Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 265

 

 

Б.Олзбаярт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Олзбаярын өмгөөлөгч Я.Энхжаргал,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолийг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Олзбаярын өмгөөлөгч Я.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Олзбаярт холбогдох эрүүгийн 1803007410421 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Батсайханы Олзбаяр, 1987 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эх, 2 дүү, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 44 дүгээр гудамжны 535 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: АП87050978/;

Б.Олзбаяр нь 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 20 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баян-Монгол хорооллын 418 дугаар байрны зүүн талын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвтэй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин “Corolla Fielder” маркийн 52-09 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Г.Бямбасүрэнг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Олзбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Батсайханы Олзбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ буюу Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Батсайханы Олзбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Олзбаярт оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Олзбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Б.Олзбаяраас 6.645.181 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баяртуяад олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баяртуяа нь гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Олзбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасныг тус тус баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдэн ирсэн “Toyota Fielder” маркийн 52-09 УББ улсын дугаартай автомашиныг №01913850 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад, мөн хураагдан ирсэн Б.Олзбаярын “В” ангиллын 513042 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд тус тус шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Олзбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг тус өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Олзбаярын өмгөөлөгч Я.Энхжаргал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Олзбаяр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анхан шатны шүүх хуралдааны үеэр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баяртуяагаас нэхэмжилсэн 17.645.181 төгрөгөөс 11.000.000 төгрөгийн хохирол барагдуулсан байсан ба Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацаанд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баяртуяад олгуулахаар заасан 6.645.181 төгрөгийг болон нэмж нэхэмжилсэн 4.000.000 төгрөг, нийт 21.650.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баяртуяа нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж “шүүгдэгч Б.Олзбаярт гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, Б.Олзбаяр нь бага насны 3 хүүхэдтэй, хохирол гомдол барагдуулсан тул шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөх” талаар бичгээр хүсэлтээ гаргаж өгсөн болно.

            Б.Олзбаяр нь гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлоо нөхөн төлж бүрэн барагдуулсан, болгоомжгүйгээр гэмт хэрэгт холбогдсон. Миний үйлчлүүлэгчийн хувьд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, осол гарсны дараа хэргийн газарт согтуурлын зэргийг драйгер багаж үлээлгэж шалгахад 0 хувь тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болохыг шалгасан тэмдэглэл хавтас хэргийн 20 дугаар хуудаст байгаа.

            Б.Олзбаяр нь эхнэр Б.Эрдэнэ-Өлзий болон 2013 оны 10 дугаар сард төрсөн 5 настай охин О.Анхилуун, 2016 оны 3 дугаар сард төрсөн 3 настай хүү О.Чингүүн, 2018 оны 11 дүгээр сард төрсөн 3 сартай хүү О.Чинболд нарын хамт ам бүл 5-уулаа амьдардаг. Эхнэр Б.Эрдэнэ-Өлзий нь төрөөд удаагүй, ажил эрхэлдэггүй бөгөөд тодорхой орлогогүй байгаа тул ар гэр нь хүнд байдалтай, түлэх түлээ нүүрсгүй, нялх биетэй эмэгтэй 3 хүүхдийн хамт гэр хороололд амьдарч байгаа билээ. Б.Олзбаяр нь архи, тамхи хэрэглэдэггүй, элдэв буруу зуршилгүй, “Нарантуул” зах дээр тэрэг түрэх ажил эрхэлж гэр бүлээ тэжээдэг, даруу төлөв зантай, ажилсаг хөдөлмөрч залуу болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагддаг.

            Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид заасан хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах” гэсэн заалтыг хэрэглэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, ял хөнгөрүүлж өгнө үү...” гэв.    

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзсэн. Учир нь шүүхээс Б.Олзбаярт ял оногдуулахдаа хөнгөрүүлэх бүхий л нөхцөл байдлыг харгалзаж үзсэн талаар дурьдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Олзбаярт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Б.Олзбаяр нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны орой 20 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Баян Монгол” хорооллын 418 дугаар байрны зүүн талын автозамд Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ийн а/-д заасан “...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглосон заалтыг зөрчиж, өөрийн эзэмшлийн “Toyota Corolla Fielder” маркийн автомашиныг жолоодон явахдаа мөн дүрмийн 7.7-д заасан “жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Г.Бямбасүрэнг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэмт хэрэг гарсан байдлыг бэхжүүлсэн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг /хх 8-16/, цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 17-19/, гудамж дахь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 31-32/,

Цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1957 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 66-70/,

Б.Олзбаяр нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.7, 2.7 а/-д заасныг зөрчсөн, явган зорчигч дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүйг тогтоосон Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 655 дугаар дүгнэлт /хх 97/,

“...2018 оны 9 дүгээр сарын 03-ны орой 22 цаг өнгөрч байх үед, манаачийн байрандаа сууж байтал 103 машин дуут дохио дуугарсан. Гараад хартал 103 машинд нэг хүнийг суулгачихсан явж байсан...” гэх гэрч Ч.Төртүвшингийн мэдүүлэг /хх 59/,

“...зам хөндлөн гарч байтал “түг” гээд мөргөх чимээ гарсан. Эргээд хартал цэнхэр суудлын автомашин нэг настай өвөөг мөргөсөн, өвөө машины баруун талд хэвтэж байсан. Машины жолооч талын суудлаас эрэгтэй хүн бууж ирэхэд нь “хүн дайраад унагачихлаа шүү дээ, яаралтай түргэн дуудаа” гэхэд жолооч эрэгтэй “манай эхнэр машин дотор 103 дуудаж байгаа” гэж хэлсэн...” гэх гэрч Н.Наранцэцэгийн мэдүүлэг /хх 60-61/,   

Тухайн автомашинд зорчиж явсан шүүгдэгчийн эхнэр Н.Эрдэнэ-Өлзийгийн мэдүүлэг /хх-62/ болон шүүгдэгч Б.Олзбаярын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Олзбаяр нь харааны бэрхшээлтэй атлаа тухайн осол хэрэг болох үед харааны шил зүүгээгүй байсан болох нь шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 10912 дугаар дүгнэлт болон гэрч Н.Эрдэнэ-Өлзий, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдсон тул Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ийн а/-д заасан “хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвтэй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон” заалтыг мөн зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.    

          Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Олзбаярыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулсан байна.

Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баяртуяагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан “Б.Олзбаярт гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, Б.Олзбаяр нь бага насны 3 хүүхэдтэй, хохирол, төлбөр барагдуулсан байх тул шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт, шүүгдэгч хохирогчид нийт 21.650.000 төгрөг хохиролд өгсөн тухай баримт, шүүгдэгч Б.Олзбаяр нь 2 сараас 5 насны гурван хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзаж, өмгөөлөгч Я.Энхжаргалаас “шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэхээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолын:

 

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Олзбаярт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаандаа оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллага /Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба/-д урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.” гэж,

7 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Олзбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг дурьдсугай.” гэж,

8 дахь заалтыг “Мөрдөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор “Toyota Corolla Fielder” маркийн 52-09УББ улсын дугаартай автомашиныг битүүмжилснийг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлж, Б.Олзбаярын жолооны эрхийн 513042 дугаартай үнэмлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төвд шилжүүлж, эд мөрийн баримтаар ирүүлсэн хоёр ширхэг СD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

3. Шүүгдэгч Б.Олзбаяр нь нийт 68 хоног цагдан хоригдсон болохыг дурьдаж, түүнийг нэн даруй суллаж, тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                                    М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ