Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/167

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0155/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч Ч.Болормаа,

Шүүгдэгч Г.Г.М- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Г.М-д холбогдох эрүүгийн 2218000000194 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс урианхай, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин, гагнуурчин мэргэжилтэй, “***************” / ******* / ХХК-ийн******* уурхайд засварын мастер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Г.М-

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г.М-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 02-ноос 4 дүгээр сарын 03-нд шилжих шөнө гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.Т.А-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Г.М- 2022 оны 4 дүгээр сарын 02-ноос 4 дүгээр сарын 03-нд шилжих шөнө “намайг бусадтай хардлаа” хэмээн хамтран амьдрагч Т.Т.А-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь зүүн чих, баруун нүд, нүдний алим, доод зовхи, зүүн дээд, доод зовхи, шанаа, эрүүнд цус хуралтууд, хоёр нүдний доод зовхи, шанаанд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г.М-гийн өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө 20:00 цагийн үед н.Ш.- гэдэг хамаатны найз гэрт архи авч ирээд, манай эхнэрийн найз н.А- манайд ирэхээр болж бид дөрөв хамт суугаад ууж байсан. Тухайн үед эхнэр жижиг өрөөнд ороод хэвтээд, унтаад өгсөн. н.Ш- буйдан дээр унтсан байсан. Би эхнэрийн найз н.А-тай юм яриад сууж байхад эхнэр босож ирээд та хоёр юу хийгээд байгаа юм бэ гээд, бид хоёрыг хардаж, би эхнэртэй маргалдсанаас болж, н.Ш-, н.А- хоёр яваад өгсөн. Хоёр найз явсны дараа эхнэр бид хоёр маргалдаж, би эхнэрийнхээ биед гэмтэл учруулсан.” гэх мэдүүлэг,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...2022 оны 04 дүгээр сарын 03-ны шөнийн 04 цагийн орчим Г.Г.М- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Т.Т.А-гийн толгой, нүүрэн тус газар нь цохиж, зодож, эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан гэх гомдлыг 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан.” /хх 01/,

 

Хохирогч Т.Т.А-гийн өгсөн: “...Өчигдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр би нөхрийн хамт гэртээ 17 цагийн үед пиво уугаад байж байхад манай нөхрийн хамаатны залуу Ш.- гэдэг залуу гаднаас 0.5 граммын “Соёмбо” нэртэй архи аваад орж ирээд манай нөхөртэй хамт задлаад уусан. Тэгээд удаагүй байж байхад манай найз А- гаднаас “Сэнгүр” нэртэй 2 литрийн 1 ширхэг пиво аваад манай гэрт орж ирээд бид 4 хамт уугаад суусан. Тэгээд би хэсэг сууж байгаад жижиг өрөөндөө ороод унтаж байгаад сэрэхэд Ш.- унтаж байсан. Харин манай нөхөр манай найз А- хоёр юм яриад сууж байсан. Тэгээд удалгүй манай гэрээс Ш.- босоод гараад явахад араас нь манай найз А- гараад явсан. Тэгээд би нөхөртөө хандаж “чи А-тай юу яриад суудаг юм” гэж асуухад манай нөхөр чи намайг хардаад байгаа юм уу? гэж хэлээд надтай хэрүүл маргаан хийсэн. Тэгээд шөнө 04 цагийн үед манай нөхөр Г.М- над руу уурлаад намайг үсдэж газар унагаагаад миний дээр гарч суугаад миний нүүр рүү гараараа нэлээн хэдэн удаа цохиод тэгээд үснээс зулгаасан.” гэх мэдүүлэг /хх 06/,

 

Гэрч Б.Э- өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 03-ны шөнө 03 цагийн үед манай хүргэн Г.М- над руу залгаад “охиныгоо ирж ав” гэж хэлэхээр нь би та нар яагаад хэл ам болохоороо над руу ярьдаг юм гэж хэлэхэд манай охин утсыг нь аваад надад Г.М- намайг зодоод байна гэж хэлсэн. Нөхөр нь утасны цаанаас янз бүрийн хэл амаар харааж манай охиныг зандраад байсан. Тэгээд манай бэр охин А- очиж манай охин Т.А-г аваад гэртээ очиж хоносон. 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өглөө би охинтойгоо уулзахад хоёр шанаа нь хавдсан, толгой нь өвдөж байна гэж хэлэхээр нь эмнэлэгт очиж үзүүлээд дараа нь агдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /хх 14/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 394 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-Т.Т.А-гийн биед зүүн чих, баруун нүд, нүдний алим, доод зовхи, зүүн дээд, доод зовхи, шанаа, эрүүнд цус хуралтууд, хоёр нүдний доод зовхи, шанаанд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид гэмтэл нь эрүүл, мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

-Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна /хх 24-25/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

“Гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг тус тус ойлгохоор тодорхойлсон байна.

 

Шүүгдэгч Г.Г.М-, хохирогч Т.Т.А- нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарна.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г.М- нь хамтран амьдрагч Т.Т.А-тай маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Г.М-гийн гэмт үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйн/-н улмаас хохирол, хор уршиг учруулсныг гэмт хэрэгт тооцох зохицуулалттай.

 

Шүүгдэгч Г.Г.М- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Г.Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хохирогч Т.Т.А- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирол, хор уршигтай холбоотой баримтыг ирүүлээгүй,  ба “нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэх тайлбар /хх 63/-ыг өгсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Г.Г.М- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шалгах хуудсаар /хх 37/  тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн  6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч Г.Г.М- нь хүлээн зөвшөөрсөн ба энэ нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.М-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.М-д оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.М- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Г.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                З.ТӨМӨРХҮҮ