Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1101

 

 

  2021        10         22                                   2021/ШЦТ/1101   

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч З.Х, Г.А, тэдний өмгөөлөгч Б.Байгалмаа /БЗД-н ХЗТТ/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З.Х, Г.А нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06918 1394 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.А, З.Х нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Анар кафены ажилтан Э.Дий эзэмшлийн цэнэглэж байсан Айфоне 8 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Э.Дд 1.250.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.                                                                       /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Г.А, З.Х нар нь бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Э.Дий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Анар кафед ажлаа хийж байх үед 20 цаг 40 минутын орчим 1 давхрын кафены тэк дээр өөрийн Ай фоне 8 плас загварын гар утсаа цэнэглэж орхиод 2 давхар руу гарч ажлаа хийж байгаад 21 цаг 30 минутын үед утсаа авах гээд тэк дээрээ ирэхэд миний гар утас алга болсон байсан. Тэгээд хяналтын камерыг шүүж үзэхэд 20 цаг 44 минутын орчим танихгүй 2 хүн орж ирээд манай нэг нь ресепшнтэй ярьж байх хооронд нөгөө залуу нь миний гар утсыг тэкээс хулгайлж авч яваад гарч байгаагаар бичигдсэн байхаар нь цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

 

 “Дамно” Хөрөнгө үнэлгээний компанийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б31-19-810 дугаартай:

“Ай фоне 8 плас загварын хар өнгийн гар утсыг 1.250.000 төгрөгөөр үнэлэв” гэх хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 38-39/,

 

Шүүгдэгч Г.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ботаникийн хүүхэд хамгаалах асрахад бага байхдаа танилцсан Зоригтбаатар овогтой Х ахтай Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт оройн 20 цагийн орчим уулзаад юм ярьж байгаад ойрд уулзсангүй учир нэг газар суухаар “Анар” нэртэй кафед ороод би тек дээр нь очоод ажилтантай нь хоол авахаар асуугаад зогсож байх үед Х ах утас байсан тал руу яваад Ай фоне 8 плас маркийн гар утсыг аваад над дээр ирээд “дүү хоолоо захиалсан уу” гэж асуухаар нь “захиалсан” гэж хэлэхэд “хоолоо саванд авч явахаар хийлгэчих” гэж хэлсэн. Би тооцоогоо хийгээд хоолоо аваад бид хоёр тухайн кафе-с гарч яваад Х ах “Ай фоне 8 плас маркийн гар утас байна “ID” кодтой юм байна, чи ав” гэж хэлээд тухайн гар утсыг надад өгөхөд би гар утсыг авсан. Бид хоёр удалгүй салж яваад маргааш өглөө нь би тухайн гар утсыг Тэди төвийн гадна танихгүй эрэгтэй хүнд 150.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь би пс тоглоом тоглоод дуусгасан гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,

 

Шүүгдэгч З.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр танил Атай 120 мянгатад уулзсан. Тэгээд би Халдвартын автобусны буудлаа автобусанд суух байсан болохоор хамт Халдварт руу явсан. Замдаа Баянмонгол хорооллын замын эсрэг талын Анар нэртэй кафе руу би уулзах гэж байгаа найздаа хоол авах гээд Атай хамт орсон. Ороод би зөөгчөөс нь нэг хоол савлуулаад аваад байж байх хооронд А тэкний ард талд цэнэглэж байсан гар утсыг нь авахыг харсан. Тэгсэн А “хурдан гаръя” гэхээр нь би зөөгч охинд “хоолоо савлаж байгаарай, ундаа аваад ороод ирье” гэж хэлээд гараад явсан. Зам дээрээс такси бариад зүүн салаанд очоод автобусны буудал дээр зогсож байх үедээ танихгүй 25 орчим насны нэг эрэгтэйд гар утсыг зарсан хэдэн төгрөгт зарсныг мэдэхгүй байна. Гар утсыг зараад бид хоёр Баянхошууны 7 дугаар хороонд байдаг Аын танил эгчийнд очиж хоноод маргааш нь салсан гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

 

- Мөрдөгчийн хэрэг бүртгэлтийн  хэрэг нээх тухай тогтоол, мөрдөгчийн хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай тогтоол /хх-ийн 01-16/,

-гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17/,

- мөрдөгчийн 2020.05.21-ны өдрийн ...ажиллагаа явуулахад З.Х нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Цэцэгмаагийн гар утсыг хулгайлсан байх ба үүний дагуу Баянгол дүүргийн 2-р хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Аззаяа (99686230) нь хэргийг шалган Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах АСАП санд гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдээр эрэн сурвалжлалт зарласан байсан болохыг тэмдэглэл болгон бичив.

202005.04-ий өдрийн ...ажиллагаа явуулан Хан-уул дүүргийн 16-р хороо 9-р хэсэг Буянт-Ухаа 61-р гудамж 10-3 тоот хаягийг шалгахад З.Х нь тухайн хаяг дээр эгч Энэбишийн Должинсүрэн, Батнасангийн Бүрэнбилэг, Бүрэнбилэгийн Насанбилэг, Бүрэнбилэгийн Сайханбилэг нарын хамт амьдарч байсан ба 2020 оны 04-р сараас хойш гэртээ ирээгүй хаана  байгаа нь тодорхойгүй байсан болохыг тэмдэглэл болгон бичив.

2020.04.02-ны өдрийн ...З.Хыг хаана байгааг олж тогтоох зорилгоор иргэний үнэмлэхийн бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 34-р хороо Хилчин 68-р гудамж 37 тоот хаягаар очиход хүн амьдардаггүй эзэнгүй хашаа байсан болохыг тэмдэглэл болгон бичив.

2020.07.20-ны өдрийн ... 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр эрүүгийн цагдаагийн албанаас эрэн сурвалжлагдан олж тогтоон Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлагдаж байсан тул Шүүгчийн 2020/шз/553 захирамжийн дагуу ШШГЕГ-н харьяа цагдан хорих 409-р ангид хүлээлгэнд байгаа болохыг тэмдэглэл болгон бичив гэх тэмдэглэлүүд /хх-ийн 18-23/,

 

- эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн санал /хх-ийн 24/,

- дүрс бичлэгт үзлэг хийсэн 2020.01.21-ний өдрийн ...2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Анар кафены тех хэсгийг буулгасан нийт 2 минут 33 секундийн бичлэг байв. Бичлэгт 20 цаг 54 минутад нэг дэх нь хар өнгийн куртиктэй дотуур нь цагаан өнгийн цамц өмссөн 20 орчим насны өндөр нуруутай, хоёр дахь нь хар өнгийн үстэй захтай малгайтай куртиктэй, ногоон өнгийн саравчтай малгайтай, малгайгаа хойш харуулж өмссөн хоёр эрэгтэй текний урд хэсэг зогсож байгаад нэг дэх нь худалдагчтай юм ярьж байх үед хоёр дахь эрэгтэй нь текний зүүн хэсэгт очин тавиур дээр байсан утсыг цэнэглэгчээс нь салган авч куртикний халаасандаа хийж байгаа нь дүрс бичлэгт буусан байна гэх тэмдэглэл, 1 ширхэг сиди, фото зураг /хх-ийн 25/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/, хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 79-128/, 

Шүүгдэгч З.Хын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/, хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 66-75/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.      

 

Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг авч захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр төгс үйлдэгддэг.

 

Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

 

Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эдэлж байгаа эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.

 

Шүүгдэгч Г.А, З.Х нарын иргэн Э.Дий эзэмшлийн цэнэглэж байсан Айфоне 8 плас загварын гар утсыг /хөрөнгийн үнэлгээний тайлангаар 1.250.000 төгрөгийн үнэлгээ бүхий/ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч өөрийн болгон захиран зарцуулах бололцоог бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч Г.А, З.Х нарын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, мөрдөгчийн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А, З.Х нарыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлыг төлж барагдуулаагүй, хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Коронавируст халдварт Ковид 19 өвчин туссан, шүүх хуралдаанд оролцох боломжгүй, хохирлоо нэхэмжилнэ” гэснийг үндэслэн шүүгдэгч нараас 1.250.000 төгрөгийг хувь тэнцүү гаргуулж хохирогч Э.Дд олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.А, З.Х нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй, харин гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгч Г.А, З.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, арга хэлбэр, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлыг төлөөгүй байдал, гэмт үйлдэлдээ өгч байгаа үнэлэлт дүгнэлт, хялбар аргаар өөрийн хэрэгцээ болон амин зуулгыг залгуулах гэсэн санаатай үйлдэл, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан тэдэнд ял шийтгэлийг оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь тэдний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзлээ.

 

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

 

Уг Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж эдлүүлэхээр хуульчилсан байна.

 

Шүүгдэгч З.Хын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх учир түүний Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 13 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй 1 жил 3 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэв.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг өршөөлд хамааруулахгүй байхаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.Аын үйлдсэн гэмт хэрэг өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд хамаарч байна.

 

Шүүгдэгч Г.Аыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 806 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жил 10 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ. Тэрээр уг ялыг биечлэн эдэлж байсан байх ба 2021 оны 08 сарын 17-ны өдрөөр тасалбар болгож ялын тооцоог ШШГЕГ-ийн 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас Г.Аыг 01 жил 11 сар 03 хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлсэн, 03 жил 11 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялын үлдэгдэлтэй гэж тооцоо хийжээ.

Шүүгдэгч Г.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараагаар ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул өмнө оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Мөн шүүгдэгч З.Хын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 13 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй 1 жил 3 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсныг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн нийт ялыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Аын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс цагдан хоригдсон 66 хоногийг, шүүгдэгч З.Хын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс цагдан хоригдсон 40 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргуулахаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн тамгын газарт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Гийн А, Б овогт Зын Х нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А, З.Х нарыг тус бүр хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Хт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 13 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй 1 жил 3 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 806 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 10 сар 26 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 23 хоногийн хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 11 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч З.Хт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 13 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 29 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 3 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат оногдуулсан 5 жил 11 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч З.Хт оногдуулсан 3 жил 3 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Аын цагдан хоригдсон 67 /жаран долоон/ хоногийг, шүүгдэгч З.Хын цагдан хоригдсон 40 /дөчин/ хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хадгалуулахаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А, З.Х нараас 1.250.000 төгрөгийг хувь тэнцүү гаргуулж хохирогч Э.Д /уц97071110/-д олгосугай.

 

10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А, З.Х нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ