Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2018/00280

 

 

 

 

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2018/00280

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 2-45 тоот, Т ХХК /РД:5461502/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 21, 513 тоот, өөрийн байр, СХХК /РД:2610604/-д холбогдох

зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 634.600 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, 21-513 тоот хаягтай Азахиралтай СХХК-ийн Соло-2, Соло-3 дэлгүүрт өөрсдийн бараа болох цагаан будаа, элсэн чихрийг итгэлцлээр нийлүүлж хамтран ажилладаг байсан.

СХХК-ийн Соло-2,3 дэлгүүрт захиалгын дагуу 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 355.000 төгрөг болон 199.600 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 80.000 төгрөг буюу нийт 634.600 төгрөгийн барааг хүргэн өгч е- баримтын НӨАТ-ыг тухайн сард нь шивж өгсөн. Тус байгууллагыг тооцоо хийхийг захирал Алтантуяагийн 88052844 дугаарлуу маш олон удаа сануулж ярих, очих бүрт маргааш, энэ 7 хоногт, энэ сарын сүүлд хийнэ гэж худал ярьсаар хамгийн сүүлд 2017 оны 6 дугаар сарын 16-ны баасан гаригт очиход 2017 оны 6 дугаар сарын 19-ний даваа гаригт ирж аваарай гэж хэлж явуулсан.

Хэлснийх нь дагуу даваа гаригт дэлгүүр дээр нь очиход нүүсэн байсан. Тус байгууллага нь 634.600 төгрөгийн тооцоог өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа бөгөөд одоо утсаа авахгүй байгаа болно. Энэ компани дампуурах учиргүй 3 ширхэг дэлгүүр нь хэвийн үйл ажиллагаа явуулж байсан.Бусдаас бараа бүтээгдэхүүн авч борлуулчихаад төлбөрөө хийхгүйгээр ингэж зугтаж болохгүй шүү дээ. 

Иймд 634.600 төгрөгийг СХХК –иас гаргуулан бидний хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

Хариуцагч СХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд Т ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Манай компани нь 2014 онд үүсгэн байгуулагдаж, түүнээс хойш үйл ажиллагаа явуулсаар ирсэн. 2016 оноос эхлэн улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан компаний өдөр тутмын үйл ажиллагаа доголдож, харилцагч байгууллагуудтай төлбөр тооцоо хийхэд асуудал тулгарч эхэлсэн. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд компанийг төлбөрийн чадваргүйд тооцож, дампууруулах тухай хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн захирамжаар дампуурлын хэрэг үүссэн байгаа.

Иймд уг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Жич: Нэхэмжпэгч байгууллага дампуурлын хэрэгтэй хамт асуудлаа шийдвэрлүүлнэ үү.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч СХХК-иас 634.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч СХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

СХХК- нь нэхэмжлэгч Т  ХХК –иас элсэн чихэр, цагаан будааг зээлээр авч, бараагаа борлуулсны дараа төлбөрийг хийхээр тохиролцож 2016 оны 12 дугаар сарын 07,08,09-ний өдрүүдэд зарлагын баримтаар барааг хүлээн авч  талууд баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 4-6-р хуудас/

Уг гэрээгээр /падаанаар/ худалдагч Т ХХК нь худалдан авагч СХХК үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг /элсэн чихэр, цагаан будааг/ шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой хугацааны туршид  төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Өөрөөр хэлбэл худалдагч  Т  ХХК нь худалдан авагч СХХК-д цагаан будаа болон элсэн чихэр/бараа/-ийг худалдахаар, худалдан авагч төлбөр /барааны үнэ/-ийг хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой хугацааны туршид төлөхөөр харилцан тохиролцжээ.   

Дээрх гэрээгээр тохирсон бүтээгдэхүүнийг хариуцагч СХХК хүлээн авч, барааны үнэ 634600 төгрөгт НӨАТ-ийн баримтыг авсан байна./хх-ийн 7-р хуудас/

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Хариуцагч СХХК нь Зээлээр бараа худалдах, худалдан аварх гэрээний үүрэгт үлдэгдэл 634600 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Иймд СХХК-иас Зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 634600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй СХХК-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 16.00 цагт товлож, хариуцагчийн төлөөлөгч Х.Ганбатад шүүх хуралдааны товыг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, өөрийнхөө эзгүйд хэрэг хянан шийдвэрлэхийг зөвшөөрсөн болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасанаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар СХХК-иас 634600 / зургаан зуун гучин дөрвөн мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулан Т ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19688 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19688 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хариуцагчид шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд , тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

           

                           ДАРГАЛАГЧ                                Ч.ИЧИНХОРЛОО