Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2020/00636

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 147/ШШ2019/00268 дугаар шийдвэр,

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 222/МА2019/00018 дугаар магадлалтай,

Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

2018.01.30-ны өдрийн 18/01 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, 2018.03.24-ний өдрийн 01/18 тоот үнэлгээний дагуу албадан дуудлага худалдааны анхны үнийг тогтоохыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа, Л.Сүхбаатар, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Капитал банктай эвлэрч, Сүхбаатар аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.29-ний өдрийн 231 дүгээр шүүгчийн захирамж гарсан. Миний эзэмшил, өмчлөлийн хөрөнгийг Сүхбаатар аймгийн ШШГА-ны шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 17170284/03 тоот шинжээч томилох тогтоолоор томилогдсон үнэлгээчин Ц.Энхжаргал 2018 оны 1 сарын 30-ны өдрийн №18/01 дугаартай үнэлгээг хийсэн байх ба үнэлгээний тайланг надад 2018.2.07-ны өдөр танилцуулсан. Миний өмчлөлийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт байрлах Есөн-Эрдэнэ төвийн 2 давхрын 443м2 худалдаа үйлчилгээний зориулалттай хөрөнгийг, мөн Баруун-Урт сумын 1 дүгээр багт байрлах Есөн-Эрдэнэ дэлгүүрийн 1 давхрын эрхийн гэрчилгээтэй 165 м2 худалдаа үйлчилгээний зориулалттай хөрөнгийг тус тус зах зээлийн жишиг хандлагын аргаар үнэлэхдээ Сүхбаатар худалдааны төвийн барилгын худалдаалагдсан бодит үнийг жишиг болгон сонгож авсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Сүхбаатар худалдааны төвийн барилга нь Есөн Эрдэнэ төвийн барилгаас хийц, байршил, барилгын дотоод засал, тохижилтоороо эрс ялгаатай. Гэтэл үнэлгээчин барилгын хийц, байршлын хувьд ойролцоо худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн худалдаж байгаа зах зээлийн үнэ байсаар байтал жишиг болголгүй зөвхөн Сүхбаатар худалдааны төвийн арилжааны жишиг үнийг авч миний хөрөнгийг зах зээлийн үнээс бага үнээр үнэлсэнд гомдолтой байна.

Иймээс миний эзэмшил, өмчлөлийн газар, үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн үнэлгээг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээчин Ц.Энхжаргалын 2018.1.30-ны өдрийн №18/01 дугаартай үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б- нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт гэх байгууллагад хандаж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг урд үнэлсэн дүгнэлт үндэслэлтэй эсэх, өнөөгийн зах зээлийн ханш хэдэн төгрөг байгаа талаарх үнэлгээг гаргуулах хүсэлт гаргасны дагуу тус байгууллагаас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр үнэлэн тайлан гаргаж тус эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн бодит ханшийг 995.533.400 төгрөг байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу хийгдсэн шинжээчийн дүгнэлт үндэслэл муутай, миний эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлсэн нь тодорхой харагдаж байгаа юм. Шүүхэд тус үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагыг нэгэнт гаргасан учир нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн дүгнэлтээр тогтоосон 995.533.400 төгрөгийн үнээс дуудлага худалдааны анхны үнийг тогтоож явуулахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.5.29-ний өдрийн 231 тоот шүүгчийн захирамжаар иргэн Б.Б- нь Капитал банкинд 256.999.540 төгрөгийг төлөх шийдвэр гарсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017.8.23-ны өдрийн 17170284 дүгээр тогтоолоор үүсгэж, 2017.9.01-нд шийдвэр гүйцэтгэх мэдэгдлийг өгсөн боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул Баруун-Урт сумын 7 дугаар багт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг газрын хамт 2017.12.09-ний өдрийн 17170284/02 тоот хураах тогтоол үйлдэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн үнэлгээчин Ц.Энхжаргалыг томилон зах зээлийн үнийг тогтоолгосон. 2018.2.07-ны өдөр төлбөр төлөгч Б.Б-т танилцуулж тэмдэглэлээр баталгаажуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч Б.Б-ийн үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээг шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилон оролцуулаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Туяа шүүх хуралдаанд гаргах тайлбар, хэлэх зүйлгүй гэжээ.

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 147/ШШ2019/00268 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээчин Ц.Энхжаргалын 2018.1.30-ны өдрийн 18/01 дугаар үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааны анхны үнийг дахин үнэлгээ хийсэн үнэлгээчин Д.Алтанцэцэгийн 2018.03.24-ний өдрийн 01/18 дугаар үнэлгээнд Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтээс 2019.4.15-ны өдөр магадлан шалгалт хийж тогтоосон 726.855.149 төгрөгөөс тооцож явуулахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлс 1.536.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б-ээс гаргуулж Монголын Мэргэшсэн Үнэлгээний Институтийн Худалдаа Хөгжлийн банкны 4041986688 тоот дансанд шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 222/МА2019/00018 дугаар магадлалаар: Нэхэмжлэгч Б.Б-, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нарын давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 268 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Нэхэмжлэгч Б.Б-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 28-ны өдрийн 00268 тоот шийдвэр, Сүхбаатар аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 сарын 18-ны өдрийн 18 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг 2018 оны 10 сарын 11 -ны өдрийн 1263 тоот шүүгчийн захирамжаар хүлээн авсан. Уг захирамжийн дагуу 2019 оны 04 сарын 19-ны өдөр Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын дүгнэлт гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар хийгдсэн үнэлгээ мөн л үндэслэл муутайг тогтоосон. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн атлаа шүүхийн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хувиарлалгүй нэхэмжлэгчид хариуцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайлбал шинжээчийн зардлыг шүүхийн зардалд оруулан тооцохоор тогтоосон ба мөн шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж хуульд заасан тул шинжээчийн зардал 1.536.000 төгрөгийг хариуцагчид төлөх нь хууль хэрэглээний хувьд зөв юм.

Иймд дээрх 2 үндэслэлээр Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 28-ны өдрийн 00268 тоот шийдвэр Сүхбаатар аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 сарын 18-ны өдрийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа, Л.Сүхбаатар нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 147/ШШ2019/00268 дугаартай шүүхийн шийдвэр, 2019 оны 9 дүгээр 18-ны өдрийн 222/МА2019/00018 дугаартай тус аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах гомдлыг гаргаж байна.

Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 17170284 дугаар тогтоолоор үүсгэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 86.2, 86.4 дэх хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дарааллын дагуу явуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоосон талаар анхан шатны шүүх үндэслэх хэсэгт дурдсан байна.

Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 17170284/03 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор Б.Б-ийн өмчлөлийн Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутагт Есөн-Эрдэнэ дэлгүүрийн баруун талд байршилтай худалдаа, үйлчилгээний зориулалттай 165 м.кв талбай бүхий үл хөдлөх, Сүхбаатар аймаг Баруун -Урт сумын 1 дүгээр багийн нутагт Есөн-Эрдэнэ дэлгүүрийн байршилтай худалдаа, үйлчилгээний зориулалттай 443 м.кв талбай бүхий үл хөдлөх, Баруун-Урт сумын 7 дугаар багт байрлах Есөн-Эрдэнэ дэлгүүрийн баруун талын хэсэг худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй 766 м.кв бүхий газрын хамт үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2- т зааснаар тогтоолгосон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Магадлан шалгалтын тайлан” нь “Золач” ХХК-ийн үнэлгээчин Д.Алтанцэцэгийн үнэлгээ хийхдээ гаргасан зөрчлийн талаар дүгнэж, материаллаг тоон алдааг зассан байхад түүнийг 4 үнэлгээчин томилогдож, үнэлгээний тайлан гарч үнэлгээ эцэслэн шийдвэрлэсэн мэтээр дүгнэж магадлалыг гаргасан нь нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь бодитоор үнэлж чадаагүй дүгнэлт гаргаж хэрэглэвэл зохих хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Магадлан шалгалтын тайлан-д “Золач” ХХК-ийн үнэлгээчин Д.Алтанцэцэгийн үнэлгээг хийх явцад тооцооллыг гаргахдаа: Барилгын цэвэр талбайг зах зээлийн хандлагаар, тэнхлэгээр талбайг өртгийн хандлагаар, ашигтай талбайг орлогын хандлагаар тооцоолоход ашигладаг байтал 3 хандлагаар тооцоолохдоо цэвэр талбайг ашигласан.

Үнэлгээний олон улсын стандартын шаардлагыг авч үзээгүй, үнэлгээчин Д.Алтанцэцэг нь хөрөнгийг үнэлэхдээ өртгийн хандлагаар тооцоолохдоо элэгдэл тооцоогүй, үнэлгээний тооцоололд техникийн алдаа гаргасан зэрэг нь ҮОУС-ийн дагуу илэрхийлэгдээгүй байна гэж дүгнэсэн. Шинжээч үнэлгээчний хэрэглэсэн суурь, арга хандлагын сонголттой холбоотой асуудлын талаар ч тодорхой дүгнэж бичсэн байна. Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртгийн өнөөгийн үнэ байрлал, шинж чанар, орчны хувьд төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийн судалгаа хийж харьцуулсан үнэлгээ хийгээгүй. Барилгын элэгдэл хорогдлыг тооцоогүй.

Хөрөнгийн хувьд үнэлгээний хандлага болон аргуудыг сонгох зорилго нь тухайн нөхцөл байдалд хамгийн тохиромжтой аргыг сонгох бөгөөд тэр нь бодит байдалд үнэлгээг тогтооход чухал ач холбогдол бүхий байдаг.

“Золач” ХХК-ийн үнэлгээчин Д.Алтанцэцэгийн үнэлгээг хүчингүй болгох санал оруулж, материалаг тоон алдааг засан 726,855,149.40 төгрөг болгосон үнийн дүнг “Магадлан шалгалтын тайлан”-г бүрэлдэхүүнтэй үнэлгээчид томилогдож, үнэлгээний тайлан гарсан мэтээр дүгнэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, бүрэлдэхүүнтэй үнэлгээчид томилж, зах зээлийн бодит ханшийг тогтоолгож өгнө үү.

ХЯНАВАЛ

 Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг   зөв тодорхойлж чадаагүй,  түүнчлэн нөхөн төлүүлэх  шүүхийн зардлыг хуульд заасны дагуу хувиарлаагүй байх тул дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б- нь Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2018.01.30-ны өдрийн 18/01 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, 2018.03.24-ний өдрийн 01/18 тоот үнэлгээний дагуу албадан дуудлага худалдааны анхны үнийг тогтоохыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч “...үнэлгээчин Ц.Энхжаргалыг томилон зах зээлийн үнийг тогтоолгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, ... төлбөр төлөгч Б.Б-ийн үл хөдлөх хөрөнгийн дахин  үнэлгээг шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилон оролцуулаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

1. Нэхэмжлэлийн  шаардлага, үндэслэлийг буруу тодорхойлж,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна гэж үзэв.  

а/.Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 231 дүгээр шүүгчийн захирамжид зааснаар Б.Б- нь Капитал банкинд 256.999.540 төгрөг төлөх төлөх үүрэгтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх бөгөөд сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

Б.Б- нь төлбөрийг сайн дураараа төлөөгүй тул, албадан гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор эхлүүлжээ. /1хх-139/

Талууд төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээчээр мэргэжлийн үнэлгээчин Ц.Энхжаргалыг томилсон ба 2018 оны 01 сарын 30-ны өдрийн үнэлгээгээр Сүхбаатар аймаг, Баруун урт сум 1 дүгээр баг, Есөн-Эрдэнэ дэлгүүрийн баруун талын 1 давхрын байрлалтай дэлгүүр, 2 давхрын 443 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө эзэмшлийн 766 м.кв газрын хамт нийт 248.827.300 төгрөгөөр үнэлжээ.

б/.Нэхэмжлэгч Б.Б-ийн хүсэлтээр “Золач” ХХК-ийн үнэлгээчин Д.Алтанцэцэг барьцааны хөрөнгүүдийг 995.533.400 төгрөгөөр үнэлсэн 2018.03.24-ний өдрийн 01/18 тоот үнэлгээний баримт, мөн шүүгчийн захирамжийн дагуу томилогдон ажиллаж, барьцааны үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 726.855.149 төгрөг гэж тогтоосон Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Магадлан шалгалтын тайлан” гэх баримт хэрэгт авагджээ.

Эдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход  ач холбогдол бүхий  нотлох баримт болно.

в/.Төлбөр төлөгч Б.Б-  үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс бага үнээр үнэлсэн гэж 248.827.300 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулах  шаардлагатай нэхэмжлэлийг шүүхэд 2018.03.26-ны өдөр  гаргасны дараа  улмаар  “Золач” ХХК-ийн үнэлгээчин Д.Алтанцэцэгийн шүүхээс гадуур үнэлсэн үнэлгээ болох 995.533.400 төгрөгөөр албадан дуудлага худалдааны анхны үнийг тогтоохыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахыг хүсэж  нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ./хх1-69-70/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах эрхтэй байна. Үнэлгээ буруу тогтоогдсоноос эрх ашиг нь зөрчигдлөө гэх энэхүү гомдол нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх бөгөөд шүүхээр шийдвэрлэгдэж буй  энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нь зохигч, гуравдагч этгээд байна.

Шүүх эдгээр оролцогчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг буюу  шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэн хурааж, албадан дуудлага худалдаанд оруулж буй үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны үнэ бодитой  болсон  эсэхийг талуудын мэтгэлцээний үр дүнд бий болж, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан баримтад тулгуурлан  шийдвэрлэх учиртай. 

Гэтэл анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагатай эрх зүйн маргааныг шийдвэрлэх байтал, маргааны хүрээнээс хальж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хамаарахгүй, нэхэмжлэлээ нотлохоор нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтыг үндэслэн дуудлага худалдааны үнийг тогтоож өгнө үү гэх тайлбарт хөтлөгдөн улмаар шийдвэр гүйцэтгэх байгууллагын өмнөөс албадан дуудлага худалдааны үнэ тогтоож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх хөндлөнгийн байх  зарчимд нийцээгүйгээс гадна дуудлага худалдаа явуулах, барьцааны үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоох журмыг зохицуулсан Иргэний хуулийн  175, 177 дугаар зүйлд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчсөн байна.  

 г/.Зохигчоос өөрийн шаардлага, татгалзлыг нотлохын тулд тодорхой үйл баримтыг тогтоолгох, үгүйсгэх талаар шүүхэд гаргасан хүсэлт, шаардлага бүрийг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх боломжгүй.        

Нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагын  эрх зүйн үндэслэл, үр дагавар, зорилгыг анхааран үзэж нэхэмжлэлийн шаардлага, эсхүл шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлсон аль нь болохыг нягталж улмаар шийдвэрлэж буй маргааны зүйлийг тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв сонгон хэрэглэх нь шүүхийн үүрэг юм.

Нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн 248.827.300 төгрөгийн үнэлгээг зах зээлийн үнээс бага гэх үндэслэлээр хүчингүй болгуулах шаардлагыг шүүхэд анх гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд бүрдүүлж өгсөн 995.533.400 төгрөгийн үнэлгээний баримтыг үндэслэн албадан дуудлага худалдааны анхны үнийг 995.533.400 төгрөгөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн гэх шаардлага нь бие даасан нэхэмжлэл бус, харин үнэлгээг хүчингүй болгуулсны үр дагаврыг арилгуулах агуулгатай байна.

Албадан дуудлага худалдааг шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд заасан журмын дагуу анхны болон хоёрдахь дуудлага худалдааны үнийг тогтоож явуулдаг. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын энэхүү гүйцэтгэлийн ажиллагаа нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй бөгөөд шүүх үнэлгээний талаарх эрх зүйн  маргааныг шийдвэрлэх байтал дуудлага худалдааны үнэ тогтоож гүйцэтгэх ажиллагаанд оролцож байгаа нь буруу.

Иймд Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг үнэлгээчин Ц.Энхжаргалын 2018.01.30-ны өдрийн 18/01 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гэж үзэх бөгөөд энэ шаардлагын хүрээнд шүүх маргааныг шийдвэрлэх нь зүйтэй байжээ.

д/. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд үнэлгээчин Ц.Энхжаргал 2018 оны 01 сарын 30-ны өдрийн үнэлгээгээр Сүхбаатар аймаг, Баруун урт сум 1 дүгээр баг, “Есөн-Эрдэнэ” дэлгүүрийн баруун талд Ү-1213001551 улсын бүртгэлийн дугаартай, 000187261 үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээтэй худалдаа үйлчилгээний зориулалттай 165 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар аймаг, Баруун урт сум 1 дүгээр баг, Ү-1213002235 улсын бүртгэлийн дугаартай, 000196914 үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээтэй, худалдаа үйлчилгээний зориулалттай 443 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар аймаг, Баруун урт сум 7 дугаар багийн нутагт байрлах “Есөн-Эрдэнэ” дэлгүүрийн баруун талын хэсэгт эзэмшлийн 766 м.кв газар зэргийг нийт 248.827.300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болох “Золач” ХХК-ийн үнэлгээчин Д.Алтанцэцэгийн 995.533.400 төгрөгийн, мөн  Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн “Магадлан шалгалтын тайлан”-д заасан 726.855.149 төгрөгийн үнэлгээний баримттай харьцуулахад илтэд  зөрүүтэй нөхцөл байдал тогтоогджээ. Анхан шатны шүүх үнэлгээчин Ц.Энхжаргалын 2018.01.30-ны өдрийн 18/01 дугаартай хөрөнгийн 248.827.300 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэхдээ  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг  зөрчөөгүй  байна. 

Иймээс нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэн шийдвэр, магадлалын шийдлийг хэвээр үлдээв.

Харин албадан дуудлага худалдааны анхны үнийг үнэлгээчин Д.Алтанцэцэгийн   тогтоосон   995.533.400 төгрөгийн үнэлгээгээр явуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд үзэж улмаар Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн “Магадлан шалгалтын тайланд заасан  726.855.149 төгрөгөөс тооцож явуулахаар дүгнэн, хариуцагч Шүүхийн  шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасан нь буруу, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа гаргасан боловч энэ нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.

Ц.Энхжаргалын 2018.01.30-ны өдрийн 18/01 дугаартай хөрөнгийн   248.827.300 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар барьцааны хөрөнгүүдийг дахин үнэлэх, улмаар дуудлага худалдааг хуульд заасан журмаар явуулах нөхцөл хангагдаж байгаа бөгөөд харин шийдвэр гүйцэтгэх  газраас дахин үнэлгээ хийлгэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хэргийн баримтаар цугларсан дээрх үнэлгээнүүдийг заавал баримтлах ач холбогдолтой баримт гэж үзэхгүй.

2. Зохигчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.

а/. Нэхэмжлэгч Б.Б- гомдолдоо “...Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн дүгнэлт үнэлгээ үндэслэл муутай. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн атлаа шүүхийн зардлыг хувиарлалгүй нэхэмжлэгчид хариуцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй...” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  52 , 53, 56 дугаар зүйлд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон гарах зардал, нөхөн төлүүлэх  зардлын төрөл, хуваарилах зарчмыг заасан байна. Шинжээчийн ажлын хөлс нь зохигчоор нөхөн төлүүлэх зардалд хамаарч байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул хуульд заасан журмын дагуу хариуцагчаас гаргуулж шинжээчид олгоно.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Б-ийн Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээчин Ц.Энхжаргалын 2018.01.30-ны өдрийн 18/01 дугаартай хөрөнгийн 248.827.300 төгрөгийн үнэлгээг  хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул шинжээчийн хөлсийг хариуцагч Шүүхийн  шийдвэр гүйцэтгэлийн газраас гаргуулах хуулийн зохицуулатанд нийцнэ.

Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын хангаж шийдвэр, магадлалын холбогдох заалтад өөрчлөлт оруулна.

в/. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлдээ “...2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Магадлан шалгалтын тайлан” нь “Золач” ХХК-ийн үнэлгээчин Д.Алтанцэцэгийн үнэлгээ хийхдээ гаргасан зөрчлийн талаар дүгнэж, материаллаг тоон алдааг зассан байхад түүнийг 4 үнэлгээчин томилогдож дахин үнэлгээ хийж, үнэлгээний тайлан гарч үнэлгээ эцэслэн шийдвэрлэсэн мэтээр дүгнэж магадлалыг гаргасан нь нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь бодитоор үнэлж чадаагүй” гэжээ.

Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хүсэлтээр барьцааны үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг дахин  хийлгэж  дүгнэлт гаргуулахаар  Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийг шинжээчээр томилсон боловч тус байгууллага зөвхөн “Золач” ХХК-ийн үнэлгээчин Д.Алтанцэцэгийн үнэлгээний дүгнэлтийг хянаж Магадлан шалгалтын тайлан гэх баримт гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дүгээр зүйлд заасан шаардлагын хангасан дахин шинжилгээний дүгнэлт гэж үзэх боломжгүй, энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн гомдол үндэслэлтэй.

Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн Магадлан шалгалтын тайланд заасан 726.855.149 төгрөгийн дүнгээс  анхны албадан дуудлага худалдаа явуулах үнийг шүүх тогтоон шийдвэр гүйцэтгэх байгууллагын хийвэл зохих ажиллагааг явуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүйг  тогтоолд дээр заасан бөгөөд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үүргийн бүрэн хэрэгжүүлээгүй байна.

Үнэлгээчин Ц.Энхжаргалын анх тогтоосон үнэлгээг хүчингүй болгосноор бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдол мөн хангагдаж барьцааны хөрөнгүүдийн үнэлгээг дахин шинжээчээр тогтоолгох боломжтой болох юм.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 222/МА2019/00018 дугаар магадлалын тогтоох хэсгийн Нэг дэх заалт, Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 147/ШШ2019/00268 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээчин Ц.Энхжаргалын 2018.1.30-ны өдрийн 18/01 дугаар үнэлгээг хүчингүй болгосугай” гэж,

шийдвэрийн 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлс 1.536.000 төгрөгийг хариуцагч Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулж, Монголын Мэргэшсэн Үнэлгээний Институтэд олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 40.555 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, гуравдагч этгээд  “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР