Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00722

 

К Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/01181 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1157 дугаар магадлалтай,

К Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ч Э ХХК, МФ ХХК-д холбогдох

2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 09/15 тоот зээлийн гэрээг цуцалж,  гэрээний үүрэгт 1.073.412.513 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч Ч Э ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд Ц.Ч-ын МФ ХХК болон К Б ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан 09/15 тоот зээлийн барьцааны гэрээний өөрийн өмчлөлийн  орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох бие даасан шаардлагатай,

Гуравдагч этгээд С.М-ийн МФ ХХК болон К Б ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан 09/15 тоот зээлийн барьцааны гэрээний өөрийн өмчлөлийн авто зогсоолуудад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай тус тус бие даасан шаардлагатай  иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, хариуцагч Ч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, өмгөөлөгч Д.Т, хариуцагч МФ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К Б ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Ч Э ХХК К Бтай 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 09/15 тоот зээлийн болон барьцааны гэрээ, мөн 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 9/15 тоот барьцааны гэрээг байгуулж, 860.000.000 төгрөгийн Жайкагийн төслийн зээлийг, жилийн 9,9 хувийн хүүтэйгээр /6 сар тутам хувьсах/, 120 сарын хугацаатай авсан. Ч Э ХХК-ийн 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хүсэлтийн дагуу тус банк 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 09/15 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ байгуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан болно. Мөн 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 9/15 тоот барьцааны гэрээ байгуулж, барьцааны гэрээний хавсралтад 1 орон сууц, 72 ширхэг авто зогсоолыг барьцаалахаар тусгасан боловч 1 орон сууцны гэрчилгээ, 52 ширхэг авто зогсоолын гэрчилгээг банкинд хүлээлгэн өгсөн ба улсын бүртгэлийн Y-2206014179, Y-2206014027 дугаартай авто зогсоолын үл хөдлөх хөрөнгийн барьцааг чөлөөлүүлсэн. Зээлийг халаалтын зуух шинэчлэх хөрөнгө оруулалтад зориулан олгосон бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд дор дурдсан хөрөнгийг барьцаалсан. Үүнд: 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 09/15 тоот барьцааны гэрээгээр Ч Э ХХК-ийн борлуулалтын орлого, зээлээр санхүүжүүлэн авах карборобот халаалтын зуух 7ш, насосны иж бүрдэл Зш, цэвэр усны насос Зш, яндан 7ш, усны сав 6ш, тэлэлтийн сав 180л 7ш, тэлэлтийн сав 500л Зш, генератор Зш, зуухны холболтын материал, цахилгааны холболтын материал, бусад дагалдах хэрэгслийг барьцаалсан. 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 9/15 тоот барьцааны гэрээгээр МФ ХХК-ийн өмчлөлийн 000107259 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2206014282 тоот улсын бүртгэлийн дугаартай, 821 м.кв талбайтай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48-Д байр, 1 тоот орон сууц, МФ ХХКомпанийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 46-А байрны зоорийн давхрын 7 ширхэг авто зогсоол, 46-Б байрны зоорийн давхрын 16 ширхэг авто зогсоол, 46-В байрны зоорийн давхрын 13 ширхэг авто зогсоол, 46-Г байрны зоорийн давхрын 14 ширхэг авто зогсоолыг барьцаалсан. Зээлийн барьцааны гэрээг зохих журмын дагуу нотариатаар баталгаажуулж, үл хөдлөх хөрөнгийн барьцааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болно. Гэтэл зээлдэгч Ч Э ХХК нь 2012 оны 8 дугаар сараас зээлийн гэрээний хавсралтанд тусгасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн нь зээлийн гэрээний 2.1.10 болон 10.2 дахь заалтуудад заасан ноцтой зөрчилд тооцогдох бөгөөд тус банк нь зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүг тогтоосон хугацаандаа төлөхийг удаа дараа шаардаж байсан. Зээлийн төлбөрийн зөрчигдсөн хэмжээг нийт зээлийн үүргийн хэмжээтэй харьцуулахад 76.97 хувь байх тул Ч Э ХХК-ийг зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл нэгэнт бүрдсэн байна. Ч Э ХХК-д зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зөрчлөө арилгах тухай нэмэлт хугацааг удаа дараа олгож, мэдэгдэл хүргүүлж байсан. Нэмэлт хугацаа тогтоосон боловч тодорхой үр дүн гараагүй, мөн зөрчлийн хэмжээ нь ноцтой хэмжээнд хүрсэн болох нь зээлийн эргэн төлөлтийн болон зээлийн зөрчлийн тооцоолол, зээлийн эргэн төлөлт зөрчигдсөн хоног зэргээр тус тус нотлогдож байгаа. Дээрх нөхцөл байдлууд нь нэхэмжлэлд хавсаргасан баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэсний дагуу Банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулж, үр дагаврыг арилгуулах эрхтэй юм. Иймд Ч Э ХХК болон К Бны хооронд 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 09/15 тоот зээлийг гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн 737.600.000 төгрөг, зээлийн хүү 306.523.880 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29.288.633 төгрөг, нийт 1.073.412.513 төгрөгийг Ч Э ХХК-иас гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч Э ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...К Б ХХК нь манай компанид 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 09/15 тоот зээлийн гэрээгээр 860.000.000 төгрөгийн JBIC-ийн төслийн зээлийг 120 сарын хугацаатайгаар, 6 сар тутам хувьсах жилийн 9,9 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд анх борлуулалтын орлого, зээлээр санхүүжүүлэн авах карборобот зуух, насосны иж бүрдэл, яндан, усны сав, тэлэлтийн сав, генератор, зуухны болон цахилгаан холболтын материал зэрэг хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Гэрээ байгуулснаас хойш 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг байгуулж зээл эргэн төлөгдөх хугацааг 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл сунгасан. 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр К Б ХХК МФ ХХК-тай 09/15 тоот зээлийн барьцааны гэрээг шинээр байгуулан, барьцааны зүйлийг өөрчилж, тус компанийн барьж гүйцэтгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж, Хөх Тэнгэр хотхоны 46-А, 46-Б, 46-В, 46-Г байрны тус бүр 1-18 тоот нийт 72 авто зогсоол, 48-Д байрны 60 хувийн гүйцэтгэлтэй 1 тоот орон сууцыг тус тус барьцаалсан. Банк 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдөр үүсгэн байгуулагдсан, ямар ч зээлийн түүхгүй, огт үйл ажиллагаа явуулдаггүй, тогтмол орлогогүй, санхүүгийн чадвар нь тогтмолжоогүй манай компанид хууль, холбогдох дүрэм, журамд заасан шалгуурыг үл харгалзан зээл олгосон шалтгаан нь МФ ХХК болон түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн К Б ХХК-иас авсан зээл, зээлийн хүүг төлүүлэх байсан болно. Иймээс зээл олгосноос хойш МФ ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн барьж гүйцэтгэж байсан Хөх Тэнгэр хотхоны орон сууц, авто зогсоолуудыг барьцаанд тавьснаас гадна зээл, хүүгийн төлөлтүүдийг төлж байсан. МФ ХХК нь К Б ХХК-иас 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр зээл авснаас хойш тус компани нь өөрийн хамаарал бүхий Файндеко ХХК, Си Эм Эс Эл ХХК, Вайтстар ХХК, Голденнагет ХХК, Агро-Алтай импекс ХХК, Параскай ХХК, Юу Си Ай Жи ХХК-иудыг үүсгэн байгуулж, хамгийн сүүлд Ч Э ХХК-ийн нэр дээл зээл авч, уг зээлийг банкнаас өөрийн болоод бусад компаниудын нэр дээр өмнө авсан зээлүүдээ төлөх, МФ ХХК-ийн барилгын ажилд зориулан зарцуулах, улмаар хотхоны орон сууцны борлуулалтын орлогоос зээлийг төлөх нь тодорхой байхад нэг зээлдэгч болон Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан түүнтэй холбогдох этгээдүүдийг мэдсэн атлаа тэдэнд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т банкнаас аливаа этгээд түүнтэй холбогдох этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг зөрчиж зээл олгосон нь банкны буруутай үйл ажиллагаа болно. Банк хууль зөрчиж зээл олгоод зогсохгүй Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийг зөрчиж банк хууль болон талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.7, 4.3, 6.2.1, 6.2.2, 10.2.1-д заасан заалтуудыг зөрчиж, төсөл хэрэгжүүлэх зориулалтаар олгосон зээлийг зээл олгосон өдрөө зээлдэгчийн данснаас татан авч бусдын өр төлбөрт тооцож авсан байдаг. К Б ХХК болон Г.Бямбаагийн 2009 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 09/11 тоот зээлийн гэрээгээр зээлсэн 67.286.000 төгрөгийн зээлийг 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 67.824.287 төгрөгийг, К Б ХХК болон Б.Батхүүгийн 2008 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 08/163 тоот зээлийн гэрээгээр зээлсэн 600.000 юанийн зээлийг 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл бодогдсон хүүгийн хамт тооцож 135.533.048 төгрөгийг, К Б ХХК болон Вайтстар ХХК-ийн 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 08/55 тоот зээлийн гэрээний төлбөрөөс үндсэн зээлд 240.633 юань, хүүд 914.200 юань буюу нийт 247.135.663 төгрөгийг тус тус тооцон авсан. Эдгээрээс гадна бид 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдөр чекээр зарлагын гүйлгээ хийж Мф ХХК-ийн үндсэн зээлд 154.446.000 төгрөг, хүүд 111.655.153 төгрөг, торгуулийн хүүд 6.992.780 төгрөг, Юу Си Ай Жи ХХК-ийн хүүд 3983,5 ам доллар, Параскай ХХК-ийн хүүд 3490,06 ам доллар буюу нийт 288.344.300 төгрөгийг холбогдох компаниудын К Б ХХК-ийн дансуудад шилжүүлж, МФ ХХК-ийн үйл ажиллагааны зардалд нийт 100.000.000 төгрөгийг төлсөн. Зээлээс үлдсэн мөнгөн хөрөнгөөс К Б ХХК-ийн зээлийн үйл ажиллагааны шимтгэлд нийт 4.215.220 төгрөг, данс хөтөлсний шимтгэлд сар бүр 2.000 төгрөгийг суутгуулсаар төслийн зориулалтаар олгосон гэх зээлийн мөнгөн хөрөнгө 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдөр бүрэн дууссан. Түүнчлэн Ч Э ХХК нь К Б ХХК-иас анх зээл авах үед ч, зээлийн гэрээний хугацаанд ч банкинд төсөл танилцуулж байгаагүй, төслийн үйл ажиллагаа, зээлийн зарцуулалтын талаар мэдээ, тайлан огт гаргаж байгаагүй бөгөөд К Б ХХК нь зээлдэгчийн төслийн зээлийн зарцуулалтыг шалгаж байгаагүй, энэ талаар тайлагнахыг шаардаж байгаагүй болно. Банк анхнаасаа зориулалт бусаар зээл олгосон, уг зээлээр МФ ХХК болон түүний холбогдох этгээдүүдийн зээлийг төлөхийг мэдэж байсан тул гэрээний хугацаанд К Б ХХК-д төлсөн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг МФ ХХК төлж байснаас гадна К Б ХХК-тай зээлийн төлбөрт хөрөнгө шилжүүлэх гэрээнүүдийг байгуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийг банкны өмчлөлд шилжүүлж байсан нь баримтаар нотлогдоно. Банкны эдгээр үйлдэл нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.6, 23.2.7 дахь заалтуудын дагуу компанийн санхүүгийн тайлан, зээлийн ашиглалт шалгасан материал зэргийг бүрдүүлэх, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зээлийн ашиглалтыг шалгасан материалд авсан зээлээ зориулалтын дагуу үр дүнтэй ашиглаж байгаа эсэхийг тодорхой тоо хэмжээ, үнийн дүнгээр нь тодорхойлж бичнэ гэж заасныг зөрчсөн байна. Дээрх байдлаар К Б ХХК нь банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг зөрчиж, санхүүгийн чадваргүй этгээдэд бусдын зээлийн өрийг төлүүлэх зориулалтаар JBIC-ийн төслийн дор зээл олгож, зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Иймд К Б ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч МФ ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...МФ ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт томоохон хотхоны барилгын ажлыг эхлүүлсэн байсан тул уг барилгын ажлыг үргэлжлүүлэхэд шаардлагатай мөнгөн хөрөнгийг олох зорилгоор К Б ХХК-иас өөрийн компанийн нэр дээр болоод хамаарал бүхий хэд хэдэн компанийн нэр дээр зээл авсан. Хамгийн анх К Б ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дараах гэрээнүүдийг байгуулж зээл авсан. МФ ХХК 1.400.000 ам доллар, Монлотус ХХК 1.300.000 ам доллар, үүнээс хойш дахин 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Си Эм Эс Эл ХХК-ийн нэр дээр 1.500.000 ам доллар, Файндеко ХХК-ийн нэр дээр 1.500.000.000 төгрөгийн зээл авч барилгын ажилд зарцуулсан. Гэтэл 2008 оноос улс орны эдийн засгийн байдал доройтож улмаар ам доллараар авсан зээл, хүүгийн төлбөрүүдийг төлөхөд хүндрэл үүссэнээс гадна банкны зүгээс бидний санхүүгийн хүндрэлтэй байдлыг ашиглан Си Эм Эс Эл ХХК-тай байгуулсан гэрээнд удаа дараа өөрчлөлт оруулж, өөрсдийн валютын ханшийн зөрүүний эрсдэлийг хаах зорилгоор ам доллараар авсан зээлийг төгрөгт, төгрөгт шилжүүлсэн зээлийг юань руу шилжүүлэх замаар валютын ханшийн зөрүүнээс их хэмжээний хийсвэр өр төлбөр үүсгэсэн. Бид тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан банкнаас тавьсан бүх шаардлагыг биелүүлэхээс аргагүйд хүрсэн тул арга буюу банкинд үүссэн өр төлбөрийг барагдуулах зорилгоор Файндеко ХХК, Параскай ХХК-иудыг үүсгэн байгуулснаас гадна өөрсдийн гэр бүл, төрөл садангийн нэр дээр болоод тэдний өмнө байгуулагдсан боловч үйл ажиллагаа явуулдаггүй компаниудын нэр дээр банкнаас тавьсан саналын дагуу урт хугацаатай, бага хүүтэй, JBIC-ийн төслийн зээлийг авсан. Хамгийн сүүлд Ч Э ХХК-ийг 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдөр үүсгэн байгуулж, 860.000.000 төгрөгийн төслийн зээлийг авсан бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгөөр МФ ХХК болон бусад хамаарал бүхий компаниудын банкнаас авсан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж, зарим хэсгийг барилгын үйл ажиллагаанд зарцуулсан. Манай компанийн хувьд өөрийн болон бусад холбогдох этгээдүүдийнхээ нэр дээр авсан 15.167.034.985 төгрөгийн зээлийн төлбөрт 2014 оныг дуустал нийт 20.090.270.791 төгрөг төлснөөс гадна 14 төрлийн үл хөдлөх хөрөнгүүдийг өр төлбөрт тооцон банкны өмчлөлд шилжүүлсэн нь баримтуудаар нотлогдоно. Зээлийн барьцааны гэрээний тухайд манай компани өөрийн болон хамаарал бүхий компаниудынхаа нэр дээр авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хамгийн анх 55 хувийн гүйцэтгэлтэй барилгууд, хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж байсан боловч банкны шаардлагаар бусдад худалдсан, захиалагч иргэд нь амьдарч, ашиглаж байсан орон сууц, авто зогсоолуудын өмчлөх эрхийг өөрсдийн нэр дээр бүртгүүлж, 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр банктай шинээр зээлийн барьцааны гэрээ байгуулан орон сууц, авто зогсоолуудыг нэг бүрчлэн барьцаалсан. Ийнхүү бусдын өмчлөлийн эд хөрөнгийг тэдгээр иргэдэд огт хамааралгүй зээлийн үүргийн гүйцэтгэлд тэдний зөвшөөрөлгүйгээр барьцаалсан тул иргэдээс манай компани болон К Бинд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, уг хэргүүд эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөх Тэнгэр хотхон нь зөвхөн банкны зээлээр бий болоогүй, тус хотхоны бүтээн байгуулалтад бидний ч, иргэдийн ч хөрөнгө оруулалт орсны дүнд тансаг зэрэглэлийн хотхон бий болсон. Бид барилга баригдах явцад иргэдээс хөрөнгө оруулалт татаж уг хөрөнгийг барилгын ажилд зарцуулснаас гадна банкнаас авсан зээл, хүүгийн төлбөрийг төлж байсан бөгөөд банкинд барьцаалсан орон сууц, авто зогсоолуудад бусдын эрх, шаардлага байгаа гэдгийг банкны тухайн үеийн удирдлагууд бүрэн мэдэж байсан. Өнөөдрийн байдлаар Ч Э ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, 48-Д байрны 1 тоот орон сууц болон 46-А, 46-Б, 46-В, 46-Г байрны нийт 72 авто машины зогсоолууд бүгд бусдын өмчлөлд шилжсэн тул К Б ХХК-иас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүй. Банк анхнаасаа манай компанийн холбогдох этгээд болох үүсгэн байгуулагдаад 1 сар болсон, ямар ч зээлийн түүхгүй, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэдэггүй буюу огт үйл ажиллагаа явуулдаггүй, тогтмол орлогогүй, санхүүгийн чадвар нь тогтворжоогүй Ч Э ХХК-д зээл олгосон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг ноцтой зөрчсөн байх ба тэдгээрийн хооронд байгуулагдсан 09/15 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Харин хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан зээлийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан үндэслэлээр мөн л хүчин төгөлдөр бус хэлцэл байх учраас К Б ХХК-иас МФ ХХК-д холбогдуулан гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч Э ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Манай компани нь К Б ХХК-тай 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 09/15 тоот зээлийн гэрээг байгуулж, 120 сарын хугацаагаар, 6 сар тутам хувьсах жилийн 9,9 хувийн хүүтэйгээр 860 000 000 /найман зуун жаран сая/ төгрөгийн JBIC-ийн төслийн зээлийг авсан. Гэрээ байгуулснаас хойш 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг байгуулж, зээл эргэн төлөгдөх хугацааг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл сунгасан, 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр К Б ХХК нь МФ ХХК-тай 09/15 тоот зээлийн барьцааны гэрээг шинээр байгуулан, барьцааны зүйлийг өөрчилж, тус компанийн барьж гүйцэтгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Хөх Тэнгэр хотхоны 46-А, 46-Б, 46-В, 46-Г байрны тус бүр 1-18 тоот нийт 72 авто зогсоол, 48-Д байрны 60 хувийн гүйцэтгэлтэй 1 тоот орон сууцыг тус тус барьцаалсан. Банк манай компанид зээл олгосон шалтгаан нь МФ ХХК болон түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн К Б ХХК-иас авсан зээл, зээлийн хүүг төлүүлэх байсан тул 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдөр үүсгэн байгуулагдсан, ямар ч зээлийн түүхгүй, огт үйл ажиллагаа явуулдаггүй, тогтмол орлогогүй, санхүүгийн чадвар нь тогтмолжоогүй компанид зээл олгосон байдаг. К Б ХХК-иас 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр МФ ХХК-д зээл олгосноос хойш тус компани нь өөрийн хамаарал бүхий Файндеко ХХК, Си Эм Эс Эл ХХК, Вайтстар ХХК, Голденнагет ХХК, Агро-Алтай импекс ХХК, Параскай ХХК, Юу Си Ай Жи ХХК-иудыг үүсгэн байгуулж, хамгийн сүүлд Ч Э ХХК-ийн нэр дээр зээл авч, уг зээлийг банкнаас өмнө авсан зээлүүдээ төлөх, МФ ХХК-ийн барилгын ажилд зарцуулж, улмаар хотхоны орон сууцны борлуулалтын орлогоос зээлийг төлөх нь тодорхой байхад нэг зээлдэгч болон Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан түүнтэй холбогдох этгээдүүдийг мэдсэн атлаа тэдэнд их хэмжээний зээл олгосон нь банкны шууд буруутай үйл ажиллагаа юм. К Б ХХК нь Ч Э ХХК-тай зээлийн гэрээ байгуулах үед МФ ХХК болон түүнтэй холбогдох дараах этгээдүүдэд нийт 9.975.988.910 төгрөгийн зээлийг олгосон байсан. Гэтэл 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх банкны өөрийн хөрөнгө 9.815.288 төгрөг гэж К Б ХХК-ийн Capitronbank.mn цахим хуудаст байршуулсан 2009 оны санхүүгийн тайланд тусгасан байх тул К Б ХХК нь Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д банкнаас аливаа этгээд, түүнтэй холбогдох этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг зөрчиж, зээл олгосон байна. Түүнчлэн Ч Э ХХК нь К Б ХХК-иас анх зээл авах үед ч, зээлийн гэрээний хугацаанд ч банкинд төсөл танилцуулж байгаагүй, төслийн үйл ажиллагаа, зээлийн зарцуулалтын талаар мэдээ, тайлан огт гаргаж байгаагүй бөгөөд К Б ХХК нь ч зээлдэгчийн төслийн зээлийн зарцуулалтыг шалгаж байгаагүй, энэ талаар тайлагнахыг шаардаж байгаагүй болно. Дээрх байдлаар К Б ХХКомпани нь банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг зөрчиж, санхүүгийн чадваргүй этгээдэд бусдын зээлийн өрийг төлүүлэх зориулалтаар JBIC төсөл нэрийн дор зээл олгож, зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Иймд К Б ХХК болон Ч Э ХХК-ийн хооронд 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 09/15 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч К Б ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1-тэй зөрчилдөж байна. Сөрөг нэхэмжлэлд дурдсан үндэслэл хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасныг зөрчиж зээл олгосон тухайд ярихад 2010 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр батлагдсан Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д банкнаас аливаа этгээд, түүнтэй холбогдох этгээд, харилцан хамаарал бүхий этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалт, бусад хэлцлийн нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байна. Энэ Банкны тухай хууль нь 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн байдаг. 1996 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д банкнаас нэг зээлдэгч болон холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийлбэр дүн нь банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байна. Үүнээс нэг зээлдэгч болон холбогдох этгээдэд олгох зээлийн хязгаарлалтыг бий болгосныг харж болно. Мөн 1996 оны Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1-т холбогдох этгээд гэж тухайн банкны хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, банкны салбар, тооцооны төвийн захирал, тэдгээрийн өвөг эцэг, эмэг эх, эцэг, эх, эхнэр, нөхөр, ах, эгч, дүү, хүүхэд болон тэдэнд хяналтын багцаа эзэмшүүлдэг хуулийн этгээд, уг этгээдийн хяналтын багцыг эзэмшдэг аливаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан байна. Маргааны зүйл болж байгаа үйл баримт, гэрээнүүд нь 2007-2009 онд хамаарч байх тул тухайн үед мөрдөгдөж байсан 1996 оны Банкны тухай хуулийг баримтлах нь зөв юм. Түүнчлэн Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхийг хориглосон байна. 1996 оны Банкны тухай хуульд холбогдох этгээд гэдэгт гагцхүү зээл олгогч банкны хувьцаа эзэмшигч, бусад эрх бүхий албан тушаалтан байхаар хуульчилсан байна. Энэ ойлголт нь банк, банкны хамаарал бүхий этгээд хоорондын харилцан хамаарлыг тодорхойлох зорилгоор хуульчлагдсан байна. Гэтэл сөрөг нэхэмжлэлд Ч Э ХХК, түүний хамаарал бүхий иргэн, хуулийн этгээдэд олгосон зээлүүдийг холбогдох этгээдийн зээл гэж тайлбарлан алдаа гаргасан буюу тухайн үед мөрдөгдөж байсан хуулийг биш хожим батлагдаж мөрдөгдөж эхэлсэн хуулийг үндэслэл болгосон байгаа нь эрх зүйн үндэслэлгүй байна. Банкны тухай хуулийн зохицуулалтын хувьд өөр буюу холбогдох этгээд гэдэгт зээлдэгч, түүний хамаарал бүхий этгээдийг хамааруулан ойлгохоор томъёологдож байна. Гэтэл сөрөг нэхэмжлэлд заасан тухайн зээлүүд нь 2007-2009 оны хооронд зээлийн гэрээ байгуулж олгогдсон байна. Иймээс 2010 оны Банкны тухай хуулийг биш тухайн үед мөрдөгдөж байсан 1996 оны Банкны тухай хуулийг хэрэглэх үндэслэлтэй байна. Тиймээс шинжээчийн дүгнэлтэд 2010 оны хуулийн хувьд зээлийн хэмжээ 20 хувиас хэтэрсэн байх хэдий ч тухайн үед 1996 оны хууль хэрэгжиж байсныг дурдсан байна. Мөн холбогдох этгээдийн зохицуулалт өөр байгаа талаар тодорхой дурдсан байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байхаар заасан, Дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 тоот тогтоолоор 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэдгийг хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарна гэж тайлбарласан байна. 1996 оны болон 2010 оны Банкны тухай хуулийн 16, 17 дугаар зүйлээр банкны үйл ажиллагаанд тавих хязгаарлалтыг тогтоож өгсөнөөс зээлийн гэрээ байгуулахыг хориглосон хэм хэмжээ биш байна. Зээлийн гэрээ байгуулж, зээл олгохыг энэхүү хуулийн зохицуулалт хориглоогүй байна. Энэхүү хуулийн зохицуулалт банкны үйл ажиллагааг зохицуулахад чиглэсэн болохоос банкны зүгээс байгуулах аливаа гэрээ, хэлцэлд чиглэгдээгүй харин банкны зээлийн үйл ажиллагааг зохистой хэмжээнд барих зорилготой буюу зээлийн үйл ажиллагаанд чиглэсэн учир энэхүү хязгаарлалтыг зөрчсөн банкинд 500.000-1.000.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авахаар Банкны тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан байна. Тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн зохицуулалтаар нэг зээлдэгчид л өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрүүлж олгохыг хориглож байсан учир МФ ХХКомпани, түүний хамаарал бүхий этгээдэд олгосон зээлийн асуудлаар Монгол банкнаас тухайн үед хийсэн шалгалтаар акт, торгууль тавьж байгаагүй болно. К Б нь МФ ХХК, Ану Сервис ХХК, Си Эм Эс Эл ХХК-д олгосон зээлийн төлбөрийн асуудлыг 3 шатны шүүхээр шийдвэрлүүлсэн бөгөөд эдгээр зээлийн асуудлыг шийдвэрлүүлэх явцад зээл олгох хязгаарлалтыг зөрчсөн буюу Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй, шүүхээс үүнтэй холбоотой дүгнэлтийг хийгээгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.6, 23.2.7, 23.6-д заасныг зөрчиж олгосон зээлийг бусдын өр төлбөрт тооцож авсан тухайд К Бны зүгээс зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Ч Э ХХКомпани нь төслийн зориулалттай зээл авах хүсэлт гаргасан, төсөл нь жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн холбогдох төсөл сонгон шалгаруулах хороогоор дэмжигдэж зээл олгох болсон. Зээлийн хүсэлт, төслийн баримт бичгийг банкинд ирүүлж байсныг хэрэгт өгсөн. Мөн халаалтын төслийн зуухны төсөл хэвийн түвшинд байгаа талаар албан бичгийг ирүүлж байсан, гэтэл хариуцагч нь зээлийг зориулалт бусаар зарцуулж, төслийн зориулалтаар ашиглалгүйгээр өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн зээлээс төлсөн зөрчлийг гаргасан байна. Хариуцагч тал нийтдээ 449.000.000 төгрөгийг зориулалт бусаар зарцуулж, бусад этгээдийн зээлийг төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь нотлогдсон тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлийн мөнгөн хөрөнгийг хугацаанаас өмнө төлүүлэх үндэслэл бүрдсэн байна. Гэрээ, хэлцэл хуулиар хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж зээлийг зориулалт бусаар ашигласан үйлдлийнхээ бурууг банкинд хүлээлгэх зорилгоор банкийг суутгаж бусдын зээлийг төлүүлсэн мэтээр сөрөг нэхэмжлэлд тусгасан байна. Эдгээр төлбөрийн даалгавар, гүйлгээг гагцхүү харилцагчийн хүсэлт, гарын үсгээр хийж гүйцэтгэсэн байгаа нь хэрэгт авагдсан баримтаас харагдана. Хариуцагчийн хүсэлт, даалгавар, зөвшөөрлийг өгч хийлгүүлсэн төлбөрийн даалгавар, арилжааг банкны аль нэг салбар, хэлтэс төслийн мөнгө гэдгийг мэдэлгүйгээр хийснийг банк урдаас мэдсэн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Банк суутгасан үйлдэл биш, зээлдэгч өөрөө хүсч, өөрөө санаачилж бусдын зээлийг төлсөн үйлдлүүд юм. Түүнчлэн хариуцагчийн дансанд зээлийн мөнгөн хөрөнгө орсноор тухайн мөнгөн хөрөнгийг өмчлөх эрх буюу захиран зарцуулах эрх шилждэг гэдгийг хариуцагч анхаараагүй байна. Нэгэнт хариуцагчийн эзэмшилд шилжсэн мөнгөн хөрөнгийг банк өөрийн дураар захиран зарцуулах боломжгүй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Ч-ын шүүхэд гаргасан бие даасан шаардлагад: ...МФ ХХК-тай 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 147 тоот орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг байгуулан, тус компанийн барьж байсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, Хөх Тэнгэр хотхоны 48-Д байрны 1 тоотод байрлах 767 м.кв орон сууцыг захиалж, төлбөрийг бүрэн төлсөн. Гэтэл МФ ХХК нь Ц.Ч-ын орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 48-Д байрны 1 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосон. Уг захирамжийг үндэслэн Ц.Ч- нь орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхээр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст хандахад тухайн орон сууцанд К Б ХХК-ийн барьцааны эрх бүртгэлтэй гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байдаг. Ийнхүү бүртгэлийн байгууллагад хандсанаар МФ ХХК нь Ц.Ч-ын өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар өөрсдийн нэр дээр бүртгүүлж, К Б ХХК-тай 2010 оны 09/15 тоот Зээлийн барьцааны гэрээг байгуулан Ч Э ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх Тэнгэр хотхоны 48-Д байрны 1 тоот орон сууцыг өмчлөгч Ц.Ч-ад мэдэгдэлгүй, ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр барьцаалсан болохыг мэдсэн. Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан 48-Д байрны 1 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Ц.Ч-ыг бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан. Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд МФ ХХК болон К Б ХХК-иуд гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд гуравдагч этгээдүүд нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахад татгалзах зүйлгүй болохоо илэрхийлсэн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 524 тоот захирамжаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Ц.Ч- нь орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээгээр МФ ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т зааснаар өөрийн хөрөнгөөр бий болсон орон сууцаа өмчлөлдөө хүлээн авсан боловч МФ ХХК нь хууль бусаар түүний өмч хөрөнгийг өөрсдийнх мэтээр улсын бүртгэлд мэдүүлж, гэрчилгээ гаргуулан, уг гэрчилгээгээ үндэслэн К Б ХХК-д барьцаалсан байна. Ц.Ч- нь К Б ХХК-ийн өмнө үүрэг хүлээгээгүй, МФ ХХК болон Ч Э ХХК-ийн өмнөөс зээлийн төлбөр төлөх үүрэггүй, тус компанийн үүргийн гүйцэтгэлд өмч хөрөнгөө барьцаалуулах хүсэл зориг огт илэрхийлээгүй, эдгээр этгээдүүдийн хооронд үүссэн зээл, барьцааны харилцаанд огт хамааралгүй этгээд байхад МФ ХХК нь хууль ёсны өмчлөгчид нь мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр зээлийн барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-д заасныг зөрчсөн, харин К Б ХХК нь барьцаа хөрөнгийг нягталж, шалгах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр гэрээ байгуулсан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.4-т заасныг тус тус зөрчсөн байх тул 09/15 тоот зээлийн барьцааны гэрээний Ц.Ч-ын өмчлөлийн 48-Д байрны 1 тоот орон сууцанд холбогдох хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан МФ ХХК болон К Б ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 09/15 тоот зээлийн барьцааны гэрээний Ц.Ч-ын өмчлөлийн 48-Д дугаар байрны 1 тоот 767 м.кв талбайтай орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд С.М-ийн шүүхэд гаргасан бие даасан шаардлагад: ...С.М- нь МФ ХХК-тай 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Авто машины зогсоол захиалгаар бариулах гэрээг байгуулан, тус компанийн барьж гүйцэтгэж байсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу Хөх Тэнгэр хотхоны 46-В байрны 1, 2, 3 авто зогсоолуудыг захиалж, төлбөрийг бүрэн төлсөн болно. Гэтэл МФ ХХК нь С.М-ийн авто зогсоолуудын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхгүй байсан тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2016 оны 183/ШШ2016/00579 тоот шийдвэрээр 46-В байрны 1, 2, 3 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон. С.М- нь авто машины зогсоол захиалгаар бариулах гэрээгээр МФ ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т зааснаар өөрийн хөрөнгөөр бий болсон авто зогсоолуудыг өмчлөлдөө хүлээн авсан. МФ ХХК нь хууль бусаар түүний өмч хөрөнгийг өөрсдийнх мэтээр улсын бүртгэлд мэдүүлж, гэрчилгээ гаргуулан, уг гэрчилгээгээ үндэслэн К Б ХХК-д барьцаалсан байна. С.М- нь К Б ХХК-ийн өмнө үүрэг хүлээгээгүй, МФ ХХК болон Ч Э ХХК-ийн өмнөөс зээлийн төлбөр төлөх үүрэггүй, тус компанийн үүргийн гүйцэтгэлд өмч хөрөнгөө барьцаалуулах хүсэл зориг огт илэрхийлээгүй, эдгээр этгээдүүдийн хооронд үүссэн зээл, барьцааны харилцаанд огт хамааралгүй этгээд байхад МФ ХХК нь хууль ёсны өмчлөгчид нь мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр зээлийн барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-д заасныг зөрчсөн, харин К Б ХХК нь барьцаа хөрөнгийг нягталж, шалгах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр гэрээ байгуулсан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.4-т заасныг тус тус зөрчсөн байх тул 09/15 тоот зээлийн барьцааны гэрээний С.М-ийн өмчлөлийн 46-В байрны 1, 2, 3 тоот авто зогсоолуудад холбогдох хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1,8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Иймд МФ ХХК болон К Б ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 09/15 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх Тэнгэр хотхоны өмчлөгч С.М-ийн өмчлөлийн 46-В байрны 1, 2, 3 тоот авто зогсоолуудад холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч К Б ХХК-ийн гуравдагч этгээд Ц.Ч-ын бие даасан шаардлагад гаргасан тайлбарт: ...МФ ХХК-ийн нэр дээр 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Ү-2206014282 тоот улсын бүртгэлийн дугаартай 821 мкв талбайтай 60 хувийн гүйцэтгэлтэй 48-Д байрны 1 тоотын гэрчилгээ гарсан байдаг. Үүний дараагаар Ч Э ХХК-ийн зээлийн барьцаанд МФ ХХК нь дээрх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчийн хувиар тавьж, 09/15 тоот зээлийн барьцааны гэрээг К Бтай байгуулсан болно. Гэтэл Ц.Ч- нь 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон байдаг бөгөөд энэ нь барьцааны гэрээ байгуулсан өдрөөс 4 жилийн дараа болсон үйл явдал юм. К Б нь тухайн үед хэн хууль ёсоор өмчлөгч байсан түүнтэй гэрээ байгуулсан тул өөр бусад этгээдээс зөвшөөрөл авах шаардлага үүсээгүй. 4 жилийн дараа хэн хэнтэй гэрээ байгуулж, хэн өмчлөгч болж өөрчлөгдөхийг тааж мэдэх аргагүй тул зөвшөөрөл аваагүй, мэдэгдээгүй гэж банкийг буруутгасан нь огт үндэслэлгүй байна. Барьцааны гэрээ хийх үед тухайн эд хөрөнгийн өмчлөгч байсан МФ ХХК нь тухайн эд хөрөнгийг зээлийн үүрэгт барьцаалсныг буруу гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд барьцааны гэрээний талууд өмчлөх эрх олж аваагүй байсан Ц.Ч-аас зөвшөөрөл авах хууль зүйн үндэслэлгүй байна. Ц.Ч- нь орон сууцны өмчлөх эрхийн талаар 2014 онд иргэний хэргийн анхан шатны шүүхэд, өмчлөх эрхийн бүртгэлийн талаар 2015 онд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан үйл баримт нь 2009-2010 онд буюу барьцааны эрх болон түүгээр хангагдах үүрэг үүсэх үед өмчлөх эрхийн талаар маргасан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Ц.Ч- нь 2014-2015 онд тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдохдоо барьцааны эрхээр хязгаарлагдсан эд хөрөнгө өмчлөлдөө шилжүүлэн авсан байх ба тэрээр ажил гүйцэтгэгчид шаардлага гаргах эрхтэй болно. Түүнчлэн банкны зүгээс мөн л тухайн байрыг барьцаалахдаа шалгаж байсан. Энэ нь тухайн үед дарж баталгаажуулсан гэрэл зургаар нотлогдох тул банкийг барьцаа шалгаагүй гэж буруутгаж байгаа нь үндэслэл муутай байна. Иймээс Ц.Ч-ын гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч К Б ХХК-ийн гуравдагч этгээд С.М-ийн бие даасан шаардлагад гаргасан тайлбарт: ...К Бны хувьд тухайн авто зогсоолуудыг барьцаалахдаа С.М-т мэдэгдэж зөвшөөрөл авах шаардлага байхгүй. Учир нь 46-В байр нь 50 хувийн гүйцэтгэлтэй байхаас К Бны барьцаанд бүртгэлтэй байсаар ирсэн, 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдөр МФ ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, Ү-2206009143 тоот улсын бүртгэлийн дугаартай, 3200 мкв талбай бүхий 50 хувийн гүйцэтгэлтэй 46-В байрыг Вайтстар ХХК-ийн зээлийн барьцаанд анх бүртгүүлж байсан юм. 2010 оны 5 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд МФ ХХКомпани нь өөрийн нэр дээр 46-В байрны орон сууц, авто зогсоол тус бүрийг 90 хувийн гүйцэтгэлтэйгээр гаргаж, 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ч Э ХХК-ийн зээлийн барьцаанд бүртгүүлсэн. Үүнд МФ ХХК нь 2008 онд 50 хувийн гүйцэтгэлтэйгээр, 2010 оны 90 хувийн гүйцэтгэлтэйгээр ордер тус бүрээр өөрийн өмчлөлд бүртгүүлсэн буюу анхнаасаа өмчлөгч байсан. К Бны барьцааны эрх 2008 оноос эхлэлтэй бөгөөд 2010 онд үргэлжлүүлэн барьцаалсан. К Бны барьцааны эрх 2008 оноос эхлэлтэй, мөн барьцааны гэрээг тухайн үед хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байсан МФ ХХК-тай байгуулсан байтал хожим буюу 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдөр анх гэрээ байгуулж, эрх зүйн харилцаанд орсон гэх С.М-ээс зөвшөөрөл авч мэдэгдэх үүрэг банкинд үүсэхгүй. 2009 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлбөр тооцоогоо дуусгасан гэх боловч энэ нь үнэн гэхэд эргэлзээтэй, төлбөр тооцооны баримтыг МФ ХХК нь харилцагчийнхаа хүсэлтээр урагшлуулан бичиж өгдөг нь Захиргааны хэргийн шүүхийн үзлэгийн баримтаар нотлогдсон болно. 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр С.М-ийг хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр байх боловч энэ нь К Бны барьцааны эрх үүссэн өдрөөс 7 жилийн хойно буюу дараа болсон үйл явдал. Мөн энэ нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээнээс 5 жилийн дараа болсон байна. К Б тухайн үед хэн хууль ёсоор өмчлөгч байсан түүнтэй гэрээ байгуулсан тул өөр бусад этгээдээс зөвшөөрөл авах шаардлага үүсээгүй, 5 жил эсхүл 7 жилийн дараа хэн хэнтэй гэрээ байгуулж, хэн өмчлөгч болж өөрчлөгдөхийг тааж мэдэх аргагүй тул зөвшөөрөл аваагүй, мэдэгдээгүй гэж банкийг буруутгасан нь үндэслэлгүй байна. Мөн С.М- нь МФ ХХК-ийн гэрчилгээг хүчингүй болгуулж, өөрийн нэр дээр гаргуулах агуулга бүхий нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзаж байсан нь хэрэгт авагдсан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0572 тоот нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар нотлогдоно. Банкны зүгээс хэд хэдэн удаа 46-В байрны барилгын ажлыг шалгах зорилгоор очиж үзэж байсан. Энэ нь тухайн үед дарж баталгаажуулсан фото зургаар нотлогдох тул банкийг барьцаа шалгаагүй гэж буруутгаж байгаа нь мөн үндэслэл муутай байна. Иймээс С.М-ийн зүгээс гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч Э ХХК-ийн гуравдагч этгээд Ц.Ч-, С.М- нарын бие даасан шаардлагад гаргасан тайлбарт: ...Бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Сөрөг нэхэмжлэлд хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан гэж маргаж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь бие даасан шаардлагыг зөвшөөрч байгаа, хүчин төгөлдөр бус хэлцэл байна, 2010 оны 9 дүгээр сарын барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус зээлийн гэрээнд үндэслэсэн байна. Бие даасан шаардлага гаргаж байгаа этгээдүүд өөрсдийн шаардлагын үндэслэлээ өөрсдөөс нь зөвшөөрөл аваагүй, барьцаалуулагч этгээд миний хөрөнгөөр бий болсон орон сууцыг надад мэдэгдээгүй барьцаалсан байна гэдэг нь үндэслэлтэй. Зөвхөн банкны зээлээр босоогүй, захиалгаа өгөөд явж байсан иргэдийн мөнгөөр боссон байгаа. Зээл олгохоос өмнө гэрээ хийсэн. Иргэд захиалгын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болохыг МФ ХХК өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаагаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зээлдэгчийн хөрөнгөөр бий болсон байхыг шаарддаг тул иргэдэд хамааралгүй, Компаниудын хооронд үүссэн асуудал дээр бид нар энэ нөхцөл байдлыг мэдэх боломжгүй гээд иргэдийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэх үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагч МФ ХХК-ийн гуравдагч этгээд Ц.Ч-, С.М- нарын бие даасан шаардлагад гаргасан тайлбарт: ...С.М-, Ц.Ч- нар нь МФ ХХК-тай орон сууц болон зогсоол бариулах гэрээ байгуулаад төлбөр тооцоог төлж барагдуулсан. Эдгээр иргэдийн нэр дээр гэрчилгээ гаргах боломжгүй байсан. Орон сууцны гэрчилгээг барилга хүлээн авах комисс хүлээн аваад гаргана гэж гэрээ хийсэн. МФ ХХК 2007 оноос барилгаа барьж эхэлсэн. Өөрийн компанийн нэр дээр болон хамаарал бүхий 10 компанийн нэр дээр зээл аваад энэ хотхоныг босгосон. Иргэдээс захиалга авч банкны зээл дарах, хөрөнгө оруулалтаа нөхөх замаар босгосон. Явц дунд бусад компанийн зээлэнд К Бны шаардлагаар барьж байгаа барилгын тодорхой хувиар барьцаанд тавьсан. 2009 оны 3 дугаар сард байгуулсан барьцааны гэрээнд энэ 2 иргэний хөрөнгийг барьцаалсан. МФ ХХК энэ 2 иргэний өмч гэдгийг мэдэж байсан. Төлбөр тооцоо хийгээд, гэрээ байгуулаад амьдарч байсан. Нэгэнт банк шаардаж Ч Э ХХК-ийн зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө тавь гэж шаардсанаар иргэдэд мэдэгдэхгүйгээр барьцаанд тавьсан буруутай үйл ажиллагаа байгаа гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/01181 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан К Б ХХКомпанийн Ч Э ХХКомпанитай 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 09/15 тоот зээлийн гэрээг цуцлуулах, зээлийн гэрээний үүрэгт 1 073 412 513 /нэг тэр бум далан гурван сая дөрвөн зуун арван хоёр мянга таван зуун арван гурван/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан К Б ХХКомпани Ч Э ХХКомпанийн хооронд 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 09/15 тоот зээлийн гэрээ болон К Б ХХКомпани болон МФ ХХКомпанийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хийгдсэн 09/15 дугаартай зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх Тэнгэр хотхоны Ц.Ч-ын өмчлөлийн 48-Д байрны 1 тоотод байрлах, 767 метр квадрат талбайтай орон сууцанд холбогдох хэсэг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх Тэнгэр хотхоны С.М-ийн өмчлөлийн 46-В байрны 1, 2, 3 тоотод байрлах авто зогсоолуудад холбогдох хэсэг нь тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл байгааг дурдаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан Ч Э ХХКомпаниас 737 600 000 /долоон зуун гучин долоон сая зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулан К Б ХХКомпанид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан К Б ХХКомпанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 911 114 төгрөг, Ч Э ХХКомпанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 457 950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Ч-ын улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, К Б ХХКомпаниас 4 598 350 төгрөгийг гаргуулан 4 457 950 төгрөгийг Ч Э ХХКомпанид, 70 200 төгрөгийг Ц.Ч-ад, 70 200 төгрөгийг С.М-т тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1157 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/01181 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 56.1 гэснийг 56.1.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 911 114 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” зөрчлийг гаргасан байна. Мөн хэрэгт авагдсан үйл баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэнгүй. Хууль тогтоомжийг цагаан дээр хараар бичигдсэн тэр л утга агуулгын хүрээнд ойлгож хэрэглэх нь зүй ёсны хэрэг билээ. Харин хуулинд огт заагаагүй, зохицуулаагүй асуудлыг ургуулан бий болгож, тийм зохицуулалт хуулинд байгаа, байсан мэтээр хэрэглэж хэрхэвч болохгүй. Ялангуяа тусгай харилцааг тухайлан зохицуулсан нөхцөлд ингэж хэрэглэх үнэхээр аюултай үр дүнд хүргэх юм. 1996 онд батлагдсан Банкны тухай хуулийн зохицуулалтыг 2010 онд батлагдсан Банкны тухай хуулиар өөрчилж, нэмж, хасч зохицуулсан байж болох ч өмнө байгаагүй хуулийн зохицуулалтыг байгаагүй л гэж үзэх нь хууль ёсонд нийцэх юм. Харин 2010 оны хуулинд нэмэлт нарийн зохицуулалт орсон байгаа нь 1996 оны хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Мөн 1996 оны хууль харилцааг өөрөөр зохицуулсан эсхүл дутуу дулимаг байгаа нь батлагдаагүй байсан 2010 оны хуулийг хэрэглэнэ гэсэн үг биш гэж үзэж байна. Учир нь тухайн үед мөрдөгдөж байсан хуулиндаа нийцүүлж ажиллаж амьдарч ирсэн байдгаас биш ирээдүйд батлагдах хуулийг урьдчилан харж, дагаж мөрдөнө гэсэн ойлголт байх ёсгүй билээ. Анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс 1996 оны Банкны тухай хуулийг хэрэглэхдээ тухайн хуулинд огт байгаагүй “нэг зээлдэгч, түүний холбогдох этгээдэд олгох зээлийн хязгаарлалт”-ын талаарх зохицуулалтыг өөрөө дур мэдэн бий болгож, хуулинд нэмж хэрэглэсэн бөгөөд энэхүү зохицуулалтыг 2010 оны Банкны тухай хуулиар тодорхой болгосон гэж шүүхийн шийдвэртээ бичжээ. Энэ нь хожим батлагдсан хуулиар тодорхой болчихсон учир тодорхой болсон хувилбараар хуулийг хэрэглэх ёстой гэвэл яг өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулийг мөрдөхгүй байж болох болов уу гэсэн асуултыг тавихад хүргэж байна. Эндээс дараах хоёр зөрчлийг анхан болон давж заалдах шатны зүгээс гаргасан нь илэрхий болсон юм. Үүнд Банкны тухай хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Үйл баримт болоход батлагдаагүй байсан хуулийг хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. 1996 онд батлагдсан Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Банкнаас нэг зээлдэгч болон холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй” гэж зохицуулсан. Энэ нь нэг зээлдэгч болон “холбогдох этгээд”-д хамаарах зохицуулалт байна. Нэг зээлдэгч гэдэг нь эрх зүйн нэг этгээд буюу нэг хувь иргэн, нэг хуулийн этгээд, нэг хуулийн этгээдийн эрхгүй этгээдийг ойлгохоор байгаа юм. Харин “холбогдох этгээд”-ийг мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1-т тухайн банкны хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, банкны салбар, тооцооны төвийн захирал, тэдгээрийн хамаарал бүхий этгээд” гэж зохицуулжээ. Эндээс “холбогдох этгээд” гэсэн ойлголт нь зөвхөн “банкны” эрх бүхий албан тушаалтан, ажилтны хувьд ойлгогдохоор зохицуулагдсан байгаа юм. “Холбогдох этгээд” гэдгийг гагцхүү “банкны” тодотголтойгоор, “банкинд” хамаатуулж ойлгохоор хуульчилсан байна. Гэтэл энэхүү холбогдох этгээд гэдгийг банкинд хамаагүй хэн нэгэн зээлдэгчийн холбогдох этгээдэд мөн хамаарна гэх зэргээр хуулийг гуйвуулж, хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Ч Э ХХК, түүний холбогдох этгээдэд олгосон зээлийг энэхүү хязгаарлалтад оруулж, зээлийн гэрээг хууль зөрчсөн гэж үзсэн нь илт үндэслэл муутай дүгнэлт болсон байна. К Бны зүгээс Ч Э ХХК-д 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зээл олгох үед 1996 онд батлагдсан Банкны тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. 1996 онд батлагдсан Банкны тухай хуульд “холбогдох этгээд”-д зөвхөн тухайн банкны эрх бүхий албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээдийг байхаар зохицуулсан. Хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтаар зөвхөн “нэг зээлдэгч болон холбогдох этгээд”-д олгох зээлийн хязгаарлалтыг тогтоосон. Холбогдох этгээд гэдэгт зөвхөн банкны албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд байхаар зохицуулалттай. Харин аливаа зээлдэгчийн холбогдох этгээдэд олгох хязгаарлалтыг энэ хуулиар огт тогтоогоогүй. Нэг зээлдэгчид олгох хязгаарлалтыг тогтоосон гэж үзэж болно. Аливаа зээлдэгчийн холбогдох этгээдэд олгох зээлийн хязгаарлалт нь 2010 онд батлагдсан Банкны тухай хуулиар анх шинээр зохицуулагдах болсон. Гэтэл анхан шатны шүүхээс тухайн үйл явдал болоход батлагдаагүй байсан 2010 оны Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтыг хэрэглэж шийдвэрээ гаргасан байна. 1996 оны Банкны тухай хуульд банкны холбогдох этгээдийн ойлголт байхаас биш хэн нэгэн зээлдэгчийн холбогдох этгээд гэсэн ойлголт байгаагүй юм. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн батлагдаагүй байсан хууль буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж гаргасан шийдвэр, магадлал нь анх гарснаасаа л хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т “хууль зөрчсөн ...хэлцэл хүчин төгөлдөр бус байх”-аар зохицуулсан. “Хууль зөрчсөн хэлцэл” гэдэг нь аливаа хууль зөрчсөн үйлдэл нь гагцхүү тухайн хэлцэл рүү чиглэсэн байхыг ойлгодог. Өөрөөр хэлбэл, хэлцэл нь тухайн үйлдлээр хууль зөрчсөн байхыг шаарддаг. Банкны тодорхой үйл ажиллагаа, тодруулбал зээлийн үйл ажиллагаанд чиглэсэн хуулийн хязгаарлалтуудыг “банкны тодорхой үйл ажиллагаанд чиглэсэн” гэж үзэхээс биш гэрээ, хэлцэлд шууд чиглэсэн гэж үзэх үндэслэлгүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Үйл ажиллагааг хязгаарлаж байгаагаас зээлийн гэрээ байгуулах эрхийг хязгаарлаагүй. Зээлийн гэрээ нь хуулиар зөвшөөрөгдсөн хэлцэл гэдгийг шүүх анхаарч үзээгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс арилжааны банкны зээлийн үйл ажиллагаанд тавьж буй хуулийн хязгаарлалтыг тодорхой гэрээ, хэлцэлд чиглэсэн хязгаарлалт гэж андуурч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан “хууль зөрчсөн хэлцэл”-д хамруулан тайлбарлаж, хууль хэрэглээний том алдааг гаргасан байна. Магадлалд “Хариуцагч дансанд нь байршуулсан зээлийн мөнгөн хөрөнгөөс бусдын зээлийн өр төлбөрийг төлж, зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй байхад банкны зүгээс хяналт тавиагүй, гэрээнд заасны дагуу холбогдох арга хэмжээг аваагүй байна” гэж дүгнэсэн байгаа нь хэт үндэслэлгүй, нэг талыг барьсан дүгнэлт болсон байна. Учир нь хариуцагч Ч Э ХХК-ийн зүгээс зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчиж, зээлийн мөнгөн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан байхад энэхүү зөрчлийг дүгнээгүй атлаа банкийг хяналт тавиагүй гэж буруутгасан байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан дүгнэлт болжээ. Хяналт тавихаас илүүтэйгээр зээлийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан нь гэрээний ноцтой зөрчилд тооцогдоно гэж үзэж байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 182 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хэрэгт хамааралгүй, тухайн үед мөрдөгдөж байгаагүй буюу “2010 онд батлагдсан Банкны тухай хуульд нийцээгүй” гэсэн хэсгийг шийдвэр, магадлалынхаа үндэслэл болгосон байна. Шинжээч нь өөрийн дүгнэлтдээ тухайн гэрээ байгуулах үед 2010 онд батлагдсан Банкны тухай хууль биш 1996 онд батлагдсан Банкны тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсныг тодорхой дурьдсан байдаг. Мөн 1996 оны Банкны тухай хуулийн холбогдох этгээдийн зохицуулалтыг тодорхой тусгасан байдгийг шүүх анхаарч үзэлгүй гагцхүү хариуцагчид ашигтай хэсгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон байгаа нь хэтэрхий нэг талыг барьж, зөвхөн хариуцагчид үйлчилснийг харуулж байгаа хэрэг юм. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу шүүхээс үнэлж дүгнэсэнгүй. Иргэн Цоггэрэлийн 46А байрны 5, 6 тоот авто зогсоолтой холбоотой асуудлаар барьцааны гэрээ хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр талаар гурван шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гарсан. Мөн Иргэн Алекс Лиус Роландын 46Б байрны 7, 8, 9, 10, 16, 17, 18 тоот авто зогсоол, 46В байрны 9 тоот авто зогсоолтой холбоотой асуудлаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр, хууль зөрчөөгүй талаар гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй юм. Эдгээр үйл баримтуудыг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагатай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу үнэлэх учиртай байтал үнэлээгүй алдаа гаргасан байна. Мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Ч-, С.М- нарын шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан үйл баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай талаас нь үнэлж дүгнээгүй байна. К Бны барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш 4-6 жилийн дараа хууль ёсны өмчлөгч болсон иргэдээс барьцааны гэрээг байгуулахаас өмнө зөвшөөрөл авах ёстой гэж шийдвэрлэсэн байгаа нь хэрэгт авагдсан үйл баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай талаас үнэлж дүгнээгүйг илтгэж байгаа хэрэг юм. 4-6 жилийн дараа хэн хэнтэй хэрхэн эрх зүйн харилцаанд орохыг Банкны зүгээс хэрхэн урьдчилан тааж мэдэх байсныг огт ойлгохгүй байна. Үүнийг урьдчилан харж мэдээд зөвшөөрөл авах ёстой гэж үзэж байгааг мөн огт ойлгохгүй байна. Маргааш болох үйл явдлыг тааж мэдэх боломжгүй байхад хэрхэн 4-6 жилийн дараа өмчлөгч болох иргэдийг урьдчилан мэдээд зөвшөөрөл авах байсан бэ гэдэг нь их учир битүүлэг санагдаж байна. Энэхүү асуудалд үндэслэл бүхий дүгнэлтийг огт өгөөгүй болно. Иймд дээр дурдсан бүхий л үндэслэлүүдээр, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Нэхэмжлэгч К Б ХХК, хариуцагч Ч Э ХХК болон   МФ ХХК-д холбогдуулан 2017.12.26-ны өдөр шүүхэд хандаж, Ч Э ХХК болон К Б ХХК-ийн хооронд 2009.04.27-ны өдөр байгуулсан 09/15 тоот зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлд 737.600.000 төгрөг, зээлийн хүү 253.252.768 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20.229.107 төгрөг, нийт 1.011.081.875 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэлийг,

Хариуцагч Ч Э ХХК, нэхэмжлэгч К Б ХХК-д холбогдуулан зохигчийн хооронд байгуулагдсан дээрхи зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг,

Гуравдагч этгээд Ц.Ч- болон С.М- нар нэхэмжлэгч К Б ХХК болон хариуцагч МФ ХХК-ийн хооронд 2010.09.02-ны өдөр байгуулсан 09/15 тоот барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх Тэнгэр цогцолборын 48-Д байрны 1 тоотод байрлах орон сууц, мөн цогцолборын 46-В байрны 1, 2, 3 тоотод байрлах авто зогсоолуудад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, бие даасан шаардлагуудыг тус тус гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч К Б ХХК зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 62.330.638 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснээр нэхэмжлэлийн нийт шаардлагын хэмжээ 1.073.412.513 төгрөг болсон байна.

2. Нэхэмжлэгч К Б ХХК болон хариуцагч Ч Э ХХК-ийн хоорондох зээлийн гэрээ, мөн нэхэмжлэгч К Б ХХК болон МФ ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээний холбогдох хэсгийн хүчин төгөлдөр байдал, үүнтэй холбоотой нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн биелэлтийг, гуравдагч этгээдүүд орон сууц, автозогсоолыг барьцаанаас чөлөөлүүлэхийг тус тус шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болж зохигч, гуравдагч этгээд энэ хүрээнд мэтгэлцэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ.

3. Анхан шатны шүүх, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлагуудыг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрт хуулийн зүйл, хэсгийг алдаатай бичсэнийг залруулан өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээжээ.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4. Хоёр шатны шүүх, сөрөг нэхэмжлэлийг хангаж, К Б ХХК болон  Ч Э ХХК-ийн хооронд 2009.04.27-ны өдөр байгуулагдсан 09/15 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж, улмаар нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж  үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Зохигчийн хооронд зээлийн гэрээ нь 2009.04.27-ны өдөр байгуулагдсан байх тул тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн зохицуулалт үйлчлэх бөгөөд 1996 оны Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд банкны эрхлэх үйл ажиллагааг, 7 дугаар зүйлд банкинд хориглох үйл ажиллагааг, 16 дугаар зүйлд банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалтын талаар тус тус хуульчилжээ.

Банкны тухай хуульд заасан хориглох үйл ажиллагаатай холбоотой зохигчийн хооронд маргаан үүсээгүй байна.

Харин 1996 оны Банкны тухай хуулийг мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байх ба анх хууль батлагдахад хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Банкнаас нэг зээлдэгч болон түүнд холбогдох этгээдэд олгох зээл, төлбөрийн баталгааны нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй” гэж зааж, хуулийн “хуулийн нэр томъёо” гэсэн 3 дугаар зүйлийн 2-1-д “холбогдох этгээд” гэдэгт тухайн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн даргаас эхлээд ажилтан, тэдгээртэй төрөл садангийн холбоотой этгээдийг хамааруулан тодорхойлжээ. Харин 1996 оны Банкны тухай хуульд 1999 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулахдаа 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “түүнд” гэсэн хамаатуулсан үгийг хасч, мөн бусад өөрчлөлт оруулсан байна. Ингэснээр уг зүйлийн банкнаас “нэг зээлдэгч болон холбогдох этгээд” гэсэн нь “болон“ гэсэн холбоос үгээр холбогдож зэрэгцсэн өөрөөр хэлбэл, банкнаас нэг зээлдэгчид олгох, эсхүл банкны хамаарал бүхий этгээдэд олгох зээлийн нийлбэр нь банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй гэж ойлгогдохоор болжээ. Гэхдээ хуулийн  16 дугаар  зүйлийн 3-т “тухайн банкны гишүүн, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, бусад ажилтан болон тэдгээрт холбогдох этгээдэд олгох зээл, төлбөрийн баталгааны дээд хэмжээ банкны өөрийн хөрөнгийн 5 хувиас, тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 20 хувиас тус тус хэтэрч болохгүй...” гэж заасан бөгөөд эдгээр зохицуулалт нь хоорондоо зөрчилтэй, ойлгомжгүй байна. 2010 онд Банкны тухай хуулийг шинэчлэн баталснаар хуулийн 17 дугаар зүйлд банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалтыг, 3 дугаар зүйлд “холбогдох этгээд” гэдгийг хууль тогтоогч боловсронгуй болгож, тодорхой байдлаар тусгажээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн” хэм хэмжээ нь аливаа хэлцлийн агуулга нь тодорхой хуулийн хориглолтыг зөрчсөн нөхцөлд хэрэглэгдэх бөгөөд 1996 оны Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалт нь банкны үйл ажиллагааг зохистой хэмжээнд байлгахад чиглэснээс бус аливаа гэрээ хэлцэлд чиглэгдээгүй байна. Хариуцагч Ч Э ХХК болон түүнтэй хамаарал бүхий этгээдэд олгосон зээл нь банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрсэн эсэх нь зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх боломжгүй, өөрөөр хэлбэл, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 3 дахь болон 3 дугаар зүйлийн 2-1-ын зохицуулалтын агуулгаас шалтгаалж зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлыг дүгнэх үндэслэлгүйг хоёр шатны шүүх анхаараагүй байна.

Нөгөөтэйгүүр, шүүх, К Б ХХК-ийн 2009 оны санхүүгийн тайланд тусгагдсан банкны өөрийн хөрөнгийн хэмжээ 9.815.288.000 төгрөг байсныг хариуцагч Ч Э ХХК, түүнтэй хамаарал бүхий компаниудын 2007-2009 онуудад авсан зээлийн нийт хэмжээ болох 9.975.988.910 төгрөгтэй харьцуулж банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

1996 оны Төв банк /Монгол банк/-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4-т зааснаар арилжааны банкны үйл ажиллагаанд Монгол банк хяналт тавих чиг үүрэгтэй бөгөөд  К Б ХХК-г Банкны тухай хуулийн 16 дугар зүйлийн 1-д заасан банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалтыг зөрчсөн талаар аливаа дүгнэлт гаргаж, хуульд заасан арга хэмжээ авсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд шүүх энэ талаар дүгнэлт хийж уг үндэслэлийг гэрээг хүчин төгөлдөр бус байх үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй юм.

К Б ХХК 2009 оны зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчиж, “...зээл олгохдоо нэгээс доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, төлбөрийн чадвартай эсэхийг харгалзан үзэх, санхүүгийн тайлан, тэнцэл, орлого үр дүнгийн тайлан нь улирал бүр татварын албаар хянагдсан байх, зээлийг төлөх өөрийн өмч, барьцаатай байх шаардлагуудыг хангаагүй байхад хариуцагчид зээл олгосон, ...зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй”, нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн” үндэслэлд хамаарна гэж хоёр шатны шүүх  дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Эдгээр нөхцөл нь зээлийн гэрээг байгуулахгүй байх, эсхүл гэрээнээс татгалзах, цуцлах гэрээний талуудын эрх, үүрэгт хамааралтай болохоос гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.

Үүнээс гадна зээлийн гэрээ талуудын хооронд 2009 онд байгуулагдсан байх бөгөөд хариуцагч Ч Э ХХК нь уг хугацаанаас хойш зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, сөрөг нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ. Энэ байдлын талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна.

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заажээ. Уг хугацааг шаардах эрх зөрчигдсөн, эсхүл эрх зөрчигдсөн тухай мэдсэн, мэдэх ёстой байсан үеэс эхлэн тоолох бөгөөд гэрээ байгуулснаас хойш 9 жилийн хугацаа өнгөрсөн байна. Иймд энэ нь мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.

5. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч К Б ХХК нь зээлийн гэрээний биелэлтийг шаардах эрхтэй.

К Б ХХК болон Ч Э ХХК-ийн хооронд байгуулагдсан 2009.04.27-ны өдрийн зээлийн гэрээгээр тус банк хариуцагчид 860.000.000 төгрөгийг жилийн 9.9 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай Жайкагийн төслийн зориулалтын зээлийг олгож, зээл эргэн төлөх хуваарийг гэрээний хавсралтаар тогтоож, хугацаандаа буюу сар бүр төлөлт хийх үүргээ зээлдэгч зөрчвөл үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү авахаар тохиролцжээ.

Нэхэмжлэгч зээлийн мөнгийг Ч Э ХХК-ийн дансанд шилжүүлсэн ба хариуцагч 2009-2013 онуудад үндсэн зээл болон хүүд 389.924.615 төгрөг, бусад үүргээ хугацаанд нь төлөөгүй өрийн хуримтлал үүсгэж, гэрээний үүргээ ноцтой зөрчжээ. Иймд нэхэмжлэгч К Б ХХК нь хариуцагч Ч Э ХХК-г үүргээ биелүүлэхийг шаардсан, хариуцагч шаардлагыг биелүүлээгүйгээс 2017.12.26-ны өдрөөр гэрээг цуцлан шүүхэд хандсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг зөрчөөгүй байна.

Харин нэхэмжлэгч гэрээг цуцлан, цуцлах хүртэл зээлийн үүргийг шаардсан атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр удаа нэхэмжлэлээ ихэсгэж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхсэнийг гаргуулах үндэслэлгүй болно. Иймд шүүхэд хандсан өдрөөр үндсэн зээл 737.600.000 төгрөг, зээлийн хүү 253.252.768 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20.229.107 төгрөг, нийт 1.011.081.875 төгрөг төлүүлэх нь Иргэний хуулийн 451 дүгэр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцнэ.

6. К Б ХХК болон Ч Э ХХК-ийн хооронд 2009.04.27-ны өдөр 09/15 тоот барьцааны гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус компанийн борлуулалтын орлого болон зээлээр санхүүжүүлэх тоног төхөөрөмж, бусад дагалдах хэсгийг барьцаалсан, дараа нь К Б ХХК болон  МФ ХХК-ийн хооронд 2010.09.02-ны өдөр байгуулагдсан 9/15 тоот барьцааны гэрээгээр МФ ХХК-ийн өмчлөлийн 821 м.кв талбайтай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48-Д байр, 1 тоот орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 46-А байрны зоорийн давхрын 7 ширхэг авто зогсоол, 46-Б байрны зоорийн давхрын 16 ширхэг авто зогсоол, 46-В байрны зоорийн давхрын 13 ширхэг авто зогсоол, 46-Г байрны зоорийн давхрын 14 ширхэг авто зогсоолыг тус тус барьцаалжээ.

Хоёр шатны шүүх 2010.09.02-ны өдөр 9/15 тоот барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж үзэн гуравдагч этгээд Ц.Ч-, С.М- нарын  бие  даасан шаардлагыг хангаж, орон сууц, 3 автомашины зогсоолыг барьцаанаас чөлөөлөхдөө нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлэх үүргээ хангалттай биелүүлээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Гуравдагч этгээд нар “...өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр барьцаалсан...” гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.

МФ ХХК-тай гэрээ байгуулж, Ц.Ч- 2008.10.29-ний өдөр 48Д байрны 1 тоот орон сууц, С.М- 2009.10.20-ны өдөр 46В байрны 1, 2, 3 тоот автозогсоолуудыг худалдан авсан, улмаар үнийг төлсөн, С.М-ийг Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.09.05-ны өдрийн 183/ШШ2016/00579 дүгээр,  Ц.Ч-ыг  Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014.08.04-ний өдрийн шүүгчийн захирамжаар тус тус тухайн хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон үйл баримт тогтоогджээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус болдог байна.

Хэргийн баримтаас үзвэл, МФ ХХК нь К Б ХХК-тай 2010.09.02-ны өдөр барьцааны гэрээ байгуулах үед барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр МФ ХХК 2010 оны 5 дугаар сарын 10-13-ны өдөр болон 7 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байжээ.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно" гэж, мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж тус тус заасан. Гуравдагч этгээд нар төлбөрөө төлж орон сууц, автозогсоол авч шударга эзэмшигч болсон хэдий ч урьдчилан бүртгэл хийлгэж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүйн улмаас барьцааны хөрөнгөөр хязгаарлагдсан эд хөрөнгийг олж авсан гэж үзэх үндэслэлтэй байна. Улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзэх бөгөөд К Б ХХК-ийн хувьд барьцааны эрхийг олж авахдаа хууль зөрчсөн гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл, өмчлөх эрх олж аваагүй байсан этгээдээс зөвшөөрөл авах үндэслэл байгаагүй байна. Иймд барьцааны гэрээний холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй юм. Энэ үндэслэлээр гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Иймд нэхэмжлэгч зээлийн үүргийн гүйцэтгэлийг 2 удаагийн барьцааны гэрээгээр хангуулахаар шаардах эрхтэй гэж үзэх нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д нийцнэ.

7. МФ ХХК-ийн хүсэлтээр “Бэст фортуна аудит” ХХК 2016.09.09-ны өдөр 99 тоот дүгнэлт гаргасныг хариуцагч нотлох баримтаар гаргаснаас гадна хариуцагч Ч Э ХХК-ийн хүсэлтээр шүүх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулжээ.

Эдгээр дүгнэлтүүд нь тухайн шинжээчийн чиг үүрэгт хамаарахгүй буюу хууль хэрэглэх асуудалд дүгнэлт өгсөн нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах” зарчмыг зөрчсөн ба шүүх эдгээр дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу байна.

8. Дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэл болон гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1157 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/01181 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д  Ч Э ХХК-с зааснаар 1.011.081.875 /нэг тэрбум арван нэгэн сая наян нэгэн мянга найман зуун далан таван/ төгрөг гаргуулж К Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 62.330.638 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар К Б ХХК болон Ч Э ХХК-ийн хооронд байгуулагдсан 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09/15 тоот зээлийн гэрээ, К Б ХХК болон МФ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09/15 тоот барьцааны гэрээний холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн хариуцагч Ч Э ХХК-ийн сөрөг нэхэмжлэл болон гуравдагч этгээд Ц.Ч-, С.М- нарын бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09/15 тоот гэрээнд тусгасан Ч Э ХХК-ийн борлуулалтын орлого болон тоног төхөөрөмж, бусад дагалдах хэрэгсэл, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48-Д байр, 1 тоот орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 46-А байрны зоорийн давхрын 7 ширхэг авто зогсоол, 46-Б байрны зоорийн давхрын 16 ширхэг авто зогсоол, 46-В байрны зоорийн давхрын 13 ширхэг авто зогсоол, 46-Г байрны зоорийн давхрын 14 ширхэг авто зогсоолыг тус тус худалдан борлуулж үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж, 4 дэх заалтад “К Б ХХКомпаниас 4.598.350 төгрөгийг гаргуулан 4.457.950 төгрөгийг Ч Э ХХКомпанид, 70.200 төгрөгийг Ц.Ч-ад, 70.200 төгрөгийг С.М-т тус тус олгосугай” гэсэн хэсгийг  хасч, “үлдээж,” гэсний дараа “хариуцагч Ч Э ХХК-с 5.283.559 төгрөг, хариуцагч МФ ХХК-с 70.200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Нэхэмжлэгч К Б ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нийт 6.051.514 /5.911.114+70.200+70.200/ төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ