| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2021/1001/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1073 |
| Огноо | 2021-10-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1073
2021 10 19 2021/ШЦТ/1073
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
улсын яллагч М.Ариунцэцэг,
Шүүгдэгч Х.Бэ, Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Бэ, Г.Х нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00000 1776 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Бэ, Г.Х нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Иийг “муухай харлаа, тайван байгаа газар тайван байгаарай гэж хэллээ” хэмээн дургүйцэж, улмаар дуудан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Бэ, Г.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 00000 1776 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Х.Бэ, Г.Х нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Иийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 21-ээс 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны гадаа ганцаараа сууж байх үед үл таних 2 залуу муухай хараад ууртай явж байхаар нь “тайван газар тайван байлгаарай” гэж хэлээд өнгөрсөн. Тэгээд би буцаад гэр рүүгээ явж байхдаа тэр хоёр залуутай дахин таарахад тэр хоёр залуу намайг дуудсан. Яваад очиход үгийн зөрүүгүй намайг жийгээд зодож эхэлсэн. Намайг зодож дуусаад нөгөө хоёр залуу яваад өгсөн. Тэгээд би өөр хүний гар утсыг гуйж аваад цагдаад дуудлага өгөөд араас нь дагаад алхаж явсан ба тэр хоёр залуу нэлээн олуулаа болчихсон байж байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд би тэр хоёр залууг зааж өгсөн... гэх мэдүүлэг /хх 08-09/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12361 дугаартай:
“Б.И-н биед зулайн хуйханд зулгаралт, цус хуралт, зүүн хөмсгөнд шарх, зүүн баруун нүдний зовхинд цус хуралт, хамар, хацар, хүзүү, баруун гар, зүүн даланд зулгаралт, уруулд шарх цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх 25-26/,
- хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, хэрэг бүртгэлийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-01-08/,
- гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-09-10/,
- эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, үзлэгийн хуудас, Гэмтэл согог судлалын үндэсний төв, хохирлын баримтууд, фото зураг /хх-11-14, 155/,
- хохирлын баримт /хх 156/,
Шүүгдэгч Г.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн орой найз Бийн хамт Баянзүрх дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын туннелээс урууддаг туслах зам дээр үл таних И гэх залуутай маргалдсаны улмаас түүнтэй зодолдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/,
Шүүгдэгч Х.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2021 оны 08 дугаар сарын 04-ний орой найз Хгийн хамт Баянзүрх дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын туннелээс урууддаг туслах зам дээр үл таних И гэх залуутай маргалдсаны улмаас түүнтэй зодолдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх 60-61/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Хг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 40/,иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 41/,
шүүгдэгч Х.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 34/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 72-73/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б Х.Бэ, Г.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Бэ, Г.Х нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Х.Бэ, Г.Х нарын бүлэглэн иргэн Б.Иийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Б.И нь нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байх ба түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Бэ, Г.Х нар гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Бэ, Г.Х нарт ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн , гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгч Х.Бэ, Г.Х нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Гын Х, Х овогт Хийн Бэ нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Х.Бэ, Г.Х нарыг тус бүр шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бэ, Г.Х нарт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Бэ, Г.Х нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ