Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/216

 

 

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж, нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган, улсын яллагч Д.Сүрэнхор, шүүгдэгч Б.У*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гочоо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У*******т холбогдох эрүүгийн 1915004680244 дугаартай, 163/2019/0221/Э индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Бүрэгхангай сумын ....дугаар багийн “Их тохом” гэх газар оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Ш******* овогт Б******* У******* /РД:ОИ70061811 /.

Шүүгдэгч Б.У******* нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт Т.Б******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У******* өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Эрүүгийн 1915004680244 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд:

Хохирогч Т.Б******* өгсөн: 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 11 цагийн үед Бүрэгхангай сумын 3 дугаар нутаг “Цоохор морьт” гэх газар гэрээсээ 2 км орчим зайтай хонио хариулаад явж байхад У******* гэдэг хүн ирээд мэнд ус мэдэлцэхэд “чи яасан их хүүхэд цохьдог юм” гэж хэлээд учир зүггүй ташуураар шавхардаад эхэлсэн. Тэр үед ташуур нь хугарахад мөн хугархай ташуураар ороолгоод байхаар нь би ташуурыг нь бариад авсан. ...Тэгтэл нэг том чулуу барьж аваад миний толгой руу цохиод У******* намайг барьсан байснаа тавьсан. ...Би хонио гол дээр орхиод гэртээ ирсэн. Эхнэр үзээд “толгой дээрээс чинь цус олгойдож гараад байна” гэхээр нь шууд Эрдэнэт явж эмнэлгийн тусламж авсан гэх мэдүүлэг /хх-16-18 тал/,  

       Гэрч Т.А*******н өгсөн: Манайх Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багт мал малладаг. 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр намайг Орхон аймаг руу явах гээд байж байтал манай нөхөр Б******* “малаа услачихаад ирье” гээд явсан чинь хэсэг хугацааны дараа “хүнд зодуулчихсан” гээд толгойноос нь цус гарчихсан ирсэн. Би юу болсон талаар асуутал “У******* ах толгой руу чулуугаар цохиод хаячихлаа, эхлээд ташуураар цохиод ташуур нь хугарсан чинь толгой руу чулуугаар цохисон” гэсэн гэх мэдүүлэг / хх-22 тал/,

        Гэрч У.Алдарын өгсөн: Т.Б*******г бол танина. Нэг нутгийн, одоо айл саахалт амьдардаг улсууд байгаа юм. 2019  оны 05 дугаар сард яг өдрий нь мэдэхгүй байна. Айлд очсон Т.Б******* байсан ба өмнөх өвөл нь намайг түүний хамаатны айлд ороод гарахдаа “Т.Б******* ямар адуу идэв” гэж асууж явсан гэдэг асуудлаас болж маргалдаад тэгээд намайг барьж аваад миний нүүрлүү гараараа цохиод авахаар нь би хоёр гарыг нь барьчихсан. Миний малгай салхинд хийсэхээр нь би малгайгаа авах гээд доошоо тонгойсон чинь хацар луу өшиглөсөн юм. Тэгээд намайг ална гээд над руу дайраад дахиж барьцалдаж авахын хооронд айлын хүн салгаж авсан. ...Тухайн үедээ бол би эмнэлэгт үзүүлж харуулаагүй тэгсгээд өнгөрсөн...гэх мэдүүлэг /хх-26 тал/,

        Гэрч Х.Т******* өгсөн: 2019 оны 09 дүгээр сарын 14-ний ...орой хүүгээ хүнд зодуулсан гэж мэдсэн. У******* хээр хонь эргүүлж явахад нь ирж ташуураар цохиод хугархаар нь чулуу авч нүүр толгой хэсэг рүү нь хэд хэд цохисон гэж дуулсан. ...У*******ын манай хүүг цохидог шалтгаан нь  манай хүү Б*******, У*******ын хүүтэй айлын гадаа барьцалдаж аваад салсан юм билээ. Тухайн үедээ хүүгийх нь нүүр шалбараад өнгөрсөн гэсэн ба айхтар гэмтэл, бэртэл учиртал зодож цохиогүй юм гэсэн. Тэгээд л түүнийг ярьж манай хүүг зодсон гэж байсан. Үүнээс өөр ямар нэгэн таарамжгүй харьцаа байхгүй. Ах дүү шиг бие биенийхээрээ орж гараад  л явдаг хүмүүс. Т.Б*******д хохирол төлбөрийн мөнгө өгсөн гэж хэлж байсан. Ямар хэмжээний мөнгө өгсөн тухай мэдээгүй гэх мэдүүлэг /хх-27 тал/,

        Гэрч З.У өгсөн:  2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ...хадам дүүг тосож авахдаа хүнд зодуулсан гэдгийг мэдсэн юм. Зүүн талын нүд нь хөхөрч зүүн талын хацар нь хавдчихсан, толгойн хуйхнаас нь цус гарчихсан байгаа харагдсан. Тэгээд яасан талаар асуухад “өнөөдөр хонь эргүүлж явхад У******* ирээд ташуураар цохиод, чулуугаар цохиод ийм болгочихлоо” гэж хэлсэн. Яагаад тэгж зодож байгаа юм бэ? гэж асуухад “хүүхэдтэй нь хавар барилцаж аваад салсан тэрнээс болж хүүхэд зодлоо” гээд намайг ташуураар ар нуруу, гар луу нь цохисон гэсэн ба ...Орхон аймаг яваад эмнэлэгт үзүүлж хуйхандаа 3 оёдол тавиулсан  гэх мэдүүлэг /хх-28 тал/,

            Шүүгдэгч Б.У*******ын яллагдагчаар өгсөн: 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт малдаа явж байгаад хээр бэлчээрт саахалт айлын Улаанаа буюу Т.Б******* таарсан. Хавар 2019 оны 05 дугаар сард манай хүү А хээр зодож цохисон асуудлыг нь ярьж түүнтэй маргалдсан. Тэгээд би барьж байсан бургасан голтой ташуураар ар дал нуруунд нь 2 удаа цохиж, газар байсан бод малын шагайн чинээ чулуу байгааг авч түүний толгойд зүүн чамархай хэсэгт нь 1 удаа цохисон.  ...Би түүнтэй уулзаж хохирлыг нь барагдуулхаар ярьсан. 1000000 төгрөг өгнө гэж ярьсан байгаа, түүнийгээ удахгүй өгнө. Тухайн үед гэртээ 2 шил архи уучихсан байсан гэх мэдүүлэг  /хх-43тал/,

            Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09
дүгээр сарын 20-ны өдрийн 621 дугаар
тай:

            1. Т.Б******* биед гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн 1 дүгээр зэргийн няцрал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний зөөлөн эдийн гэмтэл, зүүн хацар ясны хугарал, хуйханд язарсан шарх, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3.Хацар ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..

            4.Гоо сайхны болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй .         5. Шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хх-30/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 1-2/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-6/, хохирогч Т.Б******* өвчний түүх /хх 33-37/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи болон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44-46/, хохирогч Т.Б*******аас гаргаж өгсөн төлбөрийн баримт /хх 48-49 зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.У******* нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт иргэн Т.Б*******г “хүүхэд цохиж зодсон” гэх шалтгаанаар зодож түүний биед гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн нэгдүгээр зэргийн няцрал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний зөөлөн эдийн гэмтэл, зүүн хацар ясны хугарал, хуйханд язарсан шарх, зүүн хацарт зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.     

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.У*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч Т.Б******* бие, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Б.У*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч 971020 төгрөгийн хохирлын баримт /хх-48-49 тал/ ирүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Б.У******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийн эмчилгээний зардалд 1000000 төгрөг төлснөөр хохирогч Т.Б******* гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Б.У*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан зэрэг хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.У******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш******* овогт Б******* У*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У******* нь торгуулын ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт гаргаагүйг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон /хуулийн/ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.У*******т сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.У******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.У*******т хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ЦЭРЭНХАНД