Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 18

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн иргэн Г.Р /регистрийн дугаар: ЙО00000000/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох

     “... миний төрсөн сар, өдөр, хүйсийг зөвтгөж шийдвэр гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 121/2020/0014/3 дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Р шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:

“Г.Р би 2001 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Жаргалант багийн эмнэлэгт төрсөн. Төрсний гэрчилгээг улсын бүртгэлийн байгууллагаас 2001 оны 08 дугаар сарын 16-ны өдөр бүртгэж олгохдоо 2001 оны 05 дугаар сарын 28-нд төрснөөр, хүйс эмэгтэй гэж буруу бүртгэж гэрчилгээ олгосон байдаг. Үүнийг мэдэхгүй 9 дүгээр анги төгсөж суурь боловсролын гэрчилгээ авах үед мэдсэн. Иймд Г.Р миний төрсөн, сар, өдөр, хүйсийг зөвтгөж шийдвэр гаргаж өгнө үү[1]...” гэжээ.                            Хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа[2]:

“...Монгол улсын иргэнд регистрийн дугаар шинээр олгох, өөрчлөх, хүчингүй болгох журмын 3.1.1-т “иргэний улсын бүртгэлийн мэдээлэл болон иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн мэдээлэл зөрүүтэй” бол регистрийн дугаарыг өөрчилнө гэж заасныг баримтлан хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэхүү зөрчлийг арилгаж регистрийн дугаарыг үнэн зөвөөр олгох болно. Гэвч энэхүү иргэний эмнэлэгт төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа байхгүй, архив шатсан гэсэн хариу ирүүлсэн тул төрсөн сар өдрийг өөрчлөх нотлох баримт байхгүйн улмаас шийдвэрлэх боломжгүй юм.” гэжээ.

     Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Р нь Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “...миний төрсөн сар, өдөр, хүйсийг зөвтгөж шийдвэр гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбарт тулгуурлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримт болох иргэн Г.Р-ын иргэний үнэмлэхийн болон төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбараас[3] үзэхэд Боржигон овогт Г-ийн Р нь ЙО00000000 регистрийн дугаартай, 2001 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, хүйс эмэгтэй гэж ойлгогдохоор байна.  

Харин хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч Х.О-ын “...Г.Р нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн. Тухайн үед манайх хөдөө байдаг байсан. Хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авахуулахаар хүнээр бүртгүүлэх гээд явуулсан юм. Гэтэл улсын бүртгэлд огноог бүртгүүлэх үедээ төрсөн сар, өдрийг нь буруу бүртгэсэн байсан. Мөн хүйсийг нь эмэгтэй гэж буруу бүртгэсэн байсан...” гэх мэдүүлэг,

гэрч С.Б-ийн “...Г.Рыг 2019 оны 10 сард болсон цэрэг татлагаар бүртгэхэд эмэгтэй гэсэн бүртгэл гарсан тул цэрэгт явуулж чадаагүй. Тийм учраас даруй зөрчлийг арилгах шаардлагатай гэж үзэж байна...” гэх мэдүүлэг,

гэрч П.М-ийн “...Сар, өдрийг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед эрэгтэй хүүхэд орж ирж байсан. Тухайн үед хүүхэд бүрийг эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулдаг байсан. Тэр үеийн бүртгэлийн ажилтны алдаанаас болж ийм зөрчил үүссэн байх” гэсэн мэдүүлэг,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн “... эрэгтэй хүүхдийг эмэгтэй гэж буруу бүртгэж регистрийн дугаар олгосон, төрсөн сар, өдрийг нь буруу бүртгэсэн зэрэг нь улсын бүртгэлийн байгууллагын буруутай үйл ажиллагаа байсан байна. Хүүхдийнхээ төрөлтийг бүртгүүлж төрсний гэрчилгээ авахдаа аав ээж нь өөрсдөө биш хүнд захиж хүн явуулж бүртгүүлснээс болж бүртгэл буруу хийгдсэн байна” гэх тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Г.Р-ын хүйс, төрсөн сар өдрийг бүртгэхдээ эмэгтэй, 5 дугаар сарын 28-ны өдөр гэж тус тус буруу бүртгэсэн гэж үзэж болохоор байна.

Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 252/000547 дугаартай “Төрсний бүртгэлийн лавлагаа[4] нь дээр Г-ийн Рыг 2001 оны 05 дугаар сарын 28-нд төрснийг 2001 оны 08 дугаар сарын 06-нд Өвөрхангай аймгийн Уянга суманд төрүүлсэн болохыг нотлох ба уг лавлагаанд хүүхдийн хүйсийг тодорхойлоогүй байна. Харин түүний төрсний гэрчилгээн дээр хүйс охин гэж дурьдсан байгаа болно.

Дээрх дурьдагдаж буй бичгийн нотлох баримтууд болон үйл баримтуудад тулгуу рлан дүгнэж үзвэл Монгол Улсын иргэн Г.Р нь Өвөрхангай аймгийн Уянга суманд 2001 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, хүйс эрэгтэй болох нь тогтоогдож байна.

Харин хариуцагч захиргааны байгууллагаас Г.Р-ын төрсний бүртгэлийг бүртгэж төрсний гэрчилгээ олгохдоо хүүхдийн төрсөн сар, өдөр болон хүйсийг алдаатай буруу бүртгэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулах” тухай харилцааг хуульчлан заасан байна. Уг хуулийн мөн зүйл буюу Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж хуульчлан зохицуулж өгчээ.

 Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “шүүхийн шийдвэр” гэж заасан байх ба хуулийн уг заалтаас үзэхэд шүүхийн шийдвэрээр иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт өөрчлөлт оруулж болох хууль зүйн зохицуулалт өдгөө Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж үйлчилж байна.   Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт шүүх нь “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох” эрхэм зорилготой болохыг хуульчлан зааж өгсөн байна.  

Иймд шүүхээс нэхэмжлэгч Г.Р-ын “миний төрсөн сар, өдөр, хүйсийг зөвтгөж шийдвэр гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж түүний төрсөн сар, өдрийг нь 06 дугаар сарын 25, хүйсийг эрэгтэй болгон залруулж бүртгэхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсгийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Г.Р-ын нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж, хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст иргэн Г.Р /регистрийн дугаар: ЙО00000000/-ын төрсөн сар, өдрийг 06 дугаар сарын 25-ны өдөр, хүйсийг эрэгтэй  гэж зөвтгөн өөрчилж бүртгэхийг даалгасугай.   

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 


[1] Хавтаст хэргийн 1 дэх тал

[2] Хавтаст хэргийн 15-16 дахь тал.

[3] Хавтаст хэргийн 4 дэх тал.

[4] Хавтаст хэргийн 4 дэх тал.