Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/41

 

                          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч Э.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оргодой бодонгууд овогт Э.Ц-д  холбогдох эрүүгийн 2021003560275 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 12 дугаар хороо ........  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Оргодой бодонгууд овогт Э.Ц  /РД: ЖВ /

 

Шүүгдэгч Э.Ц нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний орой 19 цагийн орчим “Тоёота Приус” маркийн ******* ******* улсын дугаартай тээврий хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг “******* *******” гэх газарт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй” хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 3.7а дахь “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэх мөн дүрмийн 12.1-д заасан замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна...” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож “ ” ХХК-ний эзэмшлийн “Тоёота приус” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн шууд зардалд 1.230.000 төгрөг шууд бус зардалд 403.400 нийт 1.633.400 төгрөгийн хохирол учруулж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Ө  амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч Э.Ц  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өмнө ярьсан зүйл үнэн зөв учир нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Гэрч Б.Ж  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* сум явах замд ... 3 дугаар баг “******* *******” гэх газарт манай зуслангаас гарсан ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл ******* сумаас 5 орчим км газарт шороон замын урд талд 4 дугуй нь дээшээ харчихсан онхолдсон байдалтай байсан. ... Ө  машины хажууд дээшээ харсан нүүр нь цус болсон хөдөлгөөнгүй хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/

 

            Гэрч Б.О  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын төвөөс баруун зүгт 20 орчим км газарт байх зуслангийн байшингаас хүү Ц , төрсөн дүү ******* түүний хүүхдүүд болох Ө , *******, ******* нарын хамт миний эзэмшлийн Приус-20 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүү Ц гоор жолоог нь бариулж сумын төв рүү 19 цагийн орчим хөдлөөд явж байгаад онхолдсон.  Би тухайн үед арын суудал дээр унтаад явж байсан болохоор юу болсон талаар сайн мэдээгүй ... нэг мэдэхэд эмнэлэгт тариа хийлгээд байж байсан. Улмаар хүү Ц  надад Ө  нас барсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/

 

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын төвөөс баруун зүгт 20 орчим км газарт байх зуслангийн байшингаас хүүхдүүд болох Ө , *******, ******* мөн төрсөн эгч О  түүний хүү Ц  нарын хамт ... Приус-20 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг нагац дүү Ц гоор жолоог нь бариулаад сумын төв рүү 19 цагийн орчим хөдлөөд явж байхад онхолдсон. ******* сум ойртоод явж байх үед машин гүйцэт түрүүлэх гэж явж байгаад онхолдоод замын хажуу руу машин маань өнхөрөөд 4 дугуй дээшээ харчихсан байсан. Улмаар эмнэлэгт ирээд 1 цаг гаруй өнгөрсний дараа Ө г нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/  

 

            Шүүгдэгч Э.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Манай гэр бүл их хүнд нөхцөл байдалтай байгаа. Миний эхнэр болон хүүхдүүдийн сэтгэл санаа маш хэцүү байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 дугаар тал/

 

            Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 29 тоот дүгнэлтэд:

            Хариулт-1: Э.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн дүрмийн заалт зөрчсөн, мөн 3.7а/  тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалт зөрчсөн мөн 12.1-д заасан жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

            Хариулт-2: Э.Ц нь жолоодон явсан Тоёота Приус маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөр хэсэг, ослын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, схем зураглалд тэмдэглээгүй байх тул хурдыг болон шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй.

            Хариулт-3: Цагдаагийн байгууллагын нэгдсэн системээс Энхбаяр овогтой Ц  /ЖВ / дугаараар лавлагааг авахад жолоодох эрхийн үнэмлэхгүй байна.

            Хариулт-4: Э.Ц жолоодон явсан тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж үзсэн тул тухайн тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж үзлээ.

            Хариулт-5: Э.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлогт, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргах гол шалтгаан болсон гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр тал/

            Замын цагдаагийн тасгийн техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 31 тоот дүгнэлтэд:

            Хариулт-1: Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Б.Одгэрэлийн тогтоосон 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №29 тоот дүгнэлт нь авто ослын шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоогоогүй байна.

            Хариулт-2: Жолооч Э.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн сургалт, дадлагад хамрагдаагүй, жолоодох ур чадвар эзэмшээгүй мөн аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос сэргийлэх, ослоос гарч болох хохирлыг багасгадаг. Хэргийн материалд авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн техникийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр №3626 тоот дүгнэлтээр хаймар дугуйн хурц ирмэгтэй зүйлтэй харилцан үйлчилж хагарах үед шарвалт үүсгэж ослын шалтгаан болсон гэсэн дүгнэлт гаргасан зэргээс үзэхэд жолооч нь зогсоох арга хэмжээ аваагүйгээс зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

            Хариулт-3: ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолооч Э.Ц нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.2.а-д замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” мөн 3.7.а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” мөн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэх бүрэлдэхүүнтэй дүгнэлт /хх-ийн 144-145 дугаар тал/           

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 62 тоот дүгнэлтэд:

1. Б.Ө  цогцост гавлын орой болон суурь ясны олон хэлтэрхийт үйрч бяцарсан хугарал, дух, баруун зүүн зулай ясны шугаман хугарал, 2 тал бөмбөлгийн суурийн дух, чамархай хэсгийн тархины эдийн тархмал няцрал, тархины зүүн тал бөмбөлгийн оройн чамархай, зулай хэсгийн аалзан хальсан доор цус харвалт, баруун, чамархайн булчингийн цус хуралт, хуйхны дотор гадаргын цус хуралт, баруун, зүүн уушгины гялтан доорхи цус хуралт, баруун чихний дэлбэнгийн язарсан шарх, баруун хацар, баруун нүдний дээд зовхины зулгаралт, баруун шанаа, баруун нүдний дээд зовхи, зүүн мөрний цус хуралт бүхий шинэ гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Талийгаач Б.Ө  цусанд спиртийн зүйл тогтоогдсонгүй.

5. Талийгаач Б.Ө  нь B  бүлгийн цустай байна.

6. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

 7. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ гэх дүгнэлт /хх-ийн 70-73 дугаар тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-11 дүгээр тал/

Зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 16-18 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 99 дүгээр тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 101 дүгээр тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103 дугаар тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Э.Ц нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний орой 19 цагийн орчим “Тоёота Приус” маркийн ******* ******* улсын дугаартай тээврий хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг “******* *******” гэх газарт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй” хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 3.7а дахь “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэх мөн дүрмийн 12.1-д заасан замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна...” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож “ ” ХХК-ний эзэмшлийн “Тоёота приус” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн шууд зардалд 1.230.000 төгрөг шууд бус зардалд 403.400 нийт 1.633.400 төгрөгийн хохирол учруулж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Ө  амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* /хх-ийн 19 дүгээр тал/, гэрч Б.Жамц /хх-ийн 23 дугаар тал/, Б.О   /хх-ийн 25-26 дугаар тал/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 62 тоот дүгнэлт, Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 29 тоот дүгнэлт, тус дүгнэлтийн 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 31 тоот нэмэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Шүүгдэгч Э.Ц нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

 

Шүүгдэгч Э.Ц нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Б.Ө  биед учирсан цогцост гавлын орой болон суурь ясны олон хэлтэрхий үйрч бяцарсан хугарал, дух, баруун зүүн зулай ясны шугаман хугарал, 2 тал бөмбөлгийн суурийн дух, чамархай хэсгийн тархины эдийн тархмал няцрал, тархины зүүн тал бөмбөлгийн оройн чамархай, зулай хэсгийн аалзан хальсан доор цус харвалт, баруун, чамархайн булчингийн цус хуралт, хуйхны дотор гадаргын цус хуралт, баруун, зүүн уушгины цус хуралт, хуйхны дотор гадаргын цус хуралт, баруун, зүүн уушигны гялтан доорхи цус хуралт, баруун чихний дэлбэнгийн язарсан шарх, баруун хацар, баруун нүдний дээд зовхины зулгаралт, баруун шанаа, баруун нүдний дээд зовхи, зүүн мөрний цус хуралт бүхий гэмтлийн улмаас нас барсан өөрөөр хэлбэл уг ослын үед авсан гэмтлээс болж хохирогч нас барсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 62 тоот дүгнэлт, Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 29 тоот дүгнэлт, тус дүгнэлтийн 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 31 тоот нэмэлт дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Э.Цд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Ц г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 “Тоёота приус” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “ ” ХХК-ний барьцаанд байгаа бөгөөд тээврийн хэрэгслийн эвдрэлийн шууд зардалд 1.230.000 төгрөг шууд бус зардалд 403.400 нийт 1.633.400 төгрөгийн хохирол гарсан бөгөөд  Б.О  нь өөрийн хөрөнгөөр засаж зээлийг хуваарийн дагуу төлж байгаа учир “ ” ХХК-ний зүгээс иргэний нэхэмжлэгчээр оролцохоос татгалзсан /хх-ийн 14/ байх тул уг асуудлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.Ц нь  бусдад төлөх төлбөргүй болно.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Э.Цг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Цгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

 

Шүүгдэгч Э.Цгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй гэх  мэдүүлэг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины хар өнгийн 2 ширхэг дугуйг устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Э.Цгийн ЖВ  тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, шүүгдэгч Э.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Оргодой бодонгууд овогт Э.Ц г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Цд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Э.Цд мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

          5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн автомашины хар өнгийн 2 ширхэг дугуйг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Э.Цгийн ЖВ  тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Г.НАМУ*******УЯА