Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/212

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Д.Сүрэнхор,

хохирогч Б.О*******,

хохирогчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

шинжээч О.Н*******,

гэрч Л.М*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир,

шүүгдэгч Б.Н******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н*******д холбогдох 163/2019/00216/Э индекстэй, эрүүгийн 1915003230195 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Монелын 25-564а тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б******* овогт Б******* Н*******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н******* нь 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутагт ..... УНБ улсын дугаартай “Prius 20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж зорчигч Л.Э******* амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н******* өгсөн мэдүүлэгтээ: Манай нөхөр талийгаачтай дотно найзууд бөгөөд бид бүгд гэр бүлийн найзууд юм. Бид энэ зугаалгыг 14 хоногийн өмнөөс төлөвлөж, гэр бүлээрээ ярилцаж байгаад явахаар болсон. 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос гараад Булган аймгийн Дашинчилэн сумын Цогтын балгас гэх газарт ирэхэд орой болсон тул амарсан. Тэгээд маргааш нь цаашаа явж Булган аймгийн Булган сум орж ирээд хоол унд идэж, хоол хүнсний зүйлээ базааж аваад 13 цаг өнгөрөөгөөд явсан. Цаашаа яваад Түлүүгийн даваан дээр осол болсон. Тухайн үед юу болсныг мэдээгүй. Нэг мэдэхэд л машин дээшээ харсан байсан. Бүгд сандарч хүүхдүүдээ зүгээр эсэхийг шалгасан. Харин ганцхан хүн ухаангүй хэвтэж байсан. Би ийм зүйл болсонд их харамсаж байна. Ийм зүйл болно гэж огт бодсонгүй. Осол болсноос хойш надад их хэцүү байгаа. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.О******* өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Дашинчилэн сумын замаар гараад Цогтын балгас гэх газарт орой, харанхуй болж байхад очиж хоносон. Орой хоол ундаа идчихээд дөрвүүлээ хоёр шил архи уусан. Би ядарч байсан болохоор эрт унтаад өгсөн. Эд нар хэдэн цагт унтсаныг мэдэхгүй байна. Өглөө босоод хоол ундаа хийж идчихээд Н*******аас бусад хүмүүс 1 шил архи уучихаад цаашаа явсан. Булганд орж ирээд хоол идэж, хүнсээ цуглуулсан. Энэ хооронд талийгаач, М******* бид гурав 1 шил архи задлаад талд нь ортол уусан. Булганаас цаашаа явж Түлүүгийн даваан дээр гэнэтхэн машин дайвалзаад жолооныхоо хүрдийг нөгөө тийш нь дарах шиг болсон. Нэг мэдэхэд машин унасан байсан. Тэгээд хүүхдүүдээ үзээд дараа нь нөхрийгөө очиж үзэхэд ухаангүй байсан. Хүмүүс ирж түргэн тусламж дуудаж, түргэн нөхрийг маань аваад явсан. Э бид хоёр амьдраад 10 гаруй жил болсон, дундаасаа хоёр хүүхэдтэй. Нөхөр маань хүүхдүүдээ харж хажуугаар нь ачаа бараа зөөж мөнгө олдог байсан. Би ажлаа хийдэг байсан. Нөхрийгөө өнгөрснөөс хойш ерөөсөө ажил хийгээгүй байгаа. Өрхийн орлогогүй байгаа. Нөхөр маань амьд байсан бол ажил төрлөө хийгээд гэр бүлээ тэжээгээд явах байсан. Нөхөр маань аавыгаа харж ханддаг байсан. Бид хоёр банкинд их өртэй. Ажил явдал, энэ хэрэгтэй холбогдуулан гарсан зардал, банкны өр 24586966 төгрөг, өнөөдрийн баримтаар гаргаж өгсөн 300100 төгрөг, нийт 24887066 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс 8000000 төгрөгийг авсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.М******* өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос гарч Булган аймгийн Дашинчилэн сумын Цогтын балгас гэх газарт ирж хоносон. Өглөө босоод хоол ундаа идчихээд Булган аймгийн Булган суманд ирж хоол идэж, хүнсээ цуглуулсан. Хоол идэж байхдаа 1 шил архины талыг нь уусан. Тэгээд цаашаа явж байгаад Түлүүгийн даваа өгсөж яваад осол болсон, тэр үед тээврийн хэрэгслийг Н******* жолоодож явсан гэв.  Улаанбаатар хотоос хэн тээврийн хэрэгслийг би жолоодсон, Цогтын балгас гэх газарт хоносон орой нэлээн архи уусан. Өглөө нь архи гараагүй байсан болохоор жолоогоо шилжүүлсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч О.Н******* өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр цагдн дэслэгч Б.А******* тогтоолоор М*******, Э, Н******* нарын хүмүүст спирт тогтоох шинжилгээ хийлгэхээр ирүүлсэн. Энэ шинжилгээгээр саяны нэр дурьдсан хүмүүс ямар нэгэн байдлаар спиртний зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Спиртний шинжилгээ нь бусад шинжилгээнүүдийг бодохын бол өвөрмөц, хүмүүс ойлгоход төвөгтэй, хэл ам дагуулдаг шинжилгээ юм. Тухайн хүн хэрэглэсэн байна уу, хэрэглээгүй байна уу? гэдэг нь чухал биш тухайн хүний цусанд спиртний төрлийн зүйл байна уу, үгүй юу гэдгийг тогтоох шинжилгээ юм. Энэ шинжилгээг тусгай лаборторт, тусгай багаж төхөөрөмжийг ашиглан гаргадаг. Архи, спиртний төрлийн шинжилгээ нь худлаа гарна гэж байдаггүй. Гэхдээ энэ хүнийг архи уусан байна уу, айраг уусан байна уу, пиво уусан байна уу, дарс уусан байна уу гэдгийг тогтоох боломжгүй, гагцхүү спиртний төрлийн зүйл хэрэглэсэн байна гэдэг нь тогтоогддог. ...Миний өөдөөс харж байгаа шүүх хуралдааны нарийн бичиг, шүүгдэгч, цагдаа гуравт яг ижил хэмжээний спиртний зүйл уулгаад шинжилгээ хийхэд энэ гурвын шинжилгээ бие физилогийн байдлаас хамаар харилцан адилгүй гарна. Спиртний зүйл хүний бие махбодоос гадагшлах хугацаа нь янз бүр буюу өөр өөр байдаг. Өөрөөр хэлбэл бие физилоги, унтаж амарсан байдал, идсэн хоол хүнс, эмчилгээ хийлгэсэн байдал зэргээс хамаарч хүн бүрийнх харилцан адилгүй илэрнэ. ...Мөрдөгч тогтоолоо гаргаад хуруун шилэнд цусыг нь хийж нэрийг нь бичээд манай байгууллагад ирүүлдэг. Тэгээд манайх тогтоол дээрхи нэр, хуруун шилэн дээрхи нэр хоёр хоорондоо тохирч байвал манайх объект тохирч байна гэж үзээд шинжилгээ хийдэг...гэв.

           1915003230195 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цуглуулж бэхжүүлсэн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч Б.О*******ийн өгсөн мэдүүлэг /хх 15 тал/, насанд хүрээгүй М.Х, Э.А нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-20-21 тал/, Т.Б, Л.М******* нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-22-25 тал/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 30ы өдрийн 56 дугаартай:

1.2. Талийгаач Л.Э******* биед гавлын суурь яс болон дагзны арын хонхор хэсгийн олон салаалсан нугасны том нүх дайрсан үйрч бяцарсан хугарал, зулай, их тархины 2 тал бөмбөлөг, чамархай, бага тархи, суурь хэсгийг нилэнхүйд нь хамарсан аалзан хальс доорхи цус харвалт, толгойн хуйхны дотор гадаргуу дух, зулай,  чамархай хэсгийн цус хуралт,  зүүн чихний хөхлөгт шарх,  баруун чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үед үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн ба амьддаа үүсгэгдсэн гэмтэл байна.

5. Талийгаач Л.Э******* биед учирсан дээрхи гэмтэл  нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба энэ гэмтэл нь үхэлд хүргэсэн байна.

7. Талийгаач Л.Э******* биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх 49-50/,

Булган аймаг дахь Цагдн газрын Замын цагдн тасгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаартай:

1.Жолооч Б овогтой Н******* /АА86081206/-ын тээврийн хэрэгсэл жолоодох В ангилалын 1248046 тоот эрхийн үнэмлэх хүчинтэй байна.

2.Жолооч Б.Н******* /АА86081206/ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

3.Жолооч Б.Н******* нь Монгол улсын ЗХД-ийн 12.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.  

          ЗХД-ийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ:

б/ хамгаалах бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх,

             Мөн ЗХД-ийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно:

а/тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын

дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох ....,

         4. Осол гарах болсон шалтгаан нь жолооч Б.Н******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүйгээс зам тээврийн осол гарсан байна.

          5. Осол болох үеийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.

          6. Хэрэгт авагдсан нотлох баримтаар осол гарахад байгалийн хүчин зүйл, газрын гадарга, бусад зүйлс нөлөөлөөгүй байна гэх дүгнэлт /хх-58 тал/,

          Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 210, 209, 208, 106, 107, 9188, 9185, 9183, 9184 дугаартай Б.Н*******, Б.О*******, Л.М*******, Б.У, Н.Х, Э.А, Э.М нарын биед гэмтэл, Б.Н*******, Б.О*******, Л.М******* нарын  цусанд  спиртийн зүйл  илэрсэн эсэхийг тогтоосон дүгнэлтүүд /хх-64, 68, 72, 76, 84, 88, 92, 102, 187/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-1тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-8 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-9-10 тал/, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 87-75 УБН улсын дугаартай, саарал өнгийн “Prius 20” загварын тээврийн хэрэгсэлд хийсэн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-33-45/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 112-113 тал/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд /хх-118-124 тал/, амь хохирогчийн өвчний түүх /хх 127-145 тал/, гэм хорын хохиролд гаргасан иргэний нэхэмжлэлийн баримтууд /хх-149-173 тал/, ял өөрчлөн сонсгох тухай прокурорын тогтоол /хх-194-195 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн иргэний нэхэмжлэлийн баримтууд зэргийг талуудын  хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар урьдчилан төлөвлөж тохиролцсоноор Л.М*******, Л.Э нарын гэр бүлийн гишүүд 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймаг руу аялахаар Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд 87-75 УНБ улсын дугаартай “Prius 20” загварын тээврийн хэрэгслээр зорчиж явсан байх бөгөөд 2019 оны 07 дугаар  сарын 12-ны өдөр уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Н******* нь Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутаг “Төлүүгийн даваа” гэх газарт Булган-Хөвсгөл чиглэлийн магистраль асфальтан замд Монгол улсын ЗХД-ийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас онхолдон замаас гарч, зам тээврийн осол гаргаж зорчигч Л.Э******* амь хохирсон үйл баримт тогтоогдож байна.

Хэргийн үйл баримт нь хэргийн газарт үзлэг хийсэн “хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутаг “Төлүүгийн даваа” гэр газарт Булган-Хөвсгөл чиглэлийн магистраль асфальтан замд 87-75 УНБ улсын дугаартай “Prius 20” загварын тээврийн хэрэгсэл замаас гарч, онхолдсон...уг зам нь асфальтан хучилттай, тэгш 6 метрийн өргөнтэй /зорчих хэсгийн өргөн/, үзэгдэх орчин чөлөөтэй, шулуун зам байв...тээврийн хэрэгсэл дугуйгаараа дээшээ харсан байдалтай, хөвөөний төгсгөлд тээврийн хэрэгслийн дугуйн мөр үлдэж хөвөөний галуу хэсэгт машины эд анги хугарч үлдсэн байдалтай харагдаж байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч нь Б.О*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд  учирсан хохирол, хор уршгийн  талаар өгсөн “...Булганаас цаашаа явж Төлүүгийн даваан дээр гэнэтхэн машин дайвалзаад жолооныхоо хүрдийг нөгөө тийш нь дарах шиг болсон. Нэг мэдэхэд машин унасан байсан. Тэгээд хүүхдүүдээ үзээд дараа нь нөхрийгөө очиж үзэхэд ухаангүй байсан. Хүмүүс ирж түргэн тусламж дуудаж, түргэн нөхрийг маань аваад явсан. Э бид хоёр амьдраад 10 гаруй жил болсон, дундаасаа хоёр хүүхэдтэй. Нөхөр маань хүүхдүүдээ харж хажуугаар нь ачаа бараа зөөж мөнгө олдог байсан. Би ажлаа хийдэг байсан. Нөхрийгөө өнгөрснөөс хойш ерөөсөө ажил хийгээгүй байгаа. Өрхийн орлогогүй байгаа. Нөхөр маань амьд байсан бол ажил төрлөө хийгээд гэр бүлээ тэжээгээд явах байсан. Нөхөр маань аавыгаа харж ханддаг байсан. Бид хоёр банкинд их өртэй. Ажил явдал, энэ хэрэгтэй холбогдуулан гарсан зардал, банкны өр 24586966 төгрөг, өнөөдрийн баримтаар гаргаж өгсөн 300100 төгрөг, нийт 24887066 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс 8000000 төгрөгийг авсан” гэх мэдүүлэг,

уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй М.Хгийн гэрчээр өгсөн: “...2019 оны  07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос би ээж, аав, аавын найз нартай хамт Хөвсгөл аймаг руу ээжийн эзэмшлийн .... УБН улсын дугаартай, саарал өнгийн “Prius 20” загварын машинаар явж байсан. Тухайн өдөр Намуун булаг гэх газар хоносон. Улмаар өглөө босоод майхнаа хураагаад Булган аймгийн төв рүү явж очоод дэлгүүрээс хүнсний зүйлүүд аваад хоол идчихээд Хөвсгөл аймаг руу явсан. Тэгээд явж байсан чинь гэнэт машин маань бүтэн 2 эргээд доошоо харсан байсан. Намайг машинаас хэн гаргасныг санахгүй байна. ...”  гэх мэдүүлэг,  

насанд хүрээгүй Э.Аын гэрчээр өгсөн: “...2019 оны 07 дугаар арын 11-ний өдөр би аав Э, ээж О*******, У, Х, Н эгч болон  нөхөртэй нь хамт Н эгчийн нөхрийн саарал өнгийн “Prius 20” загварын машинаар Хөвсгөл рүү явж байсан. Замд явж байгаад Булган аймгийн Дашинчилэн сумын тэнд хээр газар хоносон. Аав, ээж, ах, эгч нар архи ууж байсан. Өглөө 08 цагийн үед унтаж сэрээд майханаа хураагаад Булган аймгийн төв рүү очоод хоолонд орчихоод Хөвсгөл рүү замд гарсан. Тэгээд машин зүгээр явж байгаад машин онхолдсон. ...” гэх мэдүүлэг  /хх 21 тал/,

зорчигч Л.М*******гийн гэрчээр өгсөн: “...Манай гэрийнхэн Э******* гэр бүлийнхэнтэй нэлээд хэд хоногийн өмнө Хөвсгөл аймаг руу явахаар төлөвлөсөн байсан. Төлөвлөгөөний дагуу 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос .....УБН улсын дугаартай Prius 20” загварын манай эхнэрийн нэр дээр байдаг тээврийн хэрэгсэлтэй нийт дөрвөн том хүн, дөрвөн хүүхдийн хамт өдөр 12 цагийн үед хөдөлсөн. ...Тэгээд Булган аймгийн Дашинчилэн сумын Цогтын балгас ороод голын эрэг дээр майханаа бариад хоноцгоосон. Дараа өглөө нь буюу 2019 оны 07 дугаар сарын 12-ны өглөө бид 06 цагийн үед сэрцгээсэн. Босоод бид нар хоол, цай хийж идсэн. Хоол цайны дараа Э бид хоёр нэг шил орос архи хувааж уусан. Тэгээд 09 цаг өнгөрч байхад Булган аймгийн Булган сумын чиглэлд хөдөлцгөөсөн. Машиныг манай эхнэр Н******* барьж явсан. Өдөр 13-14 цагийн хооронд Булган суманд орж ирсэн. Э, О******* бид хэд нэг шил 0,75 литрийн Соёрхол нэртэй архийг хувааж уугаад талд нь оруулаад цаашаа Хөвсгөл аймгийн чиглэлд хөдөлсөн. Булганаас гарахад машиныг эхнэр бариад эхнэрийн хажууд О******* суугаад Э манай эхнэрийн чанх хойно буюу баруун хойд хаалганы хажууд, би болохоор О*******ийн хойно буюу зүүн хаалганы хажууд суугаад хүүхдүүд голд суусан байсан. Тэгээд машин цаашаа хөдлөөд Цачиртын гүүр өнгөрөхөд би унтсан. Нэг мэдсэн би машин дотор хажуу тийшээ харсан байдалтай сэрсэн. ...Сэрээд машинаас гараад харахад манай машин дөрвөн дугуй нь дээшээгээ харсан байдалтай замын хажуу руу унасан байсан. Намайг сэрэхэд О******* урд суудал дээрээ орилоод хүүхдүүд зүгээр үү, Э зүгээр үү гээд хашгирч байсан. Эхнэрийг яг хаана юу хийж байсныг санахгүй байна. Тэгээд хүүхдүүд машинаас гараад, дараа нь Эыг О*******, эхнэр бид гурав машины хойд талаас гаргаж машины гадаа хэвтүүлсэн” гэх мэдүүлэг,

Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Т.Бийн гэрчээр өгсөн “2019 оны 07 дугаар сарын 12-ны 18 цагийн үед зам тээврийн ослын улмаас эмнэлгийн хүлээн авахад Э нь  хүргэгдэж ирэхдээ ухаангүй, зүүн талын чихнээс нь их хэмжээний цус гарсан, цусаар бөөлжсөн, амьсгалын зам ходоодны агуулагдахуунд бөглөрсөн байдалтай ирсэн. Амин үзүүлэлтийн хувьд тогтворгүй, даралт ихэссэн, амьсгал олширсон байдалтай байсан. Эмчлүүлэгчид зохих эмчилгээг хийж эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчилгээг үргэлжлүүлсэн...” гэх мэдүүлэг,  

амь хохирогчийн Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 7 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг хүртэл хэвтэж хийгдсэн  эмчилгээ үйлчилгээний тухай хохирогчийн өвчний түүх,

  амь хохирогчийн биед гавлын суурь яс болон дагзны арын хонхор хэсгийн олон салаалсан нугасны том нүх дайрсан үйрч бяцарсан хугарал, зулай, их тархины хоёр тал бөмбөлөг, чамархай, бага тархи, суурь хэсгийг нилэнхүйд нь хамарсан аалзан хальс доорхи цус харвалт, толгойн хуйхны дотор гадаргуу дух, зулай,  чамархай хэсгийн цус хуралт,  зүүн чихны хөхлөгт шарх,  баруун чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдсон, энэ гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үед үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд, амьдад нь үүсгэгдсэн Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба энэ гэмтэл нь үхэлд хүргэсэн  болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны цогцсонд шинжилгээ хийсэн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 30ы өдрийн 56 дугаартай дүгнэлт,

       зам тээврийн  осол нь жолооч Б.Н*******ын тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож  яваагүй улмаас гарсан, осол гарахад байгалийн хүчин зүйл, газрын гадарга, бусад зүйлс нөлөөлөөгүй болохыг тогтоосон Булган аймаг дахь Цагдн газрын Замын цагдн тасгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч улсын яллагчийн хэргийн онолын талаарх байр суурийг дэмжиж, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 Хэргийн 84 дүгээр талд шүүгдэгч Б.Н*******ын  цусанд 1,0% спиртийн зүйл  илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 23ы өдрийн  107 дугаартай дүгнэлт авагдсан байх ба уг дүгнэлтийг гаргуулахдаа мөрдөгч шинжилгээнд зориулж биологийн дээж авах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулаагүй,  биологийн дээжийг хэзээ, хаана, хэн гэх мэргэжилтэнг оролцуулж авсан болох, шүүгдэгч өөрөө зөвшөөрсөн эсэх талаарх тэмдэглэл үйлдээгүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3, 16.14 дүгээр зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Иймээс прокурор шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтаар тооцоогүй учир Б.Н*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар сонсгосон ялыг 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, Шүүхийн шинжилгээний болон Зам тээврийн ослын шалтгааны талаархи дүгнэлтүүдийг эрх бүхий шинжээчдэд хууль сануулж тусгай мэдлэгийн хүрээнд гаргуулсан байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

  Шүүгдэгч Б.Н*******ын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас хүний амь хохирсон нь Эрүүгийн хуульд заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь хохироосон гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Н*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч Б.О******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд талийгаачийг оршуулах болон буяны  ажилтай холбогдуулан гарсан зардал, банкны өр 24586966 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 300100 төгрөг, нийт 24887066 төгрөгийг нэхэмжилжээ.  

         Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч талийгаачийг оршуулах болон буяны  ажилтай болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан иргэний нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрч байх ба хэргийн 150-169 дүгээр талд авагдсан нотлох баримтаар /1900000₮, 2975000₮, 154000₮, 30000₮, 3100₮, 1267000₮, 170000₮, 623300₮, 871400₮/ 7993800 төгрөгийг, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтаар /20200₮, 20200₮, 30000₮, 30000₮, 9300₮, 19000₮, 20200₮/ 148900 төгрөгийг, нийт 8142700 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

       Нэхэмжлэлийн шаардлагаас талийгаач Л.Э******* 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “Блю Скай Финанс” ББСБ-аас зээлийн гэрээ байгуулан авсан /хх-145 тал/ зээлийн үлдэгдэл 6055244.20 төгрөг, түүний эцэг Ц.Л нэр дээр Төрийн банкнаас авсан /хх-153 тал/ тэтгэвэрийн зээлийн үлдэгдэл 6685922.80 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хор гэж үзэж шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

      Харин хохирогчийн жагсаалт гарган нэхэмжилсэн /хх-161тал/ 3852000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд хохирогч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж буй нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

      Иймд хохирогч Б.О*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас 12741167  төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.

       Шүүгдэгч Б.Н******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааны дараа шүүхээс нотлох баримтад үндэслэн гаргуулахаар заасан 8142700 төгрөгийг төлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлөхөө илэрхийлжээ.

       Шүүгдэгч Б.Н*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

      Шүүгдэгч Б.Н*******ын үйлдсэн энэ гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн,  хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд бүрэн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал, тэрээр бага насны буюу 5-12 насны 3 хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

       Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Н******* нь цагдан хоригдсон хоноггүй, уг тогтоолоор төлөх төлбөргүй байна.

        Мөрдөгчийн 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож Булган аймгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд битүүмжлэгдсэн 87-75 УНБ улсын дугаартай “Prius 20” загварын тээврийн хэрэгслийг түүний өмчлөгч Б.Н*******д буцаан олгож, “В” ангилалын 1248046 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр  шийдвэрлэв.                  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Б******* овогт Б******* Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, шүүгдэгч Б.Н*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Н*******д оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг  шүүгдэгч Б.Н*******д мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Н******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, уг тогтоолоор төлөх төлбөргүйг дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Б.Н******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 8142700 /найман сая нэг зуун дөчин хоёр  мянга долоон зуу/ төгрөгийг төлсөнг дурьдаж, хохирогч Б.О*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас 12741167 /арван хоёр сая долоон зуун дөчин нэгэн мянга нэг зуун жаран долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

7. Хэрэгт мөрдөгчийн 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож Булган аймгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд битүүмжлэгдсэн 87-75 УНБ улсын дугаартай “Prius 20” загварын тээврийн хэрэгслийг түүний өмчлөгч Б.Н*******д буцаан олгож, “В” ангилалын 1248046 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Ц.Ч даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Н*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД