Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/301

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2020/0273/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Хохирогч З.Б-,

Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч С.Чинбат,

Шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2018000000294 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Д.Б, 1978 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.Б- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “68” зээлийн төвийн салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд -ны итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг буюу бэлэн мөнгийг хуурамч баримт бичиг бүрдүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 12.458.930 /арван хоёр сая дөрвөн зуун тавин найман мянга есөн зуун гуч/ төгрөгийн хохирол учруулж залилсан,

-мөн хугацаанд албан тушаалын байдлаа ашиглан нэр бүхий иргэдээс итгэмжлэн хариуцуулсныг Төрийн банкнаас үргэлжилсэн үйлдлээр авч нийт 2.065.030 /хоёр сая жаран таван мянга гуч/ төгрөгийг завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Д.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б.Отгонбаяр гэдэг хүний урьд авсан зээлийн хувийн хэрэг материалыг ашиглаж 4.500.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр М.Батбаяр гэдэг хүний зээлийн материалыг ашиглаж 6.000.000 төгрөгийн зээл авсан. 2020 оны 12 дугаар сард Б.Цэцгээ гэдэг хүний нэр дээр 2.000.000 төгрөгийн зээл, нийтдээ 12.458.930 төгрөгийн зээл авсан. Б.От нэр дээр авсан зээлийн төлбөрт 800.000 төгрөг буцааж төлөхөд 760.000 төгрөг хүүд орж, үндсэн зээлээс 41.000 төгрөг хасагдсан. Халамжийн орлогоор зээлийн эргэн төлөлтийг барагдуулдаг 8 хүний итгэмжлэлийг ашиглан -наас 2.065.030 төгрөгийг авч, хувьдаа хэрэглэсэн.

...”68” зээлийн төв миний 3, 4 сарын цалинг өгөхгүй байхаар нь би “цалингаа авмаар байна” гэхэд “нөхрийнхөө машин барьцаалж авсан зээлийг төл” гээд цалин өгөхгүй байсан.

...”Төрийн банк”-нд 2.000.000 төгрөгийн цалингийн зээл хаасан, мөн “Гялс” ломбардад машинаа барьцаалсан байсан 2.000.000 төгрөгийг төлсөн. Бусдыг нь “68” зээлийн төвд дүүгийнхээ машиныг барьцаалсан байсан учир түүнийг чөлөөлсөн, мөн ломбарданд тавьсан байсан ээмэг, бөгжөө авсан.

...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй, хөнгөн ял ногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч З.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Д.Б- 14.523.900 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд түүний ажилласан хугацааны цалин, амралтын мөнгө 1.958.586 төгрөгийг хасаад 12.565.374 төгрөг дээр график үүсгэж зээлээ төлье гэсэн хүсэлтийг манай байгууллагад ирүүлсэн. Энэ хүсэлтийг төв салбарт уламжлахад “боломжгүй, 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 12.565.370 төгрөгийн 50 хувь болох 6.265.000 төгрөг төлөөд үлдэгдэл 6.265.000 төгрөг дээр барьцаа хөрөнгө авч, графикаар төлж болно” гэсэн хариу өгсөн байгаа.

...манай байгууллагаас халамжийн зээл авч байгаа хүмүүс нь халамжийн мөнгийг манай энэ ажилтан авах ёстой гэсэн итгэмжлэл хийж өгдөг, тэр итгэмжлэлээрээ картгүй хүмүүсийнхээ мөнгийг банкнаас итгэмжлэлээрээ очиж авдаг. Энэ эрх нь Д.Б-д байсан бөгөөд ийм итгэмжлэлээр 2.065.030 төгрөгийг авч завшсан байгаа.

...Д.Б- нь одоо 10495374 төгрөгийг төлөх ёстой. Хохирол төлбөрөө төлж барагдуулбал ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг

 

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 1/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт ХХК-аас гаргасан гомдол /1 дүгээр хавтаст хэргийн 3/,

 

-  ХХК-ны Дархан салбарын үйл ажиллагаанд гарсан ноцтой зөрчлийн талаар гаргасан Дотоод аудитын газрын товч тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 7-8/,

 

-Д.Б-ыг ажилд томилох тухай ХХК-ны ерөнхий захирлын тушаалын хуулбар болон болон иргэн М.Б, Б.О, Н.А, Н.Ц, Н.Э, К.Д, Г.Г, Б.М, О.Ж, Ж.М, Л.О нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар, Д.Б-д зээлдэгч нараас олгосон итгэмжлэлийн хуулбар зэрэг зээлийн баримтуудын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 11-79/,

 

-Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай салбарын захирал Д.Б-ын нөхөр Ганзориг гэх хүн нь манай “68” зээлийн төвөөс зээл авсан байсан юм. Тэгээд манай төвийн салбараас нөхрийнх нь зээлийг хаалга гээд Д.Б-ын цалинг нь хаачихсан байсан юм. Тэгээд нөхрийнхөө зээлийг хааж байж цалингаа ав гэж хэлсэн юм. Тэгээд нөхрийнхөө зээлийг төлөх гээд алтан ээмэг барьцаанд өгөөд өөр хүний нэр, дансыг нь ашиглаад 400.000 төгрөг авсан юм. Тэгээд тухайн мөнгийг Д.Б- л авсан, би бол ямар ч мөнгө аваагүй юм. Энэ асуудал дээр бол би гүйлгээ хийсэн гэдгээрээ л буруудаж байгаа гэж ойлгож байна. Би тухайн үедээ бол тэр алтан ээмэг гэж барьцаанд тавьсан ээмэг нь хуурамч ээмэг болохыг нь мэдэж байсан.

...Д.Б- нь харин надаас “энэ ээмгийг барьцаанд тавиад мөнгө авчих юм бол би зээлээ төлөөд дараа нь миний цалин орох гээд байна, тэгэхээр нь би буцаагаад энэ ээмгийг барьцаанд тавьсан мөнгөө төлчихнө.” гэж байсан юм. Тэгэхээр нь тусалчихъя гэж бодоод л авсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 87-88/,

 

-Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн зээлийн төвөөс зээл авч байсан. Би 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “ниссан ноте” маркийн автомашин барьцаалж 2.500.000 төгрөгийн зээл авч байсан юм. Тэгээд авсан зээлийнхээ эргэн төлөлтийг хийж байгаад 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зээлээ бүрэн төлж барагдуулан дууссан юм.

...би тийм зээл бол аваагүй. Энэ зээлийн талаар бол мэдэх зүйл байхгүй байна. Намайг “68” зээлийн төвөөс залгаж дуудахаар нь би 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр очсон. Тэгээд миний өмнө зээл авахдаа бүрдүүлэн өгч байсан анкет миний хувийн мэдээллийг ашиглан хуурамч гэрээ хийж дахин 4.500.000 төгрөгийн зээл авсан байсан юм. Тэгээд тухайн байгууллагад би зээл аваагүй талаараа хүсэлт бичиж өгсөн юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 89/,

 

-“Д.Б- нь ХХК-ны ерөнхий захирлын 2019 оны 4 сарын 19-ний өдрийн 1719/52 тоот тушаалаар Дархан-Уул аймаг дахь Дархан-11 салбарын захирлаар туршилтын хугацаатай томилогдож, 2019 оны 7 сарын 24-ний өдрийн 1719/97 тоот тушаалаар салбарын захирлын үүрэгт ажилд жинхлэн томилогдсон байна.

Д.Б-ын ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн өргөдлийг үндэслэн “Их мөнх наран” ХХК-ийн ерөнхий захирлын 2020 оны 4 сарын 30-ний өдрийн Б/20/067 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн байна.

Д.Б- нь ажиллаж байх хугацаандаа хэзээ хэдэн төгрөгийг, ямар зээлийг судалж олгосон болох? гэсэн асуултанд ХХК-иас ирүүлсэн 2020 оны 6 дугаар сарын 23-ны 20/473 тоот албан бичигт “Компанийн дотоод программчлалтай холбоотой өнгөрсөн хугацааны түүхчилсэн жагсаалтыг гаргах боломжгүй байна." гэж ирүүлсэн тул хариулах боломжгүй болно.

ХХК-ийн ирүүлсэн мэдээллээр 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Б.Баяржаргалын судалж олгосон зээлээс төлөгдөөгүй байгаа үлдэгдэл нь нийт 58.985.514 төгрөг байна. Зээлийн бүтээгдэхүүнээр ангилбал:

• Авто машин барьцаалсан зээл 35.244.347 төгрөг

• Эргэлтийн хөрөнгө барьцаалсан зээл 5.820.000 төгрөг

• Утасны дугаар барьцаалсан зээл 3.000.000 төгрөг

• Халамжийн орлого барьцаалсан зээл 9.328.550 төгрөг

• Үнэт эдлэл барьцаалсан зээл 5.592.617 төгрөг байна.

 

Д.Б- нь урьд авч байсан зээлээс эргэн төлөгдсөн 2 иргэн дээр хуурамч зээлийн гэрээ үйлдэн 10.458.930 /Арван сая дөрвөн зуун тавин найман мянга есөн зуун гуч/ төгрөг, эргэлтийн хөрөнгө барьцаалсан 2.000.000 /Хоёр сая/ төгрөгийн эргэн төлөгдөөгүй байгаа зээл, халамжийн орлого барьцаалсан 7 иргэнтэй холбоотой 2.065.030 /Хоёр сая жаран таван мянга гуч/ төгрөгийн зээлийг банкнаас итгэмжлэлээр аваад байгууллагын дансанд тушаалгүй завшсанаас зээл эргэн төлөгдөөгүй байна. Үүнд:

•М.Б 06-09 ДАА T.CROWN маркийн суудлын авто машин гэж 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хуурамчаар гэрээ үйлдэн авсан 6.000.000 /Зургаан сая/ төгрөгийн зээл төлөгдөөгүй байна.

•Б.ОNissan note маркийн суудлын авто машин гэж 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хуурамчаар гэрээ үйлдэн 4.500.000 төгрөгийн зээл авснаас 41,070 /Дөчин нэгэн мянга дал/ төгрөгийн зээл эргэн төлөгдөж 4.458.930 /Дөрвөн сая дөрвөн зуун тавин найман мянга есөн зуун гуч/ төгрөгийн зээл төлөгдөөгүй үлдэгдэлтэй байна.

•Б.Ц ОУХ төв 52.6 м2-д бэлэн хувцас, эргэлтийн хөрөнгө барьцаасан 2.000.000 /Хоёр сая/ төгрөгийн зээл эргэн төлөгдөөгүй үлдэгдэлтэй байна.

•Халамжийн орлого барьцаалсан 7 иргэний зээлээс Д.Б- итгэмжлэлээр банкнаас мөнгийг аваад төлөөгүй зээлийн мэдээлэл

Д.Б- нь  ХХК-д нийт 14.523.960 /Арван дөрвөн сая таван зуун хорин гурван мянга есөн зуун жар/ төгрөгийн хохирол учруулсан байна. Үүнд:

• Хуурамч зээлийн гэрээ үйлдэж авсан 10458930 төгрөг,

• Эргэлтийн хөрөнгө барьцаалсан зээлийн төлөгдөөгүй байгаа зээл 2000000 төгрөг,

• Халамжийн орлого барьцаалсан зээлээр төрийн банкнаас итгэмжлэлээр авсан боловч төлөөгүй байгаа зээлийн дүн 2.065.030 төгрөг байна.

Д.Б-ын цалингийн болон ээлжийн амралтын олговор, хуримтлал нийт 1.958.586 /Нэг сая есөн зуун тавин найман мянга таван зуун наян зургаа/ төгрөг байна.” гэх ХХК-ны 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 168 дугаартай хараат бус аудиторын дүгнэлт, дүгнэлтийн хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 101-105/,

 

ХХК болон Д.Б- нарын хооронд байгуулсан 2019 оны 04 дугаар сарын 24-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 12-19/,

 

- дахь Д.Б-ын 5681008587 дугаар дансны  дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 20-58/,

 

-Д.Б-аас хохирол төлбөр төлсөн баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 59, 72/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч С.Ч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг хүлээн зөвшөөрч байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү.” гэж мэтгэлцэж байна.

 

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь “бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” үйлдэл байдаг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэргийн үндсэн шинж нь тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан үйлдлээр илэрнэ.

 

Шүүгдэгч Д.Б-ын хувьд ямар нэгэн бичиг баримт хуурамчаар үйлдээгүй бөгөөд харин өмнө нь зээл авсан байсан харилцагч нарын бичиг баримтыг ашиглан зээл авсан байх тул өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү.” гэх тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б-ын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

ХХК-ны ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/19-97 тоот тушаалаар шүүгдэгч Д.Б- нь Дархан-Уул аймаг дахь салбарын захирлаар томилогдож, /1 дүгээр хавтаст хэргийн 11, 185/, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/20/067 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь /1 дүгээр хавтаст хэргийн 186/ нотлогдож байх бөгөөд ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан баримт бичиг хуурамчаар үйлдэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “68” зээлийн төвөөс 12.458.930 төгрөгийг залилсан мөн албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг буюу 2.065.030 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Б-ын албан тушаалын байдлаа ашиглаж ХХК-ны итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг буюу бэлэн мөнгийг хуурамч баримт бичиг бүрдүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 12.458.930 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг, мөн нэр бүхий иргэдээс итгэмжлэн хариуцуулсан төгрөгийг “Төрийн банк”-наас үргэлжилсэн үйлдлээр авч нийт 2.065.030 төгрөгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Д.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас ХХК-д 14.523.960 төгрөгийн хохирол учирсан болох ХХК-ны Дархан салбарын үйл ажиллагаанд гарсан ноцтой зөрчлийн талаар гаргасан Дотоод аудитын газрын товч тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 7-8/, ХХК-ийн 2020 оны 06 сарын 24-ний өдрийн 168 дугаартай хараат бус аудиторын дүгнэлт, дүгнэлтийн хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 101-105/ зэргээр нотлогдож байх бөгөөд хохирогч З.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Д.Б- нь 2020 оны 07 дугаар сарын 28-ний өдөр манай байгууллагад 14.523.960 төгрөгийн хохирол учруулснаас түүний ажилласан цалин, амралтын мөнгө 1,958,586 төгрөгийг хасаад 12.565.374 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Шүүхийн шатанд 2070000 төгрөгийг хохирол төлбөрт өгсөн. Үлдсэн 10.495.374 төгрөгийг Д.Б-аас нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг өгч байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилсны дагуу шүүгдэгч Д.Б-аас 10.495.374 төгрөгийг гаргуулж, “Их мөнх наран”ХХК-нд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тодорхой хэсгийг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэж, шүүгдэгч  Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Б- нь насанд хүрээгүй буюу 5-12 насны 3 хүүхэдтэй болох нь төрсний гэрчилгээний хуулбараар /2 дугаар хавтаст хэргийн 9-10/ нотлогдож байх тул 2008 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Г.Жавхлант, 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Г.Оюун, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн Г.Идэржавхлан нарыг асран хамгаалж, хүмүүжүүлэхийг эцэг Н.Ганзоригт үүрэг болгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 хос ээмгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д.Б-г албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, “” ХХК-нд 12.458.930 /арван хоёр сая дөрвөн зуун тавин найман мянга есөн зуун гуч/ төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсаны улмаас ХХК-нд 2.065.030 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан хорих, торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялын 10000000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 36 сарын хугацаанд буюу эхний 35 сарын хугацаанд 280000 /хоёр зуун наян мянга/ төгрөгөөр, сүүлийн 1 сард нь 200000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Д.Б-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Д.Б-д анхааруулсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-аас 10.495.374 /арван сая дөрвөн зуун ерэн таван мянга гурван зуун далан дөрөв/ төгрөг гаргуулж, “Их мөнх наран” ХХК-нд олгосугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Б-ын насанд хүрээгүй буюу 2008 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Г.Ж, 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Г.О, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Г.И нарыг асран хамгаалж, хүмүүжүүлэхийг эцэг Н.Г  үүрэг болгосугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 хос ээмгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.Б-ын эдлэх ялыг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Я.ТУУЛ