Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2017/02246

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 28-37 тоот хаягт бүртгэлтэй, М ХХК /рд: 5036259/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 20-32 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг, Ө Б ХХК /рд: 2886316/-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь хүнсний бүтээгдэхүүний түүхий эд болох ургамалын тосыг хариуцагч Ө б ХХК-д 2009 оноос хойш нийлүүлж байгаа билээ. 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар буюу тооцоо нийлсэн актаар хоорондын өглөг авлагын тооцоо 20.000.000 төгрөг байсан. Хариуцагч нь үүнийгээ баталгаажуулж 2013 оны 6 дугаар сарын 6-ны өдөр албан бичгээр, уг төлбөрийг 2013 оны 7 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн. Улмаар 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 10.000.000 төгрөг манайд төлж, үлдэх 10.000.000 төгрөгийг төлнө гэж явсаар төлөлгүй өнөөдрийг хүрлээ. Бид Ө б ХХК-ийн захирал Г.Ц 99119569 дугаарын гар утсаар удаа дараа ярьж 10.000.000 төгрөгийг шаардсаар ирсэн. Энэ нь 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Г.Ц ирүүлсэн мэссеж /цахим захидал/-ээр тогтоогдоно. Сүүлдээ захирал Г.Ц нь утсаа бусдад зарж, өөрөө олдохоо байсан. Иймд 10.000.000 төгрөгийг хариуцагч Ө б ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ө б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Ө б ХХК нь 1 гишүүнтэй компани бөгөөд өмнөх хувьцаа эзэмшигч Г.Ц нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн 100 хувийн хувьцаагаа Б.Г шилжүүлсэн юм. Компанийн хувьцааг шилжүүлэн авахаасаа өмнө буюу 2013 оны 7 дугаар сард, М ХХК-д 10.000.000 төгрөгийн өртэй талаар тухайн үеийн хувьцаа эзэмшигч Г.Ц болон Б.Г нар нь тооцоо нийлсэн юм. Бидний зүгээс уг 10.000.000 төгрөгийг 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр төлж барагдуулсан. Иймд М ХХК-д төлөх өр төлбөр байхгүй, энэ нь М ХХК өр төлбөрөө өнөөдрийг хүртэл нэхэж байгаагүй байдлаар нотлогдоно. Манай компани 10.000.000 төгрөгийг 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр төлсөн гэж үзвэл энэ хугацаанаас хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тоологдох ба энэ хугацаа дууссан, хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

  • Зохигчид нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх хүсэлтгүй талаараа дурдаж шүүх хуралдааныг үргэлжлүүлж, маргааныг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан,

 

  • Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, үүрэн холбооны төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэлийг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХХК нь 2009 оноос хойш нийлүүлсэн хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийн үлдэгдэл төлбөр болох 10.000.000 төгрөгийг шаарджээ.

Хариуцагч Ө б ХХК нь үлдэгдэл төлбөр тооцоог төлж барагдуулсан, энэ нь өнөөдрийг хүртэл шаардлага гаргаж байгаагүй, хөөн хэлцэлцэх хугацаа өнгөрснөөр нотлогдоно хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрснөөр талуудын хооронд маргаан үүссэн байна.

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ө б ХХК-д дараа төлбөрийг төлөх нөхцлөөр, хүнсний бүтээгдэхүүний түүхий эд болох ургамалын тос нийлүүлдэг байсан, 2013 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар Ө б ХХК нь М ХХК-д 20.000.000 төгрөгийн өглөгтэй байсан, 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Ө б ХХК нь 10.000.000 төгрөгийг М ХХК-д төлсөн талаар талууд маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар уг үйл баримтуудыг тогтоогдсон гэж үзнэ. Энэ тогтоогдсон үйл баримтаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагджээ.

Хариуцагч тал нь 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 10.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байх боловч 20.000.000 төгрөгийн төлбөр тооцооноос үлдэх 10.000.000 төгрөгийг төлж барагдуулсан гэх маргаан бүхий тайлбараа нотлогооны өөр бусад хэрэгслээр давхар нотлох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд 10.000.000 төгрөгийг төлбөр тооцоо төлөгдөөгүй үлдсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг боловч мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д тус тус зааснаар үүрэг хүлээсэн этгээд нь урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэр-ээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, хугацааг шинээр эхлэн тоолдог. Хуульд заасан бусад хэлбэрээр шаардлагыг зөвшөөрөх гэдэгт талуудын хооронд тогтсон ажил хэргийн заншил, тухайлбал үүрэн холбоо, цахим шуудан ашиглаж хүсэлт, санал гаргах зэрэг зан үйлийг хамруулж үзнэ.

Хариуцагч Ө б ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, тус компанийг тухайн үед төлөөлөх эрхтэй байсан этгээд болох Г.Ц нь 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр, М ХХК-ийг төлөөөлөр эрх бүхий этгээдэд илгээсэн болон түүнээс хүлээн авсан зурвасуудад хадгалагдсан мэдээллээр, талуудын хооронд үүссэн өр төлбөр-ийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байсан болох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан журмын дагуу, хариуцагч хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд /Т.О/-ийн үүрэн холбооны төхөөрөмжид үзлэг хийж бэхжүүлсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх 113-115 дугаар тал/

Хариуцагч талаас, Ө б ХХК-ийг төлөөлөх эрхтэй байсан этгээд болох Г.Ц уг зурвасыг илгээсэн гэж үзэх боломжгүй, учир нь М к ХХК-иас ирүүлсэн лавлагаа баримтаар тухайн үед Г.Ц эзэмшлийн гэх үүрэн холбооны 99119569 дугаар нь Скай ворлд финанс /Sky world finance/ ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан, илгээсэн зурвасд хувийн өр төлбөр, хуулийн этгээдийн өр төлбөрын аль нь болох нь тодорхойгүй, мөн хэдэн төгрөгийн өр төлбөрийг зөвшөөрч байгаа, өөрөөр хэлбэл 10.000.000 төгрөгийн өр төлбөрийн тухай санал солилцож байгаа болох нь тодорхойгүй байна хэмээн маргасан. /хх 54-58 дугаар тал/

Хариуцагч талын дээрх тайлбар буюу татгалзал нь хариуцагчид ашигтай, түүнд хамаатай тул тэрээр уг зурвасыг Г.Ц биш Скай ворлд финанс ХХК илгээсэн, Өн б ХХК-ийн өр төлбөр бус өөр өр төлбөрийг зөвшөөрсөн, Г.Цэенмаа гэх иргэн хувийн журмаар Т.О, эсхүл М ХХК-д төлбөр төлөх үүрэгтэй байсан гэх татгалзаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүрэгтэй ба, энэ үүргээ биелүүлээгүй тул хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй байна.

Хариуцагч талаас, Т О гэх хувь хүний дансыг зурвас байдлаар илгээсэн, Мо ХХК-ийн дансыг илгээгээгүй байгаа нь дээрх татгалзлыг нотлоно гэх боловч энэ нь өөр төлбөр тооцоо буюу хувь хүн хоорондын төлбөр тооцооны талаар санал солилцож байсан гэх үйл баримтыг мөн л нотлож чадахгүй юм. Учир нь 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хариуцагч Ө бХХК нь нэхэмжлэгч Монпальма ХХК-д төлөх ёстой төлбөрийн зарим хэсэг болох 10.000.000 төгрөгийг төлөхдөө М ХХК-ийн дансанд бус, иргэн Д.Б дансанд төлж байсан байна. /хх 9 дүгээр тал/

Хэрэгт цугларсан баримтын хэмжээнд Ө б ХХК-ийн төлбөр тооцоо буюу өрийг иргэн Г.Ц нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар өөртөө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдоогүй. Учир нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар өрийг шилжүүлэн авахад шаардах эрх эзэмшигчтэй буюу М ХХК-тай заавал тохиролцсон байх ёстой байдаг.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхтэй, уг эрх хүчинтэй байх тул хариуцагчаас 10.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Ө б ХХК-иас 10.000.000 төгрөгийг гаргуулан М ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө б ХХК-иас 195.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5-д заасан лавлагааг аваагүй болохыг дурдаж, хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн доторНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР