Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2015/0218/З |
Дугаар | 221/МА2015/0372 |
Огноо | 2015-08-13 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2015/0372
Н.Очын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т. нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 415 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын гаргасан давж заалдах гомдлоор, Н.Очын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг дарга болон Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Оч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..."Миний бие 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн Д.ГХаас Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 2 дугаар хороолол, 16052, Нарны зам Г6-1 тоот хаягтай, авто гараашийн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн 000147411 тоот гэрчилгээтэй, 15 машины багтаамжтай, нэгж талбарын 18640310188398 дугаар бүхий нийт 224 м.кв газрыг гараашийн хамт худалдан авч, хувийн хэрэгцээндээ ашиглаж байсан. Д.ГХ нь уг гараашийг 2001 онд ураг төрлийн холбоотой Т.Оээс хуулийн дагуу шилжүүлэн авсан байдаг.
Гэтэл Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 10/01 дүгээр тогтоолоор газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгохыг Засаг даргад даалгасан байх бөгөөд Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/813 дугаар захирамжаар миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч холбогдох дээд шатныбайгууллагад удаа дараа хандсан боловч тусыг эс оллоо.
224 м.кв газарт үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй гарааш байхад зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлээр цуцалсныг гайхаж байна. Холбогдох хүмүүстэй нь уулзахаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсан, С.Ч их хэл амтай тул шүүхэд хандаж шийдвэрлүүл гэдэг. Миний 224 м.кв газар нь С.Чын газартай давхцаагүй, хамааралгүй, тусдаа газар. С.Ч нь дүүргийн иргэдийнТөлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бөгөөд өөрийнхөө эрх мэдлийг ашиглаж, боловсон дээрэм хийж байна.
2011 онд 2 жилийн хугацаагаар авсан бөгөөд дээрх хугацаа дуусаагүй, зориулалтын дагуу авто засварын газар ажиллуулж, холбогдох татварыг төлж байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байх тул Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/813 дугаар захирамж, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10/01 дүгээр тогтоолын Н.Очод холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү" гэжээ.
Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Дүүргийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 274 дүгээр захирамжаар Н.Очод дээрх зориулалтаар шилжүүлэн, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10/01 дүгээр тогтоолыг үндэслэн хууль бус актыг хүчингүй болгох үүргийнхээ дагуу иргэн Н.Очын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Баянгол дүүргийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 18-ныөдрийн 127 дугаар захирамжаар Д.ГХт 224 м.кв газрыг авто засвар, үйлчилгээний зориулалтаар олгож, 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 324 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг сунгасан байдаг. Д.ГХ нь анх Т.Оээс хэрхэн шилжүүлж авсан талаарх баримт байдаггүй.
Тухайн газар нь дуудлага, худалдаа төсөл сонгон шалгаруулалт явагдсаны үндсэн дээр олгогдох ёстой газарт дээрх ажиллагааг явуулахгүйгээр эзэмшүүлсэн нь хууль бус байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.
Хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 274 дүгээр захирамжаар Н.Очод тус дүүргийн 4
дүгээр хороо, Орон сууцны 4а байрны зүүн хойд талд үйлчилгээний зориулалтаар 224 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33,1.2, 33.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус зөрчиж газрыг хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалт зөрчиж, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй байхад газар эзэмшүүлсэн байсан тул Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутагдэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ээлжит 10 дугаар хуралдаанаас Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 224 дүгээр захирамжийн Н.Очод холбогдох хэсгийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 415 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа: нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Очын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10/01 дүгээр тогтоолын Н.Очод холбогдох хэсэг,- мөн Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/813 дугаар захирамжийн Н.Очод холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн Баянгол дүүргийн Засаг дарга давж заалдах гомдолдоо: Иргэн Н.Очын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүн шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 415 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1. Иргэн Н.Очын эзэмшиж байгаа газар нь Баянгол дүүргийн Засаг
даргын 2011 оны 274 дүгээр захирамжаар "авто засвар"-ын зориулалтаар үйл
ажиллагаа явуулахад зориулж 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн ба уг иргэн нь
энэ хугацаанд авто засварын үйл ажиллагаа явуулсан талаар ямар ч нотлох
баримт гаргуулж нотлолгүйгээр буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг зөрчин хариуцагчийн нотлох баримт
гаргуулах хүсэлтийг үл харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн;
2. Маргаан бүхий газрын зэргэлдээ газар эзэмшигч Хүүхдийн төлөө амьдрах ухаан төв" нь уг газрын эзэмшлийн талаар нэмэлт нотлох баримт гарган шүүх ажиллагаанд хэргийн гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг үндэслэлгүйгээр татгалзсан ба гуравдагч этгээдээр татахаас татгалзсан талаараа шүүгчийн захирамж гаргалгүйгээр шүүх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан эрхийг хангалгүйгээр шийдвэр гаргасан тул дээрх шийдвэрийг хянан үзэж хэргийг Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхэд буцаан дахин хянуулах магадлал гаргаж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуулийг зөв тайлбарлаж, Н.Очын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин хэрэглэх ёстой хуулийн заалтыг тодорхой заагаагүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн з-д нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах гэж, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, 57 дугаар зүйлийн 57.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд газрыг зүй зохистой ашиглах, хамгаалах хөтөлбөр батлах, газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах зэрэг нийтлэг бүрэн эрх хэрэгжүүлдэг. Гэтэл иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн эсэхийг шалгаж тогтоох Засаг даргын бүрэн эрхэд халдаж хуулиар олгоогүй эрх эдэлж газар эзэмшигч иргэн Н.Очын газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг Засаг даргад даалгасан нь хууль бус байх тул анхан шатны шүүх Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/01 дүгээр тогтоолын Н.Очод холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.
Баянгол дүүргийн Засаг дарга нь дээрх хууль бус тогтоолыг үндэслэн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/813 дугаар захирамжаар Н.Очод газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын 2011 оны 274 дүгээр захирамжийн Н.Очод холбогдох хэсгийг хүчингүй болгохдоо тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэн, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар эзэмших эрх олгосон, мөн газар эзэмшигчийг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзжээ.
Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй олгосон гэх боловч Н.Оч нь маргаан бүхий газрыг анх удаа эзэмших эрх олж аваагүй, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар Д.ГХаас шилжүүлэн авах тухай хүсэлт гаргаж, дүүргийн Засаг даргын 2011 оны 274 дүгээр захирамжаар 224 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэн авчээ.
Анх Т.От газар эзэмшүүлэхдээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй нь хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалсан байх бөгөөд Засаг дарга нь 2005 онд Т.Оээс Д.ГХт, 2011 онд Д.ГХаас нэхэмжлэгч Н.Очод тус тус газар эзэмших эрх шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.2-т заасны дагуу эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэхийг тодруулсны үндсэн дээр тус тус эрх шилжүүлэн шийдвэрлэж гэрээ байгуулан, эдгээр иргэдээр газрын төлбөр төлүүлсээр ирсэн атлаа 15 жилийн дараа дээрх үндэслэлээр Н.Очод газар эзэмших эрх олгосон захирамжаа хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.
Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга давж заалдах гомдолдоо ... газар эзэмшүүлсэн зориулалтын дагуу авто засварын үйл ажиллагаа явуулсан талаар ямар ч нотлох баримт гаргуулалгүй нэхэмжлэлийг хангасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1-д заасныг зөрчсөн гэжээ.
Маргаан бүхий газар дээр Н.Орын өмчлөлийн авто гарааш байрлаж, түүн дотроо авто засварын үйл ажиллагаа явуулж байсан нь үзлэгийн тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбар, бусад баримтуудаар нотлогдсон байна. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгохоор заажээ. Маргаж буй газар дээр Н.Орын өмчлөлийн 224 м.кв талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө /үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй/ байрлаж байх бөгөөд газрыг бодитойгоор эзэмшиж өөрийн мэдэлд байлгаж байх тул газрыг зориулалтын дагуу эзэмших эрхээ хэрэгжүүлээгүй гэж явцуу дүгнэлт хийж газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй.
Мөн хариуцагч давж заалдах гомдолдоо ...маргаан бүхий газрын зэргэлдээ газар эзэмшигч Хүүхдийн төлөө амьдрах ухаан төв нь уг газрын эзэмшлийн талаар нэмэлт нотлох баримт гарган, гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг үндэслэлгүйгээр татгалзсан ба татгалзсан талаараа шүүгчийн захирамж гаргалгүй шүүх ажиллагааг үргэлжлүүлсэн... гэжээ.
Анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Хүүхдийн төлөө амьдрах ухаан төв-ийн захирал С.Чыг хэргийн нөхцөл байдлыг тодруулах үүднээс оролцуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан, гэрчээр асуух уу, гуравдагч этгээдээр татах хүсэлт гаргаж байна уу[1] гэж шүүгч тодруулж асуух үед гэрчээр асуух хүсэлттэй байна гэсэн байх ба уг хүсэлтийг шийдвэрлэж Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 3260 дугаар захирамж гарсан байна.
Шүүхээс 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр маргаан бүхий газарт үзлэг хийж, С.Чын эрх ашиг хөндөгдөх эсэх талаар тодруулахаар С.Чын газар эзэмших эрхийн гэрчилгээ, эзэмшиж буй 1190 мкв газрын нэгж талбарын 18640310207383 дугаартай эзэмшил газрын кадастрын зураг[2], Н.Очын эзэмшиж буй 242 мкв нэгж талбарын 18640310188398 дугаар бүхий кадастрын зураг зэрэг холбогдох нотлох баримтыг шүүхээс цуглуулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цогт-Эрдэнээс гаргасан 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гуравдагч этгээдээр С.Чыг татах хүсэлтийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3515 дугаар захирамжаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар нь гуравдагч этгээд С.Чын газартай давхцалгүй нь тогтоогдсон байх тул эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгожээ. Нэгэнт уг асуудлыг дээрх захирамжаар шийдвэрлэсэн тул хэргийн оролцогч биш С.Чын гуравдагч этгээдээр оролцох хүсэлтэд шүүх 2015 оны 1/5074 дүгээр албан бичгээр хариу өгснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд хариуцагч нар нь маргаан бүхий актыг С.Ч болон Хүүхдийн төлөө амьдрах ухаан төв-ийн эрхийг сэргээх зорилгоор гаргаагүй тул уг захиргааны хэргийн улмаас тэдгээрийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Харин анхан шатны шүүх нь 10 өөр өөр асуудлыг зохицуулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтыг, мөн 6 ялгаатай асуудлыг зохицуулсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг тус тус баримталж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.5-д Тогтоох хэсэгт захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж гэснийг зөрчсөн байх тул хэргийг шийдвэрлэхэд баримталбал зохих маргааны үйл баримтад хамааралтай дээрх хуулийн зүйл, хэсэг, заалтыг тодруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн[3] 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 415 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 18.1.2, ... гэснийг ... 18.1.2 дахь хэсгийн з, ...гэж, ... 40.1, ... гэснийг ... 40.1.6, ... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ