнө гэсэн албан бичиг явуулсан боловч одоог хүртэл өгөхгүй байгаа тул зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн дагуу цемент худалдан авсан үлдэгдэл төлбөр болох 16,578,000 төгрөгийг М.К ХХК-иас гаргуулан өгнө үү. 

Хариуцагч М.КХХК нь блокны үйлдвэрлэл эрхэлдэг байсан. Манайд захиалгаа өгөөд бид Гансүх гэж жолооч ахаар дамжуулан, зарлагын баримт үйлдэн хүргэж хүлээлгэн өгдөг байсан. Утсаар болон биеэр уулзаж төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч өнөө маргааш гэсээр төлөхгүй байсан. Нэг удаа БльМон төвийн 7 давхарт ажил дээр нь өөрөө очиж уулзаад төлбөр барагдуулах тухай бичгийг хийлгэж аваад, энэ төлбөрөө бага багаар цувуулаад өгөөч гэж хэлж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Хариуцагч уг нь Сүхбаатар дүүрэг МУИС-ын замын урд талд БльюМон төвийн 7 давхарт байрладаг юм. Захирал Бямбасүрэн нь тэндээ сууж байгаа хирнээ албан ёсны хаягаар шилжүүлэх хүсэлтийг гаргаад тус шүүхэд шилжүүлсэн байгаа.

 

 

Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх  Сонгинохайрхан дүүргийн хаягтаа анхнаасаа байдаггүй юм. Цаг хугацаа хожих гэсэн арга л гэж бодож байна. Өмнөх Сүхбаатарын хаягаар мэдэгдэх хуудас явуулахад хүлээн авсан байгаа. Хурлын товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

  

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.ХХХК нь хариуцагч М.КХХК-д холбогдуулан 16,578,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч М.К ХХК худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй, 16,578,000 төгрөгийн үлдэгдэлтэй тул түүнийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгчийн 16,578,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтаар Х.ХХХК, М.КХХК нар нь барилгын материалын худалдаа эрхэлдэг байх бөгөөд “Мүгэн Консракшн” ХХК нь Х.ХХХК-иас цемент худалдан авдаг болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, цемент хүлээлгэн өгсөн тухай “Зарлагын баримт” зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. Иймд талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч буюу Х.ХХХК нь цемент бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч буюу М.КХХК нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан цементийг хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Дээрх хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нэхэмжлэгч тал дээрх хуульд заасан үүргээ биелүүлсэн байх тул төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч М.К ХХК нь худалдан авсан цементний төлбөрөөс 16,578,000 төгрөгийг төлөөгүй, уг төлбөрийн үлдэгдэлийг хүлээн зөвшөөрч 2017 оны 8 сард багтаан төлж барагдуулах тухайгаа 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч талд бичгээр мэдэгдэж байсан болох нь хэргийн 13-р талд авагдсан албан бичгээр нотлогдож байна. Энэ хугацаанд төлбөр төлөх үүргээ хариуцагч тал биелүүлсэн эсэх талаар болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн талаарх тайлбар, бичгийн нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй учир нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ. Хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

Хариуцагч М.К ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасан “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх” үүргээ биелүүлээгүй байна. Түүнчлэн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирж тайлбар өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бичгийн бусад баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулдаг. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 240,840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч М.КХХК-иас 16,578,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.ХХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,840 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.КХХК-иас 240,840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.ХХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ч.НЯМСҮРЭН