| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Залуус гудамж 1, 11 дүгээр байрны 10 дугаар орцны 00 тоот хаягт байрлах Ө Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Залуус гудамж 1, 11 дүгээр байрны 105 тоот хаягт оршин суух, эмэгтэй, М.Ж /рд: НЮ60100851/-д холбогдох, Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 445.640 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, түүний өмгөөлөгч Б.У, хариуцагч М.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Түвшинжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Ө Сууц өмчлөгчдийн холбоо болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ж нь манай сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагддаг Өнөр хорооллын 11 дүгээр байрны 105 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч юм. Тэрээр нийт оршин суугчдын ашиг сонирхолыг хохироож, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг зөрчиж, 2015 оны 9 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацааны засвар, үйлчилгээний санхүүжилтын зардлыг төлөөгүй байна. 2017 оны 1 дүгээр сар хүртэл тус өрхийн төлөх ёстой сар бүрийн төлбөрийг 16.140 төгрөгөөр, мөн үеэс хойш 17.140 төгрөгөөр тогтоосон тул нийт 26 сарын төлбөр болох 445.640 төгрөгийг М.Ж гаргуулж өгнө үү гэв. Хариуцагч М.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус сууц өмчлөгчдийн холбооны өмнөх удирдлага нь солигдож, одоогийн удирдлага болох Н болсон юм. Н тэргүүтэй эдгээр хүмүүс нь ямар ч мэдлэг боловсролгүй, хувийн сургууль төгссөн, ур чадваргүй, өмнө хариуцлага хүлээж байсан ба эдгээр хүмүүс нь амьжиргааныхаа төлбөрийг биднээс гаргуулж амьдарсаар ирлээ. Үүний тод жишээ нь, өмнө даргаар ажиллаж байсан Галбадрах гэгч нь гадаа хүүхдийн тоглоомын талбайг 60.000.000 төгрөгөөр хийсэн гэж тайлангийн хуралд бидэнд илтгэсэн. Мөн Г гэгч нь 10 хувь хүрэхгүй мөнгө зарцуулчихаад худал ярьсан. Тэрээр мөн холбоонд байхдаа Их засаг, МАНДАХ бүртгэлийг оройгоор төгссөнөө тайлангийн хуралд бидэнд мэдэгдсэн. Хамгийн муу хүмүүс нь хувийн сургуулийн диплом худалдаж авдаг. Дараа нь ажилгүй байж байгаад лифтчин болсон Н ажлаа өгсөн. Н нь ОХУ-д дээд боловсрол эзэмшсэн, засаг төрөөрөө хөдөлмөрөө үнэлүүлсэн сэхээтэн хүн юм. Түүнтэй тэмцэлдэж байж холбооны даргын суудлыг авсан. Н гэгч нь ТМС төгссөн, ажилгүй байж байгаад лифтчин болсон түүхтэй хүн. Намайг Н хээл хахууль авсан гэж лифтчин хүн хэл амаар доромжилсон. Ийм л мэдлэг чадвар муухан, ажлаа хийх чадваргүй хүмүүс холбоо руу шигдэж байгаад харамсаж байна. Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл гэгч тухайн байрны оршин суугчдаас авсан төлбөрийн 20 хувийг татан авч өөрсдөө цалинжиж суудаг гэдгээ Г гэгч хэлсэн. Бид давхар давхар ажилгүйчүүдийг тэжээж чадахгүй. Өвөл зунгүй шээс өмхий байнга үнэртдэг. Жижүүртэй, жижүүргүй хоёрын хооронд байдаг. Өөрсдөө цалингаа бүтэн авчихаад жижүүртээ цалин өгөхдөө хувь бодож өгдөг. Би өөрөө тэтгэвэрийн хүн, манай байр жижиг учир хүүхдүүд маань байр түрээслэдэг, заримдаа төлбөрийг нь төлж чадахгүйн улмаас эргэж ирдэг, нэг хүү БХИС-ийг энэ жил төгсөнө, төлбөр төлдөг, 3-7 насны хүүхдүүд нь манайд амьдардаг, хөдөлмөрийн чадвартай хүн байхгүй, ам бүл 10-уулаа амьдардаг ба би өөрөө эмчилгээнийхээ зардлыг төлж чадахгүй байхад энэ төлбөрийг төлөх боломжгүй. Эдгээр шалтгааны улмаас 2015 оны 9 дүгээр сараас хойш төлбөрөө төлөөгүй ба өмнө 16.140 төгрөг сар бүрт төлдөг байсан талаар маргахгүй. Иймд 50.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Ө Сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой 26 сарын зардалд нийт 445.640 төгрөгийг хариуцагч М.Ж нэхэмжилжээ. Хариуцагч М.Ж нь, 2015 оны 9 дүгээр сараас хойш 2017 оны 10 дугаар сарыг хүртэл нийт 26 сарын төлбөрийг төлөөгүй талаар маргаагүй боловч сууц өмчлөгчдийн холбооны удирдлага болон ажилчид боловсролгүй, ур чадвар муутай, ажил хийдэггүй, түүнчлэн хариуцагч нь ам бүл олонтой, төлбөрийн чадвар муу гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 50.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрснөөр талууд маргасан байна. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 147.3, 147.4 дэх хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар, хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэж, орон сууц өмчлөгч бүрийн хариуцан төлөх ёстой төлбөрийг урьдчилан тогтоосон байх ёстой байна. Нэхэмжлэгч тал уг зардлын хэмжээг 2017 оны 1 дүгээр сарыг хүртэл 16.140 төгрөгөөр, мөн хугацаанаас хойш 17.140 төгрөгөөр, хуульд заасан эрх бүхий этгээд тогтоосон гэх боловч холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно. Хэдийгээр эрх бүхий этгээдээс, хуульд заасан журмын дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг тогтоосон гэх баримт хэрэгт авагдаагүй ч хариуцагч тал 2015 оны 9 дүгээр сарыг хүртэл сар бүр 16.140 төгрөг төлдөг байсан талаараа, түүнчлэн тэрээр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, 11 дүгээр байрны 105 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч мөн эсэх талаар маргаагүй тул сууц өмчлөгч М.Ж нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхээр тогтоосон гэх зардлыг, хүлээн зөвшөөрч төлж байсан хэмжээгээр буюу сар бүрийн 16.140 төгрөгөөр тооцон төлж барагдуулах үүрэгтэй байна. Сууц өмчлөгчдийн холбооны удирдлага болон ажилчид мэдлэг боловсролгүй, ур чадвар муутай, ажил хийдэггүй, түүнчлэн орон сууц өмчлөгч нь ам бүл олонтой, төлбөрийн чадвар муу зэрэг хариуцагчийн мэтгэлцэж буй үндэслэлүүд нь сууц өмчлөгчийг нийтийн зардал төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ба эдгээр үндэслэл тогтоогдвол сууц өмчлөгчийг тогтоосон зардал төлөх үүргээс чөлөөлж болохыг мөн хуулиар зөвшөөрөөгүй байна. Түүнчлэн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардал нь нийт сууц өмчлөгчдийн эрх ашигтай холбоотой, тэдгээрийн эрх ашгийн төлөө зарцуулагддаг зардал юм. Иймд холбооны удирдлага, ажилтан албан хаагчид нь ажиллах чадваргүй, шаардлага хангахгүй, эсхүл холбооны удирдлагууд сууц өмчлөгчдийн ашиг сонирхолыг хөндсөн, эрх ашигт нь хохирол учруусан гэх хариуцагчийн хариу тайлбар нь зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг няцаах үндэслэл болж чадахгүй. Харин хариуцагчийн маргаж буй үндэслэл нь тусдаа шийдвэрлэгдэх, өөр төрлийн маргаан юм. Нөгөө талаас, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар, сууц өмчлөгчдийн холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байдаг тул сууц өмчлөгчид хуралдаж, хэнийг холбооны даргаар сонгох, сонгогдсон этгээдийг хэрхэн яаж ажиллуулах, хийж гүйцэтгэж буй ажил үүрэгт нь хяналт тавих, хуульд заасан хариуцлага хүлээлгэх эрх сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хуралд өөрт нь олгогдсон байдаг. Иймд сууц өмчлөгчдийн холбооны ажилтан албан хаагчидтай холбоотой асуудлыг сууц өмчлөгчдийн холбоо бүх гишүүдийн хурлаараа хэлэлцэж шийдвэрлэх боломжтой. Иймд, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд төлөгдөлгүй хуримтлагдсан 26 сарын төлбөр болох 419.640 төгрөг /16.140х26сар/-ийг сууц өмчлөгч М.Ж гаргуулж, нэхэмжлэгч Ө сууц өмчлөгчдийн холбоонд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан М.Ж 419.640 төгрөгийг гаргуулан Ө Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс 26.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14.020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ж13.239 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР | |