Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 86

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

            Нарийн бичгийн дарга: Э.Өлзийнасан,

            Улсын яллагч: Н.Ундрах,

            Иргэний нэхэмжлэгч: Н.*******,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх,

Шүүгдэгч: Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох 201616000160 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Х.******* нь 2016 оны 06 дугаар сарын 03-10-ны хооронд Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг Хоёр хайрханы хоолой гэх газраас нэн ховор ургамал болох Цөлийн аргамжинцэцэг буюу цагаан гоёог зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэн улсын дугааргүй Даюун-150 маркийн мотоциклиор тээвэрлэн, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг Баруун гашуун гэх газарт 101.85 кг-ийг хатааж хадгалан байгаль орчинд 6.620.250 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх хуралдаанд  шинжлэн судлаад 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Х.*******ын мэдүүлсэн: “...Би Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг Хоёр хайрханы хоолой гэх газраас 2016 оны 06 дугаар сарын 03-наас 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд цагаан гоёог малын тэжээл болгож өгөх зорилгоор түүсэн. Тэгээд түүсэн цагаан гоёогоо гэрийнхээ зунжааны ар жалганд дэлгэж хатааж байгаад 2016 оны 06 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хэсгийн төлөөлөгчид баригдаж цагаан гоёогоо хураалгасан. ...Би хүрзээр ухаж түүсэн. Гэрлүүгээ малдаа явдаг цэнхэр өнгийн улсын дугааргүй Даюун маркийн өөрийн эзэмшлийн мотоциклиор тээвэрлэсэн. ...аймгийн төв дээр ирээд хиллэхэд 101.85 килограмм болж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.******* мэдүүлэхдээ: “...намайг *******гийн ******* гэдэг. Би малын тэжээл бэлтгэх гэж цагаан гоёо түүсэн. Тэгээд 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр баригдсан.” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******ийн мэдүүлсэн: “...Танай байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу цөлийн Аргамжин цэцгийг хууль бусаар бэлтгэсэн гэх хэрэгт намайг хохирогч иргэний нэхэмжлэгчээр томилсон тушаал гарсан тул би уг хэрэгт хохирогч иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа юм. Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас ургамлын санд хохирол учруулсан бол хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр хуульд зааж өгсөн байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.3 дахь хэсэгт “Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоох ба Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 тоот тушаалын хавсралтаар Цөлийн аргамжин цэцгийн /Цагаан гоёо/ экологи эдийн засгийн үнэлгээ нь тухайн үеийн жингийн нэг килограмм тутамд 65000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль хамгаалах санд нөхөн төлбөрийг оруулна гэж заасан байдаг юм. Тиймээс дээрхи хууль тогтоомжийн дагуу хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж Аймгийн байгаль хамгаалах санд буюу 110051407 тоот дансанд төвлөрүүлэх нь зүйтэй гэж үзэж хохирогч иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. ...Цөлийн Аргамжин цэцэг нь нэн ховор ургамлын ангилалд багтдаг. Нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа шинжилгээний зориулалтаар ашигладаг. ...******* овогтой ******* нь уг цагаан гоёог түүж бэлтгэн хадгалах ямар нэг зөвшөөрөл авсан зүйл байхгүй. ...Иймд хуулийн дагуу холбогдогчоос хэдий хэмжээний цагаан гоёо түүж бэлтгэсэн байна тэр хэмжээг нэг килограмыг 65000 төгрөгөөр тооцож түүнийг 5 дахин нэмэгдүүлж нэхэмжлэлээ гаргаж байна.” гэх мэдүүлэг / хх-ийн 26-27 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.*******гийн мэдүүлсэн: “...Би хэргийн талаар мэдэхгүй. Намайг эзгүй аймгийн төв дээр биеэ үзүүлээд бага хүүхдийнхээ конкурс гээд явж байх хэдэн хоногийн хооронд манай хүү ******* нь цагаан гоёо малд өгөхөөр түүчихсэн байж байгаад цагдаад баригдсан байсан. Би хэдий хэмжээний цагаан гоёо түүсэн байсан талаар ч мэдэхгүй байна. ...Манай хүү хаанаас ч дуулсан юм мэдэхгүй малд сайн гээд түүчихсэн юм гэж л надад сүүлд хэлж байсан юм. Би яах гэж түүсэн юм бэ тэрийг гэж асууж байсан юм. ...*******ын цагаан гоёо түүхдээ унаж байсан мотоцикль нь өөрийнх нь байгаа юм. Худалдаж аваад 2 жил гаруй болж байгаа. ...Х.******* нь зан аашны хувьд хүний үгнээс гардаггүй, төлөв даруу зантай. Нэг чих нь огт сонсдоггүй. Тэгээд энэ асуудлаас болоод 2 жилийн өмнө группэд орсон. Хөдөлмөрийн чадварын 50 хувиар тодорхойлогдсон. Архи  тамхи хэрэглэдэггүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.*******ы мэдүүлсэн: “...Би cap өдрийг нь санахгүй байна. 2016 оны 06 дугаар сард манай сумын хэсгийн төлөөлөгч шөнө манай гэрт ирээд ойрхон хөдөө гоёо түүсэн хүн байна очиж үзээд ирье гэж хэлсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгч цагдаа нартай хамт явсан. Тэгээд сумаас зүүн хойшоо яваад нэг хөдөөний айлын гадаа очсон. Тэгсэн ******* гэж манай сумын хүнийх байсан. Тэдний гэрийн гадаа хойд жалганд цагаан гоёо хатаах гээд тавьчихсан байсан. Тэгээд түүнийг ******* өөрөө түүсэн малд өгөх гэж байсан юм гэж байсан. Тэгээд түүсэн гоёог шуудайлуулаад сумын цагдаагийн хэсэг дээр авч ирсэн. Тэгээд маргааш нь хилэн дээр тавиад хиллэж үзэхэд 105 килограмм болж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Хүдэр-Эрдэний мэдүүлсэн: “...Би Өмнөговь аймгийн хэсгийн төлөөлөгч байгаа юм. Тэгээд бусдаас цагаан гоёо түүсэн хүн байна гэх мэдээлэл аваад уг мэдээллийн дагуу сумын байгаль хамгаалагч С.*******, цагдаа цагдаагийн ахлах ахлагч нарын хамт 2016 оны 06 дугаар сарын 22-ны шөнийн 03 цагийн үед ******* гэж айлынд очсон. ******* нь гэртээ өөрөө байж байсан. Тэгээд тэр ******* нь гэрийнхээ хойд жалганд цагаан гоёо түүгээд хатаах гээд дэлгээд тавьчихсан байсан. Түүнийг нь тухайн үед үзлэг хийгээд хурааж авсан. ******* нь уг цагаан гоёог малд өгөх гэж түүсэн гэж байсан. ...Уг хураан авсан цагаан гоёог анх ******* сумын төв дээр хиллэж үзэхэд 105 килограмм болж байсан юм. Тэгээд аймгийн төвд ирээд хүлээлгэн өгөхөд 101,85 килограмм болж байсан. ...Зөрүүтэй байгаа шалтгаан бол цагаан гоёо өдөр ирэх тусам хатаж жин нь хорогдож байдаг. Хоёрдугаарт анх хиллэхдээ стандарт хэмжил зүйн төвөөр баталгаажсан хил олдохгүй байсан учраас сумаас олдсон нэг цахилгаан хилэн дээр хилэлчихсэн юм. Бусдаар ямар нэгэн байдлаар хураан авсан цагаан гоёоноос хорогдох зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

-  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/

-  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 дугаар хуудас/

-  Хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11 дүгээр хуудас/

-  Цагаан гоёо хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/

-  Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хураан авах тогтоо, хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-18 дугаар хуудас/

-  Улсын байцаагчийн “Цагаан гоёо хураах тухай” акт /хх-ийн 19 дүгээр хуудас/

-  Аймгийн засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлд эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр хуудас/

-  Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан бичиг, хураагдсан эд зүйл устгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24 дүгээр хуудас/

-  Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 25 дугаар хуудас/

-  Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын нэхэмжлэгч томилох тухай тушаал /хх-ийн 28 дугаар хуудас/

-  “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээний тайлан /хх-ийн 36-38 дугаар хуудас/

-  Өмнөговь аймгийн ******* сумын засаг дарга, 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 50-51, 66 дугаар хуудас/

-  Х.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 61 дүгээр хуудас/

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/

-  Өмнөговь аймгийн автотээврийн төв тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 65 дугаар хуудас/

-  Х.*******ын нийгмийн халамжийн дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар /хх-ийн 67-68, 73 дугаар хуудас/

-  Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35, 69 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад нотолсон байна гэж дүгнэлээ.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёо нь  говийн экосистемийн тэнцвэрийг хадгалахад ихээхэн үүрэгтэй бөгөөд байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон учраас “нэн ховор ургамал” гэдэг ангилалд оржээ.

“зохих зөвшөөрөлгүй” гэдэг нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийн эрх авч тогтоосон төлбөр, хураамжийг төлөхийг хэлнэ.

“түүж бэлтгэсэн” гэдэг нь зохих зөвшөөрөлгүйгээр хулгайн аргаар түүж бэлтгэхийг хэлнэ.

Шүүгдэгч Х.******* нь 2016 оны 06 дугаар сарын 03-10-ны хооронд Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг Хоёр хайрханы хоолой гэх газраас нэн ховор ургамал болох Цөлийн аргамжинцэцэг буюу цагаан гоёог зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэн улсын дугааргүй Даюун-150 маркийн мотоциклиор тээвэрлэн, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг Баруун гашуун гэх газарт 101.85 кг-ийг хатааж хадгалан байгаль орчинд 6.620.250 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******ийн мэдүүлсэн: “...Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас ургамлын санд хохирол учруулсан бол хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр хуульд зааж өгсөн байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.3 дахь хэсэгт “Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоох ба Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 тоот тушаалын хавсралтаар Цөлийн аргамжин цэцгийн /Цагаан гоёо/ экологи эдийн засгийн үнэлгээ нь тухайн үеийн жингийн нэг килограмм тутамд 65000 төгрөгөөр үнэлсэн байдаг. ...Цөлийн Аргамжин цэцэг нь нэн ховор ургамлын ангилалд багтдаг. Нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа шинжилгээний зориулалтаар ашигладаг. ...******* овогтой ******* нь уг цагаан гоёог түүж бэлтгэн хадгалах ямар нэг зөвшөөрөл авсан зүйл байхгүй. ...Иймд хуулийн дагуу холбогдогчоос хэдий хэмжээний цагаан гоёо түүж бэлтгэсэн байна тэр хэмжээг нэг килограммыг 65000 төгрөгөөр тооцож түүнийг 5 дахин нэмэгдүүлж нэхэмжлэлээ гаргаж байна.” гэх мэдүүлэг / хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 гэрч Д Б.*******гийн мэдүүлсэн: “...манай хүү ******* нь цагаан гоёо малд өгөхөөр түүчихсэн байж байгаад цагдаад баригдсан байсан. ...Манай хүү хаанаас ч дуулсан юм мэдэхгүй малд сайн гээд түүчихсэн юм гэж л надад сүүлд хэлж байсан юм. Би яах гэж түүсэн юм бэ тэрийг гэж асууж байсан юм. ...*******ын цагаан гоёо түүхдээ унаж байсан мотоцикль нь өөрийнх нь байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

гэрч С.*******ы мэдүүлсэн: “...сумаас зүүн хойшоо яваад нэг хөдөөний айлын гадаа очсон. Тэгсэн ******* гэж манай сумын хүнийх байсан. Тэдний гэрийн гадаа хойд жалганд цагаан гоёо хатаах гээд тавьчихсан байсан. Тэгээд түүнийг ******* өөрөө түүсэн малд өгөх гэж байсан юм гэж байсан. Тэгээд түүсэн гоёог шуудайлуулаад сумын цагдаагийн хэсэг дээр авч ирсэн. Тэгээд маргааш нь хилэн дээр тавиад хиллэж үзэхэд 105 килограмм болж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

гэрч А.Хүдэр-Эрдэний мэдүүлсэн: “...Би Өмнөговь аймгийн хэсгийн төлөөлөгч байгаа юм. Тэгээд бусдаас цагаан гоёо түүсэн хүн байна гэх мэдээлэл аваад уг мэдээллийн дагуу сумын байгаль хамгаалагч С.*******, цагдаа цагдаагийн ахлах ахлагч нарын хамт 2016 оны 06 дугаар сарын 22-ны шөнийн 03 цагийн үед ******* гэж айлынд очсон. ******* нь гэртээ өөрөө байж байсан. Тэгээд тэр ******* нь гэрийнхээ хойд жалганд цагаан гоёо түүгээд хатаах гээд дэлгээд тавьчихсан байсан. Түүнийг нь тухайн үед үзлэг хийгээд хурааж авсан. ******* нь уг цагаан гоёог малд өгөх гэж түүсэн гэж байсан. ...Уг хураан авсан цагаан гоёог анх ******* сумын төв дээр хиллэж үзэхэд 105 килограмм болж байсан юм. Тэгээд аймгийн төвд ирээд хүлээлгэн өгөхөд 101,85 килограмм болж байсан. ...Зөрүүтэй байгаа шалтгаан бол цагаан гоёо өдөр ирэх тусам хатаж жин нь хорогдож байдаг. Хоёрдугаарт анх хиллэхдээ стандарт хэмжил зүйн төвөөр баталгаажсан хил олдохгүй байсан учраас сумаас олдсон нэг цахилгаан хилэн дээр хилэлчихсэн юм. Бусдаар ямар нэгэн байдлаар хураан авсан цагаан гоёоноос хорогдох зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

шүүгдэгч Х.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг Хоёр хайрханы хоолой гэх газраас 2016 оны 06 дугаар сарын 03-наас 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд цагаан гоёог малын тэжээл болгож өгөх зорилгоор түүсэн. Тэгээд түүсэн цагаан гоёогоо гэрийнхээ зунжааны ар жалганд дэлгэж хатааж байгаад 2016 оны 06 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хэсгийн төлөөлөгчид баригдаж цагаан гоёогоо хураалгасан. ...Би хүрзээр ухаж түүсэн. Гэрлүүгээ малдаа явдаг цэнхэр өнгийн улсын дугааргүй Дай юу маркийн өөрийн эзэмшлийн мотоциклиор тээвэрлэсэн. ...аймгийн төв дээр ирээд хиллэхэд 101.85 килограмм болж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/-үүд болон Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 дугаар хуудас/, хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11 дүгээр хуудас/, цагаан гоёо хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хураан авах тогтоо, хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-18 дугаар хуудас/, Улсын байцаагчийн “Цагаан гоёо хураах тухай” акт /хх-ийн 19 дүгээр хуудас/, Аймгийн засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлд эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр хуудас/, Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан бичиг, хураагдсан эд зүйл устгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24 дүгээр хуудас/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 25 дугаар хуудас/ зэргээр тус тус нотлогдон тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Х.******* нь нэн ховор ургамал болох Цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёо 101.85 килограммыг зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэн байгаль орчинд 6.620.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалын хавсралтанд заасан Экологи эдийн засгийн үнэлгээгээр цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог 1 кг-ийг нь 65.000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүгдэгч Х.*******ын түүсэн 101.85 кг цагаан гоёоны экологи эдийн засгийн үнэлгээ нь 6.620.250 төгрөг болж байна.

          Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын Экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн” төлүүлнэ гэж заасан ба 101.85 кг цагаан гоёоны экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлж шүүгдэгч Х.*******оос нөхөн төлөх төлбөр 33.101.250 төгрөг байхаар тогтоож Өмнөговь аймгийн Байгаль орчныг хамгаалах санд оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.******* нь анх удаа хүндэвтэр гэм хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар “...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэснийг журамлан Х.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 500.000 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, цэнхэр өнгийн, Супер Даюун маркийн мотоциклийг хураан авч, улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.