Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
Хэргийн индекс | 137/2016/0110/Э |
Дугаар | 105 |
Огноо | 2016-10-07 |
Зүйл хэсэг | 099.1., |
Улсын яллагч | Э.Болор |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж
Нарийн бичгийн дарга Б.Алтансүх
Улсын яллагч Э.Болор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, 1992 оны 12 сарын 09-ний өдөр төрсөн, 24 настай, яс үндэс халх, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өртөөний жижүүр, найруулагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн баг, 17-17 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдахдаа Замын Үүд өртөөнд туслах найруулагчийн ажил эрхэлдэг байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Лүү жамц овогт Мөнхсүхийн Алтантулгад /РД: ЕЮ921201914/ холбогдох эрүүгийн 201610010195 тоот хэргийг хянан хэлэлцэв. Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд авагдснаар/
Шүүгдэгч М.Алтантулга нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт байрлах Булган плаза бааранд 2016 оны 09 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00:00 цагийн үед иргэн Т.Отгонбаатартай маргалдан толгойн тус газарт шилэн аягаар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Алтантулга хэлэлцүүлэгт өгсөн “ Би 2016 оны 09 сарын 01-нд 22 цагийн орчим найз Энхбилэг, Энхзул, Энхбаатар, манай эхнэр Уянгабайгаль нарын хамт Булган плаза бааранд орсон юм. Тэнд 2, 2 пиво уусан. Тэгээд хэсэг суусаны дараа бид нар бүжиглэхээр талбайд гарсан бөгөөд хохирогч Отгонбаатар, түүний найз Батбаяр, Очбаяр нар манай эхнэр болон Энхзул нарыг бүжиглэж байхад нь урдуур, хойгуур нь ороод янз бүр болоод өдөөд байхаар нь би дундуур нь ороход Отгонбаатар намайг мөрлөхөөр нь чи аль дээрээс хойш яагаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд Отгонбаатар намайг түлхээд унагаасан ба би унахдаа юманд тээглээд толгойгоороо унасан. Тэгээд босч ирэхдээ гарт таарсан зүйлээрээ Отгонбаатарын толгой руу цохьсон. Тэгсэн тэр нь шилэн аяга байсан. Ингээд удаагүй цагдаа ирсэн. Урьд нь намайг таксинд явж байхад Отгонбаатар гэр рүүгээ хүргүүлчихээд таксиний мөнгөө өгөхгүй байсны улмаас бид 2 муудаж байсан. Ер нь Отгонбаатарыг сайн танихгүй, тухайн үед эхнэрээ хардаж, харамлаж ийм зүйл болсон. Би хохирогч Отгонбаатарт эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг төлсөн, тэрээр гомдол санал байхгүй гээд бид эвлэрсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Анх удаа хэрэгт холбогдсон байдлыг харгалзан үзнэ үү” гэсэн мэдүүлэг
Хохирогч Т.Отгонбаатарын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн “Би 2016 оны 09 сарын 01-нд граж дээрээ байж байгаад гараад найзтайгаа уулзаад гэрт нь 0,75 граммын Соёрхол архи уусан. Тэгээд хамтдаа Булган плазагийн бааранд орж пиво ууцгаасан. Тэгээд бүжиглэж байгаад Алтантулгатай муудаж маргалдсан, түүнийг түлхэж унагаасан. Тэгтэл Алтантулга босч ирээд пивоны шилэн аягаар миний толгой руу цохиод толгой хагалсан. Тэгээд цагдаа нар Алтантулгыг авч явж, би эмнэлэг дээр очиж толгойдоо 16 оёдол тавиулсан. Урьд нь бид 2 таксины мөнгө дээрээс болж маргалдаж байсан. Би Алтантулгаас эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 21/ гэсэн мэдүүлэг
2016 оны 09 сарын 02-ны 00:54 цагт шүүгдэгч М.Алтантулгын согтуурлын зэргийг шалгасан “1,60 хувтай байсан болно” гэсэн магадлагаа /хх-15/
Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 сарын 02-ны өдрийн “1. Т.Отгонбаатарын биед хуйханд ар дагз хэсэгт язарсан шарх, баруун шилбэний урд хэсэгт шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагтанд нөлөөлөхгүй” гэсэн 355 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн17/
Шүүгдэгч М.Алтантулга нь урьд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/
Хохирогч Т.Отгонбаатарын шүүхэд ирүүлсэн “Миний бие Бумбат овогт Тогоогийн Отгнбаатар нь 2016 оны 09 сарын 01-ны орой М.Алтантулгатай маргалдаж миний биед хөнгөн гэмтэл учирсан. М.Алтантулга нь миний эрүүл мэндэд учирсан хохирлыг бүрэн төлж брагдуулж, 3,000,000 төгрөгийн эмчилгээний зардал өгсөн. Иймд цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, энэ хэргийн улмаас учирсан гэм хор арилсан тул М.Алтантулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 47/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч М.Алтантулга нь согтуурсан үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт байрлах Булган плаза үйлчилгээний төвийн бааранд 2016 оны 09 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00:00 цагийн үед хохирогч Т.Отгонбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “эхнэр Уянгабайгалийг өдөж, хоргоолоо” гэх үндэслэлээр маргалдан, түүний толгойн тус газарт шилэн аягаар цохиж бие махбодид нь хуйханд ар дагз хэсэгт язарсан шарх, баруун шилбэний урд хэсэгт шарх, зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн гэмтэл учруулсан байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул шүүгдэгчийг 2016 оны 09 сарын 01-ний орой бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Алтантулга дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Отгонбаатарын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 сарын 02-ны өдрийн 355 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Алтантулга нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон байх тул Замын Үүд дэх Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэдийгээр шүүгдэгчийн уг хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдох боловч тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэргийн 33 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон, мөн хохирогч Т.Отгонбаатар нь эмчилгээний зардалд 3,000,000 төгрөгийг шүүгдэгчээс хүлээн авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгч М.Алтантулгатай сайн дураараа эвлэрсэн болохоо илэрхийлсэн баримтыг /хх-ийн 47/ шүүхэд ирүүлсэн байна.
Түүнчлэн шүүгдэгч нь уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-т “согтуурал буюу мансуурсан байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй “ гэж заасанд хамрагдаж байх боловч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч Т.Отгонбаатар нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан үндэслэлээр шүүгдэгч М.Алтантулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Алтантулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримт хураагдан ирээгүй, хохирогч Т.Отгонбаатарт эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Лүү жамц овогт Мөнхсүхийн Алтантулгыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Дорноговь аймгийн Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Лүү жамц овогт Мөнхсүхийн Алтантулгад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. М.Алтантулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
4. М.Алтантулга нь хохирогч Т.Отгонбаатарт эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба М.Алтантулгад урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгсугай.
6. Энэ шийтгэх тогтоолыг М.Алтантулга, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.ЦЭРЭНХАНД