Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1121

 

                                                                                                                      

 

   2021       10         25                                    2021/ШЦТ/1121

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Ц.Батболд,   

нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Гын Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 1622 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ганцын задгайд насанд хүрээгүй хохирогч Ш.Мтай маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.            

         /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

          ТОДОРХОЙЛОХ нь :

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 00000 1622 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Г.Б нь иргэн Ш.Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

 

Насанд хүрээгүй хохирогч Ш.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2021 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн орчим намайг гэртээ байх үед манай эгч Мөнхцэцэг гэрт ирээд 3 настай дүү “Мөнхмаа руу урд айлын нохой дайрсан байна” гэж хэлсэн. Би ээж Мөнхзулын хамт урд айл руу очиж нохойг нь уяулах гэсэн боловч урд айлын эхнэр гарч ирээд ээж бид хоёрыг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд ээж бид хоёр гэр рүүгээ орсон. Удалгүй урд айлын нөхөр нь баруун гартаа сүх барьсан манай хашаа руу чиглээд ирж байхаар нь би урдаас нь яваад очсон. Бид хоёр маргалдахад урд айлын нөхөр “...би энэ сүхээр чамайг ална...” гэж хэлээд сүхээрээ 1 удаа далайсан. Манай гэрийнхэн гараас нь сүхийг салгасан бөгөөд урд айлын нөхөр нь миний баруун шанаа руу 1 удаа цохихоор нь би баруун гараараа зүүн шанаа руу 2 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

 

Гэрч Б.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...Бид нарыг гэрт байх үед урд айлын нөхөр нь сүх барьсан манай гэрийн гадаа ирээд хэрүүл хийгээд орилоод байсан. Бид нар гараад уулзаж байх үед сүхээрээ М руу далайхаар нь бид нар сүхийг түүний гараас салгасан. Тэгтэл урд айлын залуу Мтай зодолдсон юм. ...Зодолдож байх үед урд айлын эхнэр нь зүүн гараараа миний хүзүүнээс багалзуурдаж баруун гараараа миний толгой руу 2-3 удаа цохиход толгой манарч газарт унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

 

Гэрч А.Мөнхзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...манай хүү Мөнгөн-Эрдэнэ ирээд урд айлын нохой дүү Мөнхмааг хазах гэж байна гэж хэлэхээр нь би хүү Мг дагуулаад урд талын хашааны хүнтэй уулзаж нохойг нь уяулахаар очсон юм. Тэгтэл манай урд айлын эхнэр нь гарч ирээд намайг янз бүрээр доромжилж байгаад баруун гараараа манай хүү Мгийн баруун хацар руу 1 удаа алгадаад гэр рүүгээ орсон. Бид нарыг гэр рүүгээ ороод байж байх үед урд айлын нөхөр нь гартаа сүх барьсан ирээд бид нар маргалдаж байх үед сүхээрээ М руу далайхаар нь бид нар сүхийг гараас нь салгасан бөгөөд Мг зодсон. Тухайн үед би сандарсан байсан учир яг хаана нь яаж цохисныг мэдэхгүй байна. Маргалдаж байх үед урд айлын эхнэр нь манай дүү Мөнгөнцэцэгийг зодохоор нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

 

Гэрч Х.Ганцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр намайг гэртээ байх үед манай том охин гаднаас орж ирээд том хүн байвал дууд гэж хэлэхээр нь би гэрээс гарч харахад манай хойд талын хашаанд амьдардаг зүс таних 3 хүн байсан ба нохойгоо уясангүй гэх шалтгаанаар надтай маргалдаж хэрэлдсэн. Тэр үед дүү нь гэх эмэгтэй миний үснээс зулгаахаар нь би өөрөөсөө түлхэж холдуулаад гэр рүүгээ орсон. Удалгүй манай нөхөр гэртээ ирэхээр нь болсон асуудлын талаар хэлэхэд манай нөхөр гэрээс гараад явсан. ... би араас нь гарч харахад манай нөхөр надтай маргалдсан хүмүүс болох хойд талын хашааны гадна очиж дуудахад тухайн хашаанаас 4 хүн гарч ирээд манай нөхөртэй маргалдаж зодолдсон. Тухайн хашааны хүн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 6447 дугаартай:

“Ш.Мгийн биед баруун гарын эрхий хурууны алганы шивнүүр ясны хугарал, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү, хүзүү, баруун эгэм, зүүн бугалганд зулгаралт, хэвлийн зүүн хажуу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс баруун гарын эрхий хурууны алганы шивнүүр ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад гэмтэл нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35/,

 

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/,

- хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 03-04/,

- мөрдөгчийн 2021.08.24-ний өдрийн “...манай хүү М хөдөө дадлагад гарчихсан байгаа 2021 оны 10 дугаар сарын 28-нд ирнэ, бид нарын зүгээс Б гэх залуугаас нэхэмжлэх зүйл байхгүй ээ, гомдол санал байхгүй” гэж ярьсныг тэмдэглэл болгон бичив гэх тэмдэглэл /хх-ийн 05/,

 

Шүүгдэгч Г.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр намайг гэртээ орж ирээд байх үед эхнэр Ганцэцэг манай хойд айлын хүмүүс нохойгоо хорь гээд намайг барьж аваад зодлоо шүү дээ гэж хэлсэн бөгөөд намайг гэр рүү харих гээд замдаа явж байх үед мөн хэлсэн байсан. Би машиныхаа таван булыг салгах гэж цохиж байсан сүхээ барьсан чигтээ тэр айл руу уулзахаар очиход тэр айлаас 3 залуу, 2 эмэгтэй хүн гарч ирээд бөөн бөөнөөрөө над руу дайраад орилж хашхираад наад сүхээрээ яах гэж байгаа юм гэж хэлээд хэрүүл эхэлсэн юм. Тэгээд хэрэлдэж байгаад сүхээрээ нэг удаа далайгаад газарт тавьсан юм. Тэр дунд байсан нэг өндөр бандитай маргалдаж байгаад харилцан зодолдсон. Тухайн үед тэрний биед хаана нь гэмтэл шарх учирсан эсэхийг мэдэхгүй байна. Миний бие нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 88/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 52-61, 66-76/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 63/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Г.Бг иргэн Ш.Мгийн биед баруун гарын эрхий хурууны алганы шивнүүр ясны хугарал, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү, хүзүү, баруун эгэм, зүүн бугалганд зулгаралт, хэвлийн зүүн хажуу хэсэгт цус хуралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Уг гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ш.М нь нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх ба шүүхийн шатанд 38.000 төгрөгийн хохирлын баримтаа өгснийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэлээ.

 

Насанд хүрээгүй хохирогч нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч Г.Бд ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно

 

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан түүнд хуульд заасан хэмжээний хүрээнд торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Гын Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Г.Бд оногдуулсан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгаас 38.000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Ш.М /нт03282192/-д олгосугай.

 

6. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ