Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2018/00176

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2018/00176

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны тазнхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: К ХХК  -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК -д холбогдох

2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01 тоот Хамтран ажиллах гэрээ болон 2013.10.04-ний өдрийн барьцааны гэрээг тус тус дуусгавар болсонд тооцуулж, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 178.150.000 төгрөг гаргуулах, хариуцагчаас Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 4952 м.кв талбайтай газрын гэрчилгээг эх хувиар нь гаргуулах, уг газрыг чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П, түүний өмгөөлөгч Ч.Ням, хариуцагчийн төлөөлөгч О.Баясгалан,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Мөнхтулга нар оролцов.

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

К ХХК нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн газар дээр үйлдвэрлэл, орон сууцны барилга барих зорилгоор Б ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 2 жилийн хугацаатай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, үйлдвэрийн 4952 м.кв талбайтай  газрын гэрчилгээг барьцаалж, баталгаа болгон 300.000.000 төгрөгийг авч, гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор гэрээнд заасны дагуу 288 мкв үл хөдлөх хөрөнгө, өргөтгөл 150 мкв талбай бүхий үйлдвэрийн байр, 1200 мкв талбай бүхий авто зогсоолыг эзэмшил газрын хамт бүрэн чөлөөлж өгсөн.

Б ХХК констракшн ХХК нь гэрээт хугацаандаа гэрээний үүргээ зөрчиж, огт биелүүлээгүй тул манай компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэх талаар болон цаашид гэрээний хугацааг сунгах эсэх, сунгах тохиолдолд хэрхэн хамтран ажилллах, ямар нөхцөлөөр сунгах талаар тайлбар хүссэн албан бичгийг удаа дараа хүргүүлсэн боловч бодитой хариу ирүүлээгүй, гэрээнд улирал, 6 сар тутамд тайлан тавьж байх талаар тохирсон боловч ямар ч тайлан тавьж байгаагүй, гэрээний үүрэгт Ггэгч гуравдагч этгээд орж ирсэн.

К ХХК-ийн зүгээс Б ХХК констракшн ХХК-ний эрх бүхий хүмүүстэй уулзаж, гэрээний хугацаа болон бусад ажил төрлийн талаар ярилцахаар олон удаа мэдэгдэл хүргүүлж утсаар нь холбогдох гэж их хичээсэн боловч эд нар ямар ч санаачлага гаргаагүй биднээс байнга зугтаасаар ирсэн тул аргагүйн эрхэнд шүүхэд хандсан. Гэрээний хугацаа ч 2015 оны 9 дүгээр сарын 16-нд дууссан.

К ХХК-ийн зүгээс гэрээг цаашид сунгахгүй, манай эзэмшил газар дээр барилгын ажил эхлүүлэхгүй байх тухай мэдэгдэл өгсөн, гэрээнд заасны дагуу мэдэгдлийг удаа дараа хүргүүлсээр байтал тус компани нь дур мэдэн барилгын суурийн ажлыг эхлүүлсэн учир бид өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандахад хүрч, улмаар тус газраас явуулсан хяналт, шалгалтаар багагүй зөрчил илэрч үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан тул Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хандаж Барилга эхлүүлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэхээс аргагүй байдалд хүрсэн.

Гбол гэрээний нэг тал биш юмаа, гэтэл бичиг баримтуудыг Ч.Гомбосүрэнгийн нэр дээр авсан, барилга эхлэх зөвшөөрөл хүртэл Ч.Гомбосүрэнгийн нэр дээр байсан, энэ нь хожмын өдөр иргэн ГК ХХК-ийн өмнө ямар ч үүрэг хүлээхгүй гэсэн үг юм.

Энэ байдлаас бидний хоорондох зөрчил үүссэн. Барилгын тухай хууль дээр захиалагч тодорхой байна гэж заасан байгаа. Бид хамтран ажиллах гэрээний баталгаа болгож 300.000.000 төгрөг авсан нь үнэн. Нэмж 16.000.000 төгрөг аваагүй, яагаад 316.000.000 төгрөг авсан гэж байгааг ойлгохгүй байна.

Б ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд ноцтой зөрчиж, гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу дууссаны дараа гэрээний нэг тал болох манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэж, гэрээний үүргээ биелүүлэх талаар бодитой арга хэмжээ аваагүйгээс манай компанид багагүй хэмжээний хохирлууд учирч байна.

Иймээс 2015.11.28-ны өдрийн 015/1103 тоот албан бичиг хүргүүлж 2015.12.04-ний өдрөөр тасалбар болгон гэрээг цуцалж, мөн өдрөөс манай эзэмшлийн газар болон бусад объектыг чөлөөлж албан ёсоор хүлээлгэж өгөхийг мэдэгдсээр байхад бидэнтэй холбогдохгүй, ажлын байрандаа ирэхгүй хаана байгаа нь тодорхойгүй байсаар өнөөдрийг хүртэл манай газрыг чөлөөлж өгөөгүйгээс бидний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөөр байна.

Б ХХК нь 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр тус компанитай байгуулсан Хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс манай компани хэвийн үйл ажиллагаа явуулж байсан өөрийн үйлдвэрийн байргүй болж үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй, түрээсийн төлбөрт их хэмжээний төлбөрүүд төлж ирсэн.

Энэ байдлаас үүдэн бид хүссэн хэмжээгээр үйлдвэрлэл явуулах боломжгүй болсон, тогтвор суурьшилтай ажиллаж байсан ажилчидаа алдсан, татварын алба, нийгмийн даатгал зэрэг байгууллагуудад их хэмжээний өр төлбөрүүд хуримтлагдаж 4 жил гаран хугацаанд сар болгон ажлын байрны түрээсийн төлбөрт их хэмжээний төлбөр төлдөг болж хохирсоор байна.

Хамтран ажилах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1., 9.1. иргэний хуулийн 480.1.1. дэх заалтуудыг үндэслэн хамтран ажиллах гэрээг дуусгавар болсонд тооцуулж, газар чөлөөлүүлэх, 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн барьцааны гэрээний 3.2-т “хамтран ажиллах гэрээний 3.3.,5.3, 6.4 дэх заалтууд биелэгдэхгүй 2 жил өнгөрсөн тохиолдолд барьцааны гэрээг үл маргах журмаар цуцална” гэж заасны дагуу барьцааны гэрээг цуцалсанд тооцож Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 4952 м.кв талбайтай газрын гэрчилгээг эх хувиар нь гаргуулан өгнө үү. 

2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01 тоот хамтран ажиллах гэрээний ерөнхий нөхцөл болох 3-р зүйлийн 3.3, 3.4, 3.5, 3.6, 3.7 дахь заалтууд, энэ гэрээний дагуу Б ХХК-ий хүлээсэн үүрэг болох 6.1, 6.2, 6.3, 6.4 6.5 дахь заалтууд мөн хамтран ажиллах гэрээний 7-р зүйлийн холбогдох заалтуудыг үндэслэн нэхэмжлэгчид учирсан хохирлыг нэхэмжилж байна. Үүнд:  2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд Мончингэстэй ХХК-ний үйлдвэрлэлийн байрыг түрээсэлсэн түрээсийн төлбөр болох 120.000.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сараас 2016 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд иргэн Б.Энхзоригийн оффисын байрыг түрээсэлсэн түрээсийн төлбөрт төлсөн 51.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд ТЭБО ХХК-ний ажлын байрыг түрээслэсэн түрээсийн төлбөрт 7.150.000 төгрөг нийт  178.150.000  төгрөгийг нэхэмжилж байна

Иймд Б ХХК-тай байгуулсан 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ болон 2013.10.04-ний өдрийн барьцааны гэрээг тус тус дуусгавар болсонд тооцуулж, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 178.150.000 төгрөг гаргуулах, хариуцагчаас Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 4952 м.кв талбайтай газрын гэрчилгээг эх хувиар нь гаргуулан, уг газрыг чөлөөлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь 2013 оны 9 дүгээр сард К ХХК нь манай компанитай Хамтран ажиллах гэрээг хийх үед банкинд өртэй, эдийн засгийн байдал нь хүндэрсэн байснаа тайлбарлаж биднээс 300 сая төгрөгийг Ш.Алтантуул бэлнээр авсан. Иргэний хуулийн 160 дугаар зүйлд зааснаар 300.000.000 төгрөг аваад газрын гэрчилгээгээ барьцаалсан.

 Энэ мөнгөөр Капитрон банкны зээлээ төлж зээлийн барьцаанд байсан эзэмшил газраа чөлөөлж манай компанитай хамтарч сайн дураараа ирээдүйд олох ашгийн төлөө барилга барихаар болсон.

Манай компани гэрээндээ чин үнэнч байж тус эзэмшил газар дээр байсан объектуудыг тэдний хүсэлтийн дагуу буулгаж, асар их барилгын хог хаягдлыг зөөж, цэвэрлэн барилга байгууламж барихад саадгүй болгон, бүх зардлыг гаргаж, 2013 оны өвлийг өнгөрөөж 2014 оны хавраас тус газарт цогцолбор хотхон барих зураг төсөл, макет болон эдийн засгийн тооцоог хийх, барилга байгууламж барихад шаардагдах инженер техникийн нөхцөлүүдийг гаргуулах, хот төлөвлөлтийн газраас тус хотхон хорооллын архитекторын даалгавар гаргуулах, барилга болон байгууламжийн ажлын зургийг гарган Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөр хянуулан магадлалын хэсэгчилсэн болон ерөнхий дүгнэлт гаргуулах зэрэг ихээхэн цаг хугацаа, зардалтай ажлуудыг жилийн дотор хийж гүйцэтгэсэн.

 Ингээд 2015 оны 6 дугаар сард албан ёсоор барилга байгууламж барих эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авч барилгын ажилаа эхлүүлж газар хөдлөлтийн хүчитгэсэн нил суурь, зоорийн давхрын ажлыг гүйцэтгэн барилгын ажил жигдэрч байтал К ХХК нь ямар нэгэн үндэслэлгүйгээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраар шалгуулж саад учруулсан.

 Бидний ихээхэн хүч хөдөлмөр, цаг, зардал гаргаж авсан зөвшөөрлүүдийг үндэслэлгүйгээр цуцлуулсан нь 2015 онд ажил хийх боломжгүй болгосон бөгөөд хамтрагч тал барилга угсралтын ажлыг ойлгохгүй, дахин мөнгө нэхсэн нь ажиллах ямар ч боломжгүй байдал үүсгэсэн.

Хамтран ажиллах гэрээг байгуулсанаас хойшхи хугацаанд нэхэмжлэгчийн хууль бус шаардлага, үйл ажиллагаанаас болж барилгын ажил хэвийн үргэлжилээгүй, мөн 2013 оноос Монгол улсын эдийн засаг хямарч барилгын салбар бүхэлдээ зогсонги байдалд шилжиж ямар ч банк барилгын салбарт зээл олгохгүй байгаа нь давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл үүсгэсэн.

 Иймд бид Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд хандан өөрийн үйл ажиллагаагаа хянуулахад биднээс үл хамаарч хүндрэл учирч байгааг тогтоож 2016 оны 5 дугаар сард давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөлийн гэрчилгээг олгосон болно.

Дээрхи нөхцөл байдлуудаас үүдэн талууд нэг нэгэндээ хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй байна. Энэ нөхцөлд гэрээг цуцлах тухай биш харин талуудын хүсэл зоригоос үл хамаарах дээрхи нөхцөл байдал арилах хүртэл үүрэг гүйцэтгэх хугацаа хойшилсон гэж үзэж байна.

Гэрээний талууд 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Хамтран ажиллах гэрээгээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан тодорхой зорилтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах үүрэг хүлээсэн.

Энэ зорилтыг хэрэгжүүлэхээр Б ХХК нь 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн хооронд хамтран барилга барих талбайг чөлөөлөх, цэвэрлэх үйл ажиллагааг явуулж барилгын талбайд байсан хуучин хүнд хийцтэй үйлдвэрлэлийн зорилгоор баригдсан актлагдсан 2 давхар барилгыг буулгах, барилгын талбайг чөлөөлөх, цэвэрлэх үйл ажиллагаанд 152.000.000 төгрөгийн зардлыг гаргасан билээ.

Мөн барилгын ажлыг эхлүүлэх зорилгоор 2014-өөс 2015 онд барилгын зураг төсөл хийлгэх, барилгын техникийн нөхцөлийг авах, барилгын ажлын зураг, зохиогчийн хяналтын гэрээ, ажлыг эхлүүлэх зорилгоор техникийн нөхцөл авах, барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ, барилгын Магадлалын ерөнхий дүгнэлтийг 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргуулж улмаар 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр барилга эхлүүлэх зөвшөөрөл авсан болно.

Нэхэмжлэгч Хамтран ажиллах гэрээнээс гарч байгаа бол бид ч гэрээнээс гарна, манайд учирсан хохирлыг төлж биднийг хохиролгүй болгох ёстой.

Мөн Хамтран ажиллах гэрээний 3.1-д “гэрээний талууд хамтын ажиллагааны явцад аливаа эрсдэл, хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, гэрээний үр дүнг баталгаатай болгох, сэтгэл ханамжтай байлгах үүднээс А тал нь өөрийн эзэмшлийн газраа Б талд энэхүү гэрээг дуусгавар болох, эсвэл энэ гэрээ болон хуульд заасан үндэслэлээр цуцлах, хүчингүйд тооцох хүртэлх хугацаанд зохих журмын дагуу барьцааны гэрээ байгуулж /хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж/ барьцаалуулахаар харилцан тохиролцов” гэсэн заалт оруулж уг газрыг барьцааны гэрээгээр барьцаалсан.

Гэрээний 8.1-д “давагдашгүй хүчин зүйлд ....өөрөөс үл хамаарах нөхцөлийг хэлнэ гэж тодорхойлон гэрээний зорилго нөхцөл биелэх боломжгүй болсон тохиолдолд гэрээг дахин хянан үзэхээр тохиролцсон ба 2 жилийн хугацаанд хүндэтгэн үзэх зайлшгүй шаардлага бий болбол А талын оффис, үйлдвэрлэл эрхлэх байрны асуудлыг шийдвэрлэнэ гэж хамтран ажиллах гэрээний 3.7-д тодорхой зааж тохиролцон гэрээг байгуулсан ба барилгын салбар эдийн засгийн уналтаас болж уналтад орсон байгааг нэхэмжлэгч Коко дессерт ХХК сайн мэдэж байгаа. Энэ үйл баримтыг МҮХАҮТ-аас нотолж 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр “хүнд нөхцөл байдлын гэрчилгээг” гаргаж өгсөн байгаа болно.

Мөн талуудын хооронд 2013 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Барьцааны гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болно.

Тухайн үед уг нэхэмжлэгч Кокодесерт ХХК нь газрын гэрчилгээ банкны
барьцаанд байгаа мөнгө өгч тус болооч гэсэн хүсэлтийн дагуу авсан
316.000.000 сая төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Б ХХК нь К ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу далууд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан тодорхой зорилтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах үүрэг хүлээсэн.

Бидний зүгээс энэ үүргээ хэрэгжүүлэхээр 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд хамтран барилга барих талбайг чөлөөлөх, цэвэрлэх үйл ажиллагааг явуулсан.

Энэ ажлыг хийхийн тулд барилгын талбайд байсан хуучин хүнд хийцтэй үйлдвэрлэлийн зорилгоор баригдсан актлагдсан 2 давхар барилгыг буулгах, барилгын талбайг чөлөөлөх, цэвэрлэх, үйл ажиллагаанд 152.000.000 төгрөгийн зардлыг гаргасан. К ХХК-ийн захирал Ш.Алтантуул зээлийн гэрээ байгуулж 300.000.000 төгрөгийг зээлж авсан.

Мөн барилгын ажлыг эхлүүлэх зорилгоор 2014-оноос 2015 онд барилгын зураг төсөл хийлгэх, барилгын техникийн нөхцлийг авах, барилгын ажлын зураг, зохиогчийн хяналтын гэрээ, ажлыг эхлүүлэх зорилгоор техникийн нөхцөл авах, барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ, барилгын Магадлалын ерөнхий дүгнэлтийг 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргуулж улмаар 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр барилга эхлүүлэх зөвшөөрөл авсан болно.

Энэ бүхний дараа үндсэн барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд бэлтгэн нийлүүлэгчтэй болон барилгын ажил гүйцэтгэх туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан нил суурь, зоорийн давхар болон 1 дүгээр давхрын давхар хоорондын ажлуудыг хийж гүйцэтгэн 1.440.171.961 төгрөгийн зардал гаргасан. Энэ зардал дотор Ш.Алтантуулын зээлсэн 316.000.000 төгрөг орж байгаа бөгөөд барилгын талбай чөлөөлөхөд 152.000.000 төгрөг, барилгын суурийг цутгахад 842.372.166 төгрөг нийт 1.440.171.961 төгрөгийн зардал гарсан.

Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1.-д “Гэрээнд хамтын ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно” гэж заасан тул өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байна.

Мөн Хамтран ажиллах гэрээний 3.1.-т зааснаар уг газрыг Барьцааны гэрээгээр барьцаалсан бөгөөд 8.1., 3.7.-д гэрээний нөхцөл биелэх боломжгүй болсон тохиолдолд талуудын үүргийг заасан бөгөөд барилгын салбар эдийн засгийн уналтад орсон байгааг нэхэмжлэгч сайн мэдэж байсан.

Б ХХК нь К ХХК-ийн хүсэлтийн дагуу захирал Ш.Алтантуултай 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 316.000.000 төгрөгийг бэлнээр өгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор К ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4952 м.кв газрыг барьцаалан мөн өдөртөө барьцааны гэрээг байгуулсан. Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Иймд К ХХК-иас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу Ш.Алтантуулын зээлсэн 300.000.000 төгрөг, барилгын талбай чөлөөлөхөд 152.000.000 төгрөг, зураг төслийн магадлалын үнэд төлсөн 8.577.795 төгрөг, барилга угсралтын явцад зохиогчийн хяналтад 20.000.000 төгрөг, барилгын ажлын зураг төсөлд 117.222.000 төгрөг  барилгын суурийг цутгах болон бусад зардалд 842.372.166 төгрөг, нийт 1.440.171.961 төгрөгийг гаргуулан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа:

К ХХК нь 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Барьцааны гэрээ байгуулахдаа ямар нэгэн зээлийн гэрээ байгуулж үүрэг хүлээгээгүй болно.

Б ХХК нь Хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээнд заасан ажилаа огт хийгээгүй, гэрээний хугацаа дуусгасан. Б ХХК –ийн удирдлагууд утасаа авахгүй алга болсон тул манай зүгээс дээрх 2 гэрээг цуцалсанд тооцож гэрээг дуусгавар болгож, гэрээнээс гарч байгаа тухайгаа удаа дараа албан тоотоор мэдэгдсэн.

Барилгын тухай хуулийг ноцтой зөрчиж барилга эхлүүлэх, барих зөвшөөрлүүд, зураг төсөл, архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль тогтоомжийн дагуу аваагүй болохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас явуулсан шалгалт, комиссоос тавигдсан акт, шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.

 Б ХХК юунд зарцуулсан, хэдэн төгрөг нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна. Хэрэгт авагдсан ямар ч баримт байхгүй, суурийн ажилд 972.171.961 төгрөг зарцуулсан гэж байгаа боловч түүний задаргаа байхгүй, барилгыг буулгахад 152.000.000 төгрөг зарцуулсан гэж үзэх гэрээ  байгаа ч түүгээр бүрэн нотлогдохгүй байна.

Б ХХК-нь гэрээний үүргээ биелүүлээгүй, барилга барих зөвшөөрлийг иргэн Ч.Гомбосүрэнгийн нэр дээр авсан, Б ХХК-ний нэр дээр барилга барих зөвшөөрлөө авсан бол ийм байдалд хүрэхгүй байсан.

Б ХХК-ийн барилгын үйл ажиллагааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зогсоосон, НМХГ зогсоосоор байхад цааш нь үргэлжлүүлэн барьсан, энэ нь 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зээлээр арматур авсан баримтаар нотлогддог. 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр мэдэгдэл өгсөөр байхад зоорийн давхрыг хийсэн, манай зүгээс ямар ч зээлийн гэрээ байгуулаагүй, Хамтран ажиллах гэрээний 7.5-д зааснаар суурийн ажилд зарцуулсан гээд байгаа 972.171.961 төгрөгийг гэрээний 7.5-д зааснаар Б ХХК өөрөө хариуцах ёстой, 316.000.000 төгрөг биш 300.000.000 төгрөгийг зээлж аваагүй, баталгаа болгож дэнчин хэлбэрээр авсан, гэрээний 3.8-д зааснаар энэ 300.000.000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна, 152.000.000. төгрөгийг нэхэмжилж байгаа нь нотлох баримт байхгүй, бид байрнаасаа гарч газараа чөлөөлж өгсөн.

            К ХХК-ийн үйлдвэрлэлийн байр нь ердийн ашиглалтанд үйл ажиллагаа хэвийн  явагдаж  байсан барилга гэдгийг Б ХХК сайн мэдэж байгаа. Б ХХК гэрээний үүргээ олон үйлдлээр зөрчсөний улмаас гэрээ цааш үргэлжлэх боломжгүй болсон. Тйимээс хамтран ажиллах гэрээний 7.5-д зааснаар Б ХХК энэ үр дагаварыг бүрэн хариуцах үүрэгтэй. Хамтран ажиллах гэрээний хугацаа дууссан тул гэрээ дуусгавар болж байна. Бидний зүгээс гэрээний хугацаа дуусч гэрээгээ цааш үргэлжлүүлэх талаар санал тавьж албан тоот хүргүүлсээр байхад Б ХХК нь биднийг үл тоон хууран мэхэлж, биднийг хориглосоор байхад барилгын ажил гүйцэтгэж гэрээг цааш үргэлжлүүлэх боломжоо өөрсдөө үгүй хийсэн. Барилгын ажил явуулж болохгүй , явуулсан тохиолдолд хохирлыг манай компани хариуцахгүй гэж мэдэгдсээр байхад суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн.

Хамтран ажиллах гэрээний 7.5., Иргэний хуулийн 160.1.1., 479.3, 480.1.1.-д зааснаар хамтран ажиллах болон барьцааны гэрээ дуусгавар болсон гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

                                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг  хэрэгсэхгүй болгох үндэстэй.

1.Үндсэн нэхэмжлэлийн хувьд:

Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Б ХХК –д холбогдуулан талуудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ болон 2013 оны 10 дугаар 04-ний өдөр байгуулсан Барьцааны гэрээг тус тус дуусгавар болсонд тооцуулж, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 178.150.000 төгрөг гаргуулах, хариуцагчаас Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 4952 м.кв талбайтай газрын гэрчилгээг эх хувиар нь гаргуулах, уг газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б ХХК  нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 К ХХК, Б ХХК нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан “Иргэний хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж хэлбэрийг илэрхийлсэн, өвөрмөц агуулга бүхий нэрлэгдээгүй /холимог/ гэрээ” байгуулжээ.

Уг гэрээгээр К ХХК нь Баянгол дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах үйлдвэрийн барилгаас тоног төхөөрөмж, тавилга зэргийг гаргаж, уг барилгыг нураахад саадгүй болгон, өөрийн эзэмшлийн 4952 м.кв талбайтай газраа барилга бариулах зорилгоор /газрын гэрчилгээг барьцаалан/ өгөх, энэ гэрээгээр өмчлөлдөө авсанаас бусад талбайг хариуцагчид шилжүүлэх,

Б ХХК нь уг газар дээр өөрийн хөрөнгөөр орон сууцны зориулалттай 3 ширхэг, 12 давхар барилга байгууламж барьж, хамгийн эхэнд баригдсан барилгаас 1,2,3,4 давхарыг бүхэлд нь /1860 м.кв талбайтай/ подвалд байрлах автомашины 10 ширхэг гражийн хамт К ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан өгөх, үлдэх хэсгийг өөрийн өмчлөлд авах үүргийг тус тус хүлээжээ./хх-ийн 3-5–р хуудас/

Дээрх гэрээний хувьд зохигчдын маргаж байгаа асуудлуудын агуулга нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан Хамтран ажиллах гэрээний шинж тэмдэгтэй байна.

 Нэхэмжлэгч К ХХК, хариуцагч Б ХХК –иуд нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах К ХХК-ийн эзэмшлийн 4952 м.кв талбайтай газарт орон сууцны зориулалттай 3 ширхэг 12 давхар барилга барих зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээсэн байна. 

Талууд Хамтран ажиллах гэрээнд Иргэний хуулийн 476.3-т заасны дагуу “хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, талуудын эрх үүрэг, удирдлагын бүтэц, эрх, үүрэг, ашиг, алдагдлыг хуваарилах журам, гэрээний хугацаа, гэрээ дуусгавар болох нөхцөл зэргийг тусгаж, мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т заасны дагуу гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1.-т “Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна”.

477.2.-т “Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно.” гэснээс үзэхэд гэрээний талууд хураамж төлөх үүрэгтэй байна.

Хураамж гэдэг нь гэрээний талууд хамтын ажиллагааны зорилгод хүрэх ажлыг дэмжих үүднээс хувь оруулах тухай бүх төрлийн амлалт хамаарна. Үүнд: мөнгө, эд хөрөнгө, эрх, шаардлага, ажил гүйцэтгэл болон бусад зүйл орно.

Талуудын хамтын зорилго болох “орон сууцны зориулалттай 3 ширхэг 12 давхар барилга барих” зорилгыг хэрэгжүүлэхийн тулд К ХХК нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах өөрийн  эзэмшлийн 4952 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг,

Б ХХК нь дээрх газарт орон сууцны зориулалттай 3 ширхэг 12 давхар барилгыг барихад шаардагдах хөрөнгийг тус тус гаргахаар харилцан тохирсон байна гэж үзнэ.

Дээрх Хамтан ажиллах гэрээний зорилгоо хэрэгжүүлэх зорилгоор К ХХК-ийн 4952 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг Б ХХК-д барьцаалж, Хамтран ажиллах гэрээний зорилго хэрэгжиж К ХХК-ийн өмчлөлд шилжих хэсгийн дуусаагүй барилга, гражийн гэрчилгээг Улсын бүртгэлийн газраас гаргаж өгмөгц үл маргах журмаар газрын гэрчилгээг буцаан олгохоор тохиролцож 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Барьцааны гэрээ байгуулж, Нийслэлийн өмчийн харилцааны газарт бүртгүүлсэн байна./хх-ийн 94-97-р хуудас/ 

Нэхэмжлэгч К ХХК, хариуцагч Б ХХК нь 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээний хугацааг 2 жил ,  2013 оны 10 дугаар 04-ний өдөр байгуулсан Барьцааны гэрээний хугацааг 2 жил гэж харилцан тохиролцсон байх бөгөөд Хамтран ажиллах гэрээний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр, Барьцааны гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тус тус дууссан байна. /хх-ийн 3-7, 88-96-р хуудас/ 

К ХХК нь өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 4952 м.кв талбайтай газарт байрлах 2 давхар байранд талх, нарийн боовны үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байсан болох нь талуудын тайлбар,  0000104306 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна./1-р хх-ийн 15, 75-80, 97-р хуудас/

Нэхэмжлэгч нь “Хамтран ажиллах гэрээний үйл явц, тайлан, цаашид хийх ажлын төлөвлөгөөг бичгээр ирүүлэх, гэрээний хугацаа дууссан тул цуцлах, уг газар дээр ямар нэгэн барилгын ажил явуулахгүй байх, барилгын үйл ажиллагаа явуулсан тохиолдолд хохирлыг хариуцахгүй, К ХХК-ийн зүгээс гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэтгэсэн байхад Б ХХК нь барилга эхлүүлэхэд шаардагдах зөвшөөрлүүдээ бүрэн авч чадаагүй, гэрээнд огт дурдагдаагүй гуравдагч этгээдийг барилга захиалагч болгож гаргаж ирсэн, гэрээний үүргээ ноцтой зөрчсөнөөс К ХХК нь ажлын байргүй болж  бусдын байрыг түрээслэж, хүнд байдалд ороод байгаа тухай” албан бичгийг  удаа дараа хариуцагчид хүргүүлж байсан болох нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 015/1103, 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 015/09,2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 015/078, 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 015/109, 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 016/66, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 016/76 тоот албан бичгүүдээр тогтоогдож байна. /хх-ийн 181, 178-180,182,183-р хуудас/

Нэхэмжлэгч К ХХК хамтын үйл ажиллагаагаа цаашид үргэлжлэх боломжгүй болсон талаар дээрх мэдэгдлүүдийг өгсөөр байхад хариуцагч Б ХХК нь Арматур зээлээр худалдан авах гэрээг Материалимпекс ХК-тай 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр №2015/А/82 дугаартай гэрээг байгуулсан байна./хх-ийн 139-141-р хуудас/

К ХХК нь Хамтран ажиллах гэрээ хэрэгжих боломжгүй болсон тухай гомдлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гаргаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч нь “К ХХК болон Б ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний хугацаанд сунгалт хийгдээгүй, газар эзэмших эрх нь албан ёсоор нээгдээгүй, гуравдагч этгээдийн хооронд маргаантай асуудал үүссэн, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хуулийн этгээд, гүйцэтгэгч байгууллага солигдсон нь Барилгын тухай хуулийн 15,16 дугаар зүйлд заасан эрх үүргийн хэрэгжилтийг хангахгүй байгаа тул 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, дээрх зөрчлийг арилгах хүртэл угсралтын ажлыг түр хугацаагаар зогсоох тухай” 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02-07-92/359 дугаартай актыг гаргасан байна.  /хх-ийн 11,13,185-190-р хуудас/

Дээрх утга бүхий Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02-07/2974 дугаартай албан бичгийг Б ХХК-д хүргүүлсэн байна./хх-ийн 14-р хуудас/

К ХХК нь Хамтран ажиллах гэрээ хэрэгжих боломжгүй болсон тухай гомдлыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт гаргахад ”Барилгын зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухай”  2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 07/3835 дугаартай албан бичгийг К ХХК-д хүргүүлсэн байна. /хх-ийн 10,191-192-р хуудас/

Талууд Хамтран ажиллах гэрээний 3.6.-д ”... Барилга барих бүхий л зөвшөөрлийг Б ХХК-ийн нэр дээр хариуцаж авна” гэж тохирсон байхад хариуцагч нь  Барилгын зураг төслийн баримт бичгийн Магадлалын ерөнхий дүгнэлтийг 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр авахдаа объектын нэр: Иргэн Ч.Гомбосүрэнгийн “Үйлчилгээтэй орон сууцны барилга”-ын ажлын зураг төсөл, Захиалагч нь Иргэн Ггэж,  Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2015 оны 6 дугаар сарын 04-ны өдөр авахдаа захиалагч нь  К ХХК, иргэн Ггэж, орон сууцны барилгын дулааны техникийн нөхцлийг иргэн  Ч.Гомбосүрэнгийн орон сууцны барилга гэж, Барилгын зураг төсөл гүйцэтгэх ажлын гэрээ болон Барилгын зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлтийг иргэн Ч.Гомбосүрэнгийн орон сууцны барилга гэсэн нэр дээр тус тус хийж түүний нэр дээр дүгнэлт гарсан болох нь зохигчийн тайлбар, №44/2014 дугаартай техникийн нөхцөл болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 38-41, 43,  114-127, 130-133, 135,136-р хуудас, 2-р хх-ийн 28-р хуудас/

Мөн Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.1.-д Хамтран ажиллах гэрээний хугацаа дууссан тохиолдолд Хамтран ажиллах гэрээ дуусгавар болно, 479 дүгээр зүйлийн 479.3.-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол аль нэг тал гэрээнээс гарснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болно гэжээ.

Энэ бүхнээс дүгнэхэд талуудын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний хугацаа нь хууль болон гэрээнд заасны дагуу дууссан, цаашид үргэлжлэх боломгүй болсон тухайгаа бичгээр болон амаар мэдэгдэж, барилга угсралтын ажлыг түр хугацаагаар зогсоох тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Барилгын зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухай мэдэгдсээр байхад хариуцагч Б ХХК үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулж, тухайн үйл баримтуудыг хүлээн зөвшөөрөөгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул  талуудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ болон 2013.10.04-ний өдөр байгуулсан Барьцааны гэрээг тус тус дуусгавар болсонд тооцуулахаар шүүхэд хандсан  гэж үзэхээр байна.  

Талуудын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон байхад хариуцагч Б ХХК нь тухайн үйл баримтыг зөвшөөрөхгүйгээр, хамтын зорилгоо хэрэгжүүлэхийн тулд үйл ажиллагаа явуулснаас талуудад хохирол учирсан гэж үзлээ.

Хамтран ажиллах гэрээний 7.4.-т “Талууд гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсан, үүргээ эс биелүүлэх үйлдэл, эс үйлдэл гаргасны улмаас , мөн нэг талын хууль зөрчсөн үйлдлийн улмаас, гэрээний аль нэг талд эдийн болон эдийн бус хохирол учирсан бол буруутай тал нь барагдуулна” гэжээ.

 Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-т ”Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиодолд үүрэг  гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

К ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 2 жилийн хугацаатай, хүнсний үйлдвэрлэл явуулах зориулалтаар, түрээсийн төлбөрт сарын 6.000.000 төгрөг төлөхөөр Мончингэстэй ХХК-тай Ажлын байр түрээслэх гэрээ хийж нийт 114.000.000 /19 сар х 6.000.000 төгрөг = 114.000.000/   төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс Чингэлтэй дүүргийн Төмөрчний гудамж, 40,50 мянгат 68 м.кв талбайтай байрыг оффисийн зориулалтаар 4 жилийн хугацаатай, сарын 1.500.000 төгрөгөөр түрээслэхээр Түрээсийн гэрээ хийж 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 15-ны хооронд нийт 36.000.000 /24 сар х 1.500.000 төгрөг = 36.000.000/ төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Найман шарга худалдааны гудамж 5х8 харьцаатай үйлчилгээний зориулалттай байрыг түргэн үйлчилгээ болон өөрсдийн үйлдвэрлэсэн хагас боловсруулсан бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээний зориулалтаар 2 жилийн хугацаатай, сарын 550.000 төгрөгөөр түрээслэхээр Ажлын байр түрээслэх гэрээ хийж 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сарын хооронд нийт 4.950.000 /9 сар х 550.000 төгрөг = 4.950.000/ төгрөг төлсөн болох нь гэрээ болон сар бүр түрээсийн төлбөр төлж байсан баримтуудаар тогтоогдож байна./2-р хх-ийн 54-61, 63-71, 77-83- р хуудас/

Иймд талуудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Барьцааны гэрээг тус тус дуусгавар болсонд тооцож, хариуцагч Б ХХК-иас 154.950.000 төгрөг /114.000.000+36.000.000+4.950.000=154.950.000/, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах К ХХК -ийн эзэмшлийн  4952 м.кв талбайтай, 8009/0091 нэгж талбарын дугаар бүхий газрын гэрчилгээг тус тус гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23.200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгох үндэстэй.

ХОЁР. Сөрөг нэхэмжлэлийн тухайд

Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгч К ХХК-д холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 1.440.171.961 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 К ХХК  нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэх, барилга байгууламж барих эрсдэлгүй байдлын баталааг хангах зорилгоор  2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Барьцааны гэрээ байгуулж, К ХХК нь өөрийн эзэмшлийн  4952 м.кв талбайтай, 8009/0091 нэгж талбарын дугаар бүхий газрын  эзэмших эрхийг Б ХХК-д 2 жилийн хугацаатай шилжүүлжээ./1-р хх-ийн 6-7-р хуудас/ 

Дээрх гэрээ нь хуульд заасан барьцааны гэрээний хэлбэрийн шаардлага хангасан хэдий ч Хамтран ажиллах гэрээний зорилгыг хэрэгжүүлэхийн тулд К ХХК нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах өөрийн  эзэмшлийн 4952 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг, Б ХХК нь дээрх газарт орон сууцны зориулалттай 3 ширхэг, 12 давхар барилгыг барихад шаардагдах хөрөнгийг тус тус гаргахаар харилцан тохирсон байх тул уг эрх барьцаалсан гэж үзэх үндэсгүй байна.

К ХХК нь Б ХХК-иас 300.000.000 /гурван зуун сая/ төгрөгийг хүлээн авч өөрийн эзэмшлийн газрын гэрчилгээгээ барьцааны гэрээгээр хүлээлгэн өгөхөөр тохирч 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “Мөнгө хүлээлцсэн акт” үйлдсэнийг Зээлийн гэрээ байгуулж 316.000.000 төгрөг зээлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. /хх-ийн 37-р хуудас/

Б ХХК нь Хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэхээр Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах К ХХК-ийн  эзэмшлийн 4952 м.кв талбайд барилга барих холбогдох зөвшөөрлүүдийг авч  үндсэн барилгын ажлыг эхлүүлэн, нил суурь, зоорийн давхар,  1 дүгээр давхрын давхар хоорондын ажлуудыг хийж гүйцэтгэсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Барилгын талбайд Б ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажилд 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гаргасан

Шинжээчийн дүгнэлтэд:

Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт К ХХК-ийн эзэмшлийн газарт баригдаж буй барилгад ажиглалт хэмжилт хийж, зураг төсөлтэй танилцан ажлын тоо хэмжээг тогтоон ажиллав.

Тухайн барилгын ажлын зураг төсөлд Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн БГД/ дугаар архитектор төлөвлөлтийн даалгавар, батлагдсан эскиз зургийг үндэслэн Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 256/2015 тоот магадлалын ерөнхий дүгнэлтээр иргэн Ч.Гомбосүрэнгийн “Үйлчилгээтэй, орон сууцны барилга” нэрээр тус барилгын ажлын зураг төслийг албажуулж, баталгаажуулсан байна

ЗТБХБЯ 2012, Зураг төслийн ажлын жишиг үнэ БД81-16-12, Барилгын төсвийн Estimator Pro програмаар бодоход зоорийн давхрын барилга угсралтын ажил нь 581.095.808 төгрөг болж байна гэжээ. /2-р хх-ийн 10-22-р хуудас/

Иргэний хуулийн 355 дугаар зүйлд Ажил гүйцэтгэх гэрээг тодорхой үндэслэлээр цуцлах талаар зохицуулсан ба хэрэв гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд тус хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй юм. Зохигчдын хооронд байгуулсан гэрээнээс үзвэл ажлын үр дүн гэрээг байгуулмагц биелэх бус харин тодорхой хугацаа шаардаж байх тул энэ төрлийн гэрээнээс татгалзах асуудлыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд зохицуулсан. 

Иргэний хуулийн 221.1, 221.3.-т тус тус зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болдог бөгөөд гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн тус хуулийн 219.3, 225.2.-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болдог байна.

 

Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3.-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээнээс татгалзах ба уг хуулийн 225 дугаар зүйлийн 225.2.-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үздэг байна.

 Хариуцагч Бумба гаранд констракшн ХХК нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, гэрээгээр тохирсон “... барилгын 1,2,3,4 давхарыг бүхэлд нь /1860 м.кв талбайтай/ подвалд байрлах автомашины 10 ширхэг граж”-ийн хамт  нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн,  хамтран ажиллах гэрээгээ зөрчсөн зэрэг шалтгаануудаас талуудын хооронд зөрчилдөөн үүсэж нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан  байх бөгөөд тэрээр Иргэний хуулийн 221.1, 221.3.-т тус тус зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5.-д “Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар  зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан.

 

Нэхэмжлэгч К ХХК  гэрээгээр тохирсон  “... барилгын 1,2,3,4 давхарыг бүхэлд нь /1860 м.кв талбайтай/ подвалд байрлах автомашины 10 ширхэг граж”-ыг хүлээн авахаас татгалзаж байгааг,  түүнд хариуцагч Б ХХКХХК-ийн одоогийн гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдолгүй болсон гэж үзэж, талуудын хувьд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө, 205.2.1-д ” гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар өгөх боломжгүй бол мөнгөөр төлнө” гэсний дагуу К ХХК-нь Б ХХК-д зоорийн давхрын барилга угсралтын ажилд шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 581.095.808 төгрөг, нэхэмжлэгчид бэлнээр хүлээлгэн өгсөн 300.000.000 төгрөг, зураг төслийн магадлалын үнэд төлсөн 8.577.795 төгрөг нийт 889.673.603 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Б ХХК нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах К ХХК-ийн хуучин 2 давхар барилгыг буулгаж хог хаягдлыг цэвэрлүүлж зөөвөрлүүлэх ажлын хөлс 155.200.000 төгрөг төлөхөөр Мац Екьюпмэнт ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ”, уг барилга угсралтын явцад зохиогчийн хяналтыг 20.000.000 төгрөгт багтаан ажилбар бүрийн үе шатаар хянахаар тохиролцож Арккад ХХК-тай “Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт шалгалт хийх гэрээ”, барилгын ажлын зураг төслийг 117.222.000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр Асар консалтинг ХХК-тай Барилгын зураг, төсөл гүйцэтгэх ажлын гэрээг тус тус байгуулсан боловч уг төлбөрийг төлсөн баримтгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй./хх-ийн 104-110,119-121-р хуудас/

Харин Асар Консалтинг ХХ-тай байгуулсан Зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээний дагуу 8.577.795 төгрөгийг 452588022 тоот дансанд тушаасан болох нь орлогын баримтаар тогтоогдож байх тул  8.577.795 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зоорийн давхрын барилга угсралтын ажилд зарцуулсан 581.095.808 төгрөгийг тус тус  К ХХК-иас гаргуулан Б ХХК-д олгох үндэстэй.

Б ХХК болон К ХХК –иудын хэн алины буруутай үйл ажиллагааны улмаас талуудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болж, хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон байх тул  хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд үйл ажиллагаанд оруулсан хувь хэмжээгээрээ  хариуцах нь зүйтэй.

Мөн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6-д “Ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу Б ХХК–иас гарсан зардлыг хохиролд тооцох үндэстэй.

Иймд  уг барилгын ажлын зоорийн давхарын барилга угсралтын ажилд зарцуулсан 581.095.808 төгрөг, нэхэмжлэгчид бэлнээр хүлээлгэн өгсөн 300.000.000 төгрөг, зураг төслийн магадлалын үнэд төлсөн 8.577.795 төгрөг нийт 889.673.603 төгрөгийг К ХХК-иас гаргуулан Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах болон 550.498.358 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэстэй.         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                    ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5., 205 дугаар зүйлийн 205.1. дэх хэсэгт  заасныг  баримтлан талуудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ болон Барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцож, Б ХХК-иас154.950.000 төгрөгийг, 8009/0091 нэгж талбарын дугаар бүхий газрын гэрчилгээний хамт гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23.200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгон, К ХХК-иас 889.673.603 төгрөгийг гаргуулан Б ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 550.498.358 төгрөг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч К ХХК-иас  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.048.700 төгрөг, хариуцагч Б ХХК-иас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7.358.810 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 932.700 төгрөгийг гаргуулж К ХХК-д, К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4.606.318 төгрөгийг гаргуулан  Б ХХК-д тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Ч.ИЧИНХОРЛОО