Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/179

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                         Хэргийн индекс:166/2022/0161/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Доржханд,

Шүүгдэгч Т.Т-О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т-От холбогдох эрүүгийн 2218000000184 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “***************” ХХК-нд том машины жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, ээжийн хамт, оршин суух, урьд:

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Т-О

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.Т-О нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи ууж байсан хохирогч Т.Т.О-тай маргалдан архины хагархай шилээр зүсэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Т-О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өөрийн хийсэн гэм буруугаа зөвшөөрч байгаа.” гэв.

 

Эрүүгийн 2218000000184 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Т.Т-Оын өгсөн: “...ууж байхдаа би нэлээд согтсон ингээд Т.О-тай маргалдсан. Би маргалдаж байхдаа уурандаа ууж байсан архины шилээ хагалаад өөрийнхөө цээжийг зүссэн. Энэ үед надтай хамт байсан Т.О-, Б- ах архины шилийг булааж авах гээд миний гараас барид авсан тухайн үед би уг архины шилээрээ Т.О-ийн баруун гарыг тавиулах гээд цохисон. Тухайн үед Т.О- надад цохиулснаас болоод гараас нь цус гарч байсан. ...Тухайн үед би гэрээс гарахдаа үүдэнд Т.О-ийн тавьсан байсан шилийг хаях гээд гартаа бариад гарсан байсан. Ноцолдож байхдаа Т.О-ийн хүзүүний зүүн талд шилээрээ санамсаргүй зүсчихсэн. Надад шилээр зүсүүллээ гээд Т.О- уурлаж миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх 22/,

 

Хохирогч Т.Т.О-ийн өгсөн: “...ууж байсан архины шилээ хагалаад өөрийнхөө цээжийг зүсээд эхэлсэн. Тухайн үед нь Б- ах бид хоёр гараас нь шилийг нь авах гэд гарыг нь бариад авахад Т-О ах уг шилээрээ миний баруун гарын бугуй хэсэгт зүсчихсэн. Тэгээд би шилийг нь аваад гэрийн үүдэнд хаячхаад гараад байж байтал Т-О араас ахиад л шил гартаа барьчихсан “чи муу одоо яагаад байгаа бацаан бэ” гээд дайрсан. Ингэхдээ уг шилээрээ миний хүзүүний баруун талд зүссэн. Намайг ахиад зүсэхээр нь би өөрөөсөө холдуулах гээд Т-Оын нүүр рүү нэг удаа гараараа цохисон.” гэх мэдүүлэг /хх 16/,

 

 Гэрч Н.Б-ын өгсөн: “...гэнэт ууж байсан архиа хагалаад өөрийнхөө цээж хэсгийг зүсэж эхэлсэн. Тухайн үед Т-О цээж нүцгэн байсан юм. Т.О- бид хоёр гараас нь шилийг нь авах гээд гарыг нь барихад Т-О Т.О-ийн гарыг уг шилний хагархайгаар зүссэн. ... Тэгээд Т.О- Т-Оын гарт нь байсан шилийг нь булааж аваад үүд рүү хаячхаад гараад явсан. Араас нь Т-О гарсан маргалдаад л байсан. Би гарч хараагүй тэгээд хэсэг байж байгаад гарахад Т.О-ийн хүзүүнээс нь цус гарчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх 20/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 371 дугаартай шинжээчийн дүгнэлт:  

-Т.Т-Оын биед цээжний өмнө болон зүүн чихний дэлбэн орчимд шархнууд, цээж, хүзүү хоолойны өмнө хэсэгт зулгаралт, 2 нүдний зовхи, хамар орчимд цус хуралт тогтоогдлоо.

-Дээрх цээжний өмнө болон зүүн чихний дэлбэн орчимд шархнууд, цээж, хүзүү хоолойны өмнө хэсэгт зулгаралтын гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

-Т.Т-Оын биед илэрсэн 2 нүдний зовхи, хамар орчимд цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Дээрх цус хуралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

-Т.Т-Оын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 27-28/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 373 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-Т.Т.О-ийн биед баруун бугуйны 1 дүгээр хурууны харалдаа байрлах шарх, 1 дүгээр хурууны тэнийлгэх шөрмөсний тасрал, хүзүү хоолойны баруун хажууд зулгаралт тогтоогдлоо.

-Дээрх шарх зулгаралтын гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

-Т.Т.О-ийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрчийн чадварт нөлөөлөхгүй. /хх 34-35/,

 

Шүүгдэгч Т.Т-Оын хувийн байдлыг тогтоосон “***************” ХХК-ийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 53-57/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх 63/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 71-78/, зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Т.Т-О нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Т.О-тай маргалдан архины хагархай шилээр зүсэж эрүүл мэндэд нь баруун бугуйны 1 дүгээр хурууны харалдаа байрлах шарх, 1 дүгээр хурууны тэнийлгэх шөрмөсний тасрал, хүзүү хоолойны баруун хажууд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогджээ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Т.Т-О нь хохирогч Т.Т.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Т.Т.О-ийн “...Т-О ах уг шилээрээ миний баруун гарын бугуй хэсэгт зүсчихсэн. Тэгээд би шилийг нь аваад гэрийн үүдэнд хаячхаад гараад байж байтал Т-О араас ахиад л шил гартаа барьчихсан “чи муу одоо яагаад байгаа бацаан бэ” гээд дайрсан. Ингэхдээ уг шилээрээ миний хүзүүний баруун талд зүссэн...” гэх мэдүүлэг /хх 16/, гэрч Н.Б-ын “...Т-О Т.О-ийн гарыг уг шилний хагархайгаар зүссэн...” гэх мэдүүлэг /хх 20/, шүүгдэгч Т.Т-Оын “...Т.О-ийн баруун гарыг тавиулах гээд цохисон. Тухайн үед Т.О- надад цохиулснаас болоод гараас нь цус гарч байсан. ... Ноцолдож байхдаа Т.О-ийн хүзүүний зүүн талд шилээрээ санамсаргүй зүсчихсэн.” гэх мэдүүлэг /хх 22/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 373 дугаартай шинжээчийн  “Т.Т.О-ийн биед баруун бугуйны 1 дүгээр хурууны харалдаа байрлах шарх, 1 дүгээр хурууны тэнийлгэх шөрмөсний тасрал, хүзүү хоолойны баруун хажууд зулгаралт тогтоогдлоо...” гэх дүгнэлт зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Т.Т-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Т.Т.О- нь “одоо надад гомдол санал байхгүй. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх 18/, “Т-О миний биед гэмтэл учруулсан хохирлоо нөхөн барагдуулахаар тохиролцсон. Хэргийг хялбаршуулсан журмаар эцэслэн шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбарыг тус тус өгсөн байх тул шүүгдэгч Т.Т-Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Т.Т-О шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж хэлсэн үгэндээ “маш их харамсаж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй.” гэх тайлбар гаргасан,  улсын яллагчаас шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ялын саналыг хүлээн авч  шүүгдэгч Т.Т-Оын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд нийцнэ.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Т-О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хагархай шилийг устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-От оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Шүүгдэгч Т.Т-О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хагархай шилийг устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т-От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Т-От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ