| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2022/0169/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/187 |
| Огноо | 2022-05-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Болормаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2022/0169/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагч Ч.Болормаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч-,
Шүүгдэгч Д.Д.А- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А-т холбогдох эрүүгийн 2218000000186 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух, урьд:
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар баривчлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 сар 5 хоног баривчлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан баривчлах ялуудыг нэмж нэгтгэн 8 сар 5 хоног баривчлах ялаар,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хувьд ногдох эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил хорих ялаар,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар 10 хоног баривчлах ялаар,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 420 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 455 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, Д.А-
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Д.Д.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 12 цагийн орчимд лангуунаас З.З.Л-гийн “Самсунг А12” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 490000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022.04.02-ны өдөр 12 цагийн үед гэртээ байж байсан чинь манай найз Ц- гэдэг залуу согтуу, пиво бариад орж ирсэн. Зах руу ионы гэрэл зарах гээд явж байтал хүмүүс авахгүй байсан. Хамгийн сүүлд эгч дээр очиж асуухад авахгүй гэсэн. Тэгээд гарах гэтэл лангуун доор гар утас нь байсан. Би С-д лангуун доороос утас авчихлаа, гэрлийг авчихлаа гэж хэлсэн. Гэтэл битүү камертай оруулж өг гэхээр нь Буян зах орж утсыг нь оруулж өгөх гэтэл лангуу нь цоожтой байсан. Эгчийг асуухад байхгүй гэж хэлсэн. Утас дуугараад авахад цагдаагаас ярьж байсан, 2 цагдаа ирсэн байсан. Би халааснаас утсыг нь гаргаж өгөөд төв цагдаа дээр ирсэн. Тэгээд эрүүлжүүлэхэд хоносон. Би уг нь гар устыг нь өгөх гээд очсон юм.” гэв.
Хохирогч З.З.Л- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022.04.02-ны өдөр лангуу дээр байсан. Манайх урт лангуу байгаа юм аа. Би юм өрөөд зогсож байгаад өрж дуусаад эргээд хартал утас байхгүй байсан тул цагдаа дуудсан. Утсаа алдсан гэж хэлсэн. Ойр хавьд утастай хүн олддоггүй, би хүмүүстэй уулзаж байгаад цагдаа дуудсан. Гэртээ харьж утас авч ирье гэж бодоод, лангуугаа хаачхаад гэртээ ирсэн. Цагдаатай камер шүүхэд цагдаа утас олж өгнө гэж хэлсэн. Лангуугаа хаагаад утас авч ирэх гээд гэртээ ирээд гараад явж байтал цагдаагаас утас оллоо гэж хэлсэн. Тэр өдрийн орлого байхгүй болоод, цагдаа дээр 6 цаг хүртэл суусан. Утсаа авсан тул гомдолгүй харин тэр өдрийн орлогыг төлүүлмээр байна. 200,000-250,000 төгрөгийн орлоготой байдаг юм. Шүүгдэгчид гомдсон зүйл байхгүй, буруугаа хүлээгээд засраасай гэж бодож байна” гэв.
Эрүүгийн 2218000000186 дугаартай хэргээс:
“Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: “Самсунг А12 маркийн 32GB багтаамжтай гар утас /шинэвтэр/ 2022 оны 04 дүгээр сарын 02-ний өдрийн байдлаар 490000 төгрөг байна.” /хх 12-13/,
Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “...Самсунг А12 маркийн хар нүүртэй, ар тал нь хөх өнгөтэй, 4 камертай, имей 352307137507953/01, 356449147507957/01 дугаартай гар утсыг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 17:00 хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв. /хх 18/,
Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл “...Д.Д.А-ын биеэс гарч ирсэн ягаан өнгийн Самсунг маркийн гар утас нь хохирогч З.З.Л-гийн Самсунг А12 маркийн гар утасны имей кодтой ижил утас байсныг хэрэгт ач холбогдолтой гэж үзэн хураан авч гар утасны зургийг дарж тэмдэглэл үйлдэв. /хх 23/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...цэнхэр өнгийн хантаазтай гартаа цагаан өнгийн гэрэл мэт зүйл болон шаргал өнгийн тортой эд зүйл барьчихсан 40 орчим насны залуу ирээд хохирогч гар утсаа алдсан гэх лангууны наана ирж зогсох ба түр зогсож байгаад цааш очиж лангуугаар гараа давуулж эд зүйл авч зүүн талын халаасандаа хийж байгаа дүрс бичигдсэн байв. /хх 26/,
Шүүгдэгч Д.Д.А-ын хувийн байдлыг тогтоосон арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолтууд /хх 39-45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 46-73/, иргэний үнэмлэхийн лавлагаа, мэргэжлийн боловсрол,сургалтын үнэлгээний төвийн чадамжийн гэрчилгээ /хх 78-80/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.
Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Д.Д.А- нь 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 12 цагийн орчимд лангуунаас З.З.Л-гийн “Самсунг А12” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 490000 төгрөгийн буюу хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Хулгайлах гэмт хэрэг гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр хүч хэрэглэхгүйгээр эзэмшигчийн эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч өөрийн эзэмшилд авч зарцуулах эрх олж авахыг хэлнэ.
Хүч хэрэглэхгүйгээр гэж эзэмшигчийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр халдахыг, хууль бусаар авах гэж эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар авч өөрийн мэдэлд шилжүүлэхийг тус тус ойлгоно.
Шүүгдэгч Д.Д.А- нь хохирогч З.З.Л-гийн Самсунг А12 маркийн гар утсыг хулгайлсан үйлдэл шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Д.Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч З.З.Л-д 490000 төгрөгийн хохирол учирсан ба хулгайд алдсан эд зүйлээ биет байдлаар буцаан авсан болох нь хавтаст хэргийн 18-р хуудсанд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тухайн өдөр олох ёстой байсан орлого 200000 төгрөг нэхэмжилсэн боловч холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шүүгдэгч Д.Д.А-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагч Ч.Б- “...2 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх санал”, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү” гэх санал, хохирогч З.З.Л-гийн “хорихоос өөр төрлийн ял шийтгэх нь зүйтэй. Хийсэн хэрэгтээ гэмших ёстой, заавал хорих шаардлага байхгүй” тайлбар, шүүгдэгч Д.Д.А-ын “хорихоос өөр ял шийтгэж өгнө үү, манай эмээ хэвтэрт байдаг, надаас өөр асрах хүнгүй” гэх тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмын үүднээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Д.А-т анхааруулж шийдвэрлэсэн нь цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Д.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.А-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Д.Д.А-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Д.А-т мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Д.Д.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3-д зааснаар хохирогч З.З.Л-гийн олох байсан орлого 200000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Д.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ