Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2015/0464

 

Ю******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, Ю******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х*******нд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ю******* ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгч болон тусгай дугаарт ярианы үйлчилгээ эрхлэгчид хоорондоо гэрээний үндсэн дээр хамтран ажилладаг бөгөөд талууд орлогоо гэрээнд зааснаар хуваадаг байсан.

Гэтэл Х*******ноос 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 38 тоот тогтоол гаргаж тусгай дугаарт ярианы үйлчилгээний орлого хуваарилах зарчмыг баталсан бөгөөд уг тогтоолоор цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчид ноогдох орлогын доод хязгаарыг хэрэглэгчийн төлж буй харилцан холболтын үйлчилгээний төлбөрөөр, дээд хязгаарыг тухайн дугаараас олох орлогын 40 хувиар хязгаарлажээ. Энэхүү тогтоолын агуулга нь төрийн байгууллагаас хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдах иргэн, хуулийн этгээдийн харилцаанд төрийн байгууллага хууль бусаар оролцож байгаа хэлбэр гэж үзэж байна. Тодруулбал, цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгч болон тусгай дугаарт ярианы үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулж буй гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсний дагуу иргэний эрх зүйн харилцаанд оролцогч иргэн, хуулийн этгээд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсний үндсэн дээр харилцан тохиролцож байгуулдаг гэрээ юм.

Иймд Х*******ны 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 38 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х*******ноос шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө түүний хэрэгжүүлэлтийн хүрээнд Монгол Улсад тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний талаар баримтлах зохицуулалтын үндсэн чиглэлийг тодорхойлж 2013 оны 60 дугаар тогтоолоор зохицуулалтын баримт бичгийг, Зохицуулалтын баримт бичиг болон үйлчилгээ эрхлэгчдийн санал хүсэлтийн хүрээнд тус хорооны 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 38 тоот тогтоолоор Тусгай дугаарт ярианы үйлчилгээний үнэ тариф, орлого хуваарилах зарчмыг батлах тухай шийдвэрүүдийг тус тус гаргасан.

Бидний зүгээс аливаа шийдвэрийг гаргахдаа талуудыг харилцан тохиролцох боломжоор хангах, хууль, журмын хүрээнд шударга, үр ашигтай харилцан ялгаваргүй ижил тэгш өрсөлдөх нөхцөлийг анхаардаг бөгөөд тусгай дугаарт ярианы үйлчилгээний үнэ тариф, орлого хуваарилах зарчмыг батлах тухай шийдвэрийг гаргахдаа цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчид болон тусгай дугаарт ярианы үйлчилгээ эрхлэгчидтэй 2013 оноос тухайн шийдвэрийг гарах хүртэл хугацаанд уулзалт хэлэлцүүлгийг 2 удаа, хэсэгчилсэн уулзалт хэлэлцүүлгийг 3 удаа хийж албан тоотоор санал үндэслэлүүдийг нэгдсэн байдлаар 1 удаа гаргуулан авсан.

Зохицуулалтын явцад үйлчилгээ эрхлэгчдийн уулзалт хэлэлцүүлгийн хүрээнд гаргасан санал болон ирүүлсэн тооцоо судалгаа, санал үндэслэл нь өөр хоорондоо хол зөрүүтэй бөгөөд зарим тооцоо судалгаа хангалтгүй болон үндэслэлгүй байсан тул тус хорооноос нэгдсэн саналын хувилбарыг боловсруулан талуудад дахин хүргүүлж нэгдсэн уулзалт, хэлэлцүүлгийг дахин зохион байгуулж, тухайн хувилбар санал дээр нэгдсэн саналыг албан ёсоор дахин гаргуулан авч тухайн саналыг үндэслэн тус хорооноос бүрэн эрхийн хүрээнд эцсийн байдлаар зохицуулалтын шийдвэрийг гаргасан гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар шийдвэрээр: Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.1.5-д заасныг баримтлан Ю******* ХХК-ийн гаргасан Х*******ны 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Тусгай дугаарт ярианы үйлчилгээний үнэ тариф, орлого хуваарилах зарчмыг батлах тухай 38 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Г******* давж заалдах гомдолдооЮ*******

ХХК нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Х******* нь 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 38 тоот тогтоол гаргаж, цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчид болон тусгай дугаарын үйлчилгээ эрхлэгчдийн хоорондын орлогыг хуваарилан, тарифын доод, дээд хягаарыг тогтоосон шийдвэр гаргасан нь төрийн байгууллагаас хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдах иргэн хуулийн этгээдийн харилцаанд төрийн байгууллага хууль бусаар оролцож байгаа хэлбэр хэмээн үзэж нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс өмнөх зохицуулалт болох 2005 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 13 тоот тогтоол, 2008 оны 29 дүгээр тогтоолд ямар ч гомдол, нэхэмжлэл гаргаагүй атлаа одоогийн маргаж буй тогтоолоор орлого хуваарилалтыг нэмэгдүүлснээр нэхэмжлэгчийн эрх хэрхэн зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байна хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн бид шахалтаар зарим нэр бүхий компанитай орлого хуваарилалтыг 40/60хувиар тохирч гэрээ байгуулсан байсныг шүүхээс одоогийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ гэрээ байгуулсан өөрийн үйлдлээрээ үгүйсгэсэн шинжийг агуулж байна хэмээн дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй хэмээн үзэж байна.

Мөн Ю******* ХХК-тай ижил төрлийн үйлчилгээг үзүүлдэг Мобиком, Скайтел, Жи- мобайл компаниуд энэ асуудлаар маргаагүй тул харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдэд хамааралтай, хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа уг тогтоолыг нэхэмжлэлд дурьдсан үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй хэмээсэн нь нэхэмжлэгчийн хуулиар тогтоосон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тохиолдолд хууль, журмын дагуу шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх язгуур эрх ашгийг үл ойшоон бусад компаниуд гомдол гаргаагүй тул Ю******* ХХК-ийн нэхэмжлэлд заасан үндэслэлээр Х*******ны 2014 оны 38 тоот тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх боломжгүй байна. Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэл, тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтад зөв дүгнэлт хийж, хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэжээ.

Х******* 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Тусгай дугаарт ярианы үйлчилгээний үнэ, тариф, орлого хуваарилах зарчмыг батлах 38 дугаартай тогтоолоор Тусгай дугаарт ярианы үйлчилгээний үнэ тарифийн дээд хязгаарыг 700 төгрөгөөр, уг тогтоолын хавсралтаар 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчид ноогдох орлогын доод хязгаар нь хэрэглэгчийн төлж буй харилцан холболтын үйлчилгээний төлбөр, дээд хязгаар нь 40% хүртэл, Тусгай дугаарт ярианы үйлчилгээ эрхлэгчид ноогдох орлого нь Тусгай дугаарт ярианы үйлчилгээ эрхлэгчид ноогдох орлого=Тусгай дугаарт ярианы үйлчилгээний орлого-Цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчид ногдох орлого байхаар тогтоож, үүнтэй холбогдуулан тус хорооны 2008 оны 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч Ю******* ХХК шүүхийн дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч 38 дугаар тогтоол нь хууль бус, түүний улмаас Ю******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх гомдол гаргасныг хянан үзвэл:

1.  Х******* 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Зохицуулалтын баримт бичиг батлах тухай 60 дугаар тогтоол гаргаж, Тусгай дугаарт ярианы үйлчилгээ гэж харилцаа холбооны дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд заасан тусгай дугаар ашиглан харилцаа холбооны сүлжээгээр дамжин хэрэглэгчдэд яриа хэлбэрээр хүрч буй контент болон зөвлөгөө, мэдээлэл, лавлагааны үйлчилгээ байхаар зохицуулж, үйлчилгээ эрхлэгчид ноогдох орлого нь өөрийн хэрэглэгчээс тусгай дугаарт холбогдоход гарах тогтмол болон хувьсах зардлын нийлбэр байх, тусгай дугаар эзэмшигчийн орлого нь тусгай дугаарын нийт орлогоос үйлчилгээ эрхлэгчид ноогдох орлогыг хассан дүн байх, нэмүү өртөгт үйлчилгээний үнэ тарифын дээд хязгаарыг шаардлагатай бол Зохицуулах хороо тодорхой хугацаанд шинэчлэн тогтоож болохоор зохицуулжээ.

Х*******ноос 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01/628 дугаар албан бичгээр Монгол Улсад үүрэн, суурин телефон холбооны үйлчилгээ эрхэлдэг бүх аж ахуйн нэгжүүдээс үнэ тариф, орлого хуваарилах зарчим тогтоох саналыг авч, Ю******* ХХК тус хороонд судалгаа саналаа хүргүүлсэн болох нь 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 01/1044 дүгээр, 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 02/1177 дугаар албан бичгүүдээр тогтоогджээ.

Х*******ны 2003 оны 37 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Цахилгаан холбооны сүлжээнд холбогдох, сүлжээ хоорондын харилцан холболтын ерөнхий журам-ын Арав-т харилцан холболтын болон сүлжээнд холбогдох гэрээнд тусгагдах харилцан холболтын болон сүлжээнд холбогдох үйлчилгээний төлбөр, харилцан холболтын үйлчилгээний орлого хуваарилах зарчмыг тодорхой тусгасан.

Тухайлбал, уг журмын 10.1.1-д гэрээнд оролцогч талууд...гэрээнд тусгах харилцан холболтын үйлчилгээний болон сүлжээнд холбогдох үйлчилгээний төлбөрийн, орлого хуваарилах зарчмын тухай...саналыг үндэслэлийн хамт гэрээ байгуулахаас өмнө Зохицуулах хороонд хүргүүлэх, 10.1.2-10.1.6 дахь заалтуудад Зохицуулах хороо саналыг хянан үзээд хүлээн авах боломжгүй тохиолдолд гэрээнд тусгах харилцан холболтын үйлчилгээний болон сүлжээнд холбогдох үйлчилгээний төлбөр, харилцан холболтын үйлчилгээний орлого хуваарилах зарчмыг тогтоон, шийдвэрийг талуудад хүргүүлэх, ...гэрээнд оролцогч талууд шийдвэрийг гэрээнд шууд тусган дагаж мөрдөхөөр заасан байна.

Мөн Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4.-д сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журмыг батлах, 9 дүгээр зүйлийн 9.1.5-д харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлалыг батлах, зах зээлд давамгайлж буй үйлчилгээний тарифыг хянах бүрэн эрхийг Зохицуулах хороо хэрэгжүүлнэ гэж заасны дагуу Х******* 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Тусгай дугаарт ярианы үйлчилгээний үнэ, тариф, орлого хуваарилах зарчмыг батлах тухай 38 дугаартай тогтоол гаргасан байх тул түүнийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

2.  Гомдол гаргагч нь нэхэмжлэгч өмнөх ижил агуулга бүхий шийдвэрт гомдол, нэхэмжлэл гаргаж байгаагүй, ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг бусад компаниуд энэ асуудлаар гомдоогүй тул уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг шүүхэд хандаж шийдвэрлүүлэх язгуур эрхийг үл ойшоосон хэмээн маргаж байна.

Х*******ноос 2005 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар тогтоолоор тарифын дээд хязгаарыг 350 төгрөгөөр, орлого хуваарилалтын гэрээг 40/60 хувиар байгуулах шаардлагатай болохыг тус хорооны 2005 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1/329 дүгээр албан бичгээр тусгай дугаар эзэмшигчдэд хүргүүлж байсан, 2008 оны 29 дүгээр тогтоолоор өртөг нэмэгдүүлсэн мэдээлэл, лавлах үйлчилгээний зориулалттай тусгай дугаар эзэмшигчдийн үйлчилгээний нэгж минутын үнэ тарифын дээд хязгаарыг 350 төгрөгөөр тогтоож, үүний 100 төгрөг нь үүрэн телефон холбооны үйлчилгээ эрхлэгчдэд, 50 төгрөг нь суурин телефон хэрэглэгчдэд ногддог байхаар зохицуулж байжээ. Дээрх байдлаар Зохицуулах хорооноос захиргааны акт гарч, тусгай дугаарт ярианы үйлчилгээний нэгж минутын үнэ тарифын дээд хязгаарыг зохицуулж байсан боловч уг актад гомдол гаргаагүй нь дараагийн актад нэхэмжлэл гаргах эрхийг хууль зүйн хувьд хязгаарлахгүй, мөн захиргааны актыг шууд хүлээн зөвшөөрөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдээс зарим нэр бүхий компанитай орлого хуваарилалтыг 40/60 хувиар тохирч гэрээ байгуулсан байгааг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэж дүгнэх, нөгөөтэйгүүр гэрээ байгуулснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үгүйсгэсэн гэж дүгнэх үндэслэлгүй юм.

3.  Мөн маргаан бүхий тогтоолын агуулга нь төрийн байгууллагаас хуулиар олгогдоогүй эрхийг эдэлсэн, тодруулбал, цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгч болон тусгай дугаарт ярианы үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулж байгаа гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийг зөрчсөн гэж маргаж байна.

Х******* 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Тусгай дугаарт ярианы үйлчилгээний үнэ, тариф, орлого хуваарилах зарчмыг батлах 38 дугаартай тогтоолын хавсралт /х/х-ийн 28 дугаар тал/-д Цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгч болон тусгай дугаарт ярианы үйлчилгээ эрхлэгч нь орлого хуваарилах хувь хэмжээний хязгаар дотор харилцан тохиролцох нь нээлттэй бөгөөд орлого хуваарилах гэрээнд тусган тус хороонд бүртгүүлнэ гэжээ.

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д заасанчлан Зохицуулах хороо харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх үүрэгтэй байх бөгөөд тухайн салбарт хяналт тавих зохицуулах эрх хуулиар олгогдсон байна. Түүнчлэн тусгай дугаар эзэмшигч, цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгч талууддээрх тогтоолын хүрээнд Зохицуулах хорооноос баталсан орлого хуваарилах хувь хэмжээний дотор орлогоо хуваарилах гэрээ байгуулах эрхтэй байх тул тухайн харилцааг хууль зүйн хувьд шууд иргэний эрх зүйн харилцаа гэж үзэх үндэслэлгүй болно.

Иймд, дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, түүнийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Б. ТУНГАЛАГСАЙХАН