Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 12

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч Сү.Уранчимэг, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                              Ц.Гэрэлбаатар

         Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Х.Ундрах-Оргил

         Нарийн бичгийн дарга                         С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 395 дугаар захирамжтай  С.Б-д холбогдох 1815001260115 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Ц.Гэрэлбаатарын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,.... Н овогт С.Б.

 Шүүгдэгч С.Б нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн . . . Ц гэх газар “Х” ХХК-ны хашаанд газрын маргаанаас болж иргэн Ш.С, Ж.М нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 395  дугаар захирамжаар:

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн 1815001260115 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Аймгийн прокурорын газарт буцааж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг дурдаж,

Яллагдагч С.Б-д авсан хувийн батгалгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн,

Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Гэрэлбаатар эсэргүүцэлдээ: “ ... Хавтаст хэргийн 98-104 дүгээр талд 2018 оны 11 дүгээр сарны 23-ны өдрийн 5/09 дугаартай зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 5/08 дугаартай яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолыг хохирогчийн өмгөөлөгч Д.Энхтуяад 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр танилцуулж, Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан "мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн ажиллагаа, шийдвэрт гомдол" гаргах эрхээр нь хангаж хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Харин Шүүгч захирамжиндаа "...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дүгээр зүйлийн 1.3 дах хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна..." гэж дүгнэсэн байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих гэдэгт “1. Дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ: ... “ гэсэн заалтуудын аль заалтыг зөрчсөн болохыг шүүгчийн захирамжинд тодорхой заагаагүй байна.

Шүүгчийн 395 тоот захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна" гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр хохирогч Ш.С, яллагдагч С.Б нар нь сайн дураараа эвлэрсэн талаарх баримтаа шүүхэд ирүүлсэнийг урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил гаргаж өгсөн байхад анхан шатны шүүх уг баримтад дүгнэлт хийгээгүйг дурьдах нь зүйтэй байна.

Иймд Булган аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 395 дугаартай шүүгчийн захирамжийг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар ...прокурорын эсэргүүцэл бичив ” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ: “...  Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна              ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр С.Б-д холбогдох эрүүгийн 1815001260115 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Аймгийн прокурорын газарт буцаасныг эс зөвшөөрч прокурор Ц.Гэрэлбаатар эсэргүүцэл бичсэн байна.

Прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 5/08 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол, мөн өдрийн 5/09 дугаартай “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолуудыг хохирогчийн өмгөөлөгч Д.Энхтуяад 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр танилцуулжээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид 7 хоногийн дотор гардуулна” гэж заасан ба хуульд заасан хугацааг хэтрүүлж, хохирогчийн өмгөөлөгч Д.Энхтуяад танилцуулсан байна.

Харин хэргийн оролцогч дээрх хугацаанд прокурорын шийдвэрийг гардаж аваагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлэх бөгөөд прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй.

Прокурорын шийдвэрт гомдол гаргах хуульд заасан хугацаа дуусаагүй байхад прокурор хэргийг шүүхэд шилжүүлсэн нь тогтоогдож байх боловч хохирогчийн өмгөөлөгч Д.Энхтуяа нь дээрхи тогтоолуудыг эс зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргаагүйгээс гадна мөн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо эвлэрсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Хэргийн оролцогч хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болох тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 395 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Прокурор Ц.Гэрэлбаатарын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол С.Б-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     М.ХҮРЭЛБААТАР                          

         ШҮҮГЧ                                                       Сү.УРАНЧИМЭГ

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ё.БЯМБАЦЭРЭН