Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/261

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа, 

Гэрч Б.Отгонбаяр /онлайн/,    

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уянга,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг,

Шүүгдэгч Ш.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Г-д холбогдох эрүүгийн 2115000000201 дугаартай, 163/2021/0217/Э индекстэй хэргийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр багийн задгайд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 33 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Ш-ийн Г, /РД: ***/.

 

Шүүгдэгч Ш.Г нь 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...талын шороон замд “Даюун” загварын мотоцикл жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж осол гарган зорчигч С.*******ын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Г өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уянга өгсөн мэдүүлэгтээ: 7 дугаар сард манай гэр бүл аяллаар Архангай аймаг руу яваад буцахдаа Булган аймгийн Дашинчилэн суманд замдаа хоносон. Тэгээд манай талийгаач тэнд байсан хүмүүсээс багын найз Ганбатыг сураглахад төвтэй ойрхон амьдардаг гэсэн. Маргааш нь гэрийг нь заалгаад Ганбатын очсон...  ...Ганбатынд олон хүмүүс ирж ууж идээд, ирсэн хүмүүс нь хоорондоо таарамжгүй харьцаа үүсгээд байсан. Тийм болохоор нь Ганбатынд нэг хоноод маргааш нь буцсан. Яг эмээлт рүү орж ирж байхад Ганбат залгаад миний ээжтэй уулзсангүй явлаа, ээж маань уйлаад байна гэж ярьсан. Ер нь бол бид нарыг явуулах дүргүй байсан. Манай нөхөр Ганбатад за тэгвэл тэгж байгаад нэг очно гэж хэлсэн. 8 дугаар сарын 12-ны өдөр миний нөхөр Оюу толгой руу ажилдаа явах байсан. Эв эрүүл хүн байсан. Ирэх 2 дугаар сард Австрали явах гээд гэрээгээ хийсэн байсан. Ганбатын мэдүүлгийг сонслоо. Бүх юм дээр миний нөхрийг буруутгаад байна. Би 5-13 насны 3 хүүхэдтэй үлдсэн. Бага охин аавыгаа байнга асуудаг. Том хүүхдүүд байнга орондоо уйлж хонодог. ...Очдог өдрийн 12 цаг болж байхад бид Улаанбаатараас гарсан. Манай нөхөр Ганбат руу залгасан. Тэгээд би ажил руугаа явах гэж байгаа өнөөдөр очвол боломжтой байна уу, эгчид очно гэж хэлсэн гээд залгасан. Тэгсэн хүрээд ир малынхаа тарилгыг хийж байна гэсэн. ...Ганбатынд очиход шөнийн 01 цаг болж байсан. Очоод авч очсон архийг задалсан. Ганбатын эхнэр унтаж байсан, босож ч ирээгүй. Миний нөхөр 1, 2 хундага архи уучихаад Оюу толгой руу ажилдаа явж байгаа тул архи ууж болохгүй гээд унтсан. Ганбат, Мишээл, Отгонбаяр 3 архийг хувааж уусан. Ганбат голчлон архийг уусан. Шөнийн 03 цаг болоход архи нь дууссан, тэгсэн Ганбат орж ирээд эхнэртээ би халуураад байна явж нэмж архи ууна гэж хэлсэн. Тэгсэн эхнэр нь боль гэж хэлээгүй, эрт ирээрэй гэж хэлээд явуулсан. ...Хоол болж байх хооронд эртхэн ээж дээр нь очно гээд бид нар очсон. Тэгээд эгчтэй юм яриад тэднийхээс гараад дэлгүүрээс 8 лааз пиво, 2 жимстэй пиво авсан. Ганбатын гэрт айраг байсан. Эхнэр нь харшилтай гээд бид хоёр жимстэй 2 пивийг уусан. 16 цагийн үед Ганбат дахиад дэлгүүр орно гэснээ эхнэрээ чи яваад ир гэсэн гэтэл эхнэр нь “би дэлгүүрийн эзнийг танихгүй чи өөрөө яв” гэсэн. Тэгэхээр нь талийгаач яах гээд байгаа юм бэ, юм авах гэж байгаа бол миний картыг аваад яв гэсэн. ...Тэгсэн Ганбат мотоциклээ асааж орж ирээд манай нөхрийг татаад хамт дэлгүүр орьё гэсэн. Би явуулахгүй гэсэн боловч манай хүн явчихаад ирье гээд гарсан. Гэтэл гадаа гараад мотоциклээ хөдөлгөхдөө Ганбат манай нөхрийг унагаасан. Тэгээд би дэмий юм биш үү гэхэд манай нөхөр зүгээрээ гээд явсан. Хэн ч мотоциклийг түрээгүй. Манай дүүгийн нөхөр Отгонбаяр энхийг сахиулагч, Судан улсад алба хаагаад ирсэн, амралтаараа амарч явсан хүн байгаа. Гэтэл яагаад тэр хүнийг өнөөдөр буруутгаад байгааг ойлгохгүй байна. Ажил албан тушаалаа хийж явсан хүн биш. Яагаад цагдаа гэдэг утгаар нь хандаад байгаа юм бэ?. Осолд орлоо гээд эмнэлгээс дуудаад очиход л нөхөр маань ухаангүй байсан. Энэ хүн орилоод л байсан. Би гэрийнхэнтэй нь хэл ам хийгээгүй. Цагдаагийн газарт мэдүүлэг өгчихөөд гараад ирэхэд бидний амьдралыг сүйрүүллээ гэсэн. Та нар үр хүүхдээрээ далайлгаж байна. Би ч гурван хүүхэдтэй. Ажил явдлын дараа Ганбат юу байна гэж утсаар ярьсан. Юу байлгах гээд байгаа юм бэ? надад үхсэн хүн, эцэггүй үлдсэн 3 хүүхэд л байна. Миний хадам ээж шокын байдалд орсон. Нөхөр маань айлын бага хүү байсан. Би Ганбатыг чи яаж байгаад унагаасан талаар хэлээд өгөөч гэхэд би юу ч санахгүй байна гэсэн. Би Лхамаад “чиний нөхөр унтаж байгаа хүнийг аваад гарсан биз дээ” гэхэд Лхамаа тийм гэсэн. Гэмтэл дээр 3 хоногийн тариа авч өгсөн. ...Ганбатаас талийгаач нөхрийн цалингийн зээлийн үлдэгдэл 5.626.986 төгрөг, кредит картын төлбөр 3.825.412 төгрөг нийлээд 9.452.412 төгрөг болж байна. Оршуулгын зардалд бүрдүүлж өгсөн баримтаас тамгатай 9.344.352 төгрөг, тамгагүй 2.688.210 төгрөг, 49 хоног хураахад хүүхдийн зэд 1.000.000 төгрөг, шүүх хуралд ирж очих замын зардал, хоол ундны 597.125 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөг, талийгаачийг Булганаас Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү тээвэрлэсэн зардал 2.000.000 төгрөг, нийт 30.082.085 төгрөгийг нэхэмжилнэ. Үүнээс Ш.Г-н өгсөн 10.500.000 төгрөгийг хасаад, үлдэгдэл 19.582.085 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би талийгаачийг эмчлүүлэхээр эмнэлэгт байсан эмчилгээний зардал, оршуулахад гарсан бодит зардлыг л нэхэмжилж байгаа. Үр хүүхэддээ тэтгэвэр, тэтгэмж нэхэмжлээгүй гэдгийг хэлмээр байна. Маш их гомдолтой ялын дээд хэмжээ оноож өгнө үү гэв.  

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эрүүгийн 2115000000201 дугаартай хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        -  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р тал/,

­-  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7-р тал/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13-р тал/,

- Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16-р тал/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-21-р тал/,

- Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-27-р тал/,

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Удвалын өгсөн “... Манай бэр Уянга хэлэхдээ хөдөө айлд очсон тухайн айлын залуу нь хамт тамхинд явчхаад ирье гэж хэлээд талийгаач С.*******ыг татсаар байгаад мотоциклтэй хамт дэлгүүр явсан гэсэн. Тэгээд замдаа зам тээврийн осолд орсон гэж хэлсэн. Би болохоор осол болсны дараа Өмнөговь аймгаас Булган аймгийн Дашинчилэн сумын эрүүл мэндийн төв дээр ирэхэд манай дүү С.******* нь ухаангүй байдалтай байсан. Түүнээс хойш ухаан оролгүй байж байгаад улмаар Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчилгээ хийлгэж байгаад нас барсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-34-р тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Уянгын өгсөн “... Би 2021 оны 8 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө нөхөр ******* төрсөн дүү Мишээл Мишээлийн нөхөр Отгонбаяр нарын хамт Улаанбаатар хотоос Булган аймгийн Дашинчилэн сум руу найз Ганбатынд ирсэн юм. ...Тэгээд Ганбат, манай нөхөр ******* нар пивоо хувааж уусан. Ганбат, ******* хоёр хонь гаргана гээд хонинд яваад иртэл Дашинчилэн сумын Аагий гэдэг залуу ирээд авч ирсэн хонийг нь гаргаж өгөөд хоол хийж идэцгээсэн. Тэгээд нөгөө ууж байсан пиво нь дуусаад дахиад пиво авах болсон. ...Ганбатын ээжийн гэрт Ганбат манай нөхөр бид гурав очсон. Тэгээд бид нар Ганбатын ээжийнхээс гараад дэлгүүр ороод 15 ширхэг “Сэнгүр” нэртэй 0.5 литрийн пиво аваад Ганбатын гэр рүү явцгаасан. Ганбатын гэрт ирээд авч ирсэн пивоноосоо уугаад хоол идээд юм ярьцгаагаад бас хөзөр тоглоно гээд байж байтал хөзөр байхгүй байна бас тамхи дууссан байна гэсэн чинь Лхамаа сумын төв рүү явна гээд гарсан чинь мотоцикл нь асахгүй байсан. Тэгсэн Ганбат гараад мотоциклээ асааж чадаагүй. Тэгсэн манай нөхөр ******* Ганбатыг чи яваад ирэхгүй юу гэсэн би нөхрийгөө тэврээд орон дээр хэвтэж байтал Ганбат манай нөхрийг хамт явъя гээд гараас нь хүчтэй татсан тэгтэл нөхөр бид хоёр орны урдуур гараараа тулаад унасан тэгээд манай нөхөр за за хамт явчхаад ирье гээд боссон. Тэгээд 16 цаг 10 орчим минутын орчимд Ганбат мотоциклээ бариад манай нөхөр ******* ард нь сундлаад хөдөлсөн тэгтэл гэрийнхээ яг урд мотоциклтэйгээ унасан тэгэхээр нь та хоёр дэмий явж чадахгүй юм биш үү гэсэн чинь Ганбат зүгээрээ гээд хөдлөөд явсан. 17 цагийн үед Лхамаа руу Дашинчилэн сумын эмнэлгээс залгаад танай нөхөр мотоциклтэй уначихсан байна хурдан ир гэсэн. Ингээд бид нар эмнэлэг дээр ирсэн юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 40-43-р тал/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1706 дугаартай 1. С.*******ын цогцост гавлын орой болон суурь ясны хугарал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх болон эдийн гүн дэх цусан хураа, зүүн чамархайн хатуу хальсан доорх нимгэн цусан хураа, хоёр тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз болон таславч хооронд, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дух, зүүн хажуугийн ховдлын арын эврийн тархины эдийн няцрал, баруун бугалганы хүзүү хэсгийн бяцарсан далд хугарал, баруун зовхи, баруун бугалга, шуунд цус хуралт, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу авто ослын үед хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай ба гэмтэл үүссэн дэс дарааллыг тогтоох боломжгүй. 3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач нь гавлын орой болон суурь ясны хугарал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх болон эдийн гүн дэх цусан хураа, зүүн чамархайн хатуу хальсан доорх нимгэн цусан хураа, хоёр тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз болон таславч хооронд, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дух, зүүн хажуугийн ховдлын арын эврийн тархины эдийн няцрал гэмтлүүдийн улмаас тархины комын байдалд орж уушгины идээт үрэвслээр хүндэрч нас баржээ. 5. Талийгаач нь ГССҮТ-д 9 хоног эмчлэгдсэн байх тул цусанд согтууруулах болон мансууруулах бодис тодорхойлох шаардлагагүй байна. 6. Цус нь АВО системээр O/I/ бүлгийн харьяалалтай байна... гэх дүгнэлт /хх-ийн 88-93-р тал/,

- Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 04 дугаартай дүгнэлт:  

1. Жолооч Ш овогтой Г РД:***нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангилал ***дугаартай үнэмлэх нь Цагдаагийн ерөнхий газрын хайлт лавлагааны системээр эрх хасагдсан төлөвтэй байна. Жолооч Ш.Г нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр авто курс төгссөн байна. Бүгд найрамдах хятад ард улсад үйлдвэрлэгдсэн ногоон өнгийн “Даюун” маркийн мотоцикл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй байна.

2. Хэрэг бүртгэлтийн 2115000000201 дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хэргийн газрын үзлэг, ослын гэрэл зураг, ослын схем зураг, өөрийн өгсөн мэдүүлэг гэрч нарын өгсөн мэдүүлгээр Жолооч Ш овогтой Г РД:***нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:

а/ түхайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм. сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

3. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Ослын фото гэрэл зураг, ослын схем зураг үзэхэд зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.

4. Зам тээврийн осол, хэрэг гарах болсон шалтгаан нь жолооч Шархүү овогтой Ганбат РД:***нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 зүйлийн а хэсгийг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.... гэх дүгнэлт /хх-ийн 102-р тал/,

- Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 13/160 дугаартай албан бичиг /хх-ийн 84-р тал/,

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Ш.Г-н өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр би хонь малаа будаад янзлаад байж байхад Улаанбаатар хотоос талийгаач найз С.******* утсаар залгаад би Улаанбаатар хотоос гарч байна. Танайх руу очиж байна гэж хэлсэн. ...Тухайн үед талийгаач С.******* нь хүргэн гэх нэг залуу, эхнэрийх нь дүү гэх охин, мөн талийгаач С.*******ын эхнэр нар нь ирсэн. Талийгаач С.******* нь уут чихэр мөн нэг шил архи авчирч өгсөн. Тэгээд архийг нь 5-лаа уусан. Тухайн үед манайд талийгаач С.******* нь ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Тэгээд улмаар унтаж амарцгаасан. Тэгээд маргааш өглөө нь би адуу болон хониндоо явж байгаад ойролцоогоор 09 цагийн орчимд гэртээ ирэхэд С.******* нь лаазтай пиво уугаад сууж байсан, надад лаазтай пиво гаргаж өгөөд бид хоёр хамт уусан. Би тухайн үед лаазтай пиво 3 ширхгийг уусан. Харин талийгаач С.******* хэдийг уусан талаар мэдэхгүй байна. Ер нь жаахан согтох маяг орж байсан. ...Тэгээд манай ээжийнд орж цай унд уучхаад манайх руу явах замдаа талийгаач С.******* дэлгүүр ороод тор дүүрэн пиво авч гарч ирсэн. Манайд очиход хоол болоогүй байсан ба хоол болтол гээд лаазтай пивыг талийгаач С.******* бид хоёр уугаад сууж байсан. Тэгээд манайд байсан хүмүүсийн тамхи нь дуусчихлаа бас хөзөр авъя хөзөр тоглоё гэж ярьцгаасан. Тэгтэл хоол болж хоол ундаа идчихээд би дэлгүүр явах уу? гэж хэлчхээд мотоцикл дээрээ суухад надад согтсон байдал илт мэдэгдсэн. С.*******ын хүргэн гэх залууг чи жолоо бариад яваад өгчхөөч гэхэд би чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би мотоциклээсээ буугаад гэрт ороод талийгаач С.*******ыг хэвтэж байхаар нь сэрээгээд хамт дэлгүүр явах уу? гэхэд талийгаач С.******* зөвшөөрч улмаар гэрээс хамт гарч мотоцикл дээрээ суухад манай эхнэр Лхамсүрэн, С.*******ын хүргэн гэх залуу нар түшиж өгч байгаад талийгаач С.******* бид хоёрыг хөдөлгөсөн. Тэгээд хөдлөөд гэрээсээ ойролцоогоор 3 орчим километр газарт явж байтал ард сууж байсан ******* баруун талруу биеэ хазалгайхад мотоцикл тэнцвэрээ алдаж улмаар шарваж унах шиг болсон. Тэгээд ухаан алдчихсан байж байгаад хэргийн газраас намайг нэг хүн өргөөд босгож байхыг бол санаж байна. Тэгээд дахин ухаан алдаад Дашинчилэн сумын эмнэлэгт ухаан ороод удалгүй дахин ухаан алдаад сэрэхэд Улаанбаатар хот руу намайг зөөвөрлөж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 110-114-р тал/,

Эрхийн үнэмлэхэд лавлагаа хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 116-р тал/, Булган аймгийн Дашинчилэн сумын дөрөвдүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 119-120-р тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 121-р тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х-ийн 118-р тал/, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгуулахаар ирүүлсэн нэхэмжлэлийн баримтууд /хх-ийн 137-142-р тал/, зээл болон барьцааны гэрээ /хх-ийн 143-р тал/, кредит картын гэрээ /хх-ийн 146-148-р тал/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 150-151-р тал/, өвчний түүх /хх-ийн 152-166-р тал/, 2021 оны мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2021 оны тооллогын хуудасны хуулбар, Б.Лхамсүрэнгийн жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч картын хуулбар, хохирол барагдуулсан тухай баримт, Булган аймгийн Дашинчилэн сумын эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 57 дугаартай тодорхойлолт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банкны кредит картын төлбөрийн төлөлт хоцорсон талаарх баримт, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход гарсан зардлын ебаримт зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж Ш.Г-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.Г нь 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Дашинчилэн сумын 4-р баг Үржил хорооны баруун талын шороон замд “Даюун” загварын мотоцикл жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж осол гарган зорчигч С.*******ын биед гавлын орой болон суурь ясны хугарал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх болон эдийн гүн дэх цусан хураа, зүүн чамархайн хатуу хальсан доорх нимгэн цусан хураа, хоёр тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз болон таславч хооронд, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дух, зүүн хажуугийн ховдлын арын эврийн тархины эдийн няцрал, баруун бугалганы хүзүү хэсгийн бяцарсан далд хугарал, баруун зовхи, баруун бугалга, шуунд цус хуралт, хэвлийд зулгаралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулж, тархины комын байдалд орж уушгины идээт үрэвслээр хүндэрч амь насыг хохироосон болох нь нотлогдож тогтоогдлоо.

 

Өөрөөр хэлбэл “Даюун” загварын тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон болох нь түүний яллагдагчаар өгсөн “...Тэгтэл хоол болж хоол ундаа идчихээд би дэлгүүр явах уу? гэж хэлчхээд мотоцикл дээрээ суухад надад согтсон байдал илт мэдэгдсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Уянгын “...Ганбат мотоциклээ бариад манай нөхөр ******* ард нь сундлаад хөдөлсөн тэгтэл гэрийнхээ яг урд мотоциклтэйгээ унасан тэгэхээр нь та хоёр дэмий явж чадахгүй юм биш үү гэсэн чинь Ганбат зүгээрээ гээд хөдлөөд явсан.” гэх мэдүүлгүүдээр нотлогдсон, замын хөдөлгөөнд оролцож явахдаа жолоочид хориглосон Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн нь Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтээр, зорчигч С.*******ын биед амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсны улмаас эмнэлэгт эмчилгээ хийлгэх явцдаа тархины комын байдалд орж уушгины идээт үрэвслээр хүндэрч нас барсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1706 дугаартай дүгнэлтээр хөдөлбөргүй нотлогдсон, энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ш.Г-н үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

 

Шүүгдэгч Ш.Г-н дээрх хууль зөрчсөн гэм буруутай үйлдэл нь болгоомжгүй хэлбэртэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэдэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан” байхыг ойлгоно.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Ш.Г нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэмт хэрэгт тооцохоор заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Иймд хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ш.Ганбатыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцов.  

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухайд:

Шүүгдэгч Ш.Г-н гэм буруутай үйлдлийн улмаас С.*******ын амь нас хохирсон болох нь нотлогдож тогтоогдсон.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.*******ын амь нас хохирсонтой холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч нас барсан, эрх зүйн чадамжгүй болсон, эсхүл өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалах чадваргүй бол энэ зүйлд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдэлнэ” гэж заасны дагуу талийгаачийн төрсөн эгч С.Удвалыг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хохирлоо нэхэмжлэх эрхээр хангасан ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хууль ёсны төлөөлөгчийг өөрчлүүлэхээр хүсэлт гаргасныг шүүх хангаж талийгаачийн эхнэр С.Удвалыг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, эрх үүргийг тайлбарлан өгч, хэргийн материалтай танилцуулж шүүх хуралдаанд оролцуулсан болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар талийгаач С.*******ын цалингийн зээлийн үлдэгдэл 5.626.986 төгрөг, Голомт банкны кредит картын төлбөр 3.825.412 төгрөг, оршуулгын зардалд 12.032.562 төгрөг, 49 хоног хураахад хүүхдийн зэд 1.000.000 төгрөг, шүүх хуралд ирж очих замын зардал, хоол ундны 597.125 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөг, талийгаачийг Булган аймгаас Гэмтэл согогийн судлалын үндэсний төв рүү тээвэрлэсэн зардал 2.000.000 төгрөг нийт 30.082.085 төгрөгийг гаргуулахаар иргэний нэхэмжлэл гаргаж нотлох баримтаа ирүүлсэн нь хэргийн 137-148 дугаар талд авагдсан байна.

 

Шүүх нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасны дагуу амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уянгын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Талийгаач С.*******ын нас барахын өмнө эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн эмчилгээний төлбөр, эм тарианы зардалд /386000₮, 34000₮, 435000₮, 7500₮, 420000₮, 15200₮, 100000₮, 120000₮, 25000₮, 188000₮, 65985₮, 420000₮, 3000₮, 37000₮/ 2.256.685 төгрөг,

2. Булган аймгаас Гэмтэл согогийн Үндэсний төвд хүргүүлсэн зардал 2.000.000₮,

3. Талийгаачийг оршуулахтай холбоотой хүнсний бараа, шатахуун зардал, Улаанбаатар буяны компанийн зардалд /28700₮, 178500₮, 207400₮, 150000₮, 55550₮, 50000₮, 60000₮, 818956₮, 5000₮, 5500₮, 14000₮, 2500000₮, 2500₮, 2643600₮, бензин шатахуун 95676₮, 90111₮, 72001₮/ 6.977.494 төгрөг,

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход гарсан зардал 601.959 төгрөг нийт 11.836.138 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтын шаардлага хангасан, талийгаачийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардалд хамаарч байх тул шүүгдэгч Ш.Ганбатаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талийгаач С.*******ыг Булган аймгаас Улаанбаатар хотын Гэмтэл согогийн үндэсний төврүү тээвэрлэхэд гарсан зардалд 2000000 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс холбогдох нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн ба шүүгдэгч Ш.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт тухайн мөнгийг төлнө гэдгээ илэрхийлсэн, шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас тухайн зардал гарсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон тул дээрх мөнгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн болохыг дурдав. 

 

Харин нэхэмжлэлийн шаардлагаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уянга нь хууль зүйн туслалцаа авах гэрээний дагуу өмгөөлөгчид 5000000 төгрөгийг төлсөн, шүүгдэгчээс дээрх мөнгийг гаргуулахаар нэхэмжилж хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон банкны дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн Хуулийн 14 дүгээр зүйлд заасан “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, ...” эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон иргэний эрх зүйн харилцаанд орж өмгөөлөгч талаас үйлчлүүлэгч нарт хууль зүйн туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгч талаас өмгөөлөгчид тохирсон хөлсийг төлөхөөр харилцан тохиролцож байгуулсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээний үүргийн гүйцэтгэлд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс төлсөн 5000000 төгрөг, талийгаач С.*******ын цалингийн зээлийн үлдэгдэл, кредит картын төлбөрийн үлдэгдэл нийт 9452399 төгрөг, 49 хоногийн буян хураахад буюу буяны зан үйлтэй холбогдож гарсан зардал 1000000 төгрөгийг тус тус гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох зайлшгүй гаргах зардалд хамаарахгүй үндэслэлээр, тамга тэмдэггүй болон он сар өдөргүй хэзээ авсан нь тодорхойгүй хүнсний бараа авсан зарлагын баримтууд болох /321600₮, 120000₮, 397500₮, 82460₮, 815000₮, 353401₮, 80000₮, 110000₮, 320188₮, 132000₮, 39500₮, 21900₮/ 2793548 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангахгүй гэсэн  үндэслэлээр тус тус нэхэмжлэлийн шаардлагаас 18245947 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Ш.Г нь шүүх хуралдааны өмнө 9500000 төгрөгийг бэлнээр, талийгаачийн буяны ажлын үеэр 1000000 төгрөгийг тус тус төлж баримтыг ирүүлсэн байх тул түүнээс гаргуулах 11836138 төгрөгийн хохирлоос 10500000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 1336138 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч Ш.Г нь гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 1340000 төгрөгийг шүүх хуралдааны явцад төлж барагдуулсан тул шүүгдэгч Ш.Ганбатыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс 1000000 төгрөгийг буяны ажлын үеэр би аваагүй гэж байх боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч Ш.Г нь талийгаач С.*******ын буяны ажил явдалд оролцож 1000000 төгрөгийг өгсөн гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, энэ талаарх баримтыг шүүхэд гэрэл зургаар баталгаажуулан ирүүлсэн байх тул шүүгдэгчийг дээрх 1000000 төгрөгийг буяны ажилд өгөөгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ш.Ганбатыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ш.Г-н хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ш.Г нь мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр багт оршин суудаг, эхнэр Б.Лхамсүрэн нь 14-15 долоо хоногтой жирэмсэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал нь хавтаст хэргийн хх-118-127 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Булган аймгийн Дашинчилэн сумын дөрөвдүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, 6319000010 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

 

          Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч П.Шижиртуяа дүгнэлтдээ: Шүүгдэгч Ш.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Даюун” загварын мотоцикл жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж осол гарган зорчигч С.*******ын амь насанд аюултай гэмтэл учруулсны улмаас амь насыг хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний  нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, техникийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ш.Ганбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардлыг хэрэгт хамааралтай, нотлох баримтыг цаг хугацаагаар нь ялгаж гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгээс шүүгдэгч Ш.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр буюу талийгаачийг оршуулахтай холбоотой зардлыг төлж барагдуулсан, ар гэрийн байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах хуулийн зохицуулалтыг хэрэглэж ял оногдуулах гэж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгээс энэ хэрэг хэдийгээр гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй боловч архи уугаад тээврийн хэрэгсэл барьснаараа санаатай үйлдэл гэж үздэг. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож ийм гэмт хэрэг үйлдсэн. Иймд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй тул 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, иргэний нэхэмжлэлийг нотлох баримтын хамт гаргаж өгсөн тул шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн байр сууринаас тус тус оролцож санал дүгнэлтээ гаргажээ.

 

Шүүгдэгч Ш.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ш.Г-ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг төлсөн, хувийн байдал болон гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсан зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлсөн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах санал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь  талийгаачийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал төлөгдсөн хэдий ч оршуулгын зардлыг төлснөөр гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилсан гэж үзэх боломжгүй юм.

 

Шүүгдэгч Ш.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Ш-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан ялыг шүүгдэгчийг хорих ял эдэлж дууссан хугацаанаас эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч Ш.Г нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ш.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЭНЭРЭЛ