Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/342

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2017/0308

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г. Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Анхбаяр,

Хохирогч Г.Э, З.Т, З.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Б.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201709000116 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.          

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, .... оны .. дугаар сарын ....ны өдөр, ....аймгийн .... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,.... мэргэжилтэй, ам ...., .... аймгийн ...сумын ... ХХК-ийн ... лангуу түрээслэж ажилладаг, ... аймгийн ...дүгээр баг, .. тоотод оршин суух хаягтай, Г овогт Б.Г /......./.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 05 цагийн үед ..... аймгийн .... сумын .... зам дээр .... улсын дугаартай Хьюндэй старекс маркийн автомашин жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 15.1-т заасан заалтуудыг зөрчин эвдэрч зогссон .... улсын дугаартай Синотрак маркийн автомашины араас мөргөсний улмаас зорчигч З.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, З.Н, Э.Б нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Х.З, У.С нарын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 05 цагийн үед .... аймгийн ... сумын нутаг, .... хатуу хучилттай зам дээр ..... улсын дугаартай Хьюндэй старекс маркийн автомашин жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан “захиргааны хэм хэмжээний акт” болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 15.1 Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараахь байдлаар асааж явна, хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг зөрчиж, өөдөөс ойртон ирж буй тээврийн хэрэслийн гэрлийн гялбаанд орон зорчих баримжаа алдсан боловч хурдаа хасан зогсох арга хэмжээ авалгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлж замын зорчих хэсэгт эвдрэн зогссон байсан ачааны автомашины араас мөргөж З.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, З.Н, Э.Б нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Х.З, У.С нарын амь насыг хохироож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Б.Г-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би буруу зүйл хийснээ ойлгож гэмшиж байна. Тухайн үед машинтай зөрөөд өнгөрөхдөө тэр машин жаахан хажуу тийшээгээ дарсан бол би гараад яваад өгөх байсан. Зогсож байсан машин жаахан хажуу тийшээгээ зогсоогоогүйд жаахан гомдолтой байна. Ямар ч зогсоох арга хэмжээ авах боломж олдоогүй, манай бэр болон эхнэрийн төрсөн дүүгийн эхнэр нас барсан, маш их харамсаж байна, биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.О-ийн “...миний нагац дүү Х.З нь өөрийн хадмынхаа талын 5 том хүн, өөрийн 1 нас 5 сартай хүү Б-ийн хамт Дорноговь аймгаас Улаанбаатар хотоор дайраад ОХУ-ын Улаан-Үүд хот орохоор явсан байсан юм билээ. Би 2017 оны 02 дугаар сарын 11- ний өдөр 15 цагийн орчим УБ хотод гэртээ байхад миний ах Сүхбат утсаар яриад дүү З чинь хадмуудынхаа хамт ....... явж байгаад зам тээврийн осолд орсон байна гэж мэдэгдсэн” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 32/, ...шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт,

 

Хохирогч Г-ын ... миний нойр хүрээд байхаар нь өөрийн эцэг Г-д жолоогоо шилжүүлсэн. Би арын суудал дээр ороод унтсан. Тэгээд унтаж байхад түс хийх чимээ гараад осол болж ачааны хово маркийн машины араас мөргөсөн байсан” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 39-40/,

 Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “..Надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Хүүгийн эрүүл мэндийн байдал сайжирч байгаа. Тухайн осол болох үед нэг ой 4 сартай байсан. Одоо биеийн байдал тун дажгүй байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, эхнэр маань ослын улмаас нас барсан, ач нараа аав маань хардаг, эрүүл мэндийн байдал зэргийг нь харгалзан хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,

 

Хохирогч З.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...шүүгдэгч манай гэр бүлийн хүн. Би шүүгдэгчид гомдол байхгүй. Энэ хүн үүрэглээгүй байсан. Миний эрүүл мэндэд тухайн үед толгойны ард талд хөхөрсөн байсан. Хөнгөн гэж тогтоосон. Шинжээчийн дүгнэлт 3 жолоочийг буруутгахгүй зөвхөн Г-г буруутай гэж үзсэнд гомдолтой байна, эвдэрсэн машины жолооч замын хажуу руу машинаа шахаж тавиад ослын зогсолтын тэмдэг тавьсан байсан бол энэ осол гарахгүй байсан, өөдөөс ирж явсан болон зам дээр зогсож байсан жолооч хэн аль нь буруутай, би жолоочийн яг арын суудал дээр зам хараад явж байсан, ямар нэгэн ослын зогсолтын тэмдэг харагдаагүй, бид нараас өмнө зам дээр байсан гэх тэмдгийг өөр жолооч дайрсан байсан байх” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Г-ийн ...урд жолоочийн эсрэг талын дугуй салаад унасан Хово маркийн машиныг хараад үлдсэн хүн дээр яваад очсон. Би тухайн ачааны машины хойд талд зогсох гэхэд хойноо ослын гурвалжин тавьсан байсан болохоор урд талаас машин харахгүй орчих байх гээд урд талд нь машинаа тавиад подпараа татаад нормалдаад зогссон, ... хэвтэж байгаад унтаад өгсөн байсан. Тас хийх чимээ гарсан. Би ухас хийж босоод толиндоо харахад аваарын дохио маналзаад гэрэл асаж байсан, ...тухайн Хово маркийн машины араас Старекс маркийн автомашин мөргөөд нэлээд эвдрэлтэй харагдаж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42/,

 

Гэрч Б.О-гийн ...би 2017 оны 02 дугаар сарын 10-ны орой 23 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос Эрдэнэтэд хүнд морь хүргэж өгөх гээд Ц.Б-гийн эзэмшлийн 1 зиги маркийн ..... улсын дугаартай хар ногоон өнгийн ачааны машинд суугаад жолооч Б , ах Б  нарын хамт гурвуулаа гарсан. Би Улаанбаатар хотоос хөдлөөд явж байгаад хоёр суудлын араар ороод унтаад өгсөн. тэгээд явж байхад тас хийх чанга чимээ гарсан. Би сэрээд харахад Хово маркийн автомашины араас Старекс маркийн автомашин мөргөөд нилээд эвдэрсэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43/,

 

Гэрч Т.Б-ын ... 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн үүрээр 05 цагийн орчим .... аймгийн ..... сумын нутаг дэвсгэрт явж байсан. Харин миний өөдөөс хоёр машины гэрэл гараад хоорондоо нилээд ойрхон ирж яваа харагдсан. Урдаас ирж явсан хоёр машины арын машин гэрлээрээ дохисон, би өөрийн машины гэрлийг ойр дээр байсан болохоор хол дээр татаж анивчуулаад ойр дээр яваагаа мэдэгдсэн. Би Хово машины хажуугаар зөрөх гээд явж байхад өөдөөс ирж байсан хоёр машины урд талын машин Хово маркийн машины араас мөргөсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44/,

 

Гэрч Л.Б-ын “...би Л-ыг Улаанбаатар хотруу явах гэхэд нь ардаа ослын гурвалжин тавьсан юмуу гэхэд тавьсан гэж хэлсэн. Би өөрийн биеэр шалгаж үзэхэд миний алхаагаар 28 алхам зайд ослын гурвалжин босоо хэлбэртэй зөв тавьсан байсан. Харин ослын гурвалжингийн хөлд гурвалжинг давуугаар хүндрүүлсэн зүйл ороогоод тулгуур хөл дээр нь унахааргүй болгоод тавьсан байсан. Би машиндаа ороод шөнө унтаж байхад тас хийх чимээ гарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52/,

 

Гэрч Г.Л-ын ...би машин эвдэрсэн тэр даруй машины кабинд ороод суудлын араас хайрцагт байсан ослын гурвалжин гаргаж ирээд замын хажуу талаас төмөр өмд хоёр олж аваад ослын сууринд унахааргүй болгоод тавьсан,...тэгээд нэлээд орой болсон байхад Б утсаар яриад намайг замын машинд суугаад Улаанбаатар хотод хүрээд ир, маргааш сэлбэгээ аваад буцаад яв гэхээр нь замын машинд суугаад Улаанбаатар хот орсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэтүүд /хавтаст хэргийн 4-12/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 15-21/,

 

ШШҮХүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №16 дугаартай “ Х.З нь дагз аман хүзүүний үений битүү хугарал болон гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 84-85/,

 

ШШҮХүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 917 дугаартай “...У нь гавал тархины битүү гэмтлийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 90-91/,

 

ШШҮХүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 3070 дугаартай “...З.Н-ийн биед дух ясны зүүн хэсгийн ил хугарал, дух ясны зүүн хэсэг, зүүн нүдний ухархайн дээд, дотор ханыг хамарсан олон тооны ясны хэлтэрхий бүхий цөмөрсөн нийлмэл хугарал, суурь яс, суурийн хөндий дайрсан шугаман хугарал, хамрын зүүн хажуу хана, хоншоор яс, тагнай ясны нийлмэл хугарал, зүүн суурийн болон самалдагийн хөндийд цус хуралт, тархины зүүн баруун дух хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, зүүн дух хэсгийн хатуу хальсан дээрх цус хуралт гэмтэл тогтоогдлоо, ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт автаст хэргийн 93/,

 

ШШҮХүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 3071 дугаартай дугнэлт /хавтаст хэргийн 126/,

 

ШШҮХүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Э.Б-ийн биед тархины эдийн хүнд зэргийн няцрал, тархины эсийн урт сэртэнгийн тархмал гэмтэл /ДАП/, баруун 6,7-р хавирганы хугарал, 2 нүдний дунд хэсэг, амны баруун булан, баруун хацарт шарх, баруун чамайрхай, хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 143/,

 

Цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Зам тээврийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн шинжээч нарын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “...Хьнюдэй Старекс маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан ...”Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн 15.1-д заасан ”Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна: Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт, 2-р хавтаст хэргийн 132-133/,

 

Шинжээч Н.Ш-ын “...тээврийн хэрэгсэл анх мөргөлдсөн цэгээс 26 метрийн зайд ослын гурвалжин тэмдэг байхад тэмдгийг жолооч Б.Г нь дайрч улмаар осол гарах болсон” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 150/ зэрэг болон хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба дээрх нотлох баримтууд хуульд заасан арга хэлбэрээр авагдсан, хэрэгт хамааралтай байна.

 

Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй ба шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогч нар “Шинжээчийн дүгнэлт 3 жолоочийг буруутгахгүй зөвхөн Г-г буруутай гэж үзсэнд гомдолтой байна, эвдэрсэн машины жолооч замын хажуу руу машинаа шахаж тавиад ослын зогсолтын тэмдэг тавьсан байсан бол энэ осол гарахгүй байсан, өөдөөс ирж явсан болон зам дээр зогсож байсан жолооч хэн аль нь буруутай” гэж байх боловч зам дээр машин эвдэрч зогссон, уг машины жолооч тохирох ангиллын үнэмлэхгүй байсан, гэрлийн гялбаанд орсон, гэрэл шилжүүлээгүй зэрэг байдал нь ослын шууд шалтгаан биш ба гэрэл шилжүүлээгүй, тохирох ангиллын үнэмлэхгүй байсан зэрэг нь гэмт хэргийн  шинжгүй, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй байна.

 

Харин шүүгдэгч үзэгдэх орчин хязгаарлагдаж зорчих хэсэгт саад, аюул байгаа эсэх нь мэдэгдэхгүй байхад зогсоох, хурдаа хасах арга хэмжээ авалгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлж Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөнөөс осол гарсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Б.Г-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, 2 хүний амь насыг хохироож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, шүүх хуралдаанд оролцоогүй хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй талаар хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Г-аас гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн өвчний түүхээр шүүгдэгч нь “сахарын диабет” өвчтэй болох нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би гэмшиж, гэм буруутайгаа ойлгож байна” гэж өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн эрүүл мэнд, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Г энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ослын гурвалжин хэсгийн хагархай 14 ширхэг, автомашины эд зүйлийн хагархай 4 ширхэг зүйлийг шийтгэх тогтоох хүчин төгөлдөр болмогц устгаж, хэргийн хамт ирсэн Б.Г-гийн .......... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх хасах ялыг гүйцэтгүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт Б-ын Г-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, 2 хүний амь насыг хохироож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар Г овогт Б-ын Г-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Г-гаас гаргуулах төлбөргүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Г-д оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Г-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үндсэн ялыг эдэлж дууссаны дараа хугацааг тоолсугай.

 

6. Шүүгдэгч Б.Г энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хэргийн хамт ирсэн Б.Г-гийн .......... дугаартай жолоочийн үнэмлэхийг эрх хасах ялыг биелүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ослын гурвалжин хэсгийн хагархай 14 ширхэг, автомашины эд зүйлийн хагархай 4 ширхэг зэргийг шийтгэх тогтоох хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГЭРЭЛТ-ОД